Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар   2024/ДШМ/606

 

 

 

О.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Солонго,

шүүгдэгч О.Х,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Х-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305 00000 2063  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Х ..... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч О.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр .... дүүргийн ... дугаар хороо, И-март худалдааны төвийн баруун талд байрлах “А” зочид буудалд хохирогч Д.Ж-ийг “хамт байсан эмэгтэйтэй нийлж намайг доромжиллоо” гэх шалтгаанаар түүний нүүр рүү мөргөж, гараараа цохиж биед нь зүүн ухархайн гадна хана зөрүүтэй, зүүн хоншоорын урд хана, зүүн хацар яс, эрүү ясны зөрүүтэй хугарал, зүүн шанаа, эрүү, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 262,536 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 2,744,500 төгрөг, нийт 3,007,036 төгрөг гаргуулж хохирогч Д.Ж-д олгож, хохирогч Д.Ж нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар 3,667,000 гаргуулж Эрүүл мэндийн ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь миний ажлын цагтай давхцаж байгаа тул уг ялыг зөвшөөрөхгүй байна. ...Эрүүгийн ерөнхий хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг үндэслэн хэрэг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх агуулгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ..” гэв.

Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Шүүгдэгч О.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Солонгос хоолны газарт ажилладаг талаараа мэдүүлж байсан боловч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс авдаггүй талаар биеийн байцаалт дээрээ мэдүүлж байсан. Мөн хохирогчтой эвлэрээгүй, хохирол төлбөр төлөөгүй байсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг үндэслээд анхан шатны шүүхээс 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэ нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санА байна. Шүүгдэгч О.Х нь бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулсан болохыг ойлгохгүй байна гэж харж байна. Учир нь, ажлын цагтай таарахгүй байна гэх гомдлыг гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг О.Х-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч О.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр .... дүүргийн ... дугаар хороо, И-март худалдааны төвийн баруун талд байрлах “А” зочид буудалд “намайг доромжиллоо” гэх шалтгаанаар өөрийн найз Д.Ж-ийн нүүр рүү мөргөж, гараараа цохиж “...зүүн ухархайн гадна хана зөрүүтэй, зүүн хоншоорын урд хана, зүүн хацар яс, эрүү ясны зөрүүтэй хугарал, зүүн шанаа, эрүү, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт...” гэсэн  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Д.Ж-ийн “...Бид зургаа Fire баарнаас 03 цагийн үед хамт гарсан. Тэгээд И-мартын баруун талд А зочид буудал руу Х, Т бид гурав бааранд танилцсан 3 эмэгтэйгийн хамт нэг өрөөнд орсон. ...Би танилцсан охиноо өмөөрөөд Х-тэй маргалдсан. Х миний нүүр рүү нэг удаа цохиод дараа нь өшиглөх шиг болсон. ...Маргааш өдөр нь би сэрээд Х-д хандаж “чи намайг арай аймар зодсон юм биш үү” гэж хэлсэн чинь Х намайг хохино гэж хэлсэн. Миний зүүн талын хацар, эрүүний яс зөрж хугарсан. ...Би 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын төв нэгдүгээр эмнэлэгт эрүү, нүүрний мэс засалд орж эмчлүүлсэн.  ...” /хх-ийн 8-9, 11/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...Д.Ж-ийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 3,667,000 төгрөгийн зардал гарсныг О.Х-гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлж өгнө үү...” /хх-ийн 47-48/,

гэрч Г.Т-гийн: “...Ж-тэй танилцсан гэх эмэгтэй Хтэй маргалдаад байсан. Х уг эмэгтэйг буудлын өрөөнөөс хөөж гаргасан. Тэгсэн Ж нь Х-д хандаж “чи яагаад хөөж байгаа юм бэ, өөрсдөө хоёр эмгэн дагуулчихаад, арчаагүй” гэж хэлсэн. Х Ж-д “арай давраад байгаа юм биш үү, тэр эмэгтэйгийн хамт намайг доромжиллоо” гэж уурлаад Х-гийн нүүрний зүүн тал руу нэг удаа цохиж, мөргөсөн. Тэгэхээр нь би гүйж очоод болиулсан.  ...” /хх-ийн 17-18/,

О.Х-гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Ж бид хоёр танилцсан нэг эмэгтэйгээс болж хоорондоо маргалдаж, улмаар Ж-ийн нүүр рүү нэг удаа цохиод дараа өшиглөсөн шиг санагдаж байна. Гэм бурууг хүлээн зөвшөөрнө...” /хх-ийн 33/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12914 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Д.Ж-ийн биед зүүн ухархайн гадна хана зөрүүгүй, зүүн хоншоорын урд хана, зүүн хацар яс, эрүү ясны зөрүүтэй хугарал, зүүн шанаа, эрүү, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 22-23/,

хохирогч Д.Ж-ийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний тодорхойлолт /хх-ийн 42/ зэрэг хэрэгт цугларч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль зүйн дүгнэлтийг хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлсэн ялыг тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс сонгож, тохирсон хэмжээгээр оногдуулдаг. 

Шүүгдэгч О.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ буюу хохирогчийн /найзыхаа/ биед “...зүүн ухархайн гадна хана зөрүүгүй, зүүн хоншоорын урд хана, зүүн хацар яс, эрүү ясны зөрүүтэй хугарал, зүүн шанаа, эрүү, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт...” зэрэг олон тооны шарх гэмтлийг зодож учруулсан хэр хэмжээ, түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч О.Х-гийн гаргасан “...өөр төрлийн ял оногдуулж өгөн үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шитйгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

    

    

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ