Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг

           Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор: В.Төгсбаяр,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

           Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1829000210034 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт “Эс Эм Эс Ти” ХХК-ийн эзэмшлийн 31-23 ӨМӨ улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийг тонож, эд ангийг хувьдаа завшин бусдад 3 340 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн төлөөлөгч Ц.Мөнхтайваны: “...”Эс Эм Эс Ти” ХХК-ийн 31-23 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн 4 ширхэг дугуй, 2 ширхэг шинэ 180А-тай аккумулятор, 300 литр түлш, ком түлхүүр, багаж, 50 тн даацтай домократ, кабин халаагч, халуун тогоо зэрэг эд зүйлс алга болсон. ...манай компанид 4,010,000 төгрөгийн хохирол учирсан... жолооч Б.Бын үрэгдүүлсэн эд зүйлсийн жагсаалтыг манай компани гаргаж ирүүлсэн. Тэр жагсаалтад бичигдсэн 100 литр түлш, халуун тогоо зэргийг жолоочоос нэхэмжлэхгүй байхаар шийдсэн. 100 литр түлш нь тээвэр хийх явцад зарцуулагдсан байх боломжтой мөн халуун тогоог Б авч үрэгдүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгаа тул эдгээрийг энэ хүнээс нэхэмжлэхгүй. Бусад үрэгдүүлсэн эд зүйлсийн үнэлгээгээр тогтоогдсон 3 340 000 төгрөгийг Б.Баас нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 16-20-р хуудас/,

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Ганчулууны: “...Цагаан хаданд явж байгаад манай нутгийн хүн Бтай таарсан. ...Ганц модонд хятад засварын газар гагнуурчнаар ажиллаж байтал Б над руу утастаад “чи машин барь би машин олчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “том машин барих ангилал байхгүй” гэж хэлтэл тэр хамаагүй миний барьж байсан машиныг барь гэсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б дээр очсон. Тэрээр 30-16 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн машиныг надад өгсөн. Өөрөө 31-23 ӨМӨ гэсэн машин аваад 11 дүгээр сарынн 26-ны өдөр гарсан. ...би нүүрсээ ачуулаад 12 дугаар сарын 06-ны орой хилээр гарч Ганц модонд очсон. Тэгээд 12 дугаар сарын 07-ны өдөр Ганц модонд Анд гэдэг буудалд амраад 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол руу гарах гэж байтал Уул гэдэг өвөр монгол хүн уулзъя гэж утсаар ярихаар нь Анд буудалд хүрч очиход “танай найз Б хаана байна. 31-23 ӨМӨ улсын дугаартай машиныг тоноод явсан байна. Тэр хүнээ олж ир гээд намайг зодоод хүчээр гадаад паспортыг булаагаад аваад явсан. Тэгээд би урд 3-4 хоног буудлын мөнгөгүй, идэх хоолгүй байж байгаад нүүрсний машины жолооч Баясгалан гэдэг хүнийг гуйгаад машины чиргүүлийн багажны хайрцагт нь нуугдаад хил зөрчин орж ирээд баригдсан. Би ТЕГ шалгагдаж байгаад шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан. Би энэ хүнээс болж ажил орлогогүй 2 сар болж байна. Мөн нутагтаа харьж чадахгүй нэр хүндээ нутгийн хүмүүсийн өмнө алдаж эдийн засгийн их хохирол амсаж байна. Би энэ хугацаанд ар гэрээсээ мөнгө авч байсан. Миний Хаан банкны хуулга дээр 1 678 471 төгрөг зарлагдсан мөн найзаасаа авсан 1 000 000 төгрөг нийт 2 678 471 төгрөг хэрэгт орж сэтгэл санаагаар хохирсон энэ хүнээс болж цаашид ямар нэгэн ажил хийхэд хүндрэлтэй болсон. Учир нь намайг тэнсэн харгалзах ялтай гээд ажилд авахгүй байгаа. Иймд сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг  нийт 4 678 471 төгрөг мөн хилийн цэргээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 325 000 төгрөгийг Баар гаргуулна. Одоогоор надад 577 336 төгрөгийн баримт байна. Бусад баримт нь хоол унаа гээд баримт аваагүй зүйл байгаа...  Баас дээрх мөнгийг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25-р хуудас/,

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Баясгалангийн: “...Б оочир шахаад дууссан бол хүрч ирээд машины чиргүүл холболцоод өгөөч гэхээр нь нэг Приус машин байхаар нь “Эс Эм Эс Ти” ХХК-ийн кемп хүргээд өгөө гэхэд 5 000 төгрөгөөр хүргэж өгсөн. Тэгээд Бын машины чиргүүлийг холбоод хашаанаас гарах гэтэл түлш нь дууссан байсан. ...машины хүйсийг тайлж түлшийг шавхаж байгаад асаагаад колонк дээр ирсэн чинь түлш өгөхгүй гэхээр нь би Бд “за энд ирчихсэн юм чинь чи өөрөө учраа ол би машин руугаа явлаа гээд алхсан... түүнээс хойш уулзаагүй байж байгаад 2 хоногийн дараа намайг 4-ийн постоор гарч байх үед Б утсаар залгаад “би ажил гараад  Улаанбаатар хотод ирчихсэн байна” гэсэн. ...Б машины чиргүүл холбоод өгөөч гэхээр нь Приус машинтай таксидаж очсон. Би дугуй, аккумулятор худалдсаныг огт мэдэхгүй. Тэгээд ч тэр машинтай хоёр хүн гэрэл тусгаж өгчхөөд яваад өгсөн. Хөгшин залуу хоёр эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35-р хуудас/,

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Болдбаатарын: “...12 дугаар сард өөрийгөө Говь-Алтайн хүн гэж ярьж байсан Бааска гэдэг хүнээс 3 ширхэг дугуй, 2 том машины аккумулятор зэргийг 700 000 гаруй төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед бэлэн мөнгө өгөөгүй дансаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,  

 “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №13/01 дугаартай шинжээчийн “... дугуй 4 ширхэг, халуун тогоо 1 ширхэг, аккумулятор 150АМ 2 ширхэг, кабин халаагч 1 ширхэг, домкрат 1 ширхэг,  дугуй дорцов 1 ширхэг, түлхүүр багажны ком,  дизель түлш 100 литр зах зээлийн үнэлгээгээр 4 010 000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-н 41-р хуудас/,

Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51-р хуудас/,

Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 52-р хуудас/,

Б.Бын гурван талаас харуулсан гэрэл зураг /хх-ийн 53-54-р хуудас/,

Б.Бын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 56-66-р хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 107-р хуудас/,

“Эс Эм Эс Ти” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тодорхойлолт, 31-23 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн алдагдсан эд ангийн жагсаалт /хх-н 108-111-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Ганчулууны хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-н 114-138-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

           Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт “Эс Эм Эс Ти” ХХК-ийн эзэмшлийн 31-23 ӨМӨ улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийг тонож, эд ангийг хувьдаа завшин хохирогчид 3 340 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            - Хохирогчийн төлөөлөгч Ц.Мөнхтайваны “...”Эс Эм Эс Ти” ХХК-ийн 31-23 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн 4 ширхэг дугуй, 2 ширхэг шинэ 180А-тай аккумулятор, 300 литр түлш, ком түлхүүр, багаж, 50 тн даацтай домократ, кабин халаагч, халуун тогоо зэрэг эд зүйлс алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-20-р хуудас/,

            - Иргэний нэхэмжлэгч Ч.Ганчулууны “...Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б дээр очсон. Тэрээр 30-16 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн машиныг надад өгсөн. Өөрөө 31-23 ӨМӨ гэсэн машин аваад 11 дүгээр сарынн 26-ны өдөр гарсан. ...би нүүрсээ ачуулаад 12 дугаар сарын 06-ны орой хилээр гарч Ганц модонд очсон. Тэгээд 12 дугаар сарын 07-ны өдөр Ганц модонд Анд гэдэг буудалд амраад 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол руу гарах гэж байтал Уул гэдэг өвөр монгол хүн уулзъя гэж утсаар ярихаар нь Анд буудалд хүрч очиход “танай найз Б хаана байна. 31-23 ӨМӨ улсын дугаартай машиныг тоноод явсан байна. Тэр хүнээ олж ир гээд намайг зодоод хүчээр гадаад паспортыг булаагаад аваад явсан. Тэгээд би урд 3-4 хоног буудлын мөнгөгүй, идэх хоолгүй байж байгаад нүүрсний машины жолооч Баясгалан гэдэг хүнийг гуйгаад машины чиргүүлийн багажны хайрцагт нь нуугдаад хил зөрчин орж ирээд баригдсан. Би ТЕГ шалгагдаж байгаад шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан. Би энэ хүнээс болж ажил орлогогүй 2 сар болж байна. Мөн нутагтаа харьж чадахгүй нэр хүндээ нутгийн хүмүүсийн өмнө алдаж эдийн засгийн их хохирол амсаж байна. Би энэ хугацаанд ар гэрээсээ мөнгө авч байсан. Миний Хаан банкны хуулга дээр 1 678 471 төгрөг зарлагдсан мөн найзаасаа авсан 1 000 000 төгрөг нийт 2 678 471 төгрөг хэрэгт орж сэтгэл санаагаар хохирсон энэ хүнээс болж цаашид ямар нэгэн ажил хийхэд хүндрэлтэй болсон. Учир нь намайг тэнсэн харгалзах ялтай гээд ажилд авахгүй байгаа. Иймд сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг, нийт 4 678 471 төгрөг мөн хилийн цэргээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 325 000 төгрөгийг Баар гаргуулна. Одоогоор надад 577 336 төгрөгийн баримт байна. Бусад баримт нь хоол унаа гээд баримт аваагүй зүйл байгаа...  Баас дээрх мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25-р хуудас/,

            - Гэрч У.Баясгалангийн: “...Б оочир шахаад дууссан бол хүрч ирээд машины чиргүүл холбоод өгөөч гэхээр нь нэг Приус машин байхаар нь “Эс Эм Эс Ти” ХХК-ийн кемп хүргээд өгөө гэхэд 5 000 төгрөгөөр хүргэж өгсөн. Тэгээд Бын машины чиргүүлийг холбоод хашаанаас гарах гэтэл түлш нь дууссан байсан. ...машины хүйсийг тайлж түлшийг шавхаж байгаад асаагаад колонк дээр ирсэн чинь түлш өгөхгүй гэхээр нь би Бд “за энд ирчихсэн юм чинь чи өөрөө учраа ол би машин руугаа явлаа гээд алхсан... түүнээс хойш уулзаагүй байж байгаад 2 хоногийн дараа намайг 4-ийн постоор гарч байх үед Б утсаар залгаад “би ажил гараад Улаанбаатар хотод ирчихсэн байна” гэсэн. ...Б машины чиргүүл холбоод өгөөч гэхээр нь Приус машинтай таксидаж очсон. Би дугуй, аккумулятор худалдсаныг огт мэдэхгүй. Тэгээд ч тэр машинтай хоёр хүн гэрэл тусгаж өгчхөөд яваад өгсөн. Хөгшин залуу хоёр эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35-р хуудас/,

            - Гэрч С.Болдбаатарын: “...12 дугаар сард өөрийгөө Говь-Алтайн хүн гэж ярьж байсан Бааска гэдэг хүнээс 3 ширхэг дугуй, 2 том машины аккумулятор зэргийг 700 000 гаруй төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед бэлэн мөнгө өгөөгүй дансаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг бусдын хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх бөгөөд шүүгдэгч Б.Баас хохирол төлбөрт 3 340 000 төгрөг нэхэмжилснийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б төлөхөө илэрхийлсэн.

            Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж зааснаар уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон оролцсон Ч.Ганчулууны бие эрүүл мэнд, нэр төр, эд хөрөнгөнд учирсан хохирол нэхэмжилсэн нь шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэгтэй шалтгаант холбоо байна гэж үзэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг  нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаар үүнтэй маргахгүй, төлөхөө илэрхийлж байх тул баримтаар нэхэмжилсэн 577 336 төгрөгийг түүнээс гаргуулах нь зүйтэй.

 Эрүүгийн хариуцлагын хувьд:

 Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан үзлээ. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарагдах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тулай овогт Баатарын Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 3 340 000 төгрөгийг хохирогч “Эс Эм Эс Ти” ХХК-нд, 577 366  төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ч.Ганчулуунд тус тус олгож, 4 415 135 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА