Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Идэрхангай,

Шүүгдэгч: С.М, С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ш.М, С.С нарт холбогдох эрүүгийн 1729000650033 дугаартай хэргийг Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Ш.М нь С.Стэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг дэвсгэр Бага-Уул гэх газарт иргэн Н.Алтанбанзрагчтай мал хөөсөн асуудлаар маргаж, улмаар хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М мэдүүлэхдээ: “Би малаа хариулаад гэрийн зүүн талд явж байсан. Тэгсэн цагаан өнгийн Портер ирээд намайг зогс гэж байсан. Зогссон чинь Алтанбанзрагч согтуу машинаасаа буугаад ирсэн. Согтуу байсан тулдаа надаар хэд тогшуулсан байх. Түүнээс биш би түүнд хөнгөн гэмтэл учруулахаар хүн бол биш. Би өвчтэй хүн” гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

  Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Алтанбанзрагчийн өгсөн: “...Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат малчин хүн байгаа юм. Энэ онд нутгаар бороо муу орсон, цаг муу байгаа тул зэргэлдээ Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагтай хиллэн отор хийж ирсэн. ...2017 оны 10 сарын 17-ны өдөр мөн л гэрээсээ машиндаа мал ачаад явах зам Мын гэрийн ойролцоо явж байтал миний өөдөөс М машинтайгаа хүрч ирсэн. Би машинаа зогсоогоод бууж очоод кабины хаалгыг нь нээж мэнд ус мэдчихээд “Шар усны бууцруу яаж явдаг юм” гэхэд М би яахаараа чамд зам зааж өгдөг юм, чи намайг өшиглөсөн биздээ гэхээр нь би яасан гэж таныг өшиглөдөг юм хоёулаа учраа олоё, эвлэрье гээд цаашаа машинруугаа явж байтал М машинаасаа буугаад над руу ирсэн. Чи муу надтай яаж эвлэрэх гээд байгаа юм гэхээр нь би ч гэсэн хөл муутай хүн гээд хугарсан хөлөө үзүүлэх гээд өмдөө тайлж тонгойгоод хөлөө үзүүлэх гэтэл М миний толгой руу цохиод авсан. Тэгэхээр нь би шууд машиндаа ороод суутал машины цонхоор намайг заамдаад авахаар нь би явлаа намайг тавь гээд гарыг нь тавиулах гэж байтал гэрээсээ машинтайгаа ирсэн хүү С нь миний машины буруу талын хаалгыг нээн орж ирээд хараад байхад зууралдаад байх юм аа гэж хэлээд толгой руу хатуу зүйлээр цохиод авсан. Би манараад явчихсан. С миний толгойруу дахиад цохисон. М ч бас хажуу талаас машины цонхоор бас нэг зүйл гартаа барьчихсан бололтой цохиод байсан. Би ухаан балартсан байсан. Нэг ухаан ороход намайг машинаас буулгачихсан М толгойруу чулуугаар цохиж аваад байсан. Би газарт цусаа гоожуулан явган сууж байгаад өндийгөөд явтал М гартаа барьсан зүйлээ над руу шидэхэд миний шилэн хүзүүн дээр чулуун унаж байсан. Түүний дараа нь хүү нь харагдахгүй байсан. М муу хулгайчийг дайрч ална гээд машиныхаа гуперээр миний араас зөөлөн мөргөж унагаад босохоор дахин мөргөж унагаад байсан. Тэгж байгаад М явчихсан бололтой хүү С нь ирсэнээ явж цусаа угаа гээд өөрийнхөө машинд намайг суулгаж аваад Мын гэрийн гадаа ирээд машинаас буулгасан. Би газарт цусаа гоожуулаад сууж байтал М хүрч ирээд энэ их гэрчгүй хүн хутгалж алдаг хүн гэсэн одоо би чамайг хутгалж ална гээд гартаа хутга барьчихсан хүрч ирээд нүд рүү нь шаана гээд дайрсан. Би хутгатай гартай нь зууралдсан. Тэр хутгаараа миний баруун нүдний зовхины доод талд зүсчихсэн. Би муужирч уначих гээд болохгүй хамаг хүчээ шавхан арай гэж хутгыг нь булааж аваад хойш нь шидчихсэн. М бас нэг юмаар миний толгой руу цохиод авсан. Ингээд би дахин ухаан балартсан байсан. Нэг сэртэл би хажуу талаараа газарт хэвтэж С миний толгой руу ус хийж байхаар нь “За чи аавыгаа ав дахиж битгий нал руу ойртуулаарай, намайг битгий зодуулаарай гэж гуйсан. М миний машиныг гэрийнхээ гадна авчирсан байсан. Энэ муу миний машиныг өшиглөсөн би одоо энэ машиныг зодно гээд гартаа төмөр барьчихсан машиныг маань балбаж гарсан. Би арай гэж өндийгөөд гар дээрээ Сгээр ус хийлгэж байтал М намайг ална гээд гартаа төмөр барьчихсан ирж байхаар нь Сг аавыгаа ав гэж хэлэхэд С Мыг цааш нь аваад явахаар нь би тэр хооронд арай гэж машиндаа суугаад тэндээс явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй эмнэлэгт сэрсэн. С бол анх машинд орж ирээд хатуу зүйлээр толгой, зүүн шанааруу цохисон. Миний машинд байсан шар цавуу алга болсон байсан, түүгээр цохисон байж магадгүй. Миний толгойны ар дагзруу болон дух, зүүн талын шанааруу С хатуу зүйлээр олон удаа цохьсон. М бол гартаа чулуу бариад нүүр, хацар, шанааруу цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Одгэрэлийн: “...Би 2017 оны 10 сарын 17-ны өдөр худаг дээр байж байхад Гантогтох над руу залгаад зүрхний эм байна уу гэж асуусан. Зүрхний эм аваад Гантогтохын гэрт очиход Алтанбанзрагчийг Гантогтох машины нь өмнө тэвэрчихсэн, тэр хүнд зодуулсан бололтой нүүр нь тэр чигээрээ цус болсон байсан. Алтанбанзрагчийн бие хүнд, хааяа ухаан алдаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Гантогтохын: ”...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Алтанбанзрагч нүүр хэсэг нь цус болчихсон, ухаан нь орж гарсан байдалтай манай гэрээс урагш 30-40 орчим метрийн зайтай ирээд зогссон. Тэгээд машинаасаа бууж ирээд хоёр алхаад шууд газарт ойчсон. Яваад очтол “намайг М хүүхэдтэйгээ нийлээд зодчихлоо” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ө.Булганаагийн: ”...М гэдэг хүн манай малыг машинаар туугаад байсан юм. Тэгээд тэр асуудлаас болж манай нөхрийг зодох болсон. Би мэдэхгүй байна. Манайхыг нүүгээд тэнд ирэхэд нутгийн хүмүүс хэлэхдээ Мыг гаднаас ирсэн хүмүүсийг дандаа хэл ам хийдэг, малыг нь хөөж туудаг, ална гэж заналхийлдэг, хэл амаа олоход хэцүү хүн байдаг гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 20-ны өдрийн №218 дугаар шинжээчийн: ”...Н.Алтанбанзрагчийн биед духны зүүн хэсэг, нүүр, хацарт шарх, толгойн зүүн тал болон хацар шанаагаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2017 оны 10 сарын 24-ний өдрийн №08657366 дугаартай тайланд “...Н.Алтанбанзрагчийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 49-09 ӨМӨ улсын дугаартай авто машинд зах зээлийн үнэлгээгээр 335,400 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78-79-рр хуудас/

- Шүүгдэгч Ш.М, С.С нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83-84-р хуудас/

- Шүүгдэгч С.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-ийн 85-р хуудас/

- Шүүгдэгч Ш.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-ийн 86-р хуудас/

- Шүүгдэгч Ш.М, С.С нарын гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 87-90-р хуудас/

- Шүүгдэгч Ш.М, С.С нарын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 92-97-р хуудас/

Хохирогч Н.Алтанбанзрагчийн хохирлын баримтууд /хх-ийн 98-120-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Ш.М нь С.Стэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг дэвсгэр Бага-Уул гэх газарт иргэн Н.Алтанбанзрагчтай мал хөөсөн асуудлаар маргаж, улмаар хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Алтанбанзрагчийн “...би шууд машиндаа ороод суутал машины цонхоор намайг заамдаад авахаар нь би явлаа намайг тавь гээд гарыг нь тавиулах гэж байтал гэрээсээ машинтайгаа ирсэн хүү С нь миний машины буруу талын хаалгыг нээн орж ирээд хараад байхад зууралдаад байх юм аа гэж хэлээд толгой руу хатуу зүйлээр цохиод авсан. Би манараад явчихсан. С миний толгойруу дахиад цохисон. М ч бас хажуу талаас машины цонхоор бас нэг зүйл гартаа барьчихсан бололтой цохиод байсан. Нэг ухаан ороход намайг машинаас буулгачихсан М толгойруу чулуугаар цохиж аваад байсан. Би газарт цусаа гоожуулан явган сууж байгаад өндийгөөд явтал М гартаа барьсан зүйлээ над руу шидэхэд миний шилэн хүзүүн дээр чулуун унаж байсан. ...Миний толгойны ар дагзруу болон дух, зүүн талын шанааруу С хатуу зүйлээр олон удаа цохисон. М бол гартаа чулуу бариад нүүр, хацар, шанааруу цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,

- Гэрч Н.Одгэрэлийн “...Алтанбанзрагчийг Гантогтох машины нь өмнө тэвэрчихсэн, тэр хүнд зодуулсан бололтой нүүр нь тэр чигээрээ цус болсон байсан. Алтанбанзрагчийн бие хүнд, хааяа ухаан алдаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

- Гэрч Э.Гантогтохын ”...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Алтанбанзрагч нүүр хэсэг нь цус болчихсон, ухаан нь орж гарсан байдалтай манай гэрээс урагш 30-40 орчим метрийн зайтай ирээд зогссон. Тэгээд машинаасаа бууж ирээд хоёр алхаад шууд газарт ойчсон. Яваад очтол “намайг М хүүхэдтэйгээ нийлээд зодчихлоо” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

- Гэрч Ө.Булганаагийн ”...М гэдэг хүн манай малыг машинаар туугаад байсан юм. Тэгээд тэр асуудлаас болж манай нөхрийг зодох болсон байх би мэдэхгүй байна. Манайхыг нүүгээд тэнд ирэхэд нутгийн хүмүүс хэлэхдээ Мыг гаднаас ирсэн хүмүүсийг дандаа хэл ам хийдэг, малыг нь хөөж туудаг, ална гэж заналхийлдэг, хэл амаа олоход хэцүү хүн байдаг гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 20-ны өдрийн №218 дугаар шинжээчийн: ”...Н.Алтанбанзрагчийн биед духны зүүн хэсэг, нүүр, хацарт шарх, толгойн зүүн тал болон хацар шанаагаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч С.С хэдийгээр хохирогчийг цохиогүй, уг хэрэгт оролцоогүй гэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж мэтгэлцэх боловч хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн дээрх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх бөгөөд, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Н.Алтанбанзрагч нийт баримтаар 1 598 110 төгрөг нэхэмжилсэн. Гэвч үүнд багтсан автомашинд учирсан гэм хорын төлбөр 335 400 төгрөгийн хохирол шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас учирсан эсэх талаар шалтгаант холбоо, гэм бурууг тогтоосон нотлох баримт байхгүй тул хохирлоос хасаж, мөн төлсөн гэх 100 000 төгрөгийг хасаж нийт хэрэгт хэрэгт байгаа баримтыг тооцоход 1 011 643 төгрөг болж байх тул эрүүл мэндэд учирсан гэм хорын энэхүү төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогч Н.Алтанбанзрагчид олгож, үлдэх 486 467 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ш.М, С.С нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  Шүүгдэгч Ш.М, С.С нар хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх хэдий ч тэдний амьжиргааны түвшингийн хэмжээ, шүүгдэгч Ш.Мын эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, дарагдаж хэлбэр дүрсээ алдсан, ногоон алаг өнгөтэй жижиг шар цавууны лаазыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 Шүүгдэгч Ш.М, С.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Ш.М, С.С нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэрчүүд овогт Шүнгээгийн М, Харнууд овогт Сэлэнгийн С нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М, С.С нарыг 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М, С.С нарт оногдуулсан 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Ш.М, С.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.М, С.С нараас нийт 1 011 643 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Алтанбанзрагчид олгон, нэхэмжлэлээс 486 467 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дарагдаж хэлбэр дүрсээ алдсан, ногоон алаг өнгөтэй жижиг шар цавууны лаазыгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА