Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0878

 

 

 

 

 

    2025         11          28                                     128/ШШ2025/0878    

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цэрэндэжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Нэхэмжлэгч: Б.У******* /РД:У/

Хариуцагч: Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

      Налайх дүүргийн Засаг дарга,

                   Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Г.С нарын хооронд үүссэн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Налайх дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Налайх дүүргийн 2 дугаар хороо 33 дугаар байр орчмын орчны тохижилтыг сайжруулах, газрыг мэдээллийн санд бүртгэхийг Налайх дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд даалгахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У******* (цахим), хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Тус шүүхэд иргэн Б.У******* Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилсөн байна.

1.2. Тухайлбал, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан  (тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0807 дугаар захирамжаар татгалзлыг баталсан), улмаар үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр өөрчилсөн, мөн 2023 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр (уг шаардлагыг тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2024/5052 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан), 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр (уг шаардлагыг тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШЗ2024/7658 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан) өөрчилж тодруулсан шаардлага гаргасан, мөн 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан болно. (2 дугаар хавтаст хэргийн 75, 76-81, 138-143, 3 дугаар хавтаст хэргийн 79, 113-115, 169-172, 202, 210-216, 4 дүгээр хавтаст хэргийн 22-23, 126, 5 дугаар хавтаст хэргийн 193, 208-215, 230-235 дахь тал)

1.3. Улмаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсны эцэст, нэхэмжлэгч нь иргэн Б.У*******ын хувьд /бусад иргэдийг төлөөлөхгүй/ нэхэмжлэл гаргаж байгаа талаар тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар /2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр/ Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “1. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12/02 дугаар болон 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28/31 дүгээр тогтоолын “Б******* Б*******т” ХХК-ийн болоод захирал гэх иргэн захирал Г.С******* холбогдох газар эзэмшүүлэх тухай тогтоолууд нь илт хууль бус болохыг тогтоох, 2. Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/531 дугаар захирамжийн Г.С******* холбогдох хэсэгт заасан 225 м.кв талбайн хэмжээнээс илүү хашаалсан газар чөлөөлж, 33 дугаар байр орчмын зөрчлийн улмаас чөлөөлөгдөн нийтийн эдэлбэрт шилжээд буй бусад газруудтай нэгтгэн байр орчны гадна тохижилт сайруулахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах, Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны А/155 дугаар захирамжийн Хийморь төвийн хамаарал бүхий этгээд Г.Г холбогдох хэсэгт илт хууль бус болохыг тогтоолгох, 3. Хийморь төвийн хамаарал бүхий этгээд болох Г.Г орц гарц чөлөөлсөн хэсгийн газрын кадастрын мэдээллийн санд оруулахгүй байгаа дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тухайн орчмын кадастрын зургийг мэдээллийн нэгдсэн санд оруулахыг тус албанд даалгах” гэж тодорхойлсон бөгөөд уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар тайлбар гаргасан. (5 дугаар хавтаст хэргийн 230-235 дахь тал)

1.4. Иймд шүүх дээрх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүх

2.1. Иргэн Б.У******* нь Налайх дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны 16 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд тус хаягт оршин суух бүртгэлтэй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 7-10, 5 дугаар хавтаст хэргийн 34-36 дахь тал)

2.2. Нэхэмжлэгч Б.У******* нь шүүх хуралдаанд “ ... 2025 оны 1 дүгээр сараас гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд амьдарч байгаа бөгөөд хаягийн бүртгэл хийлгээгүй байгаа, харин Налайх дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны 16 тоотод манай аав байдаг, хүүхэд заримдаа очдог юм ...” гэх тайлбар гаргасан болно.

2.3. Нэхэмжлэгч Б.У******* нь 2021 оноос хойш өөрийн амьдран суугаа дээрх байр орчмын хууль бусаар олгогдсон гэх газрын зөрчлийг арилгуулах, байр орчмын тохижилтын сайжруулах асуудлаар төрийн захиргааны байгууллага /Нийслэл, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон бусад/-д хандсан, улмаар тус иргэний өргөдөл, гомдлын дагуу холбогдох арга хэмжээ авах, зөрчлийг арилгуулах зэрэг ажиллагаа явагдсан боловч нэхэмжлэгчийн хүссэн үр дүнд хүрээгүй байна.

2.4. Улмаар иргэн Б.У******* сүүлийн жилүүдэд дүүргийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас болж манай байрны эргэн тойронд зөвшөөрөлгүй орц гарц хаан хашаалж, гарааш контейнер тавигдаж, манай гэр бүлийн болон байрны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, бусад иргэд, хүүхдүүдийн зорчих, тоглох эрх хязгаарлагдаж байна гэх үндэслэлээр байр орчмын хууль бусаар олгогдсон гэх газрын зөрчлийг арилгуулах, байр орчмын тохижилтын сайжруулах агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Нэхэмжлэгч Б.У******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 33 дугаар байр орчмыг тойрч газар ашиглаж байгаа этгээдүүд холбогдох хууль дүрэм зөрчин бидний зорчих, хүүхдийн тогтох, эрүүл аюугүй орчинд амьдрах эрхэнд шууд болон шууд бусаар халдсан тул  газрын зөрчил арилгуулан өөрсдийн эрхээ сэргээлгэж орчны тохижилт хийлгэх талаар мэдэгдэхэд эрх бүхий төрийн албаны этгээдүүд газрын болон хүүхдийн эрхийн тухай хуулиа мөрдөхгүй газрын зөрчил бүхий иргэдийг өмгөөлөн хууль ёсоор газар эзэмших эрхтэй газрын зөрчилгүй мэтээр албан хариу өгч байсан нь хэргийн хавтаст хэрэгт хавсаргасан ба эрх бүхий байгууллагаас холбогдох асуудлыг шийдэхээр ажиллаж эхэлсэн хариуг ирүүлсэн байдаг. Мөн байр орчны газрын зөрчил, гадна орчны тохижилт бүрэн шийдүүлэх талаар Налайх дүүргийн болон Нийслэлийн Засаг дарга нарт удаа дараа хандаж байсан боловч өнөөдрийг хүртэл асуудал бүрэн шийдэгдэлгүй хүлээгдэж байна. Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн холбогдох этгээдүүд газрын талаар төрөөс баримтлах зарчмыг мөрдөлгүй 1990 онд баригдсан нийтийн орон сууцны орчны газрын зүүн талд (1990-2008) оны хооронд хүүхдийн тоглоомын талбай байсан газрыг Хүүхдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангана гэж заасныг зөрчин бусдад хууль бусаар газар эзэмшүүлж өнөөдрийг хүртэл тухайн орон сууц орчмын хүүхдийн эрхийг зөрчсөөр ирсэн.

Эхний нэхэмжлэлийн шаардлагад тусгасан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2008 оны 12/02 дугаар холбогдох этгээдэд хамаарах тогтоол нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндсэн хариуцагчаар Налайх дүүргийн Засаг дарга хамтран хариуцагчаар дүүргийн Газар зохион байгуулалтын албыг тодорхойлж байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан тухайн шатын Засаг дарга Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлж боловсруулж, дүүргийн тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай заалтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасан холбогдох асуудлаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төсөл боловсруулахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь заалтуудад тусгагдсан. Бусдад эзэмшүүлж болохооргүй нийтийн эдэлбэр газар байх атал 33 дугаар байрны оршин суугчдын газар ашиглах эрхийг ноцтой зөрчин шийдвэрийн төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хууль бус буюу тооцоо, үндэслэлгүй саналаа оруулж хэлэлцүүлэн 400мкв газар эзэмшүүлэх нэмэлт тогтоол батлуулсан байдаг. Гэхдээ дүүргийн Засаг дарга уг тогтоолыг баталгаажуулахдаа 2008 оны 395 дугаар захирамжаар талбай хэмжээг нь хуульд нийцүүлэн 255мкв болгон буурсны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус компанитай газар эзэмшүүлэх гэрээ хийсэн боловч газар эзэмшүүлэгч болон эзэмшигч нарын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг цаг тухай бүрд нь шударгаар хийж, арга хэмжээ аваагүйгээс өнөөдрийн маргаан үүсэх нөхцөл бүрдсэн ба дүүргийн Засаг дарга үүнд эрх, үүргийн дагуу хяналт тавиагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсвэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, хүүхдийн тоглоомын талбай байсан газрыг хувьдаа эзэмшихээр хашаалсан иргэдийн орц, гарцыг хааж хашаалсан, 48.2.3 захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй ба “Б******* Б*******” ХХК 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дүүргийн Засаг даргын 395 тоот захирамжаар олгосон 225мкв талбай эзэмших эрхийг хэтрүүлсэн, 48.2.4. Захиргааны акт гаргуулахдаа хууран мэхлэх, авлига өгөх буюу бусад хууль бус арга хэрэглэсэн, газар эзэмших эрх хүсэж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулахдаа хуурах, авлига өгөх гэх мэт хууль бус арга хэрэглэсэн. Тухайн байршилд хэрэглээний ус, дулааны шугам байгаа атал тухайн байршилд газар доорх шугам сүлжээ байхгүй тул газар эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэх агуулга бүхий гарын үсгүүд эрх бүхий этгээдүүдэд этгээдүүдээр хууль зөрчин зуруулсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5. хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан болон 47.1.6 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн байршилд оршин суугч иргэн бидний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх болоод Газрын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулиудын зөрчин тус тогтоолыг гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23/31 дүгээр тогтоолоор тус этгээдэд нэмж газар эзэмшүүлэхээр баталсан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 газар төрийн хяналт хамгаалалтад байх 4.1.3 газар өд өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэх мэт болон бусад хуулиуд иргэдэд тэгш мөрдөхгүй, мөрдөгдөхгүй байгааг харуулж байна. Газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь заалт зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалт, Барилгын тухай хуулийн 7, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дугаар зүйл болон Хот суурин, ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.7, 17.14 дэх заалтууд мөн Хот суурин төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм 14 дүгээр хүснэгтэд заасан инженерийн шугам сүлжээнээс барилга байгууламжийн суурь хүртэлх аюулгүй зайд нэвтрэн шугам сүлжээний хамгаалалтын зурвас дотор зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж хашаагаа тэлсэн нь илт хууль бус үйлдлээс гадна бидний хүүхдийн тоглох эрх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд шууд болон шууд бусаар халдсаар байгааг “Б******* Б*******т” ХХК болоод захирал нь гэх иргэн Г.С******* холбогдох дээрх захиргааны актууд илт хууль бус болохыг тогтоон Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 531 дүгээр захирамжийн иргэн Г.С******* холбогдох хэсэгт заасан 225 мкв талбайн хэмжээнээс илүү хашаалсан газрыг чөлөөлж 33 дугаар байрны зөрчлийн улмаас чөлөөлөгдсөн, нийтийн эдэлбэрт шилжээд буй бусад газруудтай нэгтгэн орчны тохижилт сайжруулахыг хариуцсан албаар гүйцэтгүүлэн биелэлт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү.

Сүүлийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, миний нэхэмжлэлийн шаардлага шүүхээр хянагдах явцад хариуцагч 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 217 дугаар болон 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 193 дугаар захирамжуудаар дээрх болоод зарим нэг зөрчлийг таслан зогсоох газар чөлөөлсөн. Гэвч хийморь төвийн дэргэдүүр сургууль хооронд зорчих орц, гарц чөлөөлсөн хэсгийн талбайн хэмжээ тодорхойгүй, газрын мэдээллийн санд кадастрын зургийн өөрчлөлт хийж оруулахгүй байгааг засаж оруулах талаар хариуцагч нарт би удаа дараа шүүх хурал болон газрын үзлэгээр мэдэгдэж байсан боловч үүнийг шийдвэрлэхгүй, эс үйлдэхүй үзүүлсээр ирсэн. Энэ мэт зорчих зам талбайг тодорхойгүй байдлаас үүдэлтэйгээр бидний зорчих хэсэг болоод тухайн орчны тохижилтыг хаагуур хэрхэн хийх асуудал шийдэгдэхгүй харанхуй, тэгш бус гадаргуутай, халтиргаа бүхий аюултай замаар зорчиж, иргэд, хүүхдүүд заримдаа унаж бэртдэг тул яаралтай тухайн орчны зам талбайг сайжруулах шаардлагатай байна. Энэ талаар гаргасан гомдолд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 5  дугаар сарын 15-ны өдрийн 02/3118 болон 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3/3200 тоот гэх мэт хариу ирүүлсэнтэй танилцахад байрны гадна иж бүрэн тохижилт хийх тендерийн сонгон шалгаруулалт хийгдэж буй талаар дурдаад Хийморь төв болоод түүний хамаарал бүхий иргэн Г.Г чөлөөлсөн газрын орц, гарцыг зааг тодорхойлж, газрын мэдээллийн санд оруулах болон орчны тохижилт шийдвэрлэх асуудалд хариу өгөөгүй билээ. Сүүлийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан холбогдох иргэнд хамаарах 2019 оны 155 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хариуцагчаар Налайх дүүргийн Засаг даргыг тодорхойлж байна. Харин чөлөөлөлт хийгдсэн орц, гарцыг зааг хязгаарыг тодорхойлж, газрын мэдээллийн санд тусгахгүй байгаа эс үйлдэхүйд хариуцагчаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албыг тодорхойлов. Тус захиргааны акт нь дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 заалтууд дахь утга агуулгын илэрхий алдаатай буюу хаяг, байршил, хэмжээ өөр байхаас гадна нийтийн эдэлбэрийн газрыг тэр дундаа элдэв аргаар иргэд, хүүхэд, хүүхдийн сургууль хооронд зорчих орц, гарц хааж газар эзэмшүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй атал Налайх дүүргийн Засаг дарга тухайн этгээдэд тус байршилд 500мкв газар эзэмшүүлэх эрх олгосон илт хууль бус гэж үзэж байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаар тодорхойлогдож байгаа захиргааны актууд, эс үйлдэхүй нь нэхэмжлэгч надад хаяглагдаагүй боловч үр дагавар нь сөрөг үйлчлэлтэй байсан нь оршин суугчид бидний субьектив эрхийг зөрчиж байгааг онцлон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах шийдвэр гаргуулах хүсэлтэй гэв.

3.2. Хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 12/02 болон  2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28/31 дүгээр тогтоолуудын “Тогтоох” болон “Хавсралт” хэсэгт нь иргэн, хуулийн этгээдэд хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, үүрэг болгосон, даалгасан, иргэн хуулийн этгээдийн эзэмшил газартай давхардуулан газар олгохоор төлөвлөгөөнд тусгасан зэрэг хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан зүйл заалт огт тусгагдаагүй болно. Тус тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 дахь заалтад тусгасан үндэслэлүүдэд хамааралгүй байх тул илт хууль бус захиргааны акт биш гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллага нь “шийдвэрийн төслийг боловсруулахдаа холбогдох тооцоо судалгаа бүхий санал оруулж хэлэлцээгүй” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь холбогдох тооцоо, судалгаа мэдээлэлд үндэслэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах чиг үүрэгтэй. Дүүргийн Засаг дарга нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь зааснаар, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулан дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх ёстой. Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гаргасан шийдвэрийн улмаас иргэн, аж ахуйн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн бол Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийлгэхээр хэлэлцэх асуудлыг буцаах бүрэн эрхтэй. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас өгсөн мэдээллээр иргэн Г.С******* эзэмшлийн 225м2 газар, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28/31 дугаар тогтоолын хавсралтын 28 дугаарт дурдсан дүүргийн 2 дугаар хорооны 33 дугаар байрны зүүн талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаагаар иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр дурдсан 0.026 га газар нь тус 33 дугаар байрны оршин суугчдын эзэмшил болон нийтийн эдэлбэр газарт хамааралгүй байх тул Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын худалдаанд оролцсон төлөөлөгчдийн хамтын шийдвэрээр баталсан 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 12/02 болон 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 28/31 дүгээр тогтоолууд нь холбогдох, тооцоо судалгаатайгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан шийдвэр гэж үзэж байна. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт  гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг ойлгодог. Захиргааны актын улмаас чиглэж буй этгээдийн эрх зүйн байдал дордож буй тохиолдолд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үздэг. Хууль бус захиргааны акт гэж бүхий л түвшний эрх зүйн хэм хэмжээний актыг, өөрөөр хэлбэл Үндсэн хууль, УИХ-аас баталсан бусад хууль, захиргааны хэм хэмжээний актад харшилсан захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг ойлгодог. Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 12/02 болон 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28/31 дүгээр тогтоолууд нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Нэхэмжлэгчийн шаардлагын тодруулга хэсэгт дурдсан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт нь дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлан гаргах процессын ажиллагаа, гарах шийдвэртэй огт хамааралгүй заалт буюу дүүргийн Засаг дарга болон газар зохион байгуулалтын албанаас иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших шийдвэр гаргах, газрын гэрчилгээ олгохтой холбоотой харилцааг зохицуулдаг үндсэн заалтууд юм. Мөн иргэн Г.С нь дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах болон баталж гаргах эрх бүхий төрийн албан хаагч, албан тушаалтнуудыг хууран мэхэлж, хээл хахууль өгсөн гэх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамаарах юм. Иргэн Г.С*******эрүүгийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй бөгөөд энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.  Иймд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 12/02 болон 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28/31 дүгээр тогтоолууд бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг агуулаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 12/02 болон 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28/31 дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү гэв.

3.3. Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.С /Бадал б*******т/ ХХК-ийн эзэмшил газрын талаар, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 12/02 дугаар тогтоолоор тухайн оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар байрны зүүн урд талд эмнэлгийн зориулалтаар 400м2 газрын олгохоор нэмэлт заалт орсон байна. Дээрх төлөвлөгөөнд тусгасны дагуу дүүргийн Засаг даргын 2008 оны 395 дугаар захирамжаар Б******* б*******т ХХК-д 225м2 газрыг эмнэлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олгож эзэмшүүлсэн. Дүүргийн Засаг даргын 2010 оны 531 дүгээр захирамжаар иргэн Г.С******* газар эзэмших эрхийг шилжүүлж эзэмшүүлсэн. Иргэн Г.С эзэмшил газраа дур мэдэн нэмж, зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн талбайд хашаа хайс татан, гарааш барьж ашиглаж байсан тул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 23/250 дугаар албан бичиг, газрыг чөлөөлүүлэх мэдээллийг хүргүүлсэн боловч газрын чөлөөлөөгүй бөгөөд улмаар шүүхэд хандсан болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0012 дугаар шүүхийн шийдвэрээр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 12/02 дугаар тогтоолд заасан 400м2 хэмжээгээр захирамж гаргахыг даалгах агуулгаар нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг шүүхээс баталж шийдвэрлэсэн. Тухай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг Багахангай, Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс явуулсан.

Налайх дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байр газрын тохижилтын талаар, дүүргийн Засаг даргаас газрын зөрчил арилгах, газар албадан чөлөөлөх хууль журмын хүрээнд явуулж, 33 дугаар байрны чөлөөлсөн талбайг 2023 оны газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөнд /33 дугаар байрны  баруун талд 0,082м2 газар/ нийтийн эдэлбэр газарт авахаар тусган дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан. Тус байршилд тохижилтын ажил хийлгэхээр дүүргийн 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн 12,400,000 төгрөгийн төсөвт өртгөөр “Оргил цамхаг констаркшн” ХХК-тай 33 дугаар байрны урд тоглоомын талбай зураг төсөв” боловсруулах ажлын гэрээг 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр байгуулан гүйцэтгэсэн бөгөөд иргэн Б.У******* тухайн зураг төсөлд оршин суугчдын саналыг ирүүлж тусгуулж байсан. Батлагдсан зураг төслийн дагуу 2024 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 3*3 сагсан бөмбөгийн талбайг тус байрны урд талбайд байгуулсан ба 2025 онд Нийслэлийн Засаг даргын А/337 дугаар захирамжаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Налайх дүүрэгт хэрэгжүүлэх “33 дугаар байрны урд тоглоомын талбай байгуулах” 207,600.000 төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж, тус төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр “Тэнгэрийн модон багана” ХХК шалгаран 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан тендерийн ажлыг бүрэн хийгдэж дууссан. Ажлын гүйцэтгэлийн хүлээн авахаар комиссын хуваарьт оруулан ажиллаж байна.

Газрын зөрчил арилгуулж, чөлөөлсөн ажлын талаар, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд жил бүр Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа зөрчлийг арилгуулахаар газар албадан чөлөөлөх ажлын төлөвлөгөөний дагуу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тухайн ажлын хүрээнд дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны орчимд холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа болон эрхийн гэрчилгээгүй газар эзэмшсэн, газрын хэмжээг дур мэдэн нэмж татсан, орц гарц хаасан зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг зохион байгуулсан. 33 дугаар байрны орчны тохижилт хийх болон гарц, орц гаргахаар Хийморь төвийн зэрэгцээ байрлах дүүргийн Засаг даргын 2019 оны А/155 дугаар захирамжаар иргэн Г.Г олгосон газрыг Засаг даргын 2023 оны А/217 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг чөлөөлүүлсэн. Хийморь төвийн газар гэх иргэн Б.Батхишигийн эзэмшлийн худалдаа үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай, нэгж талбарын 1260301415 дугаартай, 1362м2 газрын мэдээлэл нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын https://egazar.gov.mn/ цахим хуудасны газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байна. Иргэн Б.У******* нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга, захиргааны байгууллагад хандан 2022 онд 15, 2023 онд 17, 2024 онд 20, 2025 онд 1 өргөдөл гомдлыг гаргаж байсан бөгөөд өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг нь цаг тухай бүрд өгч, гомдол маргаантай холбоотой тодорхой ажиллагаануудыг явуулж байсан ба захиргааны байгууллагаас хууль бус татгалзал, эс үйлдэхүй гаргаж байсан гэх үндэслэл байхгүй, энэ талаар эрх бүхий дээд шатны байгууллагуудаас хянаж, иргэн Б.У******* хариуг өгч байсан болно. Иймд дүүргийн Засаг даргатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3.4. Хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Газар зохион байгуулалт алба, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Г.С******* эзэмшлийн 1260301451 дугаар бүхий газар орчмын мэдээллээр цахим системд дулааны шугамын хамгаалалтын зурвас бүртгэгдээгүй байна. Мөн дүүргийн Засаг даргын 2023 оны А/217 дугаар захирамжаар иргэн Г.Г 2 дугаар хороонд байрлах газрыг хүчингүй болгож, газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүйд тооцсон тул уг газар газрын мэдээллийн сангаас хасагдсан. Тухайн газар нь нийтийн эдэлбэрийн зориулалттай тул Газрын мэдээллийн санд бүртгэгдэх боломжгүй. Нийтийн эдэлбэрийн газрыг бүртгэхийн тулд заавал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталгаажсан байх шаардлагатай. Иймээс уг талбай нь орц, гарц чөлөөтэй, иргэдийн зорчих боломжтой нийтийн эзэмшлийн хэлбэрээр ашиглагдаж байна гэв.

3.5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С нь тухайн газрыг Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 531 дүгээр захирамжаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, Барилгачдын 33-р байрны урд тал байршуулан 225 мкв газар эзэмшиж байна. Г.С нь 2024 оны Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “Төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 12/02 тоот тогтоолд заасан хэмжээгээр газар эзэмших эрх олгох гараагүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшил газрын хэмжээг 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд баталсан хэмжээгээр буюу 400 мкв газар эзэмших эрх олгох тухай захирамж гаргахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэл гаргаж талууд эвлэрлийн байгуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0012 дугаар захирамж гарсан боловч Налайх дүүргийн Засаг дарга одоогоор шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа болно. Энэ захирамжийг хүчингүй болгох тухай шийдвэр шүүхээс гараагүй, захирамж хүчин төгөлдөр байна. Г.С******* газар эзэмшиж байгаа газар эзэмших эрхийн 33 дугаар байрны оршин суугчдын болоод нэхэмжлэгч Б.У*******ын эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол огт зөрчөөгүй. Түүнчлэн нэхэмжлэгч Б.У******* нь 33 дугаар байрны оршин суугчдыг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэг үндэслэл нь газрын доогуур цэвэр ус болон дулааны шугам явдаг гэх тайлбар байсан. Гэвч эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор тухайн талбайн доогуур ямар нэгэн инженерийн шугам сүлжээ байхгүй нь хэрэгт хавсаргагдаж баталгаажсан. Мөн нэхэмжлэгч “хүүхдийн тоглоомын талбай байсан газрыг олгосон” гэж мэдүүлдэг. Гэвч хүүхдийн тоглоомын талбайг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчилж, газар эзэмшүүлэх боломжгүй бөгөөд ийм шийдвэр огт гараагүй. Г.С******* тайлбарласнаар уг газар нь анх “Б******* б*******т” ХХК-д эзэмших хүсэлтийн дагуу олгогдож, улмаар Г.С******* шилжсэн. Тухайн газар нь 2008 оны үед хог шороо ихтэй, тохижилтгүй жалга байсан тул дүүргийн Газрын албаны зөвшөөрөл, тохиролцооны дагуу цэвэрлэж, улмаар эзэмших хүсэлтээ гаргаж газар авчээ. Одоогийн байдлаар тухайн газарт ахмадын эмнэлэг, асаргаа болон сувиллын үйлчилгээ үзүүлдэг барилга ажиллаж, дүүргийн ахмадуудад улирлын болон өдөр тутмын үйлчилгээг үзүүлж байна. Нэхэмжлэгч тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй атлаа 10 гаруй жил өнгөрсний дараа маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Хэргийн үйл баримт

2.1. Иргэн Б.У******* нь Налайх дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны 16 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд тус хаягт оршин суух бүртгэлтэй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 7-10, 5 дугаар хавтаст хэргийн 34-36 дахь тал)

2.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “ ... 2025 оны 1 дүгээр сараас гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд амьдарч байгаа бөгөөд хаягийн бүртгэл хийлгээгүй байгаа, харин Налайх дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны 16 тоотод манай аав байдаг, хүүхэд заримдаа очдог юм ...” гэх тайлбар гаргасан.

2.3. Нэхэмжлэгч Б.У******* нь 2021 оноос хойш хойш өөрийн амьдран суугаа байр орчимд хууль бусаар олгогдсон гэх газрын зөрчлийг арилгуулах, байр орчмын тохижилтын сайжруулах асуудлаар төрийн захиргааны байгууллага /Нийслэл, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон бусад/-д хандсан, улмаар тус иргэний өргөдөл, гомдлын дагуу холбогдох арга хэмжээ авах, зөрчлийг арилгуулах зэрэг ажиллагаа явагдсан боловч нэхэмжлэгчийн хүссэн үр дүнд хүрээгүй байна.

2.4. Улмаар иргэн Б.У******* сүүлийн жилүүдэд дүүргийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас болж манай байрны эргэн тойронд зөвшөөрөлгүй орц гарц хаан хашаалж, гарааш контейнер тавигдаж, манай гэр бүлийн болон байрны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, бусад иргэд, хүүхдүүдийн зорчих, тоглох эрх хязгаарлагдаж байна гэх үндэслэлээр байр орчмын хууль бусаар олгогдсон гэх газрын зөрчлийг арилгуулах, байр орчмын тохижилтын сайжруулах агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

Тодруулбал, нэхэмжлэгчээс Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2008 оны 08-ны өдрийн 12/02 дугаар болон 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28/31 дүгээр тогтоолын “Б******* Б*******т” ХХК болоод захирал гэх иргэн Г.С******* холбогдох газар эзэмшүүлэх тухай тогтоолууд нь илт хууль бус болохыг тогтоохыг

Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/531 дугаар захирамжийн Г.С******* холбогдох хэсэгт заасан 225м.кв талбайн хэмжээнээс илүү хашаалсан газар чөлөөлж, 33 дугаар байр орчмын зөрчлийн улмаас чөлөөлөгдөн нийтийн эдэлбэрт шилжээд буй бусад газруудтай нэгтгэн байр орчны гадна тохижилт сайруулахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах, Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны А/155 дугаар захирамжийн Хийморь төвийн хамаарал бүхий этгээд Г.Г холбогдох хэсэгт илт хууль бус болохыг тогтоолгох,

Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Хийморь төвийн хамаарал бүхий этгээд болох Г.Г орц гарц чөлөөлсөн хэсгийн газрын кадастрын мэдээллийн санд оруулахгүй байгаа дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тухайн орчмын кадастрын зургийг мэдээллийн нэгдсэн санд оруулахыг тус албанд даалгах”-ыг хүссэн болно. 

Хоёр. Хууль зүйн үндэслэл

1. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 12/02 дугаар болон 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28/31 дүгээр тогтоолын “Б******* Б*******т” ХХК болоод захирал нь гэх иргэн Г.С******* холбогдох газар эзэмшүүлэх тухай тогтоолууд нь илт хууль бус болохыг тогтоох шаардлагын тухайд:

            1.1. Нэхэмжлэгчээс дээрх шаардлагын үндэслэлээ “ ... дээрх маргаан бүхий Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын “Б******* б*******т” ХХК буюу түүний захирал Г.С******* хамаарах газрын хэсгүүд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д зааснаар илт хууль бус ... тухайн байршилд 33 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайг анх төлөвлөн байгуулж, хүүхдүүд тоглодог байсан ба “Б******* б*******т” ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан 2ш гарааш нь газар доорх шугам сүлжээний хамгаалалтын зурваст нэвтэрсэн байдаг ... Газрын тухай хуулийн 4.1.2, 4.1.3, ...57.3, Газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13, Барилгын тухай хуулийн 7, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.7, 17.14, Хот, суурины төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-н 14-т заасныг зөрчсөн ....” гэж тайлбарлаж байна.   

1.2. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 12/02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн “3”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн дүүргийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлтийг хавсралтаар баталжээ. Уг тогтоолын хавсралтаар 33 дугаар байрны зүүн урд талд хувийн эмнэлгийн зориулалтаар 400м2 газар олгохоор тусгажээ. (5 дугаар хавтаст хэргийн 10-14 дэх тал)

1.3. Мөн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28/31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг үндэслэн дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны 28 дугаарт 33 дугаар байрны зүүн талд худалдаа үйлчилгээний цогцолборын зориулалтаар 0.026 га газар олгохоор тусгасан байна. (4 дүгээр хавтаст хэргийн 223-224, 6 дугаар хавтаст хэргийн 18-62 дахь тал)

1.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэг Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.1.Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар: з/ нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1. дэх хэсэг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.8.-д “нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого, жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах”, 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.2.-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасан.

1.5. Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн үндэслэлийн хувьд, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэг Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.5.-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6.-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” 47.2. дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж зохицуулсан бөгөөд маргаан бүхий дээрх тогтоолын холбогдох хэсгүүдийг хуулийн дээрх үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

1.6. Тодруулбал, дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан буюу захиргааны актыг эл үндэслэлээр илт хууль бус гэж тогтоох үндэслэл нь тухайн захиргааны акт хаяглагдсан этгээд нь захиргааны актыг биелүүлснээр хууль зүйн хариуцлага хүлээхүйц, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг эсхүл захиргааны зөрчилд тооцогдож болохоор үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг тухайн актыг биелүүлэх субъектээс шаардсан байх тохиолдлыг ойлгоно. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгодог.

1.7. Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолын /”Б******* б*******т” ХХК, захирал иргэн Г.С/ холбогдох хэсгүүд нь хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх олгосон хуулийн зохицуулалтын хүрээнд гарсан, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч иргэний субьектив эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд дээрх тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй байх тул илт хууль гэж үзэх үндэслэлгүй.

1.8. Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий тогтоолын холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3.-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 6 дугаар зүйлийн 6.2. дахь хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: 6.2.2.-т “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар”, 6.2.3.-т “зам, шугам сүлжээний газар”, 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.3. дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”, 27.4. дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 31 дүгээр зүйлийн 31.2. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, Кадастрын зураглал ба  газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13. дахь хэсэгт “Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна.”, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол, 40 дүгээр зүйлийн 40.1.16.-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6. дахь хэсэгт “Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно.”, 17.7. дахь хэсэгт “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна.”, 17.14. дэх хэсэгт “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно.”, Хот, суурины төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-н 14-т заасныг зөрчсөн гэх боловч эдгээр үндэслэлээр маргаан бүхий тогтоолыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

1.9. Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц байх 33 дугаар байрны тухайд, тус байрны гэх тоглоомын талбай албан ёсоор бүртгэгдээгүй, бодит байдалд тоглоомын талбай байсан гэх газар нь 2008 оноос хойш /Б******* б*******т ХХК/ иргэн Г.С******* эзэмшилд шилжсэн байх бөгөөд 33 дугаар байрны баруун талд шинээр 3*3 сагсан бөмбөгийн талбай /2024 он/, хүүхдийн тоглоомын талбай байгуулагдсан /2025 онд/, энэхүү тохижилтын ажил явагдсан үйл баримттай хэргийн оролцогч нар маргадаггүй. Мөн иргэн Г.С******* эзэмшиж буй газрын орчимд дулааны шугам сүлжээний хамгаалалтын бүсийн бүртгэлгүй талаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тайлбар гаргасан, дулаан хангамжтай холбогдуулан нэхэмжлэгч шүүх хуралдаанд манай байрны тухайд дулааны шугам сүлжээтэй холбоотой ямар нэг гэмтэл гараагүй, ус дулаан хэвийн байгаа, гэхдээ ирээдүйд гэмтэл гарч болзошгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй. (4 дүгээр хавтаст хэргийн 28-33, 58, 5 дугаар хавтаст хэргийн 19-31, 39-55, 100-170, 6 дугаар хавтас хэргийн 118 дахь тал)

1.10. Иймд дээрх нөхцөлөөс дүгнэхэд, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12/02 дугаар тогтоолын хавсралтаар 33 дугаар байрны зүүн урд талд хувийн эмнэлгийн зориулалтаар 400м2 газар олгохоор төлөвлөсөн, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28/31 дүгээр тогтоолын 28 дугаарт 33 дугаар байрны зүүн талд худалдаа үйлчилгээний цогцолборын зориулалтаар 0.026 га газар олгохоор тусгасан /иргэн Г.С******* газар гэх/ нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй, уг тогтоолын холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгч Б.У*******ын /субьектив/ эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2. Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/531 дугаар захирамжийн Г.С******* холбогдох хэсэгт заасан 225 м.кв талбайн хэмжээнээс илүү хашаалсан газар чөлөөлж, 33 дугаар байр орчмын зөрчлийн улмаас чөлөөлөгдөн нийтийн эдэлбэрт шилжээд буй бусад газруудтай нэгтгэн байр орчны гадна тохижилт сайруулахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах, Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны А/155 дугаар захирамжийн Г.Г холбогдох хэсэгт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд

2.1. Нэхэмжлэгчийн тухайд дээрх шаардлагын үндэслэлээ “ ... байр орчны газрын зөрчил, гадна тохижилт бүрэн шийдүүлэх талаар Налайх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нарт удаа дараа хандсан боловч асуудал бүрэн шийдэгдээгүй ... зөвшөөрөлгүй  газар ашиглаж байгаа этгээдүүдийн газрыг чөлөөлж нийтийн эдэлбэрт шилжүүлсэн атлаа иргэн Г.С******* зөрчлийг шийдэхгүй байгаа нь хууль дүрэм бүгдэд ижил тэгш үйлчлэхгүй, ... хууль бус эс үйлдэхүй байгааг харуулж байна ...” гэх тайлбар гаргасан.

2.2. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 12/02 дугаар тогтоолын хавсралтаар 33 дугаар байрны зүүн урд талд хувийн эмнэлгийн зориулалтаар 400м2 газар олгохоор тусгасан. (5 дугаар хавтаст хэргийн 10-14 дэх тал)

2.3. Налайх дүүргийн Засаг дарга 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 395 дугаар захирамжаар “Б******* б*******т” ХХК-д тус дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны зүүн талд /Эмнэлэг барих/ зориулалтаар 15*15м2 газар олгосон. (4 дүгээр хавтаст хэргийн 103-104 дэх тал)

2.4. Үүний дараа Налайх дүүргийн Засаг дарга 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 531 дүгээр захирамжийн хавсралт 7-д зааснаар “Б******* б*******т” ХХК-ийн 225м2 газар эзэмших эрхийг гэрчилгээг иргэн Г.С******* шилжүүлсэн байна. (4 дүгээр хавтаст хэргийн 109-100 дахь тал)

2.5. Иргэн Г.Сгаас газрын хэмжээг 400м2 болгож нэмэгдүүлэх асуудлаар 2023 онд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0012 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.С, хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт “ ... нэхэмжлэгч нь Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 531 дүгээр захирамжаар Налайх дүүргийн 2-р хороо, барилгачдын 33-р байрны урд талд байршуулан 225м2 газар эзэмшиж байгаа бөгөөд энэхүү газар дээр нэмж 175м2 газрын кадастрын зургийг Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн бөгөөд хариуцагч энэхүү нэмсэн хэмжээгээр захирамж гаргаж, гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэдээллийн санд кадастрын зургийг оруулах ...” нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. Энэхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. (5 дугаар хавтаст хэргийн 172-184 дэх тал)

2.6. Гуравдагч этгээд Г.С******* эзэмшиж буй газрын хэмжээний талаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 15-22/528 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтаас үзэхэд, иргэн Г.С******* нийт хашаалсан талбай 650м2 хэмжээтэй байгаагаас дээрх шүүхийн шийдвэрийн хүрээнд эзэмшүүлэхээр тохирсон 400м2 газарт 33 дугаар байрны залгаа орших эмнэлгийн барилга болон 2 гараашны талбай хамаарч байна. Харин 400м2 хэмжээгээс илүү хашаалсан хэсэг нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц бүхий 33 дугаар байрны эсрэг талд буюу автозам дагуу байршилтай байна. (5 дугаар хавтаст хэргийн 186-188 дахь тал)

2.7. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, иргэн Г.С нь өөрийн эзэмших эрхтэй газраас илүү газар хашаалсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт нийцээгүй байх боловч уг илүү хашаалсан газрыг чөлөөлж, нийтийн эзэмшилд шилжсэн газруудтай нэгтгээгүйн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах, түүнд холбогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.8. Түүнчлэн дээрх илүү хашаалсан газрыг 33 дугаар байр орчмын зөрчлийн улмаас чөлөөлөгдөн нийтийн эдэлбэрт шилжээд буй бусад газруудтай нэгтгэн байр орчны гадна тохижилт сайруулахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 33 дугаар байр орчмын тохижилтын асуудлыг хэлэлцэн сайжруулах арга хэмжээ явагдаж байгаа нөхцөл тогтоогдож байна.

2.9. Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэг Дүүргийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна: 25.1.10.-т "нийтийн эзэмшлийн зам, талбай,олон нийтийн соёл амралтын хүрээлэн,ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалт”, 62 дугаар зүйлийн 62.1. дэх хэсэг Дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 62.1.3.-т “дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх”, 62.1.8.-д “энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан асуудлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлэх” гэж зааснаар хариуцагчийн зүгээс 2023 оноос хойш газрын зөрчлийг арилгах, газар албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан, улмаар чөлөөлсөн газруудыг нийтийн эдэлбэр газарт авахаар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар батлуулж 2024 онд тус байрны гадна тохижилтын ажил хийх хүрээнд 3*3  сагсан бөмбөгийн талбай байгуулсан /иргэн Б.У*******ын саналыг авсан/, мөн 2025 онд тендер шалгаруулалтын дүнд 33 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах ажил хийгдсэн байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нар мараагүй болно. (4 дүгээр хавтаст хэргийн 28-33, 5 дугаар хавтаст хэргийн 32, 66-91, 104-170)

2.10. Нэхэмжлэгчээс дээрх тохижилтын асуудлын хүрээнд одоо 33 дугаар байрны автомашины зогсоолын /хойд хэсэг байх талбайд/ асуудлыг шийдвэрлээгүй байгаа гэх тайлбар гаргасан бөгөөд хариуцагчийн тухайд дээрх байдлаар тус байр орчмын тохижилтын асуудлыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь тогтоогдож байх тул шүүхээс /дахин/ сайжруулахыг даалгах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.  

            2.11. Мөн Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны А/155 дугаар захирамжийн Хийморь төвийн хамаарал бүхий этгээд Г.Г холбогдох хэсэгт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд,

            2.12. Нэхэмжлэгчээс дээрх шаардлагын үндэслэлээ “ ...тус захиргааны акт нь дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 заалтууд дахь утга агуулгын  илэрхий алдаатай буюу хаяг байршил, хэмжээ өөр байхаас гадна нийтийн эдэлбэрийн газрыг тэр дундаа элдэв аргаар иргэд, хүүхдүүдийн сургууль хооронд зорчих орц гарц хааж газар эзэмшүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй атал Налайх дүүргийн Засаг дарга тухайн этгээдэд тус байршилд 500м2 газар эзэмшүүлэхээр олгосон нь илт хууль бус ...” гэж тайлбарласан.

2.13. Иргэн Г.Г холбогдох газрын тухайд, Налайх дүүргийн Засаг дарга 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/155 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11/02 тоот тогтоолыг үндэслэн газар эзэмших хүсэлт гаргасан 603 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосны хавсралт 231 дугаарт иргэн Г.Г 2 дугаар хороонд иргэний ахуй зориулалтаар 500м2 газар олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дахь тал)

2.14. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт "Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., 31 дүгээр зүйлийн 31.1. дэх хэсэг Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 31.1.3.-т “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх”, Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.5. дахь хэсэг Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.5.3.-т “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах” гэж тус тус заасан байна.

2.15. Дээрх А/155 дугаартай захирамжийг Налайх дүүргийн Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/217 дугаар захирамжаар хүчингүй болгосон байх бөгөөд иргэн Г.Ган-Эрдэнээс газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон асуудлаар маргаагүй, нэгэн газар эзэмших эрх дуусгавар болсон тул тухайн иргэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татах шаардлагагүй гэж шүүхээс үзсэн болохыг тэмдэглэв. (1 дүгээр хавтаст хэргийн 222-228 дахь тал)

2.16. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг ойлгохоор, мөн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож ойлгохоор байна. Мөн энэхүү шүүхийн шийдвэрийн өмнөх хэсэгт дээрх хуулийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх шинжийг тухайлан тайлбарласан.

2.17. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/155 дугаар захирамжийг хариуцагч 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/277 дугаар захирамжаар хүчингүй болгосон буюу эрх зүйн үр дагаваргүй болсон байна.

2.18. Иймд нэгэнт маргаж буй захиргааны актыг захиргаа өөрөө хүчингүй болгосон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус шинжийг агуулаагүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

3. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Хийморь төвийн хамаарал бүхий этгээд болох Г.Г орц гарц чөлөөлсөн хэсгийн газрын кадастрын мэдээллийн санд оруулахгүй байгаа дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тухайн орчмын кадастрын зургийг мэдээллийн нэгдсэн санд оруулахыг тус албанд даалгах шаардлагын тухайд,

3.1. Нэхэмжлэгчээс дээрх шаардлагад холбогдуулан “ ... Хийморь төвийн дэргэдүүр сургууль хооронд зорчих орц гарц чөлөөлсөн хэсгийн талбайн хэмжээ тодорхойгүй байдлаас үүдэлтэйгээр бидний зорчих хэсэг болоод тухайн орчны тохижилтыг хаагуур хэрхэн хийх асуудал шийдэгдэхгүй харанхуй, тэгш бус гадаргуутай халтиргаа бүхий аюултай замаар зорчиж иргэд, хүүхдүүд заримдаа унаж бэртдэг тул яаралтайгаар тухайн орчны зам талбайг сайжруулах шаардлагатай байна ...” гэж тайлбарлаж байна.

3.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх асуудлаар “ ... дүүргийн Засаг даргын 2023 оны А/217 дугаар захирамжаар иргэн Г.Г 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснээрээ газрын мэдээллийн цахим системийн бүртгэлээс хасагдсан болно. Иймд тухайн газар одоогийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайн зориулалтаар иргэд чөлөөтэй зорчиж байгаа бөгөөд газрын мэдээллийн цахим системд нэгж талбар үүсгэн бүртгэх боломжгүй, нийтийн эдэлбэрийн газрыг бүртгэхийн тулд заавал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталгаажсан байх шаардлагатай ...” гэх тайлбар гаргасан.

3.3. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 15-22/501 дүгээр албан бичгээр тус 33 дугаар байр орчимд бүртгэгдсэн зам, шугам сүлжээ, орц гарцны мэдээллийг хавсралтаар ирүүлсэн ба шүүхээс 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр газрын үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, тус байрны оршин суугчид, ялангуяа нэхэмжлэгч Б.У*******ын тухайд орж гарах боломжгүй болсон гэх нөхцөл тогтоогдоогүй болно. (5 дугаар хавтаст хэргийн 31, 39-55, 94-95)

3.4. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. дэх хэсэг Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.2.-т “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, 23.4.3.-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4.-т “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж заасан бөгөөд дүүргийн газрын алба нь газрыг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн бүртгэл хөтлөх зохицуулалттай, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсэгт зааснаар иргэн Г.Г эзэмшиж байсан газар нь төрийн мэдэлд шилжсэн байна.

3.5. Иймд иргэн Г.Г эзэмшиж байсан газар нь дээрх хуульд зааснаар нийтийн эзэмшилд шилсэн байх тул түүнийг нэгж талбарын дугаар үүсгэн мэдээллийн санд бүртгэх боломжгүй, ийнхүү бүртгээгүйн улмаас нэхэмжлэгч Б.У*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн /зөрчигдөж болзошгүй/ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.6. Түүнчлэн нэхэмжлэгч Б.У******* шүүх хуралдаанд “ ... Хийморь төвийн газрын бодит хэмжээ эзэмшиж эрх бүхий хэмжээнээсээ илүү байгаа, миний өөрийн хэмжсэнээр 1362м2 байх ёстойгоос 1402м2 байгаа гэх тайлбар гаргасан боловч уг асуудлаар тухайлан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

3.7. Нэхэмжлэгч Б.У*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэгтгэн дүгнэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн  1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3.-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 17 дугаар зүйлийн 17.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.” гэж заасан ба тус хэрэгт иргэн Б.У******* нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчээр оролцсон.

3.8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн гэж тайлбарлаж маргасан бөгөөд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн гэх шийдвэр /үйл ажиллагаа/ бүрийг хянаж, илт хууль бус болохыг тогтоох /хүчингүй болгох/ боломжгүй, харин тухай маргаан бүхий шийдвэр нь хууль бус байхаас гадна түүний улмаас нэхэмжлэгч иргэний эрх хууль ёсны ашиг сонирхол бодитой зөрчигдсөн /хөндөгдсөн/ эсэх, шүүхээс гарах шийдвэр нэхэмжлэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх үр дагавар үүсгэх эсэхэд дүгнэлт өгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалттай болохыг дурдах нь зүйтэй.

3.9. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч иргэний өөрийнх нь субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол /бодитоор/ зөрчигдсөн гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.10. Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгсөн бөгөөд нэхэмжлэгчийг өөр бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

   1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3. 23 дугаар зүйлийн 23.4.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У******* Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12/02 дугаар болон 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28/31 дүгээр тогтоолын “Б******* Б*******т” ХХК болоод захирал гэх иргэн Г.С******* холбогдох газар эзэмшүүлэх тухай тогтоолууд нь илт хууль бус болохыг тогтоох, Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/531 дугаар захирамжийн Г.С******* холбогдох хэсэгт заасан 225м.кв талбайн хэмжээнээс илүү хашаалсан газар чөлөөлж, 33 дугаар байр орчмын зөрчлийн улмаас чөлөөлөгдөн нийтийн эдэлбэрт шилжээд буй бусад газруудтай нэгтгэн байр орчны гадна тохижилт сайруулахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах, Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны А/155 дугаар захирамжийн Хийморь төвийн хамаарал бүхий этгээд Г.Г холбогдох хэсэгт илт хууль бус болохыг тогтоолгох, Хийморь төвийн хамаарал бүхий этгээд болох Г.Г орц гарц чөлөөлсөн хэсгийн газрын кадастрын мэдээллийн санд оруулахгүй байгаа дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тухайн орчмын кадастрын зургийг мэдээллийн нэгдсэн санд оруулахыг тус албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЦЭРЭНДЭЖИД