| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0056/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2018-05-01 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч М.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Өод холбогдох эрүүгийн 1829000750054 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч М.Ө нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуунсухайт” хилийн боомтоор 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нордбенз маркийн 45-11 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 67-97 БЧ чиргүүлийн тэвшинд хязгаарласан бараа болох 2 654 500 төгрөгийг үнэлгээ бүхий 530,9 кг ямааны махыг нуун улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө “Банкны зээл төлөх хугацаа болсон байсан болохоор би хилээр мах авч гарсан. Миний буруу.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Санжиддоржийн өгсөн: ”...2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр намайг Гашуунсухайт хилийн боомт дээр ажлынхаа оффист жижүүрийн байцаагчаар ажиллаж байхад байгаль орчны байцаагч Энхтайван намайг жинлүүр аваад ирээч гэсний дагуу жинлүүр аваад очиход Гашуун сухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэлд штампын хойд талд Нордбенз маркийн 45-11 ӨМӨ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн доод талаас хар өнгийн гялгар уутанд хийсэн зүйлийг зорчигчийн зүүн талын талбайруу зөөлгөж байсан. Тухайн зүйлийг гаднаас нь харахад мах байгаа нь илт байсан. Талбай дээр аваачиж нэг бүрчлэн жинлэж үзэхэд хамгийн бага нь 5-6 кг, дээд тал 22-24 кг жинтэй нийтдээ 42 ширхэг ууттай гэсгэлүүн, цул мах байсныг шилжүүлсэн. ...Надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, ...Шүүх хуралд суухгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр С.Энхтайваны өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед намайг нүүрсний гарах чиглэлд хяналт шалгалтаар ажиллаж байхад “МДУУ” ХХК-ийн 45-11 ӨМӨ улсын дугаартай нүүрс ачсан Нордбенз машиныг шалгахад уг машины 67-97 БЧ дугаартай чиргүүлийн тэвшний доод талд өлгөсөн 2 дугуйны рамны завсраар модон хайрцаг хийж дотор нь хар өнгийн ууттай 42 ширхэг зүйл байсныг илрүүлэн, гаргаж үзлэг хийхэд уг зүйл нь ямааны мах байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр М.Өын өгсөн: “...Би “МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 45-11 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож 2018 оны 03 дугаар сарын 03-ны орой Цагаанхадны “Трангул” гаалийн хяналтын талбайгаас нүүрс ачуулаад тэндээсээ шороон замын оочер заставын хажууд байхад тэр шөнөө оочерын сүүлд очиж зогссон. Тэгээд намайг машиндаа оруулж тэр хүн өөрийгөө Батаа гэж танилцуулсан. Тэгээд тэр хүн надад 1 шил архи өгөөд тэр архийг нь хуваагаад ууж байхад жаахан мах байгаа юм урагш нь гаргаад өгөөч гэхээр нь би жаахан юм бол кабиндаа хийчихье гэхэд кабинд арай багтахгүй ээ, надад мөнгөний хэрэг байна чамд ч гэсэн мөнгө хэрэгтэй байгаа байх чамд 1 000 000 төгрөг өгье гэхээр нь би жаахан юм бол хийчихгүй юу их юм бол дэмий байх гэсэн. Тэгээд би хамт хийлцье гэхэд тэр залуу чи хэрэггүй хоёулаа машинд байж байя гэсэн. Тэгээд 3 залуу миний машиныг онгойлгоод машины түлхүүр запас дугуй тайлагчтай хамт авч гараад удалгүй болчихлоо гээд түлхүүр өгсөн. Би тухайн үед Батаа гэх залуугаас энэ махыг чинь хэн тосч авах юм бэ? дугаарыг нь өгчих гэхэд чи ямар ч байсан урагш нь оруулчих хоолой дээр чамайг тосоод авчихна, 90440410 гэсэн дугаарыг цаасан дээр бичиж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
- Гашуунсухайт экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын хэлтсийн зөрчил шилжүүлэх хуудас /хх-ийн 8-р хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 9-10-р хуудас/,
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-15-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р хуудас/,
- Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай 2018/ШЗ/50 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 20-21-р хуудас/,
- Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэл,устгалын акт, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 22-29-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Махны төрөл тодорхойлох” шинжээчийн дүгнэлт:
1. Хураагдсан зүйл нь малын мах мөн байна.
2. Мэдрэхүйн эрхтний үзлэгээр ясны бүтэц, өөхөн бүрхүүлийн тогтоцоос хархад мах нь 530,9 кг ямааны шулсан цул мах мөн байна.
3. Мэдрэхүйн эрхтний үзлэгээр дээрх мах нь гадны зүйлээр бохирлогдсон, эмнэлгийн ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээ байхгүй, гадны вакцин туулгалтанд хамрагдсан хугацааны талаарх мэдээлэл байхгүй учир хүнсэнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/,
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №51/01 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч М.Ө нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуунсухайт” хилийн боомтоор 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нордбенз маркийн 45-11 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 67-97 БЧ чиргүүлийн тэвшинд хязгаарласан бараа болох 2 654 500 төгрөгний үнэлгээ бүхий 530,9 кг ямааны махыг нуун улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:
- Эд зүйл хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 9-10-р хуудас/,
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-15-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р хуудас/,
- Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай 2018/ШЗ/50 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 20-21-р хуудас/,
- Хохирогч Б.Санжиддоржийн мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/
- Гэрч С.Энхтайваны мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/
- Мал эмнэлэг, үржлийн тасгийн “ Махны төрөл тодорхойлох тухай” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/,
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний №51/01 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэхүү үйлдэл нь Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1.2. “экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг, шалгалтанд оруулах” гэснийг зөрчиж, Монгол улсын хилээр, гаалийн хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч М.Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирогч Б.Санжиддорж нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 120-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч М.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өод хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл үзэв.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдвал зохино.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тойно овгийн Мягмарын Өыг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өыг 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өод оногдуулсан 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч М.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА