| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0061/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор: Д.Ганчимэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхтөр,
Шүүгдэгч: С.Б, О.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, О.З нарт холбогдох 1829000630028 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Б, О.З нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Оюут улаан” ХХК-ийн эзэмшлийн гүний худгаас 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 18-ны өдрүүдийн хооронд гүний худгийн насос 1 ширхэг, тросс 122
метр, 60 метр урттай кабель утсыг машин механизм ашиглаж, хууль бусаар авч бусдад 773 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 2 сарын 16-ны шөнө насос авсан. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял шийтгэнэ үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.З мэдүүлэхдээ: “...2018 оны 2 сарын 16-ны шөнө насос авсан. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял шийтгэнэ үү.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанхуяагийн: “...”Оюут-Улаан” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Компанийн кемп нь сумын төвөөс зүүн тийш 63 км-т байрладаг ба кемпээс зүүн тийш 5 орчим км-т өрмийн ажилд хэрэглэдэг ус авах зориулалтаар ашиглаж байгаа гүний худаг юм. 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай ажилчин Оюунбаатар худгийн насос /220-2.2-6 тн/ 1 ширхэг, цахилгааны кабель утас /2.5 квт-н/ 60 метр, трос 122 метр зэрэг эд зүйлсийг алдагдсан талаар надад утсаар хэлж би цагдаад мэдэгдсэн. ...манай компанийн зүгээс хохирлоо бүрэн барагдуулан авсан гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-37-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Батжаргалын: “...Манайх сумын төвөөс зүүн тийш 70 км-ын зайд “Босгын бууц” гэх газарт нутаглаж байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой манай нөхөр З болон Б хоёр гэрт байж байгаад шөнө 22 цагийн үед мотоциклоо унаад хамт явсан. ...би хаашаа явж байгаа талаар асуухад юм хэлээгүй... тэгээд нэлээд хугацааны дараа хоёулаа буцаж ирээд унтсан ба маргааш өглөө нь тэр хоёр гэрээс гараад явахаар нь би дагаж гараад харахад юманд боосон зүйлийг дамжлаад гэрийн ойролцоогоос хойшоо явж хорооны хойно авч очоод тэнд газар ухаад булчихсан. Би “юу нуугаад байгаа юм” гэж асуухад тэр хоёр “насос байгаа юм хүнд битгий хэлээрэй” гэсэн түүнээс хойш хэд хоногийн дараа цагдаагийн машинтай хүмүүс ирээд тэр зүйлийг нь Бээр ухуулан гаргуулаад авч явсан. Тухайн үед З хониндоо яваад эзгүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Оюунбаатарын: “...”Хармагтай” кемп дээр баярын өдрүүдэд кемп хариуцаж үлдсэн. ...гүний худагт харуул хамгаалалт байхгүй өдөртөө нэг удаа очиж шалгадаг... 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө гүний худгийн насос 1 ширхэг, тросс 122 метр, 60 метр урттай кабель утас хулгайлчихсан байсан..”гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14-19-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 27-29-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 42-53-р хуудас/,
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №01/26 дугаартай дүгнэлтэд: “...худгийн насос, кабель утас 2,5 кВт, тросс зэрэг нь зах зээлийн үнэлгээ 773 800 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/,
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 83-р хуудас/,
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 84-р хуудас/,
С.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 85-р хуудас/,
О.Згийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 86-р хуудас/,
С.Б, О.З нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гурван талаас харуулсан зураг, гарын дардас, арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 89-103-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч С.Б, О.З нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Оюут улаан” ХХК-ийн эзэмшлийн гүний худгаас насос 1 ширхэг, тросс 122 метр, 60 метр урттай кабель утсыг машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч бусдад 773 800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанхуягийн “...Компанийн кемп нь сумын төвөөс зүүн тийш 63 км-т байрладаг ба кемпээс зүүн тийш 5 орчим км-т өрмийн ажилд хэрэглэдэг ус авах зориулалтаар ашиглаж байгаа гүний худаг юм. 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай ажилчин Оюунбаатар худгийн насос /220-2.2-6 тн/ 1 ширхэг, цахилгааны кабель утас /2.5 квт-н/ 60 метр, трос 122 метр зэрэг эд зүйлсийг алдагдсан талаар надад утсаар хэлж би цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-37-р хуудас/,
- Гэрч Ц.Батжаргалын “...2018 оны 02 дугаар сарын 16-ны орой манай нөхөр З болон Б хоёр гэрт байж байгаад шөнө 22 цагийн үед мотоциклоо унаад хамт явсан. ...би хаашаа явж байгаа талаар асуухад юм хэлээгүй... тэгээд нэлээд хугацааны дараа хоёулаа буцаж ирээд унтсан ба маргааш өглөө нь тэр хоёр гэрээс гараад явахаар нь би дагаж гараад харахад юманд боосон зүйлийг дамжлаад гэрийн ойролцоогоос хойшоо явж хорооны хойно авч очоод тэнд газар ухаад булчихсан. Би “юу нуугаад байгаа юм” гэж асуухад тэр хоёр “насос байгаа юм хүнд битгий хэлээрэй” гэсэн түүнээс хойш хэд хоногийн дараа цагдаагийн машинтай хүмүүс ирээд тэр зүйлийг нь Бээр ухуулан гаргуулаад авч явсан. Тухайн үед З хониндоо яваад эзгүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
- Гэрч Т.Оюунбаатарын: “...”Хармагтай” кемп дээр баярын өдрүүдэд кемп хариуцаж үлдсэн. ...гүний худагт харуул хамгаалалт байхгүй өдөртөө нэг удаа очиж шалгадаг юм... 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө гүний худгийн насос 1 ширхэг, тросс 122 метр, 60 метр урттай кабель утас хулгайлчихсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №01/26 дугаартай дүгнэлтэд: “...худгийн насос, кабель утас 2,5 кВт, тросс зэрэг нь зах зээлийн үнэлгээ 773 800 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/ ,
- Шүүгдэгч С.Б, О.З нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул тэднийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар бүлэглэн гүйцэтгэжээ.
Харин гэмт хэрэг үйлдэхийн өмнөх цаг хугацаанаас бэлтгэн, харилцан тохиролцож, машин механизм болох мотоциклыг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөнд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор буюу “учрах саадыг арилгах зорилгоор” ашигласан байх тул уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.
Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанхуягийн “манай компанийн зүгээс хохирлоо бүрэн барагдуулан авсан гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 33-37, 132-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч С.Б, О.З нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч С.Б, О.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Б, О.З нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
С.Б, О.З нарын гэмт хэргийг үйлдэхэд үүрэг, оролцоонд ялгамжтай нөхцөл илрээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэх шаардлагагүй.
Хэдийгээр шүүгдэгч нар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулна уу гэж хүссэн боловч тэдний үйлдсэн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэг тул мөн хуулийн 6.7, 7.1 дэх хэсгүүдэд заасан журмыг хэрэглэн “тэнсэх” үндэслэл байхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б, О.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанхуяг нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн худгийн насос 1 ширхэг, кабель утас 60 метр, тросс 122 метр, урт түрүүтэй өвлийн эрэгтэй 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц “Оюут-Улаан” ХХК болон С.Б нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл буюу “гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна” гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, “Дайун” маркийн улсын дугааргүй мотоциклыг О.Зд буцаан олговол зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Б, О.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сугирын Б, Тайж овогт Отгонсүрэнгийн З нарыг бүлэглэн “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б, О.З нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, О.З нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. С.Б, О.З нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн худгийн насос 1 ширхэг, кабель утас 60 метр, тросс 122 метрыг “Оюут-Улаан” ХХК-д, урт түрүүтэй өвлийн эрэгтэй 1 хос гутлыг С.Бт тус тус буцаан олгож,
мөн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, “Дайун” маркийн улсын дугааргүй мотоциклыг О.Зд буцаан тус тус олгосугай.
6. С.Б, О.З нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тус хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.Б, О.З нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Б, О.З нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА