Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 203/МА2021/00030

 

Б.Баярмандахад холбогдох

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 144/ШШ2021/00071 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: С.Г

Хариуцагч: С.Г

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ:Бүлээн хас групп ХХК-д 2019 оны 9 сарын 16-ны өдөр 20 сая төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний 2.6-д зааснаар 2019 оны 11 сарын 14-нд надад шилжүүлсэн 5 сая төгрөгийг хасаад 15 сая төгрөгийг сарын 5%-ийн хүүгээр тооцож 750000 төгрөг дээр 0,5%-ийн торгуулийн хүү болох 370000 төгрөг нэмээд 1125000 төгрөгийг 2019 оны 12 сарын 16-ны өдөр, 02 болон 03 сарын өдрүүдэд өгөөгүй тул 4500000 /1125000*4сар/ төгрөг болж байна.

Гэрээний 2.7-д заасны дагуу 2020 оны 03 сарын 16-наас эхлэн үндсэн зээл болох 15 сая төгрөгийн хоног тутамд 0,3%-иар тооцож авах байтал 2020 оны 7 сарын 10-ны өдөр 5000000 төгрөгийг надад өгч, үндсэн зээлээс хасуулахыг би зөвшөөрч үндсэн зээл 10 сая төгрөг үлдсэн.

2020 оны 03 сарын 16-наас мөн оны 7 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 0,3%-иар 10.000.000 төгрөгөөс бодоод 4500000 төгрөг, үүнээс 11 сарын 05-нд өгсөн 500000 төгрөгийг хасаад 4 сая төгрөг болно.

Ингээд хүү алданги нийлээд 13675000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 10000000 төгрөгийг нэмээд нийт 23675000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй гэжээ.

Нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шүүхэд ирүүлсэн хүсэлт, шаардлагадаа: ...2019.09.16-ний өдрийн 2019/01 дугаартай гэрээг иргэн*******эй байгуулж 20 000000 төгрөгийг Гантөгсийн дансанд шилжүүлсэн тул******* групп ХХК ийг иргэн С.Гантөгсөөр солих,******* нь надтай гэрээг амаар хийж, аман гэрээг С.Гантөгс нь бичгээр хийж баталгаажуулсан, зээлийн мөнгийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан тул иргэн*******ийг нэмж хариуцагчаар татаж оролцуулах хүсэлтийг гаргаж байна...

...С.Гантөгс,******* нараас 2019.09.16-ний өдөр байгуулсан 2019/01 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 10000000 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 8000000 төгрөг, торгуульд 840000 төгрөг, нийт 18840000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ганзориг нь хамаатан садантайгаа нийлээд юм хийх гээд байна гэж гуйгаад байхаар нь зээлэх болсон. Яг зээлэх үед Ганзориг нь Солонгос улс руу аяллын визээр явсан байсан. Тэгээд мөнгө хэрэгтэй болчихлоо, 20000000 төгрөгөөр манай дүүтэй гэрээ хийгээд хүүгээ тохироод өгчих, найз нь Солонгост байгаа болохоор гэрээ хийх боломжгүй байна гэсэн. Би дүүтэй нь уулзаад гэрээгээ хийгээд дүүгийнх нь дансруу мөнгөө шилжүүлсэн. Энэ хоёр хүнээс хурдхан шиг мөнгөө салгуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.Гантөгс,******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Гантөгс нь Ганзоригийн төрсөн дүү мөн бөгөөд мөнгийг С.Гантөгс авсан.

С.Ганзориг нь С.Гантөгсийн үүрэгт төлөх төлбөрийг ...2 удаа 2020.07.10-д 5000000₮, 2020.11.05-нд 500000₮ банкнаас өөрийнхөө данснаас шилжүүлсэн нь үнэн. Үүгээр гэрээний үүргийг түүнд хамаатуулах үндэслэл болохгүй,******* нэхэмжлэгч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Гэрээний үүргийг түүнээс шаардах хууль зүйн үндэслэлгүй.

С.Гантөгсийн хувьд нэхэмжлэгчийн шаардсан 8000000 төгрөгийг зөвшөөрөхгүй, 6 сарын хугацаанд хүүнд 5000000 төгрөг төлөхөөс 3150000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1850000 төгрөг төлөх тооцолол гарч байгаа тул зээлийн үлдэгдэл 10000000 төгрөг+хүүгийн үлдэгдэл=11850000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Хүүний үлдэх 6150000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Анз гэсэн үндэслэлээр шаардаж буй 840000 төгрөг нь төлөх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талууд хүү тохиролцож болох боловч гэрээний 2.5-д заасан зээлийн хүүгээс хүү тооцож торгуулийн хүү тохиролцсон заалт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 заасан хүү биш, 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгуульд хамаарахгүй, торгууль тохиролцсон гэж үзэхгүй. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэжээ.

Хариуцагч С.Гантөгс,******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хэрэгт 2 зээлийн гэрээ байдаг. Нэг нь нотариатаар гэрчилсэн Гантөгстэй байгуулсан. Нөгөө нь******* групп-ийн бланк дээр зээлдэгч, зээлдүүлэгч гээд Баярмандах, Гантөгс нар гарын үсэг зурсан гэрээ байдаг. Энэ бол зээл олгосныг гэрчлэх баримт биш...

Гантөгс үндсэн зээлийн үлдэгдэл 10000000 төгрөг дээр маргахгүй. Хүү 8000000, торгууль 840000 төгрөгийг төлөхгүй. Ганзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Гэхдээ 13000000 төгрөгийн хэмжээнд Гантөгстэй эвлэрэх санал хэвээр байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Гантөгсөөс 18.840.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ад олгож, хариуцагч*******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,325 төгрөгийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Гантөгсөөс 252,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ад олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэг. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ ... гэрээний 2.6-д Зээлдүүлэгч нь зээлийн хүүг сар бүрийн 16-ны өдрөөс хэтрүүлсэн тохиолдолд тухайн сарын хүүг 5%-иар тооцож, 0.5%-ийн торгуулийн хүү бодож зээлдэгчээр төлүүлнэ гэж тохиролцжээ. Зээлдэгч С.Гантөгс нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 15.000.000 төгрөг байх ба 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 сарын хүү 750.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг, 2020 оны 07 сарын 16-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг байх ба 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл 1 сарын хүү 500.000 төгрөг бөгөөд нийт 7 сарын хүү 3.500.000 төгрөгийн хүү тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т заасантай нийцэж байна гэж дүгнээд тогтоох хэсэгтээ энэхүү зүйлийн 232.6-г үндэслэсэн хэрэглэснийг шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Тодруулбал шүүхийн хууль зүйн үндэслэл болгосон тухайн зүйл заалтанд алдангийн талаарх зохицуулалт байх бөгөөд нэгдүгээрт нэхэмжлэгч алданги шаардаагүй, хоёрдугаарт талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т зааснаар хугацаа 2019 оны 09 сарын 16-наас 2020 оны 03 сарын 16 ныг хүртэл 6 сар байхад шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 02 сарын 16 хүртэлх 11 сарын хугацаанд хүү тооцож олгохоор хэрэглэсэн нь тухайн харилцааг зохицуулах хууль зүйн үндэслэлд хамааралгүй юм.

Зохигчид хэн аль нь зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, хүүнд 3.150.000 төгрөг төлсөн гэдэгтэй маргаагүй бөгөөд хариуцагч тал зээлийн гэрээгээр тохирсон 6 сарын хугацааны хүү 5.000.000 төгрөг төлөх ёстойгоос үлдэгдэл 1.850.000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг, харин 2020 оны 03 сарын 16-наас хойшхи хүүг зөвшөөрөхгүй маргаж байгаа учир шүүхийн шийдвэрээр тогтоосон хүү 8.000.000 төгрөгөөс 1.850.000 төгрөгийг хасч 6.150.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэрэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хууль зүйн үндэслэлээр 840.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн л шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д сар бүрийн 16-ны өдрөөс хэтрүүлсэн тохиолдолд 0.5%-ийн торгуулийн хүү бодож зээлдэгчээр төлүүлнэ гэсэн нөхцлийг шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар тайлбарлан хэрэглэж хариуцагчаар төлүүлэх үндэслэл болохгүй, мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талууд тохиролцож хүү тогтоож болох ч гэрээний 2.6-д заасан агуулга зээлийн хүүгээс хүү тооцож торгуулийн хүү тохиролцсон заалт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.1-д заасан хүү биш, 232 дугаар зүйлийн 232.5-д заасан тогуульд хамраахгүй, торгууль тохиролцсон гэж үзэхгүй учир торгуулийн хүү гэж шаардсан 840.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иймд дээрх үндэслэлээр хүүгээс 6.150.000 төгрөг, торгуулийн хүү 840.000 төгрөг, нийт 6.990.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б. Баярмандах нь хариуцагч******* Групп ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10000000 төгрөг, хүү болон алданги 13675000 төгрөг нийт 23675000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 276325 төгрөг төлсөн байна. /хэргийн 01-04 дүгээр хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч******* нь хариуцагч******* Групп ХХК-ийг иргэн С.Гантөгс,******* нараар солих, нэхэмжлэлийн үнийн дүнг 18840000 төгрөг болгон багасгаж, үүргийн дүн, үндэслэлийг үндсэн зээлийн хүү 8000000 төгрөг, торгууль 840000 төгрөг, үндсэн зээл 10000000 төгрөг нийт 18840000 төгрөг гэж өөрчилжээ. /хэргийн 40, 41 дүгээр хуудас/

Хариуцагч нар нь *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцох эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хэргийн 55, 59,84 дүгээр хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас С.Гантөгс нь зээлийн үлдэгдэл 10000000 төгрөг, хүү 1850000 төгрөг нийт 11850000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, гэрээний 2.5 заалт нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүү биш, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгуульд хамаарахгүй тул торгууль тохиролцсон гэж үзэхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэж,******* болон нэхэмжлэгч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 51, 62-64 дүгээр хуудас/

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Гантөгсөөс 18840000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох,*******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ...Иргэний хуулийн 232.6-г хэрэглэснийг шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. ... нэхэмжлэгч алданги нэхэмжлээгүй, мөн ... гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 2020 оны 03 дугаар сарын 16 хүртэл 6 сар байхад шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-г үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 16-наас хойш 2021 оны 02 дугаар сарын 16 хүртэлх 11 сарын хугацаанд хүү тооцож олгохоор хэрэглэсэн нь тухайн харилцааг зохицуулах хууль зүйн үндэслэлд хамааралгүй. ... 2020 оны 03 дугаар сарын 16-наас хойшхи хүүг зөвшөөрөхгүй тул 8000000 төгрөгнөөс 1850000 төгрөгийг хасч 6150000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг... хүссэн гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчил гаргаагүй байна

Шүүх нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч солих хүсэлтийн дагуу С.Гантөгс,******* нарыг хамтран хариуцагчаар оролцуулах тухай 144/ШЗ2021/00096 дугаартай шүүгчийн захирамжийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3, 28.1, 123.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. /хэргийн 30 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2019.09.19-ны өдрийн 2019/01 дугаартай гэрээнд үндэслэсэн бөгөөд хамтран хариуцагч оролцуулсан үндэслэлээ******* нь зээлийн гэрээг амаар хийж, аман гэрээг*******эй бичгээр хийж баталгаажуулсан, зээлсэн мөнгөө өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан тул гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх ётой гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг 840000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү гэж, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт зааснаар үүргийн харилцаанд мөнгөн төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нар үндсэн зээл болон хүүг төлөөгүй учраас үндсэн зээлийн хүүд тохирох хугацаа хэтэрсэн хүүг тооцож гаргуулахаар нэхэмжилж байгаа гэж тайлбарласан нь тусгагджээ. /хэргийн 96 дугаар хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь аль ч шатанд 13000000 төгрөгийн хэмжээнд*******эй эвлэрэх санал хэвээрээ байгаа гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн ба нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй байна. /хэргийн 98 дугаар хуудас/

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2019 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 2019/01 дугаартай гэрээгээр зээлдүүлэгч талыг*******, зээлдэгч талыг С.Гантөгс гэж, 20000000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын хүү 5 хувь байхаар, хүүг сар бүрийн 16-д төлж байхаар, үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь төлөхөөр, мөн гэрээний 2.6-д зээлийн хүүг сар бүрийн 16-ны өдрөөс хэтрүүлсэн тохиолдолд тухайн сарын хүүг 5 хувиар тооцож, 0,5 хувиар торгуулийн хүү бодож зээлдэгчээр төлүүлнэ, гэрээний 2.7-д анз: зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар бодож алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тус тус тохиролцжээ. /хэргийн 06 дугаар хуудас/

Уг гэрээний төгсгөлд******* групп гэсэн тамга дарагдсан боловч гэрээний дагуу******* нь Хас банкин дахь өөрийн харилцах данснаас Хас банкин дахь С.Гантөгсийн 502281411 дугаартай харилцах данс руу 20000000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

Иймд******* болон С.Гантөгс нарын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн*******т зээлийн мөнгийг шилжүүлээгүй байх тул гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. /хэргийн 08, 44 дүгээр хуудас/

С.Гантөгс нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээрр нийт 5900000 төгрөгийг*******ын данс руу бэлэн бусаар шилжүүлсэн байх бөгөөд энэ дүнгийн 5000000 төгрөгийг үндсэн зээл төлөгдсөн гэж үзсэн нь хугацаа дуусахаас өмнө хэсэгчлэн төлж болохоор тохиролцсон гэрээний 2.5 заалттай нийцсэн тул үндсэн зээлээс 15000000 төгрөгийг төлөгдөөгүй үлдсэн гэж үзнэ. Энэ талаар талууд маргаагүй. /хэргийн 46 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан дансны хуулга болон талуудын тайлбараар С.Гантөгс нь 2019 оны 10-р сард хүүнд 1000000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 900000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 05-нд үндсэн зээлийн үлдэгдэл 15000000 төгрөгт оногдох хүүг гэрээний 2.3-т заасан хүүгийн хэмжээгээр тооцож 750000 төгрөг төлсөн нь нотлогдож байна. /хэргийн 45, 47 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нь гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 6 сараар тооцож төлөгдөөгүй үндсэн зээлийн 15000000 төгрөгнөөс, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 10000000 төгрөгнөөс 6 сараар тус тус хугацааг тооцож, сарын хүүг 5 хувь гэж нийт 8000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч гэрээний хугацаа сунгасан, сунгасан хугацаанд анх тохиролцсон хүүгийн хэмжээгээр хүү тооцож гаргуулах тухай үндэслэлээ шүүхэд нотлоогүй байна.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбарын үндэслэл тус бүрийг хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнд тулгуурлан Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээ, гэрээний агуулгад нийцүүлэн дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шаардлагын үндэслэл тус бүрээр тооцон хариуцагчид үүргийг хариуцуулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.

2020 оны 7 дугаар сарын 10-нд*******оос үндсэн төлөлт гэж шилжүүлсэн 5000000 төгрөгийг С.Гантөгсийн үндсэн зээлээс хасаж тооцсон талаар талууд маргаагүй тул үндсэн зээлийн үлдэгдлийг 10000000 төгрөг гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн хүү гэж Ганзоригоос 500000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд энэ дүнг зээлийн гэрээний аль үүрэгт тооцох талаар мэтгэлцүүлээгүй атлаа зээлийн хүүнд төлсөнд тооцсоныг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Зээлдэгч С.Гантөгс нь гэрээний хугацаа дууссан 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үндсэн зээлээс 15000000 төгрөгийг төлөөгүй байсан тул уг дүнгээс 5 хувиар тооцвол нэг сард 750000 төгрөгийг хүү төлөх үүргээ 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 02, 03 дугаар сар буюу нийт 3 сард төлбөл зохих хүүнд 2250000 төгрөгийг зээлдүүлэгч*******ад буцаан төлөх үүрэг С.Гантөгсөд гэрээний 2.3, 2.5-д заасны дагуу үүссэн, харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2021 оны 02 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд зээлийн хүү тооцсон нь үндэслэлгүй тул зээлийн хүүгийн төлбөрт шаардсан дүнгээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэгт үндсэн зээл, гэрээгээр тохирсон бол гэрээний хугацааны хүү тус тус хамаарахаар байна. Талууд гэрээндээ хүүг сар тутам төлөхөөр заасан тул энэ тохиролцоо нь гэрээний үндсэн үүрэгт хамаарч байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-т заасан хүүгээс анз тооцохгүй гэсэн хэм хэмжээ нь хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл буюу талуудын маргаанд хамааралгүй.

Гэрээний 2.7-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг үндсэн зээл 15000000 төгрөг, хүү 2250000 төгрөгний нийлбэр дүнгээр 17250000 төгрөг гэж тооцох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж заасан бөгөөд үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээний 2.6 -д торгууль, 2.7-д алданги гэж зааж, хувь хэмжээг тус тус тохиролцож заасан байна.

Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.5.Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасантай нийцсэн байна.

Талууд гэрээндээ хүү, торгуулийг хэтэрсэн хугацаанаас үүрэг биелэгдэх хүртэл хугацаагаар тохиролцоогүй тул С.Гантөгс нь*******ад гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэвэл зохих 3 сарын хүүнд нийт 2250000 төгрөг буюу сар бүр төлөгдөх байсан 750000 төгрөгнөөс 0.5 хувиар тооцож нийт 6750 төгрөгийг гэрээний 2.6-т зааснаар торгуульд төлөх үүрэгтэй гэж тооцов.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн шаардлагадаа торгуульд 840000 төгрөг гэж заагаад үүнийг мөн анз гэж тайлбарласан байна.

Харин гэрээнд зааснаар алдангийг тооцвол 2020 оны 03 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 10 хүртэл 17250000*0,3 хувиар хоног тутам, 2020 оны 7 дугаар сараас хойш 12250000 төгрөг*0,3 хувиар хоног тутам тооцож алданги шаардах эрхтэй гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч энэ дүнгээ 840000 төгрөг гэж тодорхой заасан тул энэ дүнгээр алданги шаардсан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулиар хориглосон хэм хэмжээг болон хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул*******, С.Гантөгс нарын хооронд байгуулсан хэлцэл, гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй, харин Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох эрхийн дагуу гэрээг байгуулсан гэж үзнэ.

Дээрх дүнг нэгтгэвэл хариуцагч нь үндсэн зээл 9500000+ хүү 2250000+ торгууль 6750+ алданги 840000=12596750 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Энэ хэмжээгээр шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулж, илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд тус тус өөрчлөлт оруулав.

Энэ өөрчлөлт нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан гэх үндэслэл болох тул энэ хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянан эрх хэмжээний хүрээнд дараах асуудлыг магадлалдаа заах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. Шүүх хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэж тогтоон шүүгчийн захирамж гаргасан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 3 удаа, үүнээс 2021 оны 6 дугаар сарын 11, 7 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч*******оос *******д олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийг *******д гардуулах эрх олгоогүй байхад түүнд гардуулсан байх тул нэхэмжлэлийг*******т гардуулж хариу тайлбар гаргуулах ажиллагаа гүйцэтгүүлэх хүсэлтээр, 8 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч******* нь интернэтгүй газар байгаа тул нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээр тус тус хойшлуулсан боловч дээрх шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамжид хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ хүсэлтийг хүлээн авч хангах болсон үндэслэлээ хэрэгт авагдсан итгэмжлэлүүд, шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын хүсэлт, шүүх хуралдааны тов мэдэгдсэн байдал зэрэг нотлох баримтуудад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. /хэргийн 77, 83, 92 дугаар хуудас/

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71, 71.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор хэргийг шийдвэрлэх үүрэгтэй атал энэ хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 01-нээс хойш хэтэрсэн байх бөгөөд хэрэгт мөн хуулийн 71.4, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсгүүдэд зааснаар хугацаа сэргээсэн гэх шийдвэр авагдаагүй тул шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасаар хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дотор явуулаагүй гэж үзэхээр байна.

3. Хэрэгт нэхэмжлэгчийн хариуцагч солих тухай хүсэлт хэргийн 22, 26, 31, 32, 40 дүгээр хуудсуудад нийт 5 удаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар 51, 57 дугаар хуудсуудад нийт 2 удаа авагдснаас гадна банкны дансны хуулгууд хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр авагдсан байна.

Эдгээр нь хэргийг хуульд заасан хугацааг үндэслэлгүй хэтрүүлж, хэргийн оролцогчийг чирэгдүүлэх зэрэг хүндрэл учруулсан гэх, мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх үндэслэл болохыг цаашид анхаарах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 144/ШШ2021/00071 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын 18840000 гэснийг 12596750 гэж өөрчилж, нэхэмжлэлийг гэсний дараа ..., нэхэмжлэлээс 6243250 төгрөгийг тус тус... гэж нэмж, 2 дахь заалтын 252150 гэснийг 216498 төгрөг гэж өөрчилж шийдвэрийг бусаад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 126890 төгрөгнөөс 114842 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Н.НАСАНЖАРГАЛ

     ШҮҮГЧИД                 Х.ГЭРЭЛМАА

                                              Ш.ТӨМӨРБААТАР