Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/07

 

2024     05         21                                                  2024/ДШМ/07               

 

 

Э.Ууганбаярт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Б.Жамъяндорж,

шүүгдэгч Э.Ууганбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

1.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ууганбаярт холбогдох 2430000000010 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

2. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн зам засвар арчлалтын “Талын зам” ТӨХК-нд засварчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “*******” *******д түр оршин суух,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 24-нд эдэлж дууссан. 

мөн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, Хатгин овогт Энхбаатарын Ууганбаяр (РД:*******),

 

3. Шүүгдэгч Э.Ууганбаяр нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            4. Хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч Э.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

   5. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Хатгин овогт Энхбаатарын Ууганбаярыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Ууганбаярт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаяр нь түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шатанд шүүгдэгч Э.Ууганбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Ууганбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

  6. Тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдорж эсэргүүцэлдээ: Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж нь эрүүгийн 2430000000010 дугаартай Э.Ууганбаярт холбогдох хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

             Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Ууганбаярыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч Э.Ууганбаярт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Э.Ууганбаярт Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ууганбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ эрүүгийн хууль буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай  анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн нийтлэг хэм хэмжээг зохицуулах шинжээр нь эрх олгосон, үүрэг болгосон, хориглосон гэж ангилан үздэг билээ.

Түүнчлэн эдгээр хэм хэмжээг зохицуулж буй үүргийн зэргээр нь үүрэг болгосон буюу хориглосон (императив) болон эрх олгосон буюу зөвшөөрсөн (диспозитив) гэж ангилан үздэг ба уг зэрэглэлээс хамаарч эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон хэм хэмжээг шүүх аливаа нэгэн урьдач нөхцөлгүйгээр, ямар ч тохиолдолд заавал хэрэглэх үүрэгтэй болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э.Ууганбаяр нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялаа Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад эдэлж байх хугацаандаа шинээр гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй...” гэж үзэн, гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ялыг биелүүлээгүйд тооцож, эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэх байжээ.

Тодруулбал, ял эдлэх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж, цагдан хорих болон бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, гэмт хэрэгт шалгагдах явцдаа цахим бугуйвч зүүж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад байсан зэргээс үл шалтгаалан, гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ялыг биелүүлээгүй гэж үзэн, зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацаа, хоногийг тооцож, хорих ялаар солих нь эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцнэ.

Гэтэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т заасан “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170.4 Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солино. 170.2. дараах тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцно. 170.2.2.гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн; гэж тус тус заасныг үндэслэн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Ууганбаярт оногдуулсан 8 сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар сольж, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор, ял оногдуулах журмыг хэрэглэж ял оногдуулаагүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 болон 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон заалт тул шүүх тухайн хэм хэмжээг заавал хэрэглэнэ.

Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

7. Шүүгдэгч Э.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

8. Хяналтын прокурор Б.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            9.

 

 

 

+(976)-11-312513

 

 

[email protected]

Давж заалдах заалдах шатны шүүхээс дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ түүнд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

10. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ууганбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Ууганбаярыг 2023 оны 12 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд тус аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн “Малтай” байрны задгайд байх гэртээ хохирогч Э.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэнд нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн  торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Ууганбаярт энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

11. Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх үедээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцож, энэ зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны  нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих ёстой. Энэ зүйл, заалтууд нь императив шинжийг агуулсан шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх ёстой хэм хэмжээ юм.

 

 12. Шүүгдэгч Э.Ууганбаяр нь урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэн уг ялаа эдэлж байх явцдаа 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэрэгт холбогджээ. Үүний улмаас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар “эдэлсэн 2 сар 25 хоног, үлдсэн 5 сар, 5 хоног” гэсэн ялын тооцоо хийж, ялтанд цахим бугуйвч зүүгээгүй байна. /хх-58х/

 

 13. Шүүхээс түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа  хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглээгүй орхигдуулсныг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцэхгүй байна.

 

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар сольсны дараа сүүлчийн шийтгэх тогтоолоор өөр төрлийн ял оногдуулсан бол түүнийг дүйцүүлж тооцон хорих ял болгон бүгдийг нэмж нэгтгэх, сольсон хорих ял болон бусад өөр төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэх нь диспозитив шинжийг агуулсан зөвшөөрсөн хэм хэмжээ бөгөөд шүүхийн эрх хэмжээний асуудал юм.   

 

 15. Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүгдэгч Э.Ууганбаярт холбогдох 2430000000010 дугаартай эрүүгийн хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.   

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцлийг хангаж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

                                ШҮҮГЧИД                          С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                              Д.ГАНЗОРИГ