Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 761

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Мөнх овогт М*******ын У******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад /хуучин нэрээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга/ холбогдох 

Гуравдагч этгээд: Тайж овогт Д*******ын Б******* /РД: *******/

Нэхэмжлэлийн шаардлага: “...Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/47 дугаар тушаалын Д.Б*******т, 2016 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн Б/95 дугаар тушаалын Д.Б*******, М.У******* нарт холбогдох хэсгийг, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/275 дугаар тушаалын Д.Б*******т холбогдох хэсгийг, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/42 дугаар тушаалын Д.Б*******, М.У******* нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, М.У******* намайг Багахангай дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргаар эргүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү*******, Т.На*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.У******* нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Б*******ийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Багахангай дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал, Багахангай дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.У******* намайг тасгийн даргаар томилсон тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 6.2, тус тогтоолын 3 дугаар хавсралтын 3.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.2.3, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэж заасан. 

Иймд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/47, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 дугаар тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч М.У******* нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ: 

“...Хариуцагчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/47 дугаар тушаалын Д.Б*******т холбогдох, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 дугаар тушаалын Д.Б*******, М.У******* нарт холбогдох, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/275 дугаар тушаалын Д.Б*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, М. У******* намайг Багахангай дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргаар эргүүлэн томилуулж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч М.У******* нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

“...2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/42 дугаартай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалын Д.Б*******, М.У******* нарт холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж байгаа тул тус тушаалыг хүчингүй болгож, Бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М*******ын У******* миний хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж, хэлтсийн даргаар томилуулж өгнө үү” гэв. 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /хуучин нэрээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунгэрэл, Ц.Оюунбилэг нарт шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү*******, Т.На******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2014 оны 75 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоол, 2015 оны 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны А/304 дүгээр тушаал, 2016 оны А/21 дүгээр тушаалын дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг байгуулсан. 

Дээрх хууль тогтоомжийн хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны “Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын албан тушаалын орон тоо ангилал, зэрэглэл батлах” тухай Б/45 дугаар тушаал батлагдан гарч, Нийслэлд улсын бүртгэлийн болон статистикийн нэгжүүдийг нэгтгэж, улсын бүртгэл, статистикийн хэлтэс болгон зохион байгуулсан байна. 

Энэ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Нийслэлийн Багахангай дүүргийн статистикч Д.Б*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Багахангай дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. 

Мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар Багахангай дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн төрийн захиргааны албан хаагчдыг томилсон бөгөөд уг тушаалаар М.У*******ийг Багахангай дүүргийн бүртгэлийн хэлтсийн тасгийн даргын албан тушаалд томилсон.

Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд дүүргийн Улсын бүртгэлийн болон статистикийн нэгжүүдийг нэгтгэж, Улсын бүртгэл, статистикийн хэлтэс болгон зохион байгуулж, шинээр зохион байгуулагдсан хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дах заалтад “...улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэж заасантай хамааралгүй, уг хуулийн заалтыг зөрчөөгүй. 

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах хэсэгт “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал  /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан. 

Дээрх хуулийн заалтын дагуу Багахангай дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо М.У*******, Д.Б******* нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр шалгаруулж томилсон. 

Иймд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/47, Б/95 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн хүрээнд гарсан үндэслэлтэй шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү*******, Т.На******* нар нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

“...Засгийн газар 2016 оны 04 дүгээр тогтоол, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалын дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт /хуучнаар/ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. 

Үүний дагуу Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Б/37 дугаар тушаалаар дүүргийн орон тоо бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан болно.

Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хэлтсийн дарга-1, тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч-1, хорооны улсын бүртгэгч-2 гэсэн бүтэц, орон тоотойгоор батлагдсан байх тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан “...албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үйлдсэн бол ...” тухайн шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна гэсний дагуу тус газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/43 дугаар тушаалаар тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар Д.Б*******ийг үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд Д.Б******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

“Хариуцагчийн маргаан бүхий актууд нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дах заалтыг зөрчөөгүй, мөн хуулийн 27.2.3 дах мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан зэрэг нь хуульд нийцэхгүй зүйл үгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өөрийн биеийг байлцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй” гэв. 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гуравдагч этгээд Д.Б******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 

“...Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд бүртгэлийн болон статистикийн нэгжүүдийг нэгтгэж, зохион байгуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь “улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэж заасантай хамааралгүй, уг хуулийн заалтыг зөрчөөгүй. 

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал  /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан. 

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/42 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн хүрээнд гарсан үндэслэлтэй шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч М.У*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1036 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн тус газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2015 оны 24 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн тус газрын нийслэлийн Багахангай дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М*******ын У*******ийг энэ оны 6 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн тус газрын нийслэлийн Багахангай дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргаар томилсон байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 501 дүгээр тогтоолоор Төсвийн тухай хуулийн 10.1.10, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, 22 дугаар зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, 9.1, Улсын Их Хурлын 2015 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчилжээ. 

Уг тогтоолыг үндэслэн Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/304 дүгээр тушаалаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтыг тус тус баталсан бөгөөд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газар, дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан байна. 

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл Нийслэлийн Багахангай дүүргийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны саналыг  2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, тус зөвлөл 21 дүгээр тогтоолоороо Багахангай дүүргийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан тушаалд Д*******ын Б*******ийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгожээ. 

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын А/304 дүгээр тушаал, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/45 дугаар тушаал, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 21 дүгээр тогтоол, Авилгатай тэмцэх газрын 2016 оны 05/1185 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Багахангай дүүргийн статистикч Д.Б*******ийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Багахангай дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж шийдвэрлэжээ. 

Хариуцагч 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/94 дүгээр тушаалаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Багахангай дүүргийн бүртгэлийн хэлтсийн дарга М.У*******ийг үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/95 дугаар тушаалаар 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Д.Б*******ийг Багахангай дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, М.У*******ийг тус хэлтсийн тасгийн даргаар тус тус томилсон байна. 

Үүнээс хойш 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын Б/275 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын 1995 оны 96, 2014 оны 332 дугаар тогтоолууд, Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 21 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Баганхангай дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б*******ийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн тус газрын Баганхангай дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын албан тушаалд томилжээ. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах” тухай 12 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэж өөрчилсний дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар тус газрын Улсын бүртгэлийн газрын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай нийцүүлэн Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн даргын 2016 оны Б/42 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  дүгээр зүйлийн 9.1.4, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын 1995 оны 96, 2014 оны 332, 2011 оны 62 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2016 оны А/16 дугаар тушаал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/37 дугаар тушаалыг тус тус үндэслэн Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд Д.Б*******ийг, тус хэлтсийн Тасгийн дарга бөгөөд Улсын ахлах бүртгэгчээр М.У*******ийг тус тус томилсон байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаас үзэхэд хариуцагч байгууллага Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж өөрчлөгдсөн ч гэсэн бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа нь Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/304, 2016 оны А/16 дугаар тушаалууд, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/45, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалуудаар тодорхой байх тул маргаан бүхий актуудын М.У*******, Д.Б*******т нарт холбогдох хэсэг нь хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасныг баримтлан санал гаргасан байх бөгөөд Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаал сул бус М.У*******ийг ажиллаж байхад хууль бусаар тус зөвлөл сонгон шалгаруулалт явуулж, уг албан тушаалд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын Б/47 дугаар тушаалаар Д.Б*******ийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь үндэслэлгүй байна. 

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтанд тус газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулах тухай 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн сонгон шалгаруулалтын комисс гэх 2 хуудас баримтаар нэр дэвшигчдийн материалыг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу нэг бүрчлэн хянан үзээд санал гаргасан байх ба С.У*******, Д.Б******* нарын боловсрол, туршлага 2014, 2015 оны үйл ажиллагааны үр дүнг судлан үзээд Д.Б*******ийг Нийслэлийн Багахангай дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэн дүгнэлт гаргах боломжтой гэж үзжээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод мэргэжил эрх зүйч бусад гэсэн шаардлагын дагуу М.У******* нь эрх зүйч мэргэжилтэй, магистр зэрэгтэй, Д.Б******* нь эдийн засаг, статистик, Төрийн удирдлага, Удирдахуйн ухааны менежер мэргэжилтэй байхад Д.Б*******ийг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, боловсролын шаардлагад нийцэж байна гэж үзсэн дүгнэлт учир дутагдалтай байна. 

Өөрөөр хэлбэл 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр буюу Д.Б******* тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш батлагдсан ажлын байрны тодорхойлолтод мэргэжил эрх зүйч, төрийн удирдлагын менежер, хүн ам зүйч, эдийн засагч байх шаардлага нэмэгдсэн, чухал шаардлагатай боловсролын шаардлагад дээд боловсролын бакалавр, магистр зэрэгтэй байхыг шаардсан байхад Д.Б******* нь боловсролын шаардлагыг хангаагүй байна.    

Түүнчлэн М.У******* нь 2015 оны 6 дугаар сараас Баганхангай дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан, Д.Б******* нь Багахангай дүүргийн статистикчийн ажил албан тушаал эрхэлж байсан буюу 2 өөр ажил албан тушаал эрхэлж байсан төрийн албан хаагчдын 2015 оны үр дүнгийн гэрээний /М.У******* 5 сар ажилласан/ үнэлгээг харгалзан үзсэн нь тэгш бус хандсан үйлдэл болжээ.

Шүүхээс сонгон шалгаруулалтыг ямар үндэслэлээр хэрхэн явуулсан, хуралдааны тэмдэглэл зэргийг салбар зөвлөлөөс шаардахад 02 дугаар сарын 15-ны өдрийн дээрх хоёр хуудас гарын үсэггүй баримтыг ирүүлсэн бөгөөд энэхүү дүгнэлтэд Д.Б*******ийг 2016-одоог хүртэл Багахангай дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа мэтээр туршлагын үзүүлэлтэд оруулан дүгнэсэн нь эргэлзээ төрүүлэхүйц баримт байна. 

Ийнхүү дээр дурдсан баримт, нөхцөл байдлуудаас дүгнэвэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн үндэслэлээр сонгон шалгаруулалт гэх баримтыг үндэслэн гарсан салбар зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор санал болгосны дагуу М.У*******ийг хэлтсийн даргын албан тушаалд томилолгүй, Д.Б*******ийг тус албан тушаалд томилсон нь бууль бус болжээ.        

Мөн хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/275 дугаар тушаалаар дахин дээрх 21 дүгээр тогтоолыг үндэслэн Д.Б*******ийг хэлтсийн даргын албан тушаалд томилсон болох нь нотлогдож байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдахад хүрчээ.  

Иймд нэхэмжлэгч М.У*******ийн тус шүүхэд гаргасан “...Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/47 дугаар тушаалын Д.Б*******т, 2016 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн Б/95 дугаар тушаалын Д.Б*******, М.У******* нарт холбогдох хэсгийг, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/275 дугаар тушаалын Д.Б*******т холбогдох хэсгийг, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/42 дугаар тушаалын Д.Б*******, М.У*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, М.У******* намайг Багахангай дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргаар эргүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.          

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан М.У*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/47 дугаар тушаалын Д.Б*******т, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 дугаар тушаалын Д.Б*******, М.У******* нарт холбогдох хэсгийг, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/275 дугаар тушаалын Д.Б*******т холбогдох хэсгийг, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/42 дугаар тушаалын Д.Б*******, М.У******* нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч М.У*******ийг өмнө эрхэлж байсан Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч М.У*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.САЙХАНТУЯА