Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 248

 

Баянхонгор аймгийн ҮЭХ-ны нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл,

шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,

Сангийн сайдад тус тус холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Д.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

                                              Ч.Тунгалаг

      Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

      Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалын хавсралт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 23 дугаар заалтыг хүчингүй болгуулах”

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 221/ШШ2019/0007 дугаар шийдвэр,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 221/ШШ2019/0007 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 112 дугаар зүйлийн 112.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ҮЭХ-ны “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалын хавсралт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 23 дугаар заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Хяналтын журмаар гаргасан гомдол

2. Манай байгууллага нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалын хавсралт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-н 23 дахь заалтыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3. Бид нэхэмжлэлийн үндэслэлээ дээрх 23 дахь заалт нь “Хүнийг насаар ялгаварлах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн явцад олгох цалинг хязгаарласан, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байхад хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ёстой гэж гэрээний хэлбэрийг заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгуулах гэсэн үндсэн агуулгаар гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “төрийн захиргааны байгууллага баталж болно” гэсэн байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл бүгдэд дүгнэлт өгсөн байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

 4. Нэхэмжлэлийг гаргахдаа:

1-рт. Журмын 23 дахь заалт нь ахмад настныг ажиллуулж байгаа тохиолдолд цагийн хөлсийг нь үндсэн багшийн цалингаас хэтрэхгүй байхаар тооцож олгоно гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь заалтыг,

 2-рт. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хориглосон байхад тухайн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан заалт нь “Хөлсөөр ажиллах“ гэрээ байгуулна гэж гэрээний хэлбэрийг заасан нь, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн. Гэтэл шүүхээс дээрх 2 үндэслэлд огт тайлбар хийгээгүй бөгөөд энэ хуулийг ямар учраас зөрчөөгүй гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй.

 5. Тодруулбал: “...цагийн хөлсийг үндсэн багшийн цалингаас хэтрэхгүй байна гэсэн заалтаар ахмад настан ажиллаж байгаа тохиолдолд илүү цаг, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, урамшуулал зэргийг огт олгохгүй байхаар цалинг үндсэн багшийн цалинтай уялдуулж хязгаарласан, мөн журамд томьёолохдоо цалин гэлгүйгээр “цагийн хөлсийг” гэж зориуд оруулсан нь дээрх хязгаарлалтыг хийх үндэс суурь болсон байхад шүүхээс энэ байдалд дүгнэлт хийгээгүй.

  6. Байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж тухайлан заасан байхад журамд “хөлсөөр ажиллуулах гэрээ" байгуулахаар заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг шууд зөрчсөн. Энэ асуудлын талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй.

7. Хөдөлмөрийн гэрээний хэлбэр болоод тус гэрээнд тусгагдах дөрвөн гол нөхцөлийг хуульчилж өгсөн нь ажилтны цалин хөлсийг хязгаарлах, бусад эрсдэлээс хамгаалах үндсэн зорилготой. Гэтэл энэ ажлын байр дээр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулснаар цалинг хязгаарлах, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал илүү цагийг тооцож олгохгүй байх үндсэн суурь бүрдэж энэ нь амьдрал дээр хэрэгжсэн нь хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, цалинг тооцож олгоогүй талаарх баримтууд болон өөр бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар  сарын 29-ний өдрийн 221/ШШ2019/0007 тоот шийдвэрийг гаргасан шүүгчид нь байнгын ажлын байр, түр ажлын байр мөн хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, үндсэн цалин, цагийн хөлс гэсэн хөдөлмөрийн харилцааны өөр хоорондоо ялгаатай, өөр өөр зориулалттай асуудлуудын ялгааг хуульд заасны дагуу ялгаж салгаж ойлгож, судалж дүгнэж чадаагүй. 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтууд болон Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын тухай” 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 1.3-ын б, 1.4, 4.1, 4.2 дахь заалтуудыг шүүх хурал дээр нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа тайлбарласан боловч хэрэгсэж үзэлгүй алдаатай шийдвэр гаргасан.

10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 221/ШШ2019/0007 тоот шийдвэрийн үндэслэл хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т ...ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын саналыг үндэслэн үүнийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайд нар хамтран “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ыг баталжээ гэсэн нь үнэнд нийцэхгүй. Учир нь энэ журмыг хэрхэн баталсан талаар холбогдох яамдын ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүдийг хавтаст хэрэгт авахуулахаар нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасан боловч хурлын тэмдэглэлүүд байхгүй гэсэн хариу өгсөн. Хэргийн материалд дээрх нэр бүхий 3 яамны ямар ч хурлын тэмдэглэл, мөн ажилтны хууль ёсны төлөөллийн байгууллага болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны санал, хүсэлт зэрэг нотлох баримтууд байхгүй.

11. Журмын 23 дахь заалт нь Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллана гэж илүү цаг, үр дүн, урамшууллыг нь хязгаарласан байхад, мөн үндсэн багшийн цагийн хөлснөөс хэтрэхгүй байна гэж 2 агуулгаар илт хязгаарласан байхад Шүүх "...багш нарын нэмэгдэл хөлс, нэмэгдэл, урамшуулал үр дүнг хязгаарлаагүй” байна гэж дүгнэн шийдвэр гаргаж байгаа нь шүүгч нар Монгол хэл дээр бичсэн энгийн өгүүлбэрийн утгыг ойлгодоггүй, эсвэл илт зориудаар хууль зөрчиж шийдвэр гаргасан мэт ойлгогдож байна. Журмын 23 дахь заалт нь хүчингүй болсноор ахмад настны хөдөлмөрлөх эрх хязгаарлагдах, цалин хөлс буурах эрсдэлээс хамгаалах төдийгүй, хуулиас давсан журам гаргадаг байдал таслан зогсоогдох болно.

12. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5  дугаар сарын 29-ний өдрийн 221/ШШ2019/0007 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв боловч хууль хэрэглээний алдаатай байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар уг хуулийн зорилт нь “хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино”. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Ийнхүү ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажил олгогч болон ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох юм.

15. Хэдийгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно” гэж заасан ч энэ нь хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон ахмад настан тэтгэвэрт гарсныхаа дараа ч гэсэн хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн заалт болохоос бус /өөрөөр хэлбэл хориглоогүй/ энэ тохиолдолд заавал хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн зохицуулалт биш юм.  

16. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалын хавсралт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 23-т “Мэргэжлийн багшийг үндсэн ажилтнаар ажиллуулах бололцоогүй нөхцөлд тэтгэвэрт гарсан, сургуулийн бус байгууллагад ажиллаж байгаа болон ажилгүй байгаа мэргэжлийн багшийн ур чадварыг харгалзан хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж, цагийн хөлсийг нь үндсэн багшийн цалин хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байхаар тооцож олгож болно” гэсэн нь тэтгэвэрт гарсан ахмад багш өөрөө хүсвэл хөдөлмөр эрхлэх боломжийг олгосон зохицуулалт байна.

17. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэсний дагуу сургууль, цэцэрлэгийн удирдлага нь үндсэн багшийн орон тоон дээр шаардлага хангасан хүнийг хөдөлмөрийн гэрээгээр л ажиллуулах үүрэгтэй. Гэвч мэргэжлийн багш хүрэлцээгүй, эсхүл байхгүй зэрэг бодит шалтгааны улмаас хэн нэгнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах боломжгүй тохиолдолд тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг маргаан бүхий журмын холбогдох заалтаар зохицуулахыг зорьсон байна.

18. Энэ тохиолдолд ажил олгогч болон “тэтгэвэрт гарсан” ахмад багшийн хооронд сайн дурын үндсэн дээр түр зуурын шинжтэй хөдөлмөрийн харилцаа үүсэх бөгөөд энэ нь угтаа иргэний эрх зүйн харилцаанд хамаарна. Иймд, уг харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээгээр биш, харин Иргэний хуульд заасан “хөлсөөр ажиллах гэрээ”-гээр зохицуулах боломжтой.

19. Нөгөө талаар, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ёстой байнгын ажлын байранд тэтгэвэрт гарсан хүнийг Хөдөлмөрийн хуульд заасан бүх баталгаа нөхцөлийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах боломжгүй юм. Учир нь, үндсэн багшийн орон тоон дээр өөр хэн нэгнийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулах боломжтой болсон тохиолдолд ажил олгогчийн зүгээс түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй /Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийн дагуу/. Гэтэл тэтгэвэрт гарсан багштай “хөдөлмөрийн гэрээ” байгуулсан тохиолдолд гэрээг шууд цуцлах ажил олгогчийн эрх хязгаарлагдах /Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний хамгаалалтаас болж/ зэрэг үр дагаврууд үүснэ.   

20. Иймд, маргаан бүхий журмын заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “... Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэснийг зөрчөөгүй байна.

21. Мөн журмын заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь, дээр дурдсанчлан тэтгэвэрт гарсан ахмад багш журамд заасан “цагийн хөлсийг нь үндсэн багшийн цалин хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байх” нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан тул Хөдөлмөрийн гэрээний дагуу авах нэмэгдэл хөлс, урамшуулал зэргийг шаардах эрхгүй юм. Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн уг зохицуулалтын зорилгыг “тэтгэвэр авч байгаа” гэдэг үндэслэлээр ахмад настны хийсэн ажлын цалин хөлсийг, тухайлбал гэрээгээр тохирсон хөлсийг өгөхгүй байх, үндэслэлгүйгээр багасгахыг хориглосон агуулгатай болохоос бус ахмад настан нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хүмүүстэй адил цалин хөлсний нэмэгдэл, урамшууллыг авах эрхтэй гэж тайлбарлах боломжгүй юм.

22. Иймд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “маргаан бүхий журмын заалт нь хүнийг насаар нь ялгаварласан, ахмад настны авах ёстой цалинг нь хязгаарласан, байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулахаар заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг ноцтой зөрчсөн” гэсэн агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

23. Харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл бүрт дүгнэлт хийгээгүй, маргааны үндэслэлд үл хамаарах хуулийн зүйл, заалтыг /Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2/ үндэслэсэн гэх гомдол үндэслэлтэй байх тул /Тодорхойлох хэсгийн 3-6/ хяналтын шатны шүүхээс холбогдох дүгнэлтийг хийж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 221/ШШ2019/0007 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 112 дугаар зүйлийн 112.2-т заасныг тус тус баримтлан...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 112 дугаар зүйлийн 112.2-т заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                          М.БАТСУУРЬ

           ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ