Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгч Н.Нямсүрэн, Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

        Иргэдийн төлөөлөгч  Б.Оюунчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Рагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ын Г-т холбогдох эрүүгийн 1738003810149 дугаар хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б О-ын Г, 

Шүүгдэгч О.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн 3 дугаар багийн нутаг Гөнтөг гэх газар  өөрийн төрсөн хүү Г.Б-гийн хэвлийн тус газар хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч О.Ганхуяг нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг,  Гөнтөг гэх газар  Г.Б-ийн хэвлийн тус газар хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч О.Г-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... тэгсэн хүү маань Н ах дуудаад байна явна гээд байхаар нь би мотоциклийн түлхүүрийг нь авсан. Тэгсэн намайг боож унагаагаад байсан. Э-ынд ороод гартал урдаас хүрээд ирэхээр нь би хүүхдээ хутгалая гэж бодоогүй хутгатай гараараа түлхсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би хүмүүсийг заналхийлээгүй гэв.

         Шүүгдэгч О.Г-ийн мөрдөн шалгах ажллагааны явцад өгсөн: "…2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн үед Б гэж дуудаад байдаг айлын нарийн малны идшийг хийлцэж байсан. Ингэхэд манай хүүхэд Баттүвшин сумын төв явчихаад мотоциклоор ганцаараа ирсэн. ...Б-г явна гэж уурлаад эхлэхээр нь би ч гэсэн уурласан. Тэгээд айлын түлээний тэнд байсан жижиг нарийн гишүү байсныг аваад хөл рүү нь хоёр гурван удаа цохисон. Тэгтэл Б намайг барьж гараараа шанаа руу нэг удаа цохиход нь би газарт унасан. Би газарт унаад босож ирээд Б-г бариад автал намайг боогоод унагаасан. Би газарт унаад юугаа ч мэдэх юм байхгүй болсон. ... Нэг мэдэхэд л хатгасан байсан. ...хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 137 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Р-ийн мөрдөн шалгах ажллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...энэ хэрэг үнэн зөв шийдвэрлэгдэх, хэргийн бодит байдал нь үэн зөвөөр тогтоогдох явдал чухал байна. ... шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

            Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... хүү Б- нь адуугаа усалж ирээд хүн дуудаад байна айл руу явлаа гэж байсан. Тэгэхэд явуулахгүй гэж маргалдаад Г- унаж явсан мотоциклийн толийг нь модоор цохиод хагалж байсан. Тэгээд хүний мотоцикль шүү дээ гээд Г-тай барилцаж аваад газар унагаад зууралдаж байхад хүмүүс очиж салгасан. Хүүхэд нь гадаа мотоцикль дээрээ утсаар нь оролдоод дүүдээ хэлж л байхгүй юу гээд зогсож байсан. Тэгээд Г утсаар гэрийн ард Д-оо энэ чинь намайг зоддог болсон байна чи гарч ирж зохицуул гэж орилоод яриад байсан ... хэсэг хугацааны дараа хүүхэд нь “Намайг шаачихлаа шдээ” гээд орилохоор нь би гараад хартал шалны модны дэргэд Б хөлөө нугалаад явган суучихсан, аав нь хажууд нь зүгээрээ босоод ир гээд зогсож байсан ... аав нь цаанаас нь хурдан өргөөрэй, хурдлаарай гээд Б сугадаж өргөөд гэр рүү нь аваад явсан. Цагдаа нарыг ирэхээс өмнө нь Г болон эхнэр нь та нар цагдаад битгий хэлээрэй та нар хэлэхгүй бол бид нар зүгээр гээд байсан ... талийгаачийг хутгалуулдаг тэр газарт манай гэрийн шалыг авчирч тавиад байсан. Гэрийн зүүн талд байсан шал талийгаачийн сууж байсан тэр газарт очсон байсан” ...  гэх мэдүүлэг /хх-ийн 52-55, 62-63 дугаар хуудас/,

Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...ааваа намайг шаачихлаа ш дээ гэж орилсон ... гэрийн гаднаас Г ах Эр ахын дүү ирээрэй гээд орилохоор нь амбаараас гараад ирсэн чинь Б эвхрээд хоёр хөлөө явган суугаад хажууд нь ээж нь яанаа хатгачихлаа шдээ гээд хашгираад дэвхцээд байсан ... Би тэр хоёр руу очиж явахад гэрээс манай эхнэр, Н эгч хоёр гарч ирсэн. Гэтэл Г ах хурдлаарай хурдан гэрт авч оръё гээд бид хоёр сугадаад алхаад явсан. Талийгаач бид хоёрын дунд алхаж явсаар байгаад гэртээ орсон. Гэрт нь оруулаад талийгаачийг баруун талын орон дээр нь хэвтүүлээд би гараад буцаад гэртээ ирсэн ... тэр үед талийгаач юм дуугараагүй “ёоё” л гэж байсан. Аав нь харин ямар лайтай юм болов оо яачихваа миний хүү гэж байсан” ... гэх мэдүүлэг /хх-ийн 64-68 дугаар хуудас/

      Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 11 сарын дундуур байх аа би өдрийг нь сайн санахгүй байна ... би тухайн үед гэртээ байсан юм. Үдээс хойш 15 цагийн орчимд гэртээ байж байтал хүн аллаа, хядлаа гээд Г-ийн  эхнэр Н эгч хашгираад байхаар нь би гэрээсээ гараад Э-ын гадаа  ирсэн. Гэтэл Э-ын эхнэр надад Энхээ эгч ээ Ганхуяг ах хүүхдээ хутгалчихлаа гэсэн юм. Тэгээд хартал Э-ын урд  байх овоолсон чулууны тэнд талийгаач Б.Б дөрвөн хөллөөд урагш сөхрөөд унасан байдалтай Г ах талийгаачийн цээж рүү өшиглөөд чи босоод хөлөөрөө яв гээд байсан. Нэг удаа цээж рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь  хүүе ээ яаж  болдог юм. Наадахаа өөд нь харуул, хутгалсан юм бол тэгэж болохгүй  гэсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс өөд нь харуултал талийгаачийн царай нь цонхийж болохоо больсон байсан. Тэгээд хүмүүс өргөөд гэр рүү нь яваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

      Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 10-нд гарсан байх. Миний байсан айл Э-ынх идшээ хийсэн юм ... намайг ирэхэд Г ах өөрийн хүү талийгаач Б-тэй маргалдаж байсан. Талийгаач хүү нь айл руу явна гээд уурлаад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаж авхаар нь би очиж салгасан юм. Тэгээд талийгаачийн унаж явсан  мотоциклийн толийг аав Г нь хуга цохисон  ... би гэртээ ороод халуун цай ууж байтал талийгаач гэрийн гадаа  “пизда” энэ тэр гээд орилоод байсан. Б ингэж орилж эхэлснээс хойш барагцаагаар 5 орчим  минутын дараа Гах босоод гэрээс гараад явсан, тэр дороо гэрийн гадаа Б аав аа та намайг хутгалчихлаа шдээ гээд орилохоор нь би гүйж гартал Э ахын гэрийн урд  талын овоолсон чулууны хажууд талийгаач Б хоёр өвдөг дээрээ сөхрөөд суучихсан ааваа та намайг хутгалчихлаа шдээ гэж хашгирч байснаа  ээжээ гэж хоёр удаа хашгираад чимээгүй болсон ....” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар хуудас/,

        Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2017 оны 11 сарын 12-ны өдөр манай нутагт нүүж ирсэн Э гэдэг айлын идэш хийж байхаар нь өглөө туслахаар нөхөр Г, охин М нартай хамт очсон ... Тэгж байтал гэнэт гараад ирээрэй гээд Г орилохоор нь А бид 2 гарахад манай хүү Б өвдөглөөд суучихсан царай нь цонхийгоод сонин харагдсан. Энэ үед пүнзнээс  Э  гарч ирсэн. Э Г хоёр талаас нь сугадаад шууд манай гэр рүү аваачсан ... Тэгээд орон дээр хэвтүүлээд хүүгийнхээ дээлийг тайлахад  зүүн цавьний дээд хэсэг орчмоос цус  их гарсан байсан. Тэгээд ам руу нь цай уулгахад хэсэг байж байгаад ухаан алдчих шиг болсон. Уг нь амьсгаатай байсан. Тэр үед өөрийнхөө утаснаас сумын эмнэлэг дуудсан. Б ухаан алдсаны дараа би бас хэсэг хугацаанд юу болсоныг огт санахгүй байна.

     Гэрч Ц.Л, Б.Э, Л.Б, О.Д, Ц.Н нарын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд/хх-ийн 77-83, 90-98 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч, эмчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 159 дугаартай:

1. Задлан шинжилгээгээр талийгаач Г.Б-ий цогцост хэвлийн зүүн доод хэсгийн нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь талийгаачийг амьд ахуйд нас барахаас хэдхэн хормын өмнө ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах үйлчлэлээр үүсгэгдсэн ба үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн байна.

3. Талийгаач Г.Б нь хэвлийн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас тухайн цаг хугацаандаа цочмогоор цус алдаж, цус алдалтын шоконд орж нас баржээ. Эдгээр нь дээрхи онош болон протокол зэргээр батлагдаж байна. Задлан шинэжилгээний явцад бэхжүүлсэн 17 кадр гэрэл зургийг уг дүгнэлтэнд хавсаргав.

4.   Задлан шинэжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илрээгүй болно.

5. Талийгаачийн цогцос ямар нэгэн байдлаар зөөвөрлөсөн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй ба шүүх химийн шинжилгээгээр талийгаач Г.Б-ий цогцосноос авсан цусанд этилийн спирт илрээгүй нь талийгаач нь нас барахаас өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсныг баталж байна ... гэх дүгнэлт /хх-ийн 100-103 дугаар хуудас/, 

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаартай:

1.Шүүх химийн шинжилгээгээр талийгаач Г.Б-ий цогцосноос авсан цусанд  этилийн спир илэрсэнгүй ... гэх дүгнэлт /ХХ-ийн 104 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 005 дугаартай:

1. Г.Б-ийн цогцосноос авсан гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

2.  Шижилгээнд тэнцэж байгаа гарын мөрүүд ШША-ны папилон санд байгаа эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт  /хх-ийн 48 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай:

1.О.Г сэтгэцийн тасгаар үйлчлүүлж, хэвтэж, эмчлүүлж байгаагүй.

2.О.Г нь сэтгэцийн хувьд эрүүл.

3.О.Г нь мэдүүлэг өгөх чадвартай.

4.О.Г нь хэрэг хариуцах чадвартай.

5.О.Гг  албадан эмчилгээ шаардлагагүй.

 6.О.Г-ийн хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 113 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 138-152 дугаар хуудас/, болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох  баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

 

Шүүгдэгч О.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн Гөнтөг гэх газар өөрийн төрсөн хүү Г.Б-г хүн дуудаад байна явна гэхэд нь явуулахгүй гэж маргалдсаны улмаас  Г.Б-ийн хэвлийн тус газар хутгалж, амь насыг хохироосон үйлдэл, хэргийн үйл баримтын талаар гэрч Б.А, Г.Э, Б.Э, Ш.Б, Д.Н, Ц.Л, Б.Э, Л.Б, О.Д, Ц.Н-  нар агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд  шүүгдэгч О.Г-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч О.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байна.

Мөн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдүүлэхээр байх боловч ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч О.Г-аас нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738003810149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг,  шүүгдэгч О.Г-ийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- О-ын Г-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 т  заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т  5  /тав / жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн цагдан хоригдсон  2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 1738003810149 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.        
  7. ийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                                 

                                                        Н.НЯМСҮРЭН

                                               

                                                               Б.ӨЛЗИЙХИШИГ