| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0092/З |
| Дугаар | 123/ШШ2025/0096 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 123/ШШ2025/0096
2025 12 01 123/ШШ2025/0096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК,
Хариуцагч: *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын, “*** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “Сумын тусгай хэрэгцээнд авах газар” хүснэгтийн 2 дахь хүснэгтийн *** нэртэй газрыг Отор саалийн бүс нутаг, бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчээс “*** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “Сумын тусгай хэрэгцээнд авах газар” хүснэгтийн 2 дахь хүснэгтийн *** нэртэй газрыг Отор саалийн бүс нутаг, бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан.
1.2. Нэхэмжлэгч: Г ХХК-иас *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын...*** нэртэй газарт 14,616,26 га талбайг тусгай хэрэгцээнд авсан заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол гаргасан.
Тус Хурлаас 2025 оны 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 04/40 тоот албан бичгээр “...уг тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж хүчингүй болгох үндэслэл болохгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг Г ХХК-д өгчээ.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компаниас 2025 оны 01 дүгээр сарын 06-нд *** аймгийн Засаг даргад Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан Аймгийн засаг даргаас өргөдөл гаргасан Ганц худаг нэртэй талбай нь *** сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан учраас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. *** нэртэй газрыг отор саалийн бүс нутаг бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан нь Газрын тухай хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.2-т заасныг зөрчсөн байна. Манай компани барилгын үйл ажиллагаа, барилгын материал үйлдвэрлэдэг. Элс хайрга олдохгүй үнэ нэмэгдсэн, олдсон нь чанар муутай байна. Иймээс чанартай түүхий эд, элс хайрга олборлох зорилгоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд, *** сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоол хууль бусаар саад учруулж байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тусгай хамгаалалттай газар, 16.1.6 дахь хэсэгт зааснаар аймаг дундын отрын бэлчээр, 16.1.7 дахь хэсэгт зааснаар тэжээлийн сангийн аж ахуй, хадлангийн талбай, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт зааснаар Засаг даргын өргөн мэдүүлснээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэсэн үндэслэлээр авсан гэсэн хариу тайлбар ирсэн. *** нэртэй газрын захирамж дээр отор саалийн бүх нутаг бэлчээрийг хамгаалах гэсэн байна. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11 дэх хэсэгт заасан зориулалтаас өөр болж байна. Худаг гэсэн үг орсон байгаа гэхдээ аймаг дундын отрын бэлчээрийг Засгийн газар тогтоодог. Зориулалтын бус учир хууль бус юм байна. Мөн Газрын тухай хууль орон нутгийн тусгай хэрэгцээнд дээрх 4 заалтаар авч болно гэж ганцхан заалт орсон. Өөр заалт байхгүй. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авна гэсэн мөртлөө орон нутгийн тусгай хэрэгцээнд авах журам байхгүй. Уг нь журмаар батлагдаж, хууль зүйн яаманд бүртгэгдэж байж явах ёстой. Тэгэхээр үүнийг Улсын тусгай хэрэгцээнд авах 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын 138 тоот тогтоол байдаг. Энэ бол улсын тусгай хэрэгцээнд авах журам орон нутгийн тусгай хэрэгцээнд авах журам биш. Гэхдээ орон нутгийн тусгай хэрэгцээнд авах журам байхгүй учраас энэ журмаар дүйцүүлэн үзэж энэ журмаар шийдэх бол Засгийн газарт заавал бүртгүүлэх юм байна. Мөн Ашигт малтмалын газар сумаас очсон бичиг баримтыг үзэж хуульд нийцсэн бол хүлээж авдаг. Хуульд нийцээгүй бол бүртгэдэггүй юм байна. Ашигт малтмалын лавлагаа нь хавтаст хэрэгт авагдсан. Бид энэ үндэслэлээр хууль бус гэж үзэж байна” гэжээ.
2.3. Хариуцагч *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баярсайхан шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Зарим газар нутгийг сумын тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах тухай” 04 тоот тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгох боломжгүй. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтад “Аймаг, сум нийслэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг сум нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг ашиглах журмыг тогтоох, гэж заасан нь газрыг сумын тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхийг тусгаж өгсөн. Тухайн газрын зориулалтаас шалтгаалан тусгай хэрэгцээнээс гаргах эсхүл цуцлах үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна”, 16.1.6-д “аймаг дундын отрын бэлчээр”, 16.2-д “Аймаг, сум, нийслэл дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно. Тус хуулийн 16.1.6 дахь заалт буюу отрын бэлчээрийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд Аймаг, сум нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 28 дугаар зүйлийн 3-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох бурэн эрхийг тусгаж өгсөн.
Хуульд газрыг тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхийг тусгаж өгсөн. Тухайн газрын зориулалтаас шалтгаалан тусгай хэрэгцээнээс гаргах эсвэл цуцлах үндэслэлгүй. Манай *** сум мал аж, ахуй дээр тогтдог. Газар тариалан гэдэг зүйл байхгүй. Зөвхөн мал аж ахуйгаар амьдардаг учир малчдын эрх ашгийг бид хөндөхгүйн тулд хэдэн малаа зун тус газар бэлчээдэг газарт нь бид тусгай зөвшөөрөл өгөх юм бол малчдын эрх ашиг хөндөгдөнө. Ургамал муудаж байгаа цаг үед хэсэгчилж уул уурхайн зөвшөөрөл өгөх боломжгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Баасанжав энэ чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулсан байх. Би хуучин багийн Засаг дарга байхад байгаль орчны улсын байцаагчтай танайхаар очдог байсан, 2012 оноос өдийг хүртэл манай *** сумын нутаг дэвсгэр Бөхөг голд хайрга дайрганы үйлдвэрлэл явуулж байгаа. Тэр үед нэр нь Г ХХК биш, Бөхөг билүү нэртэй байсан. Тэр газрыг нөөцгүй болж байгаа гэж тайлбарлаж байгаа. 2012 оноос хойш Бид хоосон газартай байгаа.Бидэнд өгөх газар байхгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Г ХХК-ийн “*** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “Сумын тусгай хэрэгцээнд авах газар” хүснэгтийн 2 дахь хүснэгтийн *** нэртэй газрыг Отор саалийн бүс нутаг, бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 04 дугаартай “Зарим газар, нутгийг сумын тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах тухай” тогтоолоор “...сумын газар нутгийн зарим хэсгийг сумын тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах тухай сумын Засаг даргын мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, түүнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, газрын бодлогын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 16 дугаар зүйлийн 16.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн к, 19.1 дэх заалтууд”-ыг тус тус үндэслэн, “сумын газар нутгийн 37372,26 га газрыг сумын тусгай хэрэгцээнд авах”-аар шийдвэрлэж, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар сумын тусгай хэрэгцээнд авсан газрын нэр, байршил, солбицлын цэг, тусгай хэрэгцээнд авах хугацаа зэргийг тогтоосон бөгөөд уг хавсралт хүснэгтийн 2 дахь хүснэгтэд “*** нэртэй газарт байрших 14616,4 га газрыг отор саалийн бүс нутаг, бэлчээрийг хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авах хугацаа 20 жил” гэж заажээ .
1.2. Г ХХК-иас 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан “...*** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын...*** нэртэй газарт 14,616,26 га талбайг тусгай хэрэгцээнд авсан заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол гаргасан.
Тус Хурлаас 2025 оны 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 04/40 тоот албан бичгээр “...уг тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж хүчингүй болгох үндэслэл болохгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг Г ХХК-д өгчээ.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2025 оны 01 дүгээр сарын 06-нд *** аймгийн Засаг даргад Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан Аймгийн засаг даргаас өргөдөл гаргасан Ганц худаг нэртэй талбай нь *** сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан учраас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. *** нэртэй газрыг отор саалийн бүс нутаг, бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан нь Газрын тухай хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.2-т заасныг зөрчсөн. Манай компани барилгын үйл ажиллагаа, барилгын материал үйлдвэрлэдэг. Элс хайрга олдохгүй үнэ нэмэгдсэн, олдсон нь чанар муутай байна, иймээс чанартай түүхий эд, элс хайрга олборлох зорилгоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн, *** сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоол хууль бусаар саад учруулж байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. ...” гэж тодорхойлжээ.
2.2. Г ХХК-иас *** аймгийн *** сумын нутаг Ганц худаг нэртэй газарт 147.6 га талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг *** аймгийн Засаг даргад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01/06-01 тоот албан бичгээр гаргасан,
2.3. *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө, оруулалтын хэлтсээс “...147.6 га талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний 146,3 га талбайтай давхцалтай байна...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг Г ХХК-д өгсөн,
2.4. Г ХХК-иас *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “.....” нэхэмжлэл гаргасан,
2.5. Тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 123/ШШ2025/0070 дугаар шийдвэрээр Г ХХК-иас *** аймгийн Засаг даргад холбодуулан гаргасан “Г ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан *** аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Г ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Шийдвэрийг 2025 оны 08 дуугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид гардуулсан, нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.
Гурав. Маргаж буй захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар авч үзвэл:
3.1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна: 16.1.6. аймаг дундын отрын бэлчээр” гэж, 16.2 дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7...-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтад “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.3.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж тус тус заажээ.
3.2. *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар тус сумын газар нутгийн зарим хэсгийг газрыг орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтад авах талаар хэлэлцэж, “*** нэртэй газарт байрших 14616,4 га газрыг отор саалийн бүс нутаг, бэлчээрийг хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд 20 жил хугацаагаар авч шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16 дах заалт, 16.2 дах заалт, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3 дахь заалтуудад тус тус нийцсэн байна.
3.3. Нэхэмжлэгч нь *** сумын нутаг Ганц худаг нэртай газарт 147,6 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг *** аймгийн Засаг даргад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан, харин, үүнээс өмнө буюу 2017 онд тухайн талбайг *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх тул уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
3.4. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 16.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн “*** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “Сумын тусгай хэрэгцээнд авах газар” хүснэгтийн 2 дахь хүснэгтэд *** нэртэй газрыг “Отор саалийн бүс нутаг, бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан нь хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН