Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар    2024/ДШМ/608

 

 

 

Г.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/367 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ө-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2402 00092 0073 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Ө .... тоотод түр оршин суудаг, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 5-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар суллагдсан,

Шүүгдэгч Г.Ө нь 2023 оны 8 сард ... аймаг, ... сум буюу ... 10 км зайд байрлах газраас НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 1094,3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ... дүүрэг ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, Консулын ... дугаар  гудамжны ... тоотод тус хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, шүүгдэгч Г.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгэгч Г.Ө давж заалдах гомдолдоо: “...Миний бие Хавдар судлалын үндэсний төвд тогоочоор ажилладаг бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт .... дүүргийн ... дүгээр хороо, Консулын ... дугаар гудамж .... тоот хашааг түрээслэн амьдардаг. Миний эхнэр О.О нь төрсөн эцэг, эх, хамаатан садангүй, асрамжийн газар өнчин өсөж торнисон бөгөөд тусалж дэмжих хүн үгүй. ...Миний эхнэр тогооч мэргэжилтэй хэдий ч ар гэрийн гачигдлын улмаас эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны 2 хүүхдээ /том 12 настай, бага нь 8 настай 2 дугаар анги/ харж өглөө оройд сургуульд нь хүргэж өгдөг. ...Иймээс миний бие гэр бүлээ тэжээхийн тулд ганцаараа ажил хийдэг ба миний сарын тогтмол цалин орлогогүй бол ар гэрт минь хоол хүнсний асуудлаас эхлээд санхүүгийн маш хүнд байдалд орох аюултай болдог. ...Би өмнө нь энэ зүйл ангид заасан хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Гэм буруу дээрээ маргаагүй, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хорих ялыг оногдуулахдаа гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу дээр маргаагүй, урьд нь удаа дараа сэтгэцэт нөлөөт бодисыг хэрэглэж байсан боловч уг хууль бус үйлдэл нь илрээгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байдал, прокурорын санал дүгнэлтийг харгалзаад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Г.Ө-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн 2402 00092 0073 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч Г.Ө нь 2023 оны 8 сард ... аймаг, ... сум буюу ... 10 км зайд байрлах газраас НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 1094,3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт “Олсны ургамал”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ... дүүрэг ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, Консулын ... дугаар  гудамжны ... тоотод тус хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн “...гэрийн зүүн талд байрлах хөргөгчийн дээд талд байсан цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйлийг заасныг 1 гэж дугаарлан хураан авав. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад гэрийн ертөнцийн зүгээр баруун урд талд РS2245069 сери дугаартай хуйлсан 100-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас байсныг 2 гэж дугаарлан хураан авав. ...Гэрийн баруун талд байрлах буйдан орны хойд хэсгээс буюу доод шалан дээрээс хар өнгийн гялгар уутанд хийсэн дотроо өвс мэт зүйл байсныг 3 гэж дугаарлан хураан авав. ...Гэрийн зүүн талын орны доод хэсгээс хүрэн өнгийн “Louis casbao” гэсэн бичиглэлтэй төмөр саван дотор өвс мэт зүйл байсныг 5 гэж дугаарлан хураан авав. ...Тус орны хөлийн доод хэсгээс “urbank” гэсэн бичиглэлтэй дотроо өвс мэт зүйлтэй байсныг 6 гэж дугаарлан албаны жин дээр жинлэж, гэрэл зургаар бэхжүүлэв. ...Мөн орны хөлийн доод хэсэгт “Супер” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай, дотроо өвс мэт зүйлтэй байсныг 7 гэж дугаарлав. ...Цагаан өнгийн хөргөгчийн араас бор өнгийн цаасан ууттай, дотроо цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл байсныг 8 гэж дугаарлан хураан авав. ...Хөргөгчийн дээр улаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл байсныг 9 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэж, гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...Мөн тус хөргөгч дээр хуйлсан 20-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, дээд талын унинд хавчуулсан байсан 1-тын мөнгөн дэвсгэртүүдийг 10 гэж дугаарлан хураан авав. ...Монгол гэрийн гал тогооны хэсгийн 4 тасалгаа бүхий модон шүүгээний баруун доод талаас хар өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл байсныг 11 гэж дугаарлан албаны жин дээр жинлэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...Гэрээс гарч хашааны баруун талын хүн амьдардаггүй гэх 1 давхар хуучны байшинд үзлэгийг явуулахад ...өрөөний хойд хэсэгт машины суудлын ард, шалан дээр төмөр савтай дотроо ургамал мэт зүйлтэй байсныг 12 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв. ...Гэрийн гадна орчинд үзлэгийг явуулахад гэрийн залгаа модон амбаар, гэр хоёрын хооронд цэнхэр ууттай, төмөр савтай дотроо ургамал мэт зүйлтэй байсныг 13 гэж дугаарлан албаны жин дээр жинлэж гэрэл зургаар бэхжүүлэв. ...Тус гэрийн угаалтуурын доод хэсгээс коланы савтай, дотроо шингэн зүйлийн агууламжтай, цоолж хуйлсан мөнгөн дэвсгэрт, тугалган цаас байсныг 14 гэж дугаарлан хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-20/,

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Г.Ө-ийн шээсэнд “Multi-Drug screen test cup” гэсэн тэст ашиглан шалгасан тэмдэглэл: “...ТНС (марихуан) илэрсэн...”, тестийг ашиглаж буй үйл явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд /1-р хх-ийн 21-28/,

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл: “...Яллагдагч Г.Ө нь .... аймгийн ... сум буюу ... 10 км зайд байрлах газраас өвс түүсэн гэв. ...  сум руу явах замд яллагдагч Г.Ө нь төв замаас шороон замаар салж, ертөнцийн зүгээр баруун тийш 10 км тал газарт очиж “Эндээс өвс түүсэн” гэж зааж харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 42-43/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 948 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ бүртгэлийн 22 дугаартай гомдол. 1-4 дугаартай объект” гэж хаягласан хар өнгийн гялгар уутанд №1 гэж дугаарласан зиплок гялгар уутанд, цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан зиплок гялгар уутанд хуйлсан “РS2245069” гэсэн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хэлбэрт оруулсан тугалган цаас, №3 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан “LOUIS CASBAO” гэсэн бичиглэлтэй цаасан савлагаатай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 7,6 грамм, цэвэр жин нь 3,8 грамм, №3 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 443,1 грамм, цэвэр жин нь 432,3 грамм, №4 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цаасан савлагааны хамт жин нь 141,2 грамм, цэвэр жин нь 2,0 грамм болов. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан хуйлсан “РS2245069” гэсэн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хэлбэрт оруулсан тугалган цаас, №3 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...”, гэрэл зургууд /1-р хх-ийн 73-77/,

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 947 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ бүртгэлийн 22 дугаартай гомдол 6-9 дугаартай объект” гэж хаягласан зиплок гялгар уутанд №6 гэж дугаарласан шилэн савлагаатай ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан хуванцар савлагаатай ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан цаасан уутанд, цэнхэр алаг өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан улаан алаг өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. №6 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн шилэн савны хамт жин нь 256,3 грамм, цэвэр жин нь 7,0 грамм, №7 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн хуванцар савны хамт цэвэр жин нь 137,0 грамм, цэвэр жин нь 115,7 грамм, №8 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 15,8 грамм, цэвэр жин нь 13,2 грамм, №9 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 41,0 грамм, цэвэр жин нь 36,4 грамм болов.

Шинжилгээнд ирүүлсэн №6 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” /1-р хх-ийн 80-84/,

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 946 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ бүртгэлийн 22 дугаартай гомдол 10-14 дугаартай объект” гэж хаягласан шар өнгийн гялгар уутанд 10 гэж дугаарласан цэнхэр алаг өнгийн гялгар уутанд тал АЕ4984074 гэсэн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АD3113703 гэсэн дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 11 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 12 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутанд төмөр савтай ургамал мэт зүйл, 13 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутанд төмөр савтай ургамал мэт зүйл, 14 гэж дугаарласан хажуу хэсэгт цоолсон, хуйлсан АҮ7681726 гэсэн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хийсэн “Соса соlа” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай шингэн зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон, хэлбэрт оруулсан тугалган цаас нь шинжилгээнд тэнцэнэ. 11 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 209,0 грамм, цэвэр жин нь 197,1 грамм, 12 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн төмөр савны хамт жин нь 571,1 грамм, цэвэр жин нь 126,5 грамм, 13 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн төмөр савны хамт жин нь 1193,9 грамм, цэвэр жин нь 160,3 грамм болов. Шинжилгээнд ирүүлсэн 10 гэж дугаарласан тал АЕ4984074 гэсэн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АD3113703 гэсэн дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 11 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 12, 13 гэж дугаарласан төмөр савтай ургамал мэт зүйл, 14 гэж дугаарласан хажуу хэсэгт цоолсон, хуйлсан АҮ7681726 гэсэн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хийсэн “Соса соlа” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай шингэн зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон, хэлбэрт оруулсан тугалган цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...”  /1-р хх-ийн 87-91/ шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургууд,

2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 914 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “2024.01.22 РД:УЮ92051590 Г.Ө” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна...”, гэрэл зургууд /1-р хх-ийн 93-95/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Г.Ө нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Г.Ө нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Ө нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /1-р хх-ийн 99-101/,

Б.Б-ын  сэжигтнээр өгсөн “...гэрт нь ороод байж байхад Г.Ө өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис гаргаж ирээд бид хоёр тамхины дүнсийг унагаж байгаад дотор нь хийж татсан. Ингээд удаагүй байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тус өвсийг Г.Ө гаргаж ирсэн. Хэзээ, хаанаас, яаж түүсэн, олж авсан эсэхийг нь мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 65-66/,

Г.Ө-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 8 дугаар сарын дундуур өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис түүх зорилгоор .... явах замд ... ойролцоох горхины хажуугаас шар торонд өвс түүсэн. Тухайн үед би өөрийн Приус-11 загварын тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явсан. Тус түүсэн өвсөө өөрийн оршин суух хаяг болох .... дүүргийн ... дүгээр хороо, Консулын ... дугаар гудамжны ... тоотод аваачиж хадгалсан. Өвснөөсөө хэд хэдэн удаа ганцаараа гэртээ хэрэглэсэн. Үүний дараа 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ хэрэглэж байгаад цагдаад баригдсан.  ...” /1-р хх-ийн 172-174/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Ө-ийн 2023 оны 8 сард НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 1094,3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүсэн, улмаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ... дүүрэг ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, Консулын ... дугаар  гудамжны ... тоотод тус хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон ...сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, ...хадгалсан, ...” гэмт хэргийн шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн Г.Ө-ийн үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн төрлийн ялаас шүүх Г.Ө-д хорих ялыг сонгож, нэг жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хүн амын эрүүл мэнд болон удмын аюулгүй байдал, Үндэстний аюулгүй байдалд хор уршигтай байдаг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч Г.Ө-ийн түүсэн, хадгалсан үйлдэлд болон сэтгэцэт нөлөөлөх ургамлыг хэрэглэдэг хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө-ийн гаргасан “...хорих ялыг өөрчилж, өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор дүгнэв.

Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт олсны ургамал, түүнийг хэрэглэхтэй холбоотой тугалган цаас, хуванцар савлагаатай шингэн зүйл зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасныг,

мөн улсын үндэсний мөнгөн тэмдэгт /валют/“...РS2245069 гэсэн сери дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АЕ4984074 гэсэн сери дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт АD3113703 гэсэн сери дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АҮ7681726 гэсэн сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт...” зэргийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг шүүхийн шийдвэр биелүүлэх чиг үүрэг бүхий Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзээд энэ талаар өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Г.Ө нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс магадлал гарсан 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 46 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.   

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/367 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, хэлбэр оруулсан тугалган цаас, №3 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэт нөлөөт олсны ургамал, №4 гэж дугаарласан LOUS САSВАО гэсэн бичиглэлтэй цаасан савлагаатай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал №6 гэж дугаарласан шилэн савлагаатай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал №7 гэж дугаарласан хуванцар савлагаатай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал №8 гэж дугаарласан цэнхэр алаг өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, №9 гэж дугаарласан улаан алаг өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 11 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 12 гэж дугаарласан төмөр савтай, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 13 гэж дугаарласан төмөр савтай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 14 гэж дугаарласан хажуу хэсэгт цоолсон Соса соlа гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай шингэн зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон хэлбэрт оруулсан тугалган цаас зэргийг устгуулах,

мөн хураагдан ирсэн №2 гэж дугаарласан РS2245069 гэсэн сери дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №10 гэж дугаарласан тал АЕ4984074 гэсэн сери дугаартай 20 төгрөгийн, АD3113703 гэсэн сери дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №14 гэж дугаарласан хуйлсан АҮ7681726 гэсэн сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр тус тус Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ийн 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР

          ШҮҮГЧ                                                         Т.ӨСӨХБАЯР

          ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ