Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

Шүүгдэгч: Б.Ш, Д.Б /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ш, Ш.Б нарт холбогдох 1829000360057 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Экс Эм Си” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг,  31-305 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Чонос овогт Болдбаатарын Ш /РД:ЙМ85121219/

Монгол улсын иргэн, 1980 оны 11дүгээр сарын 01-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тахидаг Хайрхан” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, Улаантолгойн 1-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Сартуул овогт Даваадоржийн Б /РД:АИ80110119/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Б.Ш, Д.Б нар нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Эрдэнэс Таван Толгой” ХХК-ийн уурхайн амруу орох оочерт хоорондоо маргаж, улмаар харилцан биенийхээ эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш: “Бид 2 харилцан тохиролцож, эвлэрсэн учир мэдүүлэх зүйлгүй” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б: хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

   Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор Д.Бын өгсөн: “...Би кабинд байсан алхаа аваад тухайн тээврийн хэрэгслийн жолооч дээр очоод яагаад машин шүргэсэн юм бэ гэж хэлээд цээжин тус газарт нь барьж байсан алхаараа нэг удаа толгой хэсгээр нь хатгасан ба нөгөө залуу зөрүүлээд лапатик /дугуй задалдаг хэрэгсэл/-аар миний зүүн талын дээд шүд шүдрүү цохисны улмаас миний дээд доод уруул язарч миний шүд хөдөлсөн. Ш нь  миний нүүрэн тус газарт буюу хамар хэсэгт гараараа нэг удаа цохиход нь би зөрүүлээд баруун гараараа нэг удаа нүд рүү нь цохьсон. Тэгтэл Ш “миний нүдрүү цохьчихлоо” гэж хэлээд нүдээ дараад суусан ба би нүдийг нь хартал хавдаж эхэлж байсан. Тухайн үед миний шүдний дээд талын бага үүдэн шүдний үзүүр хэсэг бяцарч цуурсан ба доод дээд уруул дотор талдаа язарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор Б.Шын өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  Эрдэнэс таван толгой ХХК-руу  ачилт хийлгэхээр оочерт явж байтал 18 цагийн үед 86-14 УНЗ улсын дугаартай Тахидаг хайрхан ХХК-ний эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл миний унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн гар талаас шахаж орж ирээд чиргүүлийн дунд хэсэгт баруун гар талын толио болон шанаа хэсгээрээ шүргэлцсэн. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн үл таних жолооч гартаа лантуу барьж бууж ирээд миний машины жолооч талын хаалгыг нээж орж ирээд барьж явсан лантууны толгой хэсгээр нь миний цээж рүү нэг удаа цохьсон. Би болъёо, тэр шанаа, толь хоёрыг төлөөд өгье гэтэл нөгөө жолооч дахиад цохих гэхээр нь миний суудлын зүүн гар талд байрлах дэгээ төмөртэй 50 см орчим урттай ладатак төмрөөр нөгөө жолоочийн барьж байсан лантууг хөшиж байхад доод уруулын зүүн хэсэгт нь шүргэж, тухайн газарт нь язарч, цус гарсан. ...миний зүүн талын нүд рүү гараараа цохьсон ба би нүүрээ арчиж үзтэл нүднээс цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гантулгын өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр намайг Эрдэнэс Таван Толгойн уурхайн оочерт Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлд зогсож байтал манай компаний хамт ажилладаг Ш нь миний утасруу 17-18 цагийн үед залгаад “намайг хүн зодоод байна, хүрээд ир” гэхээр нь би Батсуурийг дагуулаад тухайн газарт очтол Шын машины баруун талаас улаан өнгийн Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл толио хамуулсан зогсож харагдсан ба Шын машин дээр очтол нэг үл таних залуу кабин дотор нь орсон Шын дээрээс дарсан байсан. Тэгэхээр нь Батсуурь бид хоёр нөгөө залууг боль гээд ямар нэгэн гар хүрэлгүй салгасан. Тухайн үед нөгөө залуугийн амнаас нь цус гарсан байсан. Тэр залуу Шыг хаалга түшээд зогсож байхад нь зүүн талын нүдэн тус газарт хаалга хавсруулаад гараараа 1 удаа цохьсон. Тэгтэл Шын зүүн нүднээс цус гарч, 3-4 минутын дараа бөөлжөөд эхэлсэн бөгөөд такси дуудаж Цогтцэций сумын эмнэлэгрүү явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Батсуурийн өгсөн: “...Тэр хоёрыг салгах үед нөгөө залуугийн амнаас цус гарч байсан. Юу болсон талаар Шинээгээс асуухад энэ залуу намайг машин дотор сууж байхад үгийн зөрүүгүй лантуугаар цохисон гэж хэлсэн. Шинээ болон нөгөө үл таних залуу 2 маргалдаад, зууралдаад байхаар нь бид хэд оочер яваад байна, та 2 хоорондоо зохиц гэтэл нөгөө танихгүй залуу би гомдолтой байна, зохицохгүй гээд тэр хоёр дахин дахин маргалдаад, нэгнийхээ хувцаснаас зууралдаад байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 37-39-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 07-ны өдрийн Хүний биед хийгдсэн №2222 дугаартай шинжээчийн:

1. Б.Шын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь 2018 .01.29-нд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний 2018 оны 04 сарын 02-ний өдрийн №402Б дугаартай шинжээчийн:

1. Б.Шын биед Тархи доргилт, зүүн нүдний ухархайн ханын хугарал, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олонудаагийнүйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 р хуудас/

 

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн Хүний биед хийгдсэн №2519 дугаартай шинжээчийн:

  1. Д.Бын биед зүүн дээд 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний 2018 оны 04 сарын 02-ний өдрийн №402А дугаартай шинжээчийн:

1. Д.Баямбажавын биед нэг шүдний эмтрэл, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 р хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

- Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас

- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн засаг даргын 2018 оны 02 сарын 06-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 101-р хуудас/,

- Б.Шын толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, эмчлүүлэгчийн картны хуулбар /хх-ийн 45-48-р хуудас/,

     - Шүүгдэгч Д.Б  иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 97-р хуудас/,

    - Шүүгдэгч Б.Шын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 100-р хуудас/,

    - Шүүгдэгч Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-р хуудас/

   - Шүүгдэгч Б.Шын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-р хуудас/

- Хохирогч Б.Ш, Д.Б нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 205-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ш Д.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдэнд тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 Шүүгдэгч Б.Ш, Д.Б нар нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Эрдэнэс Таван Толгой” ХХК-ийн уурхайн амруу орох оочерт хоорондоо маргаж, улмаар харилцан биенийхээ эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.Бын: “...Би кабинд байсан алхаа аваад тухайн тээврийн хэрэгслийн жолооч дээр очоод яагаад машин шүргэсэн юм бэ гэж хэлээд цээжин тус газарт нь барьж байсан алхаараа нэг удаа толгой хэсгээр нь хатгасан ба нөгөө залуу зөрүүлээд лапатик дугуй задалдаг хэрэгсэл/-аар миний зүүн талын дээд шүд шүдрүү цохисны улмаас миний дээд доод уруул язарч миний шүд хөдөлсөн. Ш нь  миний нүүрэн тус газарт буюу хамар хэсэгт гараараа нэг удаа цохиход нь би зөрүүлээд баруун гараараа нэг удаа нүд рүү нь цохисон. Тэгтэл Ш “миний нүдрүү цохичихлоо” гэж хэлээд нүдээ дараад суусан ба би нүдийг нь хартал хавдаж эхэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,

- Хохирогч Б.Шын: “...Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн үл таних жолооч гартаа лантуу барьж бууж ирээд миний машины жолооч талын хаалгыг нээж орж ирээд барьж явсан лантууны толгой хэсгээр нь миний цээж рүү нэг удаа цохисон. Би болъёо, тэр шанаа, толь хоёрыг төлөөд өгье гэтэл нөгөө жолооч дахиад цохих гэхээр нь миний суудлын зүүн гар талд байрлах дэгээ төмөртэй 50 см орчим урттай ладатак төмрөөр нөгөө жолоочийн барьж байсан лантууг хөшиж байхад доод уруулын зүүн хэсэгт нь шүргэж, тухайн газарт нь язарч, цус гарсан. ...миний зүүн талын нүд рүү гараараа цохисон ба би нүүрээ арчиж үзтэл нүднээс цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-р хуудас/,

- Гэрч Д.Гантулгын: “...Тухайн үед нөгөө залуугийн амнаас нь цус гарсан байсан. Тэр залуу Шыг хаалга түшээд зогсож байхад нь зүүн талын нүдэн тус газарт хаалга хавсруулаад гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Шын зүүн нүднээс цус гарч, 3-4 минутын дараа бөөлжиж эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 р хуудас/,

- Гэрч Ж.Батсуурийн: “...Тэр хоёрыг салгах үед нөгөө залуугийн амнаас цус гарч байсан. Юу болсон талаар Шинээгээс асуухад энэ залуу намайг машин дотор сууж байхад үгийн зөрүүгүй лантуугаар цохисон гэж хэлсэн. Шинээ болон нөгөө үл таних залуу 2 маргалдаад, зууралдаад байхаар нь бид хэд оочер яваад байна, та 2 хоорондоо зохиц гэтэл нөгөө танихгүй залуу би гомдолтой байна, зохицохгүй гээд тэр хоёр дахин дахин маргалдаад, нэгнийхээ хувцаснаас зууралдаад байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 37-39-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 07-ны өдрийн Хүний биед хийгдсэн №2222 дугаартай шинжээчийн: Б.Шын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн хана, хамах ясны хугарал, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 02-ний өдрийн Хүний биед хийгдсэн №402Б дугаартай шинжээчийн: Б.Шын биед Тархи доргилт, зүүн нүдний ухархайн ханын хугарал, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 р хуудас/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн Хүний биед хийгдсэн №2519 дугаартай шинжээчийн: Д.Бын биед зүүн дээд 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний 2018 оны 04 сарын 02-ний өдрийн №402А дугаартай шинжээчийн: Д.Баямбажавын биед нэг шүдний эмтрэл, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 р хуудас/,

- Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Ш, Д.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

  Шүүгдэгч Б.Ш, Д.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх бөгөөд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзаад прокурорын санал болгосон торгох ялын хэмжээнд хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Б.Ш, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 Эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт нь 11см, бариулын урт 20 см, хар бариултай төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 Шүүгдэгч Б.Ш Д.Б урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б, Б.Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Ш нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш, Д.Б нарт оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Д.Б, Б.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 11см, бариулын урт 20 см, хар бариултай төмөр алх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.37 дугаар зүйлийн 37.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА