| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0059/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Т.С /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ст холбогдох 1829000560043 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.С нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуунсухайт” хилийн боомтын гаднах зогсоолд 2018 оны 01 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө тавиатай байсан Тоёота приус-30 маркийн 48-64 УБП улсын дугаартай автомашины гуперийн нэмэлт гэрэл, обудьтай 4 ширхэг дугуйг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан авч, бусдад 645 000 /зургаан зуун дөчин таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С: “2018 оны 01 сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол улс руу орж ирсэн. Зогсоол дээр байсан машинаас 4 дугуй тайлж аваад ахынхаа машинаар хот руу авч явсан” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Балжиннямын өгсөн: “...2018 оны 01 сарын 25-ны үеэр манай найз Аюушжав Гашуунсухайт боомт дээр очоод энд Приус-30 машины 4 дугуй нь байхгүй байна гэж надад утсаар хэлсэн. Би тэрнээс хойш 01 сарын 28-29-ний үед богины рэйсний нүүрс ачуулаад Ганц мод руу явж байхдаа хил дээр очоод машинаа үзэхэд миний машины 4 ширхэг дугуй, баруун талын гуперний жижиг дохио нь байхгүй байсан. Тэгээд би тэрнээс хойш 2 хоногийн дараа 2018 оны 02 сарын 01-ний өдөр дугуй худалдаж авахаар фэйсбүүк зар дээр пост оруулахад нэг хүн 4 ширхэг дугуй зарна гээд орж ирсэн. Тэгээд би тэр хүнээс худалдаж авъя, зургийг нь харъя гэхэд гэтэл миний машины 4 дугуйны зургийг үзүүлсэн. Тэгээд би дүүгийнхээ нөхөр Батбаярлуу утсаар яриад зарах 4 дугуйг үзээд өгөөч миний дугуй мөн юм шиг байна гээд тэр хүний утасны дугаарыг өгсөн. Удалгүй Батбаяр над руу яриад таны машины дугуй мөн байна гэсэн. Манай дүү цагдаад дуудлага өгсөн байсан. ...Надад одоо нэхэмжлэх зүйл, санал, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Батбаярын: “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө манай эхнэр Мөнхцэцэгийн төрсөн ах Балжинням над руу Өмнөговиос утсаар яриад 2018 оны 01 сарын 23-наас 24-нд шилжих шөнө машиныхаа 4 дугуйг обудьтай нь хамт алдчихлаа, би надад обудьтай 4 дугуй аваад явуулаад өгөөч гэж хэлсэн. Балжинням нь өөрөө Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дээр том машинаар нүүрс зөөдөг юм. Тэгээд өнөөдөр 20 цаг өнгөрч байхад Балжинням над руу дахин утсаар яриад Фэйсбүүк дээр 4 ширхэг обудьтай дугуй зарна гэсэн зар байна. Миний алдсан дугуй яг мөн байна, чи очоод лавлаад үзээтэх гэж хэлсэн. Би зарын дагуу нөгөө хүнтэй утсаар холбогдож, уулзаж, зарах гэж байгаа ширхэг обудьтай дугуйг үзэхэд манай хадам ахын алдагдсан гэх дугуй мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Энхбаярын: “... Машины ард дугуй байсан. Хэний дугуй вэ? гэж асуух гэснээ больсон. Тэр дугуйг ахынхаа дугуй гэж бодсон. Тухайн дугуйг юугаар тайлж авсныг мэдэхгүй, хулгайн дугуй гэж мэдээгүй. Арын суудал дээр хоёрыг, багажинд хоёрыг нь хийж Улаанбаатар хотод ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн №43/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/,
- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл / хх-ийн 15-р хуудас/
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18-р хуудас/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29-р хуудас/,
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 30-р хуудас/,
- шүүгдэгч Т.Сын гарын болон хурууны дардас /хх-ийн 33-р хуудас/,
- шүүгдэгч Т.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өмнөговь аймгийн Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
- Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж буй хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар журамлан 300 000 төгрөгөөс дээш байхыг ойлгоно.
Уг хэргийн тухайд 645 000 төгрөгийн хохирол учирсан гэж “Хөрөнгө эстимэйт” ХХК-иас шинжээчээр ажиллан дүгнэлт гаргажээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.1.Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна. 9.2.Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараахь шаардлагад нийцсэн байна: 9.2.1.хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх; 9.3.5.хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт; 9.3.6.хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл; гэж тус тус заасныг хөрөнгийн үнэлгээ хийсэн дээрх шинжээчийн дүгнэлт бүрэн хангахгүй байна гэж үзэхээр байна.
“Хайлшин обудьтай, өвлийн дугуйны” шинж чанар онцлог, ашиглалтын талаарх буюу хуучирсан, түүгээр ч барахгүй хөрөнгөд үүссэн гэмтлийг /хх20 фото зураг/ тусгаж тайлан гаргаж, дүгнэлт гаргаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар энэхүү нотлох баримт нь хэргийн бодит байдлыг тогтоон эргэлзээгүй байх шаардлагыг хангана.
- Мөн яллах дүгнэлтэнд Т.Сын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2018 оны 1 сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэх боловч гэрч О.Энхбаяр /хх10/ “манай ах 2018.01.22-ны өдөр Монгол руу гарсан, би маргааш нь орж ирээд өдөр 2-3 цагийн орчимд Улаанбаатар хот руу хөдөлсөн” гэх, гэрчээр мэдүүлэг өгөхдөө Т.С /хх13/ “2018 оны 1 сарын 24-ний 21-22 цагийн үед дугуйг тайлж авсан гэх, хохирогч Ц.Балжинням “2018 оны 1 сарын 25-ны үеэр манай найз Аюушжав дугуйг байхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээс мөн эргэлзээтэй байдал үүсч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-г нотолбол зохих байдалд тусгасан байгаа нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг хэдийд үүссэн, үйлдлээ хэрэгжүүлсэн арга барилыг тодорхойлох зорилго оршино.
Иймд шүүгдэгч Т.Сын “хилээр орж ирээд зогсоол дээр байсан машиндаа дүүгээ хүлээж байсан, эзэнгүй машины дугуйг авах санаа төрсөн” гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй байна.
Эндээс үзэхэд Т.Сын ашигласан гэх Тоёота марк икс маркийн 77-87 УНУ улсын дугаартай машин Гашуун сухайт хилийн боомтын зогсоолд байсан гэх тэр цаг хугацаанд приус маркийн машины дугуйг авахдаа уг машин механизмыг “учрах саадыг арилгах зорилгоор” ашигласан гэсэн гэм буруугийн санаа сэдэлт болон арга барил хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсонгүй.
Улсын дээд шүүхийн хулгайн гэмт хэргийг тайлбарласан тогтоолын “...Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй.” гэж заасан үзэл санааг мөн анхаарах нь зүйтэй.
Иймд уг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “машин механизмыг учрах саадыг арилгах зорилгоор ашигласан” гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хуулийг тайлбарлахад дээр дурдсан эргэлзээнүүд гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө.
Шүүгдэгч Т.Сыг “Гашуунсухайт” хилийн боомтын гаднах зогсоолд тавиатай байсан Тоёота приус-30 маркийн 48-64 УБП улсын дугаартай автомашины гуперийн нэмэлт гэрэл, обудьтай 4 ширхэг дугуйг нууцаар, хууль бусаар авч, бусдад 645 000 /зургаан зуун дөчин таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц.Балжиннямын: “...Би 2018 оны 01 сарын 28-29-ний үед богины рэйсний нүүрс ачуулаад Ганц мод руу явж байхдаа хил дээр очоод машинаа үзэхэд миний машины 4 ширхэг дугуй, баруун талын гуперний жижиг дохио нь байхгүй байсан. Тэгээд би тэрнээс хойш 2 хоногийн дараа 2018 оны 02 сарын 01-ний өдөр дугуй худалдаж авахаар фээсбүүк зар дээр пост оруулахад нэг хүн 4 ширхэг дугуй зарна гээд орж ирсэн. Тэгээд би тэр хүнээс худалдаж авая, зургийг нь харъя гэхэд гэтэл миний машины 4 дугуйны зургийг үзүүлсэн. Тэгээд би дүүгийнхээ нөхөр Батбаярлуу утсаар яриад зарах 4 дугуйг үзээд өгөөч миний дугуй мөн юм шиг байна гээд тэр хүний утасны дугаарыг өгсөн. Удалгүй Батбаяр над руу яриад таны машины дугуй мөн байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45-р хуудас/,
Гэрч М.Батбаярын: “...Өнөөдөр 20 цаг өнгөрч байхад Балжинням над руу дахин утсаар яриад Фэйсбүүк дээр 4 ширхэг обудьтай дугуй зарна гэсэн зар байна. Миний алдсан дугуй яг мөн байна, чи очоод лавлаад үзээтэх гэж хэлсэн. Би зарын дагуу нөгөө хүнтэй утсаар холбогдож, уулзаж, зарах гэж байгаа ширхэг обудьтай дугуйг үзэхэд манай хадам ахын алдагдсан гэх дугуй мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч О.Энхбаярын: “... Машины ард дугуй байсан. Хэний дугуй вэ? гэж асуух гэснээ больсон. Тэр дугуйг ахынхаа дугуй гэж бодсон. Тухайн дугуйг юугаар тайлж авсаныг мэдэхгүй, хулгайн дугуй гэж мэдээгүй. Арын суудал дээр хоёрыг, багаажинд хоёрыг нь хийж Улаанбаатар хотод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 30-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч Ц.Балжинням нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 45-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Т.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.Ст эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан байх тул дээрх байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Т.Ст хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Тодбаатарын Сыг “Бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч Т.Ст тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА