| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00285/И |
| Дугаар | 157/ШШ2025/00262 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 157/ШШ2025/00262
2025 08 19 157/ШШ2025/00262
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийнБ сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Д холбогдох “856,700 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б суманд эрүүл зөв хоололтын клуб ажилуулж байсан. Тухайн үед Далайжаргал нь бүтээгдэхүүн авсан. Одоог хүртэл мөнгөө өгөөгүй тул 856,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Н.Д-с 1 сар 20 хоног клубд явсан төлбөр 750,000 төгрөг, үүнээс 225,000 төгрөгийг авсан. Үлдсэн 525,000 төгрөг, үүн дээр оройн коктель 1 ширхэг 86,900 төгрөг, уураг 1 ширхэг 88,100 төгрөг, эслэг 1 ширхэг 96,700 төгрөг авсах юм. Нийт 796,700 төгрөгийг 2025 оны 10 сараас 12 дугаар сарын 01-ний хооронд өгч дуусгахаар тохиролцсон болно.” гэв.
Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Ад нийт 796,700 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний дотор өгч дуусахаар тохиролцсон.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н.Д холбогдуулан “856,700 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч буюу нэхэмжлэгч Б.А, хариуцагч Н.Д нар нь эвлэрч 796,700 төгрөгт харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй.
Зохигч нар нь нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсэг буюу 796,700 төгрөгт эвлэрч, уг 796,700 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Б.А, хариуцагч Н.Д нарын эвлэрсэн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,111 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, 796,700 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 23,671 төгрөгний тавин хувь 11,835.5 төгрөгийг хариуцагч Н.Д-с, 11,835.5 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Д холбогдох “856,700 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч талууд 796,700 (долоон зуун ерэн зургаан мянга долоон зуу) төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,111 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, 796,700 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 23,671 төгрөгний тавин хувь 11,835.5 төгрөгийг хариуцагч Н.Д-с, 11,835.5 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР