Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/06

 

2024     04        24                                                   2024/ДШМ/06               

 

 

Б.Урансайханд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Урансайханд холбогдох 2330003970283 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

2. Монгол Улсын иргэн, 1985 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 6 дугаар баг “*******”-ийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Нямдаа овогт Бадарчийн Урансайхан (РД:*******),

 

3. Шүүгдэгч Б.Урансайхан нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

         4. Хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч Б.Урансайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 5. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  1. Шүүгдэгч Нямдаваа овогт Бадарчийн Урансайханыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урансайханд 5 (тав) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урансайханд оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Урансайхан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалтайг анхааруулж, шүүхийн шатанд шүүгдэгч Б.Урансайханд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урансайханаас гэм хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд 2,730,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 450,500 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 9,900,000 төгрөгийг, нийт 13,080,500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэнд олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Урансайханаас 4,180,000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэн нар тухайн гэмтлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч Б.Урансайхан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогчид 1,050,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

  6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: Шүүх хохирлыг тооцохдоо нотлох баримтыг буруу үнэлж, шүүгдэгчийн төлсөн хохирлыг дахин төлүүлэхээр буруу тооцсон байна.

Шүүгдэгчийн зүгээс хохирогчид эмчилгээний болон шатахууны зардал төлөх, хохирогчийн хүсэлтээр өөрийн зардлаар Улаанбаатар хотод аваачиж эмнэлэгт үзүүлэх, баримт, үнэлгээг үндэслэн төлбөр төлөх зэргээр 1,820,000 төгрөгийн хохирол төлбөр төлж, түүнийг эмчлэн эдгэрүүлэхэд сайн дураараа туслалцаа үзүүлж ирсэн баримт хэрэгт авагдсан. Үүнээс гадна баримтаар 12 дугаартай 12000  төгрөгийн витамин, 20 дугаартай 5000 төгрөгийн вакус, 22 дугаартай эм 14350, 26 дугаартай эм 5100, 27 дугаартай эм 37500, 30 дугаартай автобусны зардал 42300, 48 дугаартай бинт 2500, гэмтсэн утас 327.000, нийт 445,000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл 12, 20, 22, 26, 27, 30, 48 дугаартай 7 баримтын 118.750 төгрөгийг давхардуулан гаргуулахаар тооцсон бол гэмтсэн утасны 327,000 төгрөгийг тогтоолд “гар утасны 445.000 ... нөхөн төлсөн” гэж буруу дүгнэсэн байна. Түүнчлэн 4 дугаартай 2 төрлийн ундаа, 34 дугаартай 8800 төгрөгийн кофе, гар нүүрийн алчуурыг 11.200 төгрөгөөр тооцсон, 35, 36 дугаартай 00 цаас, салфитк, гар нүүрийн саван, 47 дугаартай алим, 53 дугаартай дотуур хувцас, оймс, халуун сав, 54 дугаартай гар нүүрийн алчуур, табчик, оо, сойз, унтлагын хувцас, цагаан хэрэглэл, 60 дугаартай 2 төрлийн хоолны төлбөр зэрэг 8 баримтын 194,250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар тогтоосон нь үндэслэлгүй юм. Учир нь хүн биологийн хэрэгцээгээ хангах үүднээс хувцас, хоол хүнс авч хэрэглэдэг, хооллож ундалдаг тул тухайн зардлыг шүүгдэгчээс зайлшгүй гарах зардал гэж тооцох боломжгүй юм.

Мөн хохирогч хичээлийн хоцрогдол арилгах сургалтад хамрагдахаар  2,730,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх баримтаар нотлогдсон,  урьдчилан гаргуулахыг хуулиар хориглоогүй, “эд хөрөнгөд учирсан хохирол” хэмээн үзэж Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн, хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл шаардлага, бүрдэл хангаагүй нэхэмжлэхийн хуулбараар, эд хөрөнгөд учирсан хохирол гэж төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүх гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн  байдлыг харгалзан ял шийтгэл ногдууллаа гэх боловч шүүгдэгчид 5 сарын  хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэл ногдуулж, сэтгэцэд учирсан хохирлыг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэн үзэх нөхцөл,  шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй гэж үзэж байна.

 

Иймд шүүгдэгчээс төлөх хохирол төлбөрийн хэмжээг зөвтгөн, ногдуулсан ялыг багасган Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.19-ний өдрийн 49 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүсье гэжээ.

 

7. Насанд хүрээгүй хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэв.

 

9. Хяналтын прокурор Б.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэж өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

10. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Урансайханд холбогдох эрүүгийн хэргийг түүгээр хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж, тодруулан хэргийн үйл баримт болон гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаагүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

 

12. Шүүгдэгч Б.Урансайхан нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг  35 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Монгол даатгал”-ын хойд талын засмал зам дээр 36-66 СҮҮ улсын дугаартай “Toyota prius XW-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг хориглоно”, 15.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ... зам тавьж өгнө”, 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож, зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо явган хүний гарцаар гарч явсан 16 настай хүүхэд Б.*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь буюу бие махбодид умдаг ясны хэлтэрхий хугарал, тархи доргилт, баруун хацар, баруун, зүүн өвдөгт зулгаралт, хүзүү, нуруу, аарцгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан доорх нотлох баримтаар тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна. Тодруулбал:

- Насанд хүрээгүй хохирогч Б.*******ы: “... Би 16 цагийн үед  “Жавхлант” худалдааны төвөөс дэвтэр аваад хойшоо сургууль руугаа явж байгаад  явган хүний гарцаар замын голд хүрэхэд хойд талын уулзвар дээр улаан машин  зогсож байгаа харагдсан. Тэгээд нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Хажууд нэг эгч орилоод “нөхөр лүүгээ утсаа авахгүй болохоор нь дахиж залгах гэж байгаад ийм юм боллоо” гээд байсан. Би зүүн талаараа хэвтэж, хамар цус болсон, хоёр хөл хөдлөхгүй байхаар тэр эгчид “босож чадахгүй байна” гэж хэлэхэд эгч түргэн дуудсан.” гэх (1хх-85-88х),   

- Гэрч Н.Досмаагийн: “... Намайг 2023 оны 10 дугаар сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байхад манай эгч Бямбаа хэлэхээр нь би тасагт нь очиж  *******тай уулзахад баруун талын хацар, шанаа, чих шалбарсан, зовхи хөхөрсөн, чихээс шингэн юм гарсан байсан. Мөн баруун өвдөг нь зулгарч, зүүн өвдөг хөхөрч хавдсан байсан” гэх (1хх-97-100х),

- Гэрч Н.Сугарын: “... Би 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад манай дүү ******* над руу залгаад “би машинд дайруулчихлаа” гэхээр нь эмнэлгээс хурдан гарч “*******ийн 25-н айл”-ын орон сууцны урд талын уулзварт явж очиход улаан өнгийн приус-30 маркийн 36-66 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун тийш эргэдэг уулзвар дээр баруун тийш чигтээ явган хүний гарц дээр зогссон, харин манай дүү ******* машины өмнө нь толгой нь баруун, хөл нь зүүн урагш, бие нь баруун хойшоо харсан байдалтай хэвтэж байсан. Манай дүү чичрээд “миний хөл гар хөдөлж чадахгүй байна” гэж  хэлсэн” гэх (1хх -112-114х), 

- Гэрч Б.Осгоны: “... 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байхад манай охин Урансайхан над руу залгаад ээжээ би хүүхэд мөргөчихлөө яана аа гэсэн. Тэгэхээр нь би Жавхлантын хойд талын уулзвар дээр очиход  Урансайхан мөргөсөн охиныг өвдөг дэрээ толгойг нь тавиад сууж байхаар  харахад баруун талын хацар нь зулгарсан байсан. Тэгээд түргэний машин ирээд эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед охин хөл хөдөлж болохгүй байна гэж хэлсэн” гэх (1хх-123-124х) мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (1хх-142-144х),

   - Мөрдөгч М.Азбаярын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн магадлагаа (1хх-14-16х)

 - Эрх бүхий албан тушаалтнаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зам тээврийн осолд үзлэг хийхэд “хохирогч 1м 90 см-т шийдэгдсэн” тухай тэмдэглэл, гэрэл зургууд (1хх-6-11х),

         - Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (1хх-12-13х),

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023.10.25, 12.07-ны өдрийн 456 дугаартай “Б.*******ы биед умдаг ясны хэлтэрхий хугарал, тархи доргилт, баруун хацар, баруун, зүүн өвдөгт зулгаралт, хүзүү, нуруу, аарцгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсоноос умдаг ясны хугарал нь дангаараа  гэмтлийн хүндэвтэр зэрэгт,  бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус  хамаарагдана.” гэх дүгнэлт (1хх-26-27,74-76х),

- “Болор үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2302367 дугаартай “Samsung A51 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 327,000 төгрөг” гэх дүгнэлт (1хх-34-46х) зэрэг болно.

 

13. Прокуророос шүүгдэгч Б.Урансайханыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй Б.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчилсэн нь эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  байна.

 

14. Шүүгдэгч Б.Урансайхан нь өөрийн үйлдлийг ухамсарласны улмаас хохирол, хор уршиг учрахыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч, мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулан гэм буруугийн болгоомжгүй  хэлбэрээр үйлдсэн байна.

 

15. Хууль тогтоогчоос 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулан дараа оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр болж, даган мөрдөхөөр шийдвэрлэсэн ба  өмнөх зүйл, хэсгээсээ шинээр эрх хасах нэмэгдэл ял бий болж, торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ялын доод, дээд хэмжээнүүд ихсэж, хууль хүчин төгөлдөр болохоос өмнө  гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал дордсон байх тул шинэ хуулийг буцаан хэрэглэхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан зүйл, хэсгээр ял оногдуулах ёстой.

 

16. Шүүхээс Б.Урансайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцож, гэмт хэрэг үйлдэх үед буюу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр даган мөрдөж байсан хуулиар ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар тогтов.  

 

17. Мөн шүүгдэгч Б.Урансайханы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хуульд нийцсэн байна.

 

18. Шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэн нь шүүхэд ирж 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд оролцоод буцахдаа гарсан унааны зардал 436,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч, тухайн машин нь ямар шатахуун /дизель, бензин/ хэрэглэдэг, гэр нь хаана байдаг, түүнээс аймаг хүртэл хэдэн километр зэргийг нотолсон баримтыг, мөн насанд хүрээгүй хохирогч Б.******* нь баруун нүдний холын хараа муудсан тул 84,000 төгрөгийн нүдний шил худалдаж авсан тул уг хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, хөнгөн болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй ямар шалтгаант холбоотой болохыг нотолсон баримтыг тус тус цуглуулан жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дурдсан нь үндэслэлтэй байна. (1хх-224-226х)

         

           19. Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11С1 ангид суралцдаг бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр автын осолд орсноос хойш мөн оны 12 дугаар сарын 11-ийг хүртэл 21 хичээлийн 280 цагийн хоцрогдолтой учир түүнийгээ түргэн хугацаанд нөхөж арилгах үүднээс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “Өнгөт” хэвлэлийн байрны 2 дугаар давхрын 205 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Төсөл-сургалтын төв”-д суралцахад гарах зайлшгүй зардал 2,730,000 төгрөгийг, мөн Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 4,180,000 төгрөгийн зардал гаргасан тул 4,180,000 төгрөгийг, тус тус шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дүгээр зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасанд нийцнэ.  (1хх -168-169, 171-173, 221, 227х),

 

20. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д заасныг үндэслэн насанд хүрээгүй хохирогч Б.*******д сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоож, түүний нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заажээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.*******д сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоосныг өөрт болон хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэн, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат нарт танилцуулахад тэдгээрээс хүлээн зөвшөөрсөн байна. (1хх- 81х)

 

21. Мөн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*******д тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо гэмт хэргийн хөнгөн, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэнд буюу бие махбодид учирсан гэмтэл, түүнээс болсон өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо өндөр настай хүнийхээс илүү байх зэргийг харгалзан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдэх үед Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг хүснэгтэд заасан төлбөрийн дээд, доод хэмжээний дотор 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөгийг шүүгдэгч Б.Урансайханаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээ нь хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцжээ.

 

22. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг нь давж заалдах шатны шүүх хуралдаанд 118750 төгрөгийн үнэ бүхий 7 баримтыг давхардаж шүүхээс гаргасан гэдгээ нотолж чадаагүй, 194250 төгрөгийн үнэ бүхий 8 баримт нь эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэхтэй холбогдож гарсан зайлшгүй зардлууд байна. 

 

23. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс гаргасан “насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээ, хохирогч эрүүл мэндээ эмчлүүлэхтэй холбоотой гаргасан зардлын тухай” давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангах боломжгүй юм.

 

24. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэн нь “Өөлд-Ашид” эмийн сангаас 36000 төгрөгийн эм авсан нь нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулахаар, харин өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх хүрээнд өөрийн хүсэл зоригийн дагуу харилцан тохиролцож өмгөөлөгч авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул түүнээс өмгөөлөгчид төлсөн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тус тус дурдсан атлаа тогтоох хэсгийн 6 дахь заалтад тусгаагүй орхигдуулсан байх тул түүнд зохих өөрчлөлт оруулахаар болов. (1хх-222-223, 227х)

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:

   1.1. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шүүгдэгч Нямдаваа овогт Бадарчийн Урансайханыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “шүүгдэгч Нямдаа овогт Бадарчийн Урансайханыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

 

1.2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урансайханд 5 (тав) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урансайханд 5 (тав) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

1.3. Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урансайханаас гэм хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд 2,730,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 450,500 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 9,900,000 төгрөгийг, нийт 13,080,500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэнд олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урансайханаас гэм хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд 2,730,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 486,500 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 9,900,000 төгрөгийг, нийт 13,116,500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэнд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

 

1.4. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

           Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

                                ШҮҮГЧИД                          Г.УРТНАСАН

                                                                                              Ц.ЭРДЭНЭЗУУ