Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/607

 

 

 

О.Т, Ү.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

цагаатгагдсан этгээд О.Т-гийн өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлээр  О.Т, Ү.Б нарт холбогдох 2308 00000 1659 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ү.Б ..... хашаанд түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, 

2. О.Т .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй; 

Шүүгдэгч Ү.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

өсвөр насны шүүгдэгч О.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ү.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун доод зовхи, хацарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Т, Ү.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Өсвөр насны шүүгдэгч О.Т-ний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтад заасан “аргагүй хамгаалалт”-ын нөхцөл тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

шүүгдэгч Ү.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 зургаан зуун мянга төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хохирогч О.М нь сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шаардах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст хууль зүйн дүгнэлт гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай бодитой харьцуулалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй учир дутагдал бүхий шийдвэр болсон гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан бөгөөд хууль бус ба тулгарсан довтолгоо эхэлсэн, эхлэх гэж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг.

Тодруулбал: Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгоог няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй, довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, өсвөр насны шүүгдэгч О.Т нь “үл ялих зүйлээр шалтаглан” буюу “ахтай нь эгнээ байр булаацалдан, улмаар урдуур нь зам хаан зогсож, ахыг нь цохилоо” гэх шалтгаанаар хохирогч Ү.Б-ийн нүүрэн тус газар цохисон үйлдэлтэй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол шууд шалтгаант холбоотой бөгөөд өсвөр насны шүүгдэгч О.Т нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ шүүгдэгч Ү.Б-ийг өөрийнх нь ах О.М-ийн биед нүүрэн тус газар нь 2-3 удаа мөргөх, гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохих зэргээр хэд хэдэн удаагийн үйлдэл хийсэн мэтээр хэлдэг боловч хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх Анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11759 дугаартай “...О.М-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, шүүгдэгч Ү.Б нь хохирогч О.М-ийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, хохирогчийн хамраас цус гарснаар шүүгдэгч Ү.Б-ийн хууль бус довтолгоо төгссөн байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн ахыгаа өмөөрч, довтолгоо төгссөн хойно бусдын биед халдаж байгаа идэвхтэй үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн дээрх үйлдэл нь хохирогч О.М-ийн эх сурвалжаа шууд заан мэдүүлсэн “...Миний хамраас цус гарсан чинь Б-гийн эхнэр, манай дүү 2 машинаасаа бууж ирсэн. Манай дүү Б-ийг баруун шанаа руу нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр нотлогдож байхад шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, энэхүү дүгнэлтдээ тулгуурлан өсвөр насны шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, шийтгэх тогтоолын “Эрх зүйн дүгнэлт” хэсэгт “Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.М, Ү.Б нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул ...хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв. Шүүгдэгч Ү.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.М-ийн биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.” гэж дүгнэсэн атлаа өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн үйлдлийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэж тодорхой хуульчилсан байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Б-ийн эхнэр М-ын мэдүүлэг, мөн хохирогч М-ийн мэдүүлэг, шүүгдэгч Б, цагаатгагдсан этгээд өсвөр насны шүүгдэгч Т-ийн мэдүүлэг зэргийг хооронд нь утга агуулгын хувьд харьцуулаад дүгнэхэд эхлээд Т-ийн төрсөн ах М-ийг Б цохисон байдаг. Довтолгоон эхэлсэн байсан. Эхэлсэн байхыг хараад Т салгах гээд очиход ахыг нь цохихоор нь эргүүлээд Б-ийг цохисон байдаг. Цохисоноор зодоон салаагүй. Цохих явцад Б болон М нар зууралдсан хэвээр байсан. Довтолгоон эхэлсэн байсан бөгөөд төгсөөгүй байхад Т нь ахыгаа хамгаалаад довтлогч этгээдийг нэг л удаа цохисон байдаг. Дахин үргэлжлүүлж цохиогүй. Дараа нь Б машинаасаа багаж аваад та нарыг ална гээд хөөсөн гэдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг хангаж байна. Өөрийнх нь ахын эсрэг идэвхтэй үйлдлийг шүүгдэгч Б үзүүлсэн. Иймд хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл тогтоогдож байна. Т-ийн хувьд Б-ийн биед гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Үүн дээр маргахгүй байгаа. Харин гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос, Ү.Б-ийг 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэн О.М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, өсвөр насны шүүгдэгч О.Т-г 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ү.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун доод зовхи, хацарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, өсвөр насны шүүгдэгч О.Т-ний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах ашигтай сэдлийн улмаас гэмт хэрэгт тооцогдохгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульд заасан онцгой нөхцөл болох гэмт хэргийг үгүйсгэх аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр  хуульчилсан.

Гэтэл өсвөр насны шүүгдэгч О.Т нь хохирогч Ү.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдлыг нотолж буй гэж улсын яллагчийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн:

хохирогч О.М-ийн: “...Б нь машинаасаа бууж ирээд, би өөдөөс нь бууж очоод “Яаж яваад байгаа юм бэ?” гэсэн чинь Б нь “Чи өөрөө яаж яваад байгаа юм бэ?” гэж хэлээд ... миний хамар руу гараараа цохиод, ноцолдож байгаад хамар руу толгойгоороо мөргөсөн. Миний хамраас цус гарсан чинь Бийн эхнэр, манай дүү 2 машинаасаа бууж ирсэн. ...” /хх ийн 17-18/,

хохирогч Ү.Б-ийн: “...хогны машины жолооч М намайг заамдаж байхад хажуу талаас Т нь гараараа баруун шанаа руу 1-2 удаа цохиж гэмтэл шарх учруулсан...” /хх-ийн 11-13/,

гэрч М.М-ын: “...манай нөхөр Б хурд сааруулагч дээр зогсоод, машинаасаа буусан чинь тэр машины жолооч залуу бууж ирээд Б-тэй барьцалдаад, заамдалцсан байсан чинь тэр жолоочтой хамт явж байсан залуу машинаасаа бууж ирээд шууд манай нөхөр Б-ийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохиод авсан.  ...” /хх-ийн 25-26/,

өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн яллагдагчаар өгсөн: “...ах М бууж очоод тэр 2 барьцалдаад авахаар нь би машинаас бууж очоод салгах гэсэн чинь тэр цагаан өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлээс нэг эгч бууж ирээд намайг алгадаад авахаар нь би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь тэр приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч ах манай ах М-ийн нүүр рүү нь шууд гараараа цохиод авахаар нь би приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч ахын нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон.  ...” гэх мэдүүлгүүдийг буюу нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр /няцааж, үгүйсгээгүй/ хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ.

Шийтгэх тогтоолын өсвөр насны шүүгдэгч О.Т-г цагаатгасанг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн “...шүүгдэгч Ү.Б нь хохирогч О.М-ийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, хохирогчийн хамраас цус гарснаар шүүгдэгч Ү.Бийн хууль бус довтолгоо төгссөн байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн ахыгаа өмөөрч, довтолгоо төгссөн хойно бусдын биед халдаж байгаа идэвхтэй үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэх үндэслэлтэй юм. ...” гэсэн үндэслэлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч О.Т, Ү.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

          ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ