Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар   2024/ДШМ/534

 

 

 

 

 

Ж.Г, Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Содбаяр,

цагаатгагдсан этгээд Ж.Гийн өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах, Т.Сайнбаяр, Д.Очбадар,

хохирогч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Буянбадрал,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/215 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Содбаярын бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 43 дугаартай прокурорын эсэргүүцэл, хохирогч Ц.А-ын өмгөөлөгч Г.Буянбадралын давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Г, Д.Э нарт холбогдох эрүүгийн 2102004170243 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Э .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

2. Ж.Г ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Д.Э нь ... дүүргийн ...  дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс ..... нийтийн албан тушаалтан Ж.Г-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн найз Ц.Ц-ын “В б” бэлэн хувцасны дэлгүүрээс 2020 оны 5 дугаар сарын 8-наас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Ж.Гийн ашиг сонирхлын үүднээс, Ж.Гт болон түүний эхнэр Б.Р-д нийт 3.830.768 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хахуульд өгсөн,

- Ж.Г нь

нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 7.1.7 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү Ж.Г-ийн үүсгэн байгуулсан 100 хувийн хувьцаа эзэмшигч 52хххххх регистрийн дугаартай “Ш” ХХК-ийн нэр дээрх  2011/..... дугаар бүхий гэрчилгээтэй хугацаа нь дуусгавар болсон улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр Хан-Уул дүүргийн нутагт орших “Богдхан” уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй газрын 0.9 га талбайг иргэн Д.Э-д 1.600.000.000 төгрөгөөр үнэлж, шууд худалдан авахыг тулган шаардаж, улмаар Ж.Г, Д.Э нар 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ... дүгээр .... мянгат ... дугаар байранд тус газрыг 10/10 харьцаатай 1 давхар үл хөдлөх хөрөнгийн хамтаар Д.Эд 100 хувь шилжүүлэх, Д.Эаас “\/” компанийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тасганы овоонд байрлах үйлчилгээний зориулалттай 250 мкв талбайг 1 мкв талбайг 3.800.000 төгрөгөөр тооцож, “\/” ХХК-ийн ... дүүргийн ...  дүгээр хороо, Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 180 мкв талбайд ноогдох орон сууцыг 1 м.кв талбайг 3.500.000 төгрөгөөр, “\/” ХХК-ийн ... дүүргийн ...  дүгээр хороо, Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 2 машины зогсоолын 20.000.000 төгрөгөөр үнэлж нийт 1.600.000.000 төгрөгөөр үнэлж Ж.Г-т шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл байгуулж өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд болох Ж.Г-т давуу байдал бий болгосон,

..... албан тушаалын, нэр хүнд, нөлөөг ашиг хонжоо олох зорилгодоо ашиглаж буюу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 7.1.7 дахь хэсгүүдийг зөрчиж, иргэн Ц.А-с ямар нэгэн хүү, барьцаагүйгээр өөрийн эхнэр Б.Р-ийн  эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах оффистой болох ашиг сонирхлын үүднээс түүнтэй зээлийн гэрээ байгуулуулж, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 46.000.000 төгрөгийг, мөн оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг, мөн оны 10 дугаар сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон Б.Р-ийн дансаар хүлээн авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Р-д 66.000.000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон, Ц.А-ын үүсгэн байгуулсан “Э” ХХК-ийн өмчлөлд байсан Баянзүрх дүүрэг ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Нарны зам гудамж ... байр, .... тоот орон сууцыг 282.500.000 төгрөгөөр худалдан авах гэрээг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, урьдчилгаа 100.000.000 төгрөгт “Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т байрлалтай 2017 онд гэрчилгээ нь гарсан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, ашиглах эрх нь дуусгавар болох нөхцөл нь бүрдсэн аялал жуулчлалын зориулалттай “Б” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг Ц.А-ын эхнэр Х.Х-д 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, “Ц” төвийн .... давхрын .. тоотод “Хувьцаа бэлэглэх тухай” гэрээ байгуулан шилжүүлэн өгч, 182.500.000 төгрөгийг “Хаан” банкны зээлээр гаргуулан төлбөрийг төлж барагдуулан дээрх орон сууцыг өөрийн эхнэр Б.Р-ийн “Н” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өөртөө болон “Н” ХХК-нд 100.000.000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон буюу үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний буюу 166.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Нийтийн албан тушаалын ... хэлтсийн даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа Д.Э-ын ... дүүргийн ...  дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгад .... газраас хяналт, шалгалт явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй үйл ажиллагаа явуулж “та барилгын бизнес эрхлэх гэж байгаа бол энэ салбарт надтай хамтарч ажиллах шаардлагатай, та надаас нэг газар худалдаж ав, авахгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно” гэх мэт хууль бус шаардлага тавьж, хясан боогдуулах аргаар Д.Э-ын найз Ц.Ц-ын “В б” бэлэн хувцасны дэлгүүрээс 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нийт 3.830.768 төгрөгийн эд зүйлсийг хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Нийслэлийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөкхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ж.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, эрүүгийн 2102004170243 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар Б-102. АТГ 2021.09.29 гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг цагаан өнгийн сиди /4хх-154/, “Хаан” банкны 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 50/9429 дугаартай албан бичгийн хавсралт 1 ширхэг сиди /7хх-192/, “Худалдаа хөгжлийн банк”-ны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5/9006 дугаартай албан бичгийн хавсралт 1 ширхэг сиди /8хх-96/, таньж олуулах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 1 ширхэг сиди /1хх-64/, мөн нэгжлэг хийсэн мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн 5 ширхэг сиди, нийт 9 ширхэг сиди зэргийг хэргийн хамт прокурорт буцаан хүргүүлж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай тогтоолоор битүүмжилсэн Ж.Г-ийн өмчлөлийн бүртгэлийн Ү-2202018694 дугаартай орон сууцыг /6хх-41-42/, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1427 дугаартай тогтоолоор битүүмжилсэн “Н” ХХК-ийн өмчлөлийн бүртгэлийн Ү-220ХХХХХХХХ дугаартай орон сууцыг /11хх-207-208/ тус тус битүүмжилсэн тогтоолуудыг шүүхийн тогтоол хүчин Т болмогц хүчингүй болгохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэж зааснаар хохирогч Ц.А-ын зүгээс шүүгдэгч Ж.Г-оос нэхэмжилсэн 150.579.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ж.Г нь нийт 29 хоног цагдан хоригдсон, Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Ж.Г нь цагдан хоригдсон талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Содбаяр эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна. Тухайлбал:

- Анхан шатны шүүх “...Ж.Г, Д.Э нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хэлцэл байгуулагджээ. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин хэлцэл хийсэн байна...” гэсэн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.П /1-р хх 130-131/, Д.Э /1-хх 12-15/ нарын мэдүүлэг, Д.Э-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл “Ж.Г, Д.Э нар хоорондын газар, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар харилцан ярилцсан талаар” /1-р хх 35-44/, гэрч Д.Б /2-р хх 3-4/, гэрч н.Б /2-р хх 96-97/ нарын мэдүүлэг тус тус авагдсан бөгөөд “Ш” ХХК нь Ж.Г буюу Ж.Гийн төрсөн дүүгийн нэр дээр байдаг боловч бодит байдалд Ж.Гийнх болох нь хангалттай тогтоогддог энэ талаар шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч Б.Буянбадрал, өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын дүгнэлтэд дэлгэрэнгүй тусгасан бөгөөд эдгээрийг шүүх няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолдоо заагаагүй байна.

- Анхан шатны шүүх “...Хавтаст хэрэгт Д.Э-ыг барилгын салбарт бизнес эрхэлдэг гэх баримт хэрэгт байдаггүй... иргэн Д.Э нь ... дүүргийн ...  дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан орон сууцны зориулалттай барилгын хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмших үйл ажиллагаанд ямар нэгэн хамааралтай болох, цалин хөлс авч ажил үүрэг гүйцэтгэдэг байсан талаар ямар ч баримт байхгүй. Мөн энэ баригдаж буй барилга хэний ямар компанийн барьж буй барилгад Д.Э ямар хамааралтай, энэ барилгын үйл ажиллагааг төлөөлж төрийн байгууллагуудтай харилцах, бусад байгууллагуудтай харилцах ямар эрх үүрэг хүлээсэн этгээд болохыг шалгаж тогтоогоогүй... Хавтаст хэрэгт Д.Э-ыг барилгын салбарт бизнес эрхэлдэг гэх баримт байдаггүй.

Мөн ... дүүргийн ...  дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны зориулалттай барилгын ажлын явц байдал, үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжпийн хяналтын газар болон Нийслэлийн мэргэжпийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, даргын зүгээс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэзээний удирдамж, шийдвэр эсхүл хууль журамд заасан ямар хяналт шалгалтын ашиг сонирхлын үүднээс зориуд явуулаагүй талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй...” гэж дүгнэсэн ойлгомжгүй байна.

Учир нь, хавтаст хэрэгт гэрч Л.Э /1 хх 186 /, Н.Г /1-р хх-ийн 136-138/ нарын мэдүүлэг, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” прокурорын тогтоолоор “Хан-Уул дүургийн ... дүгээр хороо Х хотхон... иргэн Ш.С-гийн захиалгаар зоорьтой 3 давхар үйлчилгээний барилга угсралтын ажлыг бүхэлд нь зогсоосон талаарх шийдвэр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч А.Д-ын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай тэмдэглэл, /...Иргэн Ш.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э буюу шүүгдэгч Д.Э/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн байцаагчийн холбогдогч Ш.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-аас авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар Д.Э нь тухайн цаг хугацаанд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэж байсан болох нь хангалттай тогтоогддог бөгөөд шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлд хамаарч байна.

- Анхан шатны шүүх “...Шүүгдэгч Д.Э, Ж.Г нарын харилцаа холбоо нь ашиг хонжоо олох гэсэн бизнесийн үйл ажиллагаанд тулгуурласан харилцааны бүтэлгүйтлээс үүдсэн маргаан уу? гэдгийг ялгаж шалгаагүй учраас “В б’’ дэлгүүрээс Ж.Г, түүний эхнэр нарын авсан хувцаснууд албан тушаалын байдлаа ашиглаж авлига авсан гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлох боломжгүй болгосон...” гэсэн дүгнэлт хийжээ.Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой билээ. 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай болно. Учир нь, энэхүү гэмт хэрэг хувьдаа болон өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдэгддэг Ж.Г нь өөртөө болон эхнэр, охиндоо 3,830,768 төгрөгийн үнэ бүхий хувцсыг авснаар дээрх шинжийг бүрэн хангасан болно.

- Анхан шатны шүүх “...хавтаст хэрэгт “Ф” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаагүй, чухам ямар учраас Ц.А нь тухай компанийг төлөөлсөн гэх баримт итгэмжлэл хэрэгт авагдаагүй байхад Ц.А-ыг хохирогчоор тогтоосон нь ойлгомжгүй байна...” гэж дүгнэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Т-ийн мэдүүлэг /10-р хх-ийн 166-167/, “Ф” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 036 дугаар итгэмжлэл “Ц.Ад итгэмжлэл олгосон” /10-р хх-ийн 168/, “Ф” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн лавлагаа “100% хувьцааг Ц.А эзэмшдэг” /10-р хх-ийн 169/, гэрч С.Д-гийн “Ф” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.А захирал...” гэсэн мэдүүлэг /10-р хх-ийн 173/, гэрч Д.Б-ийн “...А захирлын хүү Т захиралд энэ талаар ба чатаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 11/ гэсэн мэдүүлгээр “...Ц.А нь тухай компанийг төлөөлсөн гэх баримт итгэмжлэл хэрэгт авагдаагүй байхад Ц.А-ыг хохирогчоор тогтоосон...” гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж, тухайн нотлох баримтуудыг яагаад үнэлээгүй талаар тогтоолдоо огт заагаагүй байна.

2. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

- Анхан шатны шүүхээс “...шүүгдэгч нарыг цагаатгах шийдвэр гаргахдаа яллагдагч Д.Э-аас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх 9-10/ болон мөн түүний Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас шалгасан хэрэгт 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байна. Шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэх нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй...” гэж дүгнэжээ.

Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй.

Тодруулбал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тайлбар 1.15 дахь хэсэгт зааснаар “Мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана...” гэж заасныг зөрчсөн.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Эаас хууль сануулан гэрчээр авсан мэдүүлгийг өөр хоорондоо зөрүүтэй гэж дүгнэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувьд зайлшгүй эдлэх Монгол Улсын Үндсэн хуульд заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж тус тус заасан эрхийг зөрчиж байна гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Мөн шүүх хуралдааны явцад гэрч Б.Р, гэрч Ж.Г, шүүгдэгч Ж.Г нар нь мэдүүлэг тайлбар өгч, шүүгч, улсын яллагч, өмгөөлөгч нарын асуултад хариулт өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн болох нь нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогддог. Энэ талаар улсын яллагч, өмгөөлөгч Б.Буянбадрал, өмгөөлөгч Ц.Дэлгэрням нараас асуулт асууж, мэтгэлцэж оролцсон бөгөөд шүүх эдгээрийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолдоо тодорхой заагаагүй. Энэ нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арванзургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 1.11 дэх хэсэгт “Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчидтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино...” гэснийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэж заасан гэмт хэргийг ... хясан боогдуулах аргаар үйлдсэн бол” гэж заасан. Гэтэл Цагаатгах тогтоолын 63 дугаар хуудаст шүүх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн бол гэж хуульчилжээ” гэж тайлбарлан тухайн гэмт хэргийн “...гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд...” гэсэн шинжийг орхигдуулж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

- Анхан шатны шүүхээс “...мөрдөгч гэрч Б.Р, Б.С нараас Ж.Г-ийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт гэрчээр худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг эдлүүлээгүй байна.

Ийнхүү мөрдөгч гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Э-аас гэрчээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Учир нь, Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арванзургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 1.13 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ талаар мэдүүлэг өгөхийг хүссэн хүнээс мэдүүлэг авах ба эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлахын зэрэгцээ үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг сануулж, худал мэдүүлбэл хүлээх хариуцлагын талаар анхааруулсны дараа энэ ажиллагааг гүйцэтгэнэ.” гэж заасан. Мөрдөгчөөс гэрч Б.Р, Б.С-аас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр мэдүүлэг авахаас өмнө гэрчид Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар тайлбарлаж, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байгаа эсэх талаар тодруулахад Б.Р, Б.С нар нь “Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй” талаар мэдэгдэж, мэдүүлэг өгөхгүй байх эрхээсээ татгалзаж мэдүүлэг өгсөн тул гэрч Б.Р, Б.С нараас авсан мэдүүлгийг хууль зөрчиж авсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Хэрэв түүнээс ямар ч тохиолдолд мэдүүлэг авах боломжгүй гэж үзвэл шүүх хуралдаанд Б.Р-г гэрчээр оролцуулсан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлийг бий болгоно.

Түүнчлэн, Б.Р, Б.С нар нь “В б” бэлэн хувцасны дэлгүүрээс 2020 оны 5 дугаар сарын 8-наас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хувцас авсан” гэж үйл баримтын талаар мэдүүлдэг бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч Б.Т, Ц.Ц нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “цэнхэр тэмдэглэлийн дэвтэр”, мөрдөгчийн үйлдсэн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлан, нэгжлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан эд мөрийн баримт зэргээр давхар тогтоогддог. Мөн шүүгдэгч Ж.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хувцас авсан эсэх асуудал дээр маргадаггүй бөгөөд хувцасны үнэ 500 гаруй мянган төгрөг болсон, би мөнгийг нь төлсөн гэж маргадаг. Харин шүүгдэгч Д.Э, гэрч Ц.Ц нар нь “12 сая гаруй төгрөгийн үнэ бүхий хувцас авсан гэж мэдүүлдэг” бол хөрөнгийн үнэлгээ 3,830,768 төгрөг болохыг шинжээч тогтоосон бөгөөд хахуульд өгсөн гэх хувцасны үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

Анхан шатны шүүх “...Гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, бүрэн гүйцэд нотлогдон тогтоогдож байж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба ямар нэгэн таамаглалд үндэслэж шүүгдэгч Д.Э, Ж.Г нарыг гэм буруутайд тооцох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан...” дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

Энэ гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Шүүгдэгч Ж.Г нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Д.Э, Ц.А нарт хохирол хор уршиг учруулсан үйл баримт тогтоогддог.

Дээрх гэмт хэргийн улмаас төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан хор уршиг учирсан болно.

Цагаатгах тогтоолд яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад үгүйсгэгдэж, яллах гэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалт ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/215 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.

Хохирогч Ц.А-ын өмгөөлөгч Г.Буянбадрал гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Гт холбогдох “... ямар нэгэн хүү, барьцаагүйгээр өөрийн эхнэр Б.Р-ийн эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах оффистой болох ашиг сонирхлын үүднээс түүнтэй Баянзүрх дүүргийн ... хорооны нутаг дэсвгэр ... дугээр байр ... тоотод байрлах “Ф” ХХК-ийн оффисын байранд зээлийн гэрээ байгуулуулж, 2020.09.23-ны өдөр 46.000.000 төгрөг, 2020.09.25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2020.10.06-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон өөрийн эхнэр Б.Р-ийн дансаар хүлээн авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Р-д 66.000.000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон ... 282.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт “2017 онд гэрчилгээ нь гарсан, зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй, газар ашиглах эрх нь дуусгавар болох нөхцөл нь бүрдсэн аялал жуулчлалын зориулалттай “В” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй, анхнаасаа хууль зөрчиж ойн бүсэд олгогдсон, ашиглагдах боломжгүй газар болон компанийн эрхийг шилжүүлэн өгч, 182.500.000 төгрөгийг Хаан банкны зээлээр гаргуулан, 282.500.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эхнэр Б.Р-ийн “Н” ХХК-ийн өмчлөлд шилжуулж өөртөө болон Н” ХХК-д 100.000.000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий баримтуудыг шүүх хэрхэн үнэлж, үгүйсгэж байгаа талаар цагаатгах тогтоолд заагаагүй, гэмт этгээдэд ял завших боломжийг олгож, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Эрүүгийн 2102004170243 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокуророос хэргийн үйл баримтыг тодруулахад ач холбогдолтой мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэж, тус хэрэгт “Ф” ХХК-ийн иргэн Б.Р-тай байгуулсан 3 удаагийн гэрээ /хүү, барьцаагүй/, гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримтууд, 282.500.000 төгрөгөөр тохиролцсон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрээний урьдчилгаа төлбөрт “Б” ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн өгсөн талаарх баримтууд, тус компанийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газартай холбоотой баримтууд, 2020 оны байдлаар газрын төлбөр төлөөгүй, зөрчилтэй, зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байсан, одоо газрын эрх хүчингүй болсон талаарх холбогдох баримтууд, урьдчилгаанд төлсөн баримтаар бүрдүүлэгдсэн 100.000.000 төгрөгийн шилжүүлгийн гүйлгээг “Ф” ХХК-ийн санхүүжилтаар хийсэн талаарх А.Т, Д.Б, Х.Х, С.Д зэрэг гэрчүүдийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-ын мэдүүлэг зэрэг баримтууд авагдсан байхад анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтууд нь хэрхэн үгүйсгэгдэж, няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж, дүгнээгүй талаар тусгахдаа /ЦТ-81 дүгээр тал/ “...иргэн Ц.А хохирсон гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн баримтууд хэрэгт цугларсан бөгөөд ... Ж.Г ажил албан тушаалын ямар үйлдэл, эс үйлдэхүй зориуд хэрэгжүүлээгүйн улмаас өөрийн хамаарал бүхий хүнд давуу байдал олгосны тогтоогоогүй” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн 2102004170243 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас хохирол учирсан этгээд нь 54ххххх регистрийн дугаартай “Ф” ХХК болохыг тогтоож, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал А.Төөс 2023.04.10-ны өдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг төлөөлөх, хохирогчийн эрх эдлэх, үүрэг хүлээх үйлдэл хийх эрхийг Ц.А-д итгэмжлэн олгож /10-р хх 168/, тус итгэмжлэлийн дагуу Ц.А-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж, түүнд эрх үүрэг танилцуулсан болох нь /10-р хх-ийн 201-205/ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэтэл шүүхээс яллах дүгнэлтэд тусгагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэл зорилгын талаарх дүгнэлтийг иргэн Ц.А-д хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд тусгасан мэтээр тайлбарлаж, хэрэгт авагдсан, ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Эрүүгийн 2102004170243 дугаартай хэрэгт шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан явагдаж, тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Буянбадрал миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хийж гүйцэтгэсэн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой, хохирогч нь Ц.А гэх хувь хүн биш, харин “Ф” ХХК-д бодитоор хохирол учирсан, тус компанийн гүйцэтгэх удирдлагын тушаалаар Ц.Ад итгэмжлэл олгож, Ц.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа талаар тодорхой тайлбарлаж, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Шүүгдэгч Ж.Г, түүний эхнэр Б.Р нар нь бодит байдлаар өөрөөсөө нэг ч төгрөгийн зардал гаргалгүйгээр, ашиглах эрх нь дуусах нөхцөл бүрдсэн газрын эрхийг, цаашид эрх сунгагдахгүй, хүчингүй болох талаар өөрийн ажил үүрэг, мэргэжлийн чиг үүргийн хувьд мэдсээр байж “Ф” ХХК-д буюу тус компанийн хамаарал бүхий этгээд болох Х.Х-д шилжүүлэн өгч, бусад төлбөрийг зээлээр төлөх нэрийдлээр банкнаас зээл авч 182.500.000 төгрөгийг “Ф” ХХК-д шилжүүлсэн боловч 182.500.000 төгрөгийг шилжүүлсэн өдрөө буюу 2020.09.23-ны өдрөө буцаагаад 46.000.000 төгрөгийг зээл гэх нэрийдлээр хүүгүй, барьцаагүйгээр буцаан авсан, үүнээс 2 хоногийн дараа дахин 10.000.000 төгрөг, дахин 11 хоногийн дараа 10.000.000 төгрөгийг тус тус буцаан авсан үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдсон. Мөн шүүх хуралдааны шатанд гэрч Б.Р нь “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний эхнэр гэрч Х.Х нарыг урьд нь таньж мэддэггүй байсан, өөрийн нөхөр Ж.Г-оор дамжуулан танилцаж байсан, ... 3 удаа гэрээ байгуулж, 76 сая төгрөгийг хүлээн авсан, ... “Б трейд” ХХК-ийн хувьцааг өмнө нь эзэмшиж байсан О.Ө-д бодитоор эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хариу төлбөр болгон шилжүүлсэн, өгсөн зүйл байхгүй” гэх талаар мэдүүлсэн нь түүний нөхөр Ж.Гийн үйлдэл оролцоо, албан тушаалын байдал, албаны нөлөөгүйгээр зээлийн үйл ажиллагаа явуулдаггүй компаниас хүүгүй, барьцаагүй зээл авах, өөрт нь хамааралгүй гэх этгээдийн газар, компанийн эрхийг үнэ төлбөргүйгээр ашиглаж, өөр этгээдэд шилжүүлэн өгөх боломжгүй гэдэгт шүүх дүгнэлт хийхгүй орхисонд гомдолтой байна. Түүнчлэн өмнө дурдсан гэрч А.Т, Д.Б, Х.Х, С.Д нарын мэдүүлэг нь бүгд хөдлөшгүй эх сурвалжаар буюу дансны гүйлгээний баримтууд, талуудын аль аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхад шүүхээс эдгээр нотлох баримтуудыг ямар арга хэлбэрээр хэрэгт авагдсан гэж үзээд баримтаар үнэлэхгүй байгаад гайхаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Тус гэмт хэргийн хуульчлагдсан байдлыг авч үзвэл, субъект нь нийтийн албан тушаалтан байх, албан тушаалын байдалд хамаарч байх, албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ урвуулан ашигласан байх, бусдад давуу байдал бий болгосон байх зэрэг байна. Шүүгдэгч Ж.Г-ийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн даргаар ажиллаж байх цаг хугацаандаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалын байдал, албаны нөлөөг урвуулан ашиглаж, Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтын хэрэгжүүлэгч байгууллагад ажилладаг байдлаа ашиглан, “байгаль орчны болон газартай холбоотой асуудлаар хамтарч дэмжинэ гэж итгүүлэх, “би төрийн байгууллагад, мэргэжлийн хяналтад ажилладаг дарга хүн ш дээ” гэх байдлаар дарамтлах зэргээр хувийн буюу өөрийн эхнэрийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэх байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөлөөлж, өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бодитоор бий болгосон нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, улсын яллагчаас шүүгдэгч Ж.Г-т холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа газар ашиглах эрх нь хүчингүй болох нөхцөл бүрдсэн, зориулалтын дагуу 2 жил ашиглагдаагүй, газрын төлбөрөө огт төлөөгүй, анх газар олгохдоо хууль зөрчиж ойн бүсэд олгогдсон, ашиглагдах боломжгүй газрыг шилжүүлэн өгөх тохиролцоог хийсэн, мөн бусдаас үнэ төлбөргүйгээр өөр этгээдэд өөрийнхөө гэрээний үүрэгт тооцуулахаар шилжүүлэн өгч байгаа газрын эрх нь шүүгдэгч Ж.Г-ийг Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст ажиллаж байх цаг хугацаанд анхнаасаа хууль зөрчиж олгогдсон зэрэг нөхцөл байдлыг дурдаж, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд мөн адил тайлбарыг гаргасан байхад энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж, гэмт этгээдэд ял завших боломжийг олгож, миний үйлчлүүлэгч хохирогч “Ф” ХХК-д учирсан хохирлыг бодитоор нөхөн төлөгдөх боломжгүй болгож, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй, улам ихээр хохирох нөхцөл байдал үүсээд байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 лны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/215 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

Хохирогч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Г-той анх танилцахад мэргэжлийн хяналтын газрын дарга байсан. Газрыг 100,000,000 төгрөгөөр өгөхдөө над руу удаа дараа утасдаж “хурдан ир, одоо ирээд үз” гэж дарамталж байсан. Хэрэгт 66,000,000 төгрөг зээлж авсан тухай бүх баримт нотлогдсон. Тэр мөнгийг одоог хүртэл өгөөгүй. Анхан шатны шүүх энэ тухай огт дурдаагүй. Мөнгө өгөхгүй удахад нь “миний мөнгийг өгөөч ээ” гэхэд “битгий солиор, хуц, би бол мэргэжлийн хяналтын дарга шүү” гэж дарамталж байсан. Би цагдаад “энэ хүн миний мөнгийг өгөхгүй байна” гэж гомдол гаргаж, цагдаагийн газраас тус гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан. Анхан шатны шүүх Ж.Г-ийг цагаатгасанд маш их гомдолтой байгаа тул энэ хэргийг дахин хэлэлцэнэ үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Гийн өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Буянбадралаас хохирогч Ц.А-тай холбоотой үйл баримтыг үнэлсэнгүй, анхан шатны шүүх Ж.Г-ийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Ц.А-тай холбоотой үйл баримтын хувьд түүнийг хохирогчоор тогтоосон тухай дурдагддаг. Анхан шатны шүүх хохирогчийг Ц.А гэж тогтоосон. Энэ үйл байдлаас дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ф” ХХК-иас Ц.А итгэмжлэлээр оролцсон. “Ф” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, барилгын салбарт ямар нэг байдлаар холбоогүй, барилга ашиглалтад оруулж байгаагүй. Миний бие анхан шатны шүүх хуралдааны явцад Ц.А-с энэ талаар тодорхой асууж байсан. Ц.А нь маргаан бүхий “S T” гэх барилын захиалагчаар ажиллаж байсан. 2016 он буюу Ж.Г-ийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ажиллахаас өмнө энэ барилгыг Улсын комисст хүлээлгэж өгснөөс өөрөөр барилгын салбарт ажиллаж байгаагүй. Ж.Г-ийн хувьд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ажиллаж эхэлсэн. Энэ талаар хэргийн 12-оос 15 дугаар талуудад авагдсан Б.Р-ийн мэдүүлэг тодорхой тусгагдсан байдаг. Тус мэдүүлэг нь нотлох баримтуудтай нийцдэг. Тус мэдүүлэгт ““S T” гэдэг барилгыг авах боломж алга. Харин Хас банканд байгаа зээлийг хаачих юм бол би зээл судлуулъя” гэж мэдүүлсэн байдаг. Үүнтэй хамааралтай 46,000,000 төгрөгийг авч Хас банканд зээлээ төлсөн тухай нотлох баримтаар гаргаж өгсөн. Нөгөөтээгүүр, Ц.А нь Авлигатай тэмцэх газар гомдол гаргаж байсан. Гэтэл “Ф” ХХК 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А-ын Т гэдэг хүнд шилжсэн учир анхан шатны шүүх хуралдааны явцад А.Т гэдэг хүн хохирч байна уу гэдэг асуудал яригдсаны дагуу “Ф” ХХК-ийг хохирогчоор тогтоосон байдаг. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаан прокурорын яллах дүгнэлтэд Ц.А-ыг хохирогч гэж дурдагдсаны дагуу явагдсан. Мөн “В” ХХК-ийн газрыг хүчээр шахаж өгсөн, энэ газрын эрх цуцлагдсан байсан гэх баримт байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл хэргийн 79 дүгээр талд авагдсан эрх бүхий байгууллагын лавлагаагаар тухайн газар цуцлагдаагүй болох нь харагдаж байна. Тухайн газар нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгогдсон. Гэрээ байгуулсан хугацаа нь 2020 онд болсон. Анхан шатны шүүхээс Ц.А-тай хамааралтай дүгнэлтийг хууль ёсны дагуу хийсэн учир цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Г-ийн өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос 3 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Дүгнэлтүүд нь цагаатгах тогтоолын 53-аас 78 дугаар хуудаснуудад нэг бүрчлэн дүгнэгдсэн.

Прокуророос Г.Эрдэнэжаргал гэдэг хүний мэдүүлгийг техникийн шинжтэй алдаа байсан гэж тайлбарласан. Үүнд талууд маргахгүй байх гэж үзэж байна. Шүүхийн дүгнэлтийн тодорхойлох хэсэгт техникийн шижтэй алдаа гарсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн “В Э Б” гэдэг компанитай хамааралтай нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг Ж.Г болон Ж.Г нарт ямар ч байдлаар хүлээлгэж өгөөгүй. Хэрэгт “Ш” ХХК-ийн захирал Ж.Г-ийн нэр дээр шилжүүлсэн тухай үйл баримт авагдаагүй. Хэрэгт Д.Э энэ компанийн хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх эрх олгогдсон тухай баримт авагдаагүй. Иймээс прокурорын тайлбарлаж буй тодорхой хөрөнгүүдийг шилжүүлсэн, буцааж авсан гэх үйл баримт үгүйсгэгдэнэ гэж үзэж байна.

Мөн прокуророос талууд гэрээнээс татгалзсантай хамааралтайгаар өгсөн авснаа харилцан буцааж байна гэж тайлбарлаж байна. Хэрэв гэрээнээс татгалзах тухай ойлголт яригдаж байгаа бол энэ нь яагаад гэмт хэрэг байх юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Иргэний эрх зүйн харилцаанд талууд оролцож, талууд байгуулсан гэрээнээсээ татгалзаж байгаа бол энэ нөхцөл байдал гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохгүй. Д.Э-ын тухайд өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр үүсгэн байгуулагдсан “Ш” ХХК-ийн нэр дээр байсан тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах газрын газар ашиглах эрхийг дуусгавар болоогүй байхад эрх бүхий байгууллагад цуцлуулах хүсэлт өгч, өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр шилжүүлж авч байгаа үйл баримт яригдаж байна. Газар ашиглах эрхгүй хуулийн этгээдийг Ж.Г-т шилжүүлж өгсөн маргааны үйл баримтад шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж өгнө үү.

Мөн прокурорын эсэргүүцэлд процессын ноцтой зөрчил гаргасан талаар дурдагдсан байна. Нотлох баримтыг үнэлэх үедээ нотлох баримтыг үнэлсэнгүй гэж байна уу, эсхүл нотлох баримтыг өөр байдлаар үнэлсэн үү гэдэг асуудал нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, н.Г гэх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтэц хариуцсан хэлтсийн даргын асуудал мөн яригдсан. Энэ хэрэгт бас шалгагдсан. Д.Э өөрийн ээжийг төлөөлж эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан. Гомдол гаргах болсон шалтгаан нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн тавьсан акт, торгууль, шийтгэлтэй хамааралтайгаар энэ асуудал яригдаж байгаа болохоос биш энэ хэрэгт шалгагдаж байгаа Ж.Г-той хамааралтай, тэр дундаа гэмт хэргийн шинжтэй үйлдэлд огт хамааралгүй гэдгийг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд болон прокурорын эсэргүүцэлд дурдсан хэмжээнд тогтоох боломжгүй байна гэж үзэж байна.

Прокуророос хохирогчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдааны явцад мэтгэлцсэн гомдлын үндэслэлийг үндэслэл болгож эсэргүүцэл бичсэн байгаа учир шүүх бүрэлдэхүүн үүнд анхаарал хандуулах байх гэж хүсэж байна. Иймд прокурорын эсэргүүцэл бол хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

Цагаатгагдсан этгээд Ж.Гийн өмгөөлөгч Д.Очбадар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанаас оролцсон. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй шалтгаан нь шүүх хуралдаан давхацсан байсан. Прокурорын эсэргүүцэл болон хохирогч Ц.А-ын өмгөөлөгч Б.Буянбадралын гомдолтой танилцсан. Прокурорын эсэргүүцэлд “Ш” ХХК Ж.Г-ийн эзэмшилд байдаг боловч жинхэнэ эзэмшигч нь Ж.Г гэж дурдагдсан байна. Үүнийг гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж тайлбарлаж байна. Асуудлыг баримттайгаар ярих ёстой болохоос цаад эзэмшигч нь энэ гэж таамаглаж болохгүй. Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлээр хуулийн этгээдийн эзэмшигч, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь тодорхойлогддог. Прокурорын зүгээс Улсын бүртгэлийн байгууллага бүртгүүлсэн бүртгэл нь Ж.Г-ийн нэр дээр байгаа боловч цаад эзэн нь Ж.Г байж магадгүй юм гэж таамаглалд үндэслэж, эсэргүүцэлдээ дурдаж байгаа нь үндэслэлгүй байна.

Прокуророос нэг талын мэдүүлгийг баримталсан дүгнэлт гарж байна гэж үзэж байна. Мөн 1,600,000,000 төгрөгөөр 0,5 га газар худалдаж авах гэрээ байгуулж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд “Ш” ХХК гэх хуулийн этгээдийг нэр дээрээ шилжүүлж авч газрын эрхийг сунгах асуудал яригдсан. Өмгөөлөгч Н.Мандахын дурдсанчлан газрын эрх цуцлагдсан асуудал байхгүй, газрын ашиглах эрхийн хугацаа дууссан байсан, тодорхой татвар, төлбөрийг төлж сунгах боломжтой байсан. Энэ ч агуулгаар Д.Э Ж.Г нарын хооронд гэрээ хийгдсэн. Энэ гэрээ хийгдсэн асуудал нь Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээ хийгдсэн гэж дүгнэлт хийсэн гэж ойлгож байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэгт бүртгэлтийн ажиллагааг хааж шийдвэрлэсэн тухай ярьж байна. Миний бие энэ хэрэгт Ж.Г-ийн өмгөөлөгчөөр оролцож байсан. Энэ хэргийг улсын ерөнхий прокурор “энэ бол иргэний маргаан байна” гэж эцэслэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл, гэрээ хүчин Т гэж дүгнэлт хийсэн байхад яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс цагаатгах шийдвэр гаргахад түүнийг эсэргүүцэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Ц.А-ыг хохирогчоор тооцсон тухай асуудалд анхан шатны шүүхээс бодитой дүгнэлт хийсэн. “Ф” ХХК болон Б.Р нарын хооронд гэрээ хийгдсэн. Ц.А энэ компанийг төлөөлөх үү гэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “Ф” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ байхгүй байна гэдэг асуудлыг ярьсан. Гэрчилгээ байхгүйгээр итгэмжлэл авагдсан байна гэж байсан. Түүнээс биш итгэмжлэл байхгүй байна гэдэг зүйл яригдаагүй. Үүнийг зөвөөр ойлгож, эсэргүүцэл болон давж заалдах гомдлынхоо үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна.

Прокурор болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хууль ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байна. Миний бие мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатанд удаа дараа гомдол гаргаж байсан. Өмнө нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, давж заалдах шатны шүүхээс хэргийг буцааж шийдвэрлэхэд ч энэ асуудал яригдаж байсан. Ц.А хохирсон, иргэн Д.Э-д авлига, хахууль өгсөн, авсан асуудлууд тусдаа шалгагдах шаардлагатай байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг нэгтгэх тусгаарлах журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Үүнийгээ засаж залруулж байна гэж нэг өдөрт нь тусгаарлаж, яллагдагчаар татаж, маргааш нь нэгтгэх тогтоол хийж, үүнийгээ давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн магадлалын хангаж байна гэж дүр эсгэсэн ажиллагаа хийгдсэн. Миний бие энэ тухай гомдол гаргаж байсан. Ц.А-тай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг энэ хэрэгт хамааруулж шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн. Ийм алдаа гаргачхаад үүнийг илрүүлж, засаж залруулаагүй атлаа анхан шатны шүүхээс уг байдлыг зөвтгөж хохирогчоор тооцсон нь үндэслэлгүй байна гэсэн шүүхийн зөв дүгнэлтийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа нь илтэд хууль ёсны үндэслэлгүй дүгнэлт гарсан байна гэж үзэж байна. Энэ асуудалд давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийх байх.

Учир нь, Ц.А-ыг анхнаасаа уг хэрэгт хохирогчоор тооцож ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн. Дэлгүүрээс зээл авсан тухайд нийтийн албан тушаалтан иргэний хувиар зээл авч болохгүй гэж тайлбарлаж байна. Хүн ямар ч албан тушаал эрхэлж болно. Аль ч хуульд иргэний зүгээс дэлгүүр эсхүл хэн нэгнээс зээл авах хуульд заасан эрхийг хязгаарлаагүй. Шүүхээс түүний зээл авсан үйлдэл нь давуу байдал олж өөртөө зээл авч байна уу, эсхүл хахуулийн шинжтэй үйлдэл байна уу гэдэгт дүгнэлт өгч байгаа болохоос биш дэлгүүрээс хувцас зээлэх асуудлыг хуулиар хориглоогүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан нийтлэг, заяагдмал эрх гэж ойлгож байна. Г.Э-ын тухайд техникийн шинжтэй алдаа байсан гэж тайлбарлаж байна. Шүүхээс тус асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу залруулах бүрэн боломжтой. Тус алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц алдаа биш, нотлох баримтаар үнэлэхгүй гэдэг байдлаар бичигдсэн байсан. Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дүгнэлт гаргасан. 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн цагаатгах тогтоолын 75-аас 81 дүгээр талуудад прокурорын эсэргүүцэлд бичигдсэн зүйлсэд анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийсэн учир анхан шатны шүүх үндэслэлээ тайлбарлаагүй гэдэг санаа үгүйсгэгдэнэ гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу прокурорын эсэргүүцэл болон хохирогчоор тогтоосон иргэн Ц.А-ын өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Г-ийн өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэд хэдэн хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн байна. Үүндээ Ж.Г Д.Э нарын хооронд хийгдсэн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хэлцлүүдэд ноцтой нөлөөлж болох байдлыг шүүх анзаарч үзээгүй орхигдуулсан байна гэжээ. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзвэл Д.Э-ын мэдүүлгээр энэ хэлцлүүдийг хийхэд Ж.Г намайг дарамталсан гэдэг мэдүүлэг өгдөг. Өөр нотлох баримт байдаггүй. Гэтэл нэгдүгээр хавтаст хэргийн 30-аас 34, 17 хуудаст байгаа 2 хэлцлийг үзвэл бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйл нөлөөлөөгүй талаар дурдаж, гарын үсэг зуруулж, нотариат үйлдэл хийсэн байдаг. Д.Э-аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “та тухайн хэлцлийг хийхдээ нотариатын хийж өгсөн хэлцлийг уншиж үзсэн үү” гэж асуухад “уншиж үзсэн, тайлбарласан” гэж хариулдаг. Иймээс бусдын дарамт шахалт, нөлөөнд авталгүй тус хэлцлийг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хийснийхээ дараа Авлигатай тэмцэх газар “намайг дарамталсан” гэдэг гомдлыг гаргасан гэж үзэж байна.

Д.Э-ыг барилгын салбарт ажиллаж байгаагүй талаар эсэргүүцэл бичигдсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг нээгдэж Д.Э Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар очсон байдаг. Гэтэл газар шилжүүлэх тухай хэлцэл нь 2019 оны 9 дүгээр сарын 24 буюу тус үйл явдлаас 1 жилийн өмнө хийгдсэн байдаг. Дэлгүүрээс хувцас авсан үйл явдал нь 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр болсон байдаг. Газар шилжүүлэх, дэлгүүрээс хувцас авсны дараа Ш.С гэдэг хүний газартай холбоотой маргааныг Мэргэжлийн хяналтын газар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу нэг жилийн дараа хийж байна. Тухайн үед хэлцлүүдийг хийх, дэлгүүрээс хувцас авах үед ямар нэг байдлаар Д.Э барилгын бизнес эрхэлдэг талаар Ж.Г-т хэлж байсан нь тодорхойгүй. Хэрэгт нотлох баримт нь байхгүй байдаг. Прокуророос Ж.Г-ийн үйлдлийг өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор шунахайн сэдэлтээр шууд санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг гэж тодотгосон байна. Гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дэлгүүрээс 8 төрлийн хувцас хурааж авсан ба бидний үнэлгээгээр тус хувцаснуудыг 1,100,000 төгрөгийн үнэтэй гэж үзсэн. Ингэж үнэлэхдээ үнэлгээний компанийн хурааж авсан хувцаснууд дотроос түүж авсан. Тухайн дэлгүүр хэчнээн ширхэг, хэдэн төрлийн хувцсыг Ж.Г болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд хүлээлгэж өгсөн талаар баримт байдаггүй. Дэвтэрт хөтөлсөн тоо, баримт хэрэгт авагдсан байх боловч үнийн дүн, тоо ширхгийг танилцуулсан баримт болон гарын үсэг байдаггүй. Брэндийн хувцаснууд өндөр үнэтэй байдаг. Бид зах зээлийн нийгэмд шилжээд 30 гаруй жил өнгөрч байна. Өндөр үнэтэй брэндийн хувцас хэрхэн зарагддаг талаар хүн болгон мэднэ. Буух эзэн, буцах хаягтай, аль улсаас ямар хэмжээний брэндийн бүтээгдэхүүн орж ирж худалдагдаж байгаа тухай Гаалийн байгууллагад мэдүүлэг байдаг. Монгол Улсад бараа, үйлчилгээ оруулж ирж худалдан борлуулахдаа гаалийн татвар төлсөн байхыг шаарддаг. Тухайн дэлгүүр нь брэндийн хувцаснуудыг оруулж ирэхдээ хэчнээн төгрөгийн гаалийн татвар төлсөн тухай баримт авагдаагүй. Энэ баримтыг шаардаж байгаа учир нь Ж.Г-ийн эхнэрт өгсөн хувцасны үнийг гаргах гээд байгаа юм. Хэрэв брэндийн хувцас мөн бол брэндийн дэлгүүрээс авсан байх ёстой. Тухайн брэндийн дэлгүүр нь кассын баримт, эсхүл зарлагын падан бичиж, хэрэв доголдол илэрвэл буцааж авдаг.

Гэтэл тийм кассын болон зарлагын баримт байдаггүй. Эдгээр баримтууд байхгүй байхад тухайн эд хөрөнгийг 13,000,000 гэж үнэлсэн байдаг. Үнэлгээний компанийн зүгээс нэр бүхий 20 гаруй хувцсыг 3,830,768 төгрөг гэж үнэлсэн. Ж.Г хувцасны үнэ гэж 500,000 төгрөг өгсөн байдаг. Энэ 500,000 төгрөгийг хүлээж авсан талаар Д.Э хүлээн зөвшөөрдөг. Иймээс хувцасны үнэ бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Хувцасны дэлгүүр нь 70 хувийн хямдрал зарласан гэж итгүүлж Ж.Г-ийн эхнэр Б.Р-г дэлгүүртээ авчирч бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан байдаг. Хэрэгт тухайн дэлгүүрийн зар сурталчилгаа, рекламын хуудас авагдсан. Тэгвэл бидний зүгээс 1,100,000 төгрөгөөс 70 хувийн хямралыг бодож тооцох уу гэдэг асуудал яригдана. Гэвч аль үнээс 70 хувь хямдарсан талаар мэдүүлсэн мэдүүлэг байдаггүй. Ц.А-ыг хохирогчоор тогтоосон талаар дурдсан байна. Гэтэл шүүхийн шийдвэрт тухайн цаг үед гэсэн үг байдаг. Тухайн цаг үед гэдэг үгийг анзаарсангүй. Цагаатгах тогтоолын 79 дүгээр талд Ц.А-ыг хохирогчоор тогтоосон 3 дугаар хавтаст хэргийн 207 гээд энэ нь Ц.А-д А.Т-өөс итгэмжлэл олгохоос өмнөх процессын асуудлыг дүгнэсэн. Хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан асуудал яригдсан.

Хэрэгт 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэл байдаг. Үүнээс хойш итгэмжлэл олгосон зүйлгүй. Өнөөдрийн байдлаар Ц.А хохирогчоор мэдүүлэг өгч байгаа боловч түүнд олгогдсон итгэмжлэлийн хугацаа дууссан байгаа. Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан талаар дурдаж Д.Э-ын мэдүүлгүүд зөрүүтэй гэж дүгнэсэн гэсэн байна. Үнэхээр зөрүүтэй байсан. Д.Э-ын Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгт ашгийн тооцоо гаргаж газар худалдаж авсан тухай мэдүүлсэн байдаг. Харин Авлигатай тэмцэх газар гомдол гаргаж мэдүүлэг өгөхдөө намайг дарамталсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ 2 мэдүүлэг нь зөрсөн. Прокурор аль мэдүүлгийн эх сурвалж үнэн зөв, бодиттой тухай өөрийн гаргасан эсэргүүцэлдээ дурдаагүй байна. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Д.Э-ын өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг дурдсан байна. Гэхдээ энэ хүн гэрчийн мэдүүлэг өгч худал мэдүүлэхгүй гэж гарын үсэг зурж, мэдүүлэг өгсөн байдаг. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн мэдүүлгийн 2 хуудас нь Авлигатай тэмцэх газар хуулбарлаж ирсэн баримтад байдаггүй. Сүүлд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар тус 2 хуудсыг гаргаж өгч байж эдгээр мэдүүлгүүд зөрсөн байна гэдгийг тогтоосон. Хэрэв тэр мэдүүлгүүд санаатай болон санаандгүй байдлаар олдоогүй бол тус хэрэг буруу шийдэгдэхээр нөхцөл байдал бүрдсэн байсан. Үүний мөн анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд Д.Э Ц.А нарт хор уршиг учруулсан үйл баримт тогтоогдсон гэсэн байна. Д.Э-д ямар хор уршиг учирсан юм бэ. Д.Э анхан шатны шүүхэд “одоо надад нэхэмжлэх хохирол нэхэмжлэл байхгүй” гэж мэдүүлсэн байдаг. Дэлгүүрт Ж.Г-ийн эхнэрийн авсан хувцасны үнийг төлсөн гэх боловч тэр баримтыг Д.Э гаргаж өгөөгүй. Ж.Гийн өгсөн 500,000 төгрөгийг Ц.Ц-д өгсөн тухай үйл баримт байхгүй. Д.Э хохирогч биш учир нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг нь үнэн. Д.Э-ын 1,600,000,000 төгрөгт шилжүүлж авсан газрын оронд бодит байдлаар шилжүүлж өгсөн үл хөдлөх хөрөнгө буюу гэрээнд заасан объектууд байдаггүй. Тухайн хүмүүст амлалт өгч хэлцэл хийсэн байдаг. Ц.А-ын төлөөлж буй “Ф” ХХК-нд “В” ХХК-иас 100,000,000 төгрөгийн газар шилжүүлж өгсөн байдаг. Газрын ашиглах эрх цуцлагдах нөхцөл бүрдсэн газрыг шилжүүлж өгсөн гэж байна. Хэрэв ашиглах эрх цуцлагдах нөхцөл бүрдсэн газар байсан бол тэдгээрийн байгуулсан хэлцлийг нотариат гэрчлэхгүй, түүнийг бүртгэж авдаг Улсын бүртгэлийн газар бүтгэхгүй байсан. Газар эзэмших эрх нь 1 жилийн дараа цуцлагдсан байдаг. Газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулсан гэж үзэж байна. Прокуророос Ж.Г “дараа мөнгийг нь өгье” гээд мөнгийг өгөөгүй гэж хувцас авсан талаар тайлбарлаж байна. Хэрэгт тийм үг, өгүүлбэр байхгүй. Мөн Улсын яллагч цагаар хязгаарласан тухайд тайлбар хэлж байна. Анхан шатны шүүхээс 2 хоног үргэлжилсэн шүүх хуралдаан байсан учир шүүх хуралдаанд оролцогчдод тэдгээрийн тэгш эрхийн хүрээнд цагийн хязгаарлалт тогтоосон. Улсын яллагч энэ хэргийг гардаж яллах дүгнэлт үйлдсэн. 12 хуудас яллах дүгнэлтийг материалжуулсан тул өөрт нь давуу эрх байсан. Иймд цагаар хязгаарласан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэл, гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос,

Д.Э-ыг ... нийтийн албан тушаалтан Ж.Г-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 3,830,768 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хахуульд өгсөн,

Ж.Г-ийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү Ж.Г-ийн “Ш” ХХК-ийн нэр дээрх 2011/..... дугаар бүхий гэрчилгээтэй, хугацаа нь дуусгавар болсон газрыг иргэн Д.Э-д 1,600,000,000 төгрөгөөр үнэлж, шууд худалдан авахыг тулган шаардаж, улмаар Ж.Г, Д.Э нар нь тус газрыг 10/10 харьцаатай 1 давхар үл хөдлөх хөрөнгийн хамтаар Д.Эд 100 хувь шилжүүлэх, Д.Э-аас нийт 1,600,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгүүдийг Ж.Г-т шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл байгуулж өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд болох Ж.Г-т давуу байдал бий болгосон, улмаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.А-д их хэмжээний буюу 166,000,000 төгрөгийн хохирол учруулсан,  Д.Э-ын найз Ц.Ц-ын “В б” бэлэн хувцасны дэлгүүрээс 2020 оны 5 дугаар сарын 8-наас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрүүдэд нийт 3,830,768 төгрөгийн эд зүйлсийг хахуульд авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй байх ба гэм буруутай эсэхэд эргэлзээ бий болсон үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэлээ гэж дүгнэн шүүгдэгч Д.Э, Ж.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх Ж.Г-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлүүдийг нотолж буй нотлох баримтуудыг ямар нотлох баримтуудыг үндэслэн үгүйсгэж байгаа талаар шийдвэртээ дүгнээгүй, хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр Ж.Гийн өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд олж авсан зүйлсийг нотолж буй гэрээ, хэлцэл зэргийг хуулийн дагуу хийсэн гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл, шүүх Ж.Г-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон олж авсан үл хөдлөх хөрөнгүүдийн гэрээ, хэлцлийг хуулийн шаардлага хангаж хийгдсэн гэж үнэлж Д.Э-ын “...Ж.Г-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хийсэн...” үйлдлүүд, Ж.Г-ийн “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж...” буй үйлдлүүдийг нотолж буй нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр /няцааж, үгүйсгээгүй/ хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор буюу шүүгдэгч нарын гэм буруутай эсэх үйл явдалтай холбогдсон шууд ба шууд бус нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдал, бусад үйлдлүүдтэй нь харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр дан ганц гэм буруугүйд тооцох зарчимд тулгуурлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийг бодит байдал, үйл баримтад нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцэл, хохирогч Ц.А-ын өмгөөлөгч Г.Буянбадралын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/215 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Ж.Г-т урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

          ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ