Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

2024    05         21                                              2024/ДШМ/08                  

                                                                                                                        

 

А.Жигмэддоржид холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:

прокурор Г.Бат-Оргил,

хохирогч С.*******,

хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат /цахимаар/, 

                      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч С.*******, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Жигмэддоржид холбогдох, 233000000124 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1. Монгол Улсын иргэн, 1995 онд Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт ******* сумын 4 дүгээр баг, “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, Хутаг овогт Алтангэрэлийн Жигмэддорж.

 

2. Шүүгдэгч А.Жигмэддорж нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газарт иргэн С.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж түүний хоёр гар руу өшиглөж, эрүүл мэндэд нь “баруун шууны яс, зүүн богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргил нь шүүгдэгч А.Жигмэддоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч А.Жигмэддоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулж, шүүгдэгч А.Жигмэддоржоос 4.129.400 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дансанд төлүүлж, хохирогч С.******* нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэрээр хохирогч С.*******т 6.500.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Хохирогч С.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2023 оны 05 сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд ******* сумын “******* *******” гэх газарт А.Жигмэддоржид зодуулж, баруун, зүүн гар хугарч эрүүл мэндээрээ хохирсон. Бямбаа эмч нь эмнэлгээс гарснаас хойш өөртөө анхаарал тавих, эргэж эмнэлгээр боолт цэвэрлэгээ муу хийлгэсэн гэж огт үндэслэлгүй зүйл ярьсан байна. Би анхны тусламжийг ******* сумын эрүүл мэндийн төвөөс авсан.  Дараа нь аймгийн гэмтлийн эмч У.Бямбаад үзүүлж, баруун гарынхаа шуунд хагалгаа хийлгэсэн. Эмнэлгээс гарснаас хойш 7 хоног аймгийн эмнэлгээр боолгож байгаад ******* сумын эрүүл мэндийн төвөөр боолгож байсан. Боолт хийлгэж байх хугацаандаа сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. ******* сумын эмнэлгээс гараад Улаанбаатарт очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд биеийн байдал хүнд байна их оройтож ирлээ гээд шууд хэвтүүлж хагалгаанд орсон. Эрүүл мэндээрээ хохирсноос хойш 6 удаа эмнэлэгт хэвтэж 5 удаа хагалгаанд орсон байдаг. А.Жигмэддоржоос 34 сая төгрөг нэхэмжилж, хуулийн дагуу шийтгүүлэхийг хүсэж байна. Мал маллуулсан хөлсөнд 2 сая төгрөг гаргуулахын тулд С.Болор-Эрдэнэ, А.Аззаяа нарыг гэрчээр асууж өгнө үү. Жигмэддоржоос нэхэмжилсэн 34 сая төгрөгийг аавын эгч Вера, аавын дүү Отгонбаяр, аавын хүргэн ах Пүрэвсүрэн, эх, эгч нараасаа авч хотод эмнэлэгт ойр байр түрээсэлж, хоол хүнсэнд, Сүхбаатар аймаг, ******* сумын хооронд явсан зардал, Улаанбаатараас Сүхбаатар аймаг, Сүхбаатар аймгаас ******* сум руу, *******ээс Улаанбаатарт орох зэрэг унааны зардалд хэрэглэсэн. Өнөөдрийг хүртэл баруун гар эдгээгүй учир малаа маллаж чадахгүй хөдөлмөрийн чадвараа алдсан хэвээрээ байна. Анхан шатны шүүх хурлаар шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийг 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь буруу гэж үзэж байна гэжээ.

 

6. Хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокуророос А.Жигмэддоржийг 2023 оны 05-р сарын 24-ний өдөр С.*******ийг унагаж өшиглөж зодож 2 гарын шууны ясыг хугалж гэмтэл учруулан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилснийг шүүх хянаж шийдвэрлэхдээ уг буруу зүйлчлэл, хууль буруу хэрэглэснийг засаж залруулалгүй ял завшуулж хөнгөн ял шийтгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол прокурор ял өөрчлөн сонсгож, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулж, хэргийг ирүүлэхээр заасныг шүүх хэрэгжүүлээгүй. А.Жигмэддоржийн үйлдлээс хохирогч С.*******ийн 2 гарын шуу яс хугарснаас зүүн гарын хугарсан шуу яс идээлж ясны идээт үрэвсэл үүсэж олон удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, шаналж зовсон төдийгүй анх гэмтсэн өдрөөс хойш 3-4 сар өөрийн гараар юм барьж өөртөө үйлчлэх, хувцсаа өмсөх, мал ахуйгаа маллах гэх мэт үйлдэл хийх боломжгүй бусдын тусламж, гар харж амьдарсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Хяналтын прокурор Г.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хэргийг үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэх тохиолдолд хохирогчид олон удаагийн гэмтэл учруулах замаар, мөн гэмтэл учруулахын тулд онц, хүчтэй өвдөлт, зовуурь үүсгэх, эсвэл сэтгэл санааны хүнд дарамтад оруулан, шаналгах зэрэг зориуд санаатай үйлдлүүдийг хүндрүүлэн зүйлчлэхээр хууль тогтоогч хуульчилсан талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдаж, тайлбарласан. Мөн дээрх хүндрүүлэн зүйлчлэх тохиолдолд дааруулах, халаах, өлсгөж цангаах гэх мэт ижил төсөөтэй үйлдлүүдээс байнга, тодорхой хугацаанд үйлдсэн байхыг хуульчилсан. Гэмт хэргийн тухайд тодорхой цаг хугацаанд тарчлаасан шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдсэний дараа буюу хоёр гар хугарсны улмаас малаа маллах, өөртөө үйлчлэх, хувцсаа өмсөх зэрэг гэмт хэргийн хор уршгийн улмаас үүссэн үр дагаврыг тухайн гэмт хэрэг үйлдэх үетэй холбон хүндрүүлэн зүйлчлэх нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Цаг хугацааны хувьд гэмт хэрэг үйлдэгдэж эхлэх буюу 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 18 цагийн үед шүүгдэгч А.Жигмэддорж нь хохирогч С.*******тэй хөдөө замд таарч, таарамжгүй үедээ маргалдаж, улмаар машинаас буулган, өшиглөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь халдаж, хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь тухайн богино цаг хугацаанд үйлдэгдэн, гэмт хэрэг төгссөн байгаагаас харахад дээрх гэмт хэргийн шинж хангагдахгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3.Шүүгдэгч А.Жигмэддорж нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газарт иргэн С.*******тэй маргалдаж, түүний хоёр гар руу өшиглөж, эрүүл мэндэд нь “баруун шууны яс, зүүн богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:

 

3.1. Шүүгдэгч А.Жигмэддоржийн “2023 оны 05 сарын 24-ний орой манай үеэл С.******* машинтайгаа явж байхаар нь би мотоциклтойгоо амдаж очин уулзаад "Чи яагаад төрсөн ээжийгээ хөөж туудаг юм бэ, ээжийнхээ хэдэн малыг өөрөө маллаж чадахгүй байна уу?" гэж хэлээд С.*******ийн нүүр рүү нь баруун гараараа 2 удаа цохисон. Тэгсэн С.******* явган зугтаахаар нь араас нь би мотоциклоо унаад гүйцэж очоод барьж авч, унагаагаад 2 удаа өшиглөсөн. Тухайн үед С.******* гараараа хамгаалаад байсан. Өшиглөх үед гар нь хугарсан байх гэж бодож байна. Би тэр үед хатуу хромон гуталтай байсан...” гэх мэдүүлэг /Хэргийн 32-34-р хуудас/,

 

3.2. Хохирогч С.*******ийн2023 оны 05 сарын 24-ний өдөр 18-19 цагийн хооронд эхнэрийн хамт Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад  А.Жигмэддоржтой уулзсан. А.Жигмэддорж: “Чи малаа авахгүй юм уу, мал чинь тараад хэцүү байна” гэсэн. Би тэгэхээр нь “ээж танайд авчирч тавьсан биз дээ” гэхэд машинд орж ирээд шууд миний нүүр лүү гараараа цохиж, миний гутлын түрийнээс чангааж, машины буруу тал руу чирч буулгаж миний толгой нүүр лүү цохиж, мөн гар хөл рүү өшиглөж чамайг ална гээд дайраад байхаар нь би явган зугтаасан. Миний араас мотоциклоо унаад хөөж ирээд намайг зодсон. Нүүр рүү өшиглөхөд би гараараа хамгаалсан. Тэгэхэд гар минь хугарсан байх...” гэх /Хэргийн 7-8 дугаар хуудас/,

 

3.3. Гэрч Л.Аззаяагийн “2023 оны 5 сарын 24-ний өдөр нөхөр бид хоёрыг явж байх замд А.Жигмэддорж мотоциклтой таарахаар нь уулзах гээд зогссон. Тэгсэн Жигмэддорж нь бид хоёртой мэндлээд манай нөхрийг “чи яагаад ээжийгээ хөөж, явуулсан юм, ээжийнхээ малыг өөрөө маллахгүй яасан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр "Би ямар хөөсөн юм уу, танайд ээж өөрөө тавьсан" гэхэд намайг буулгаад манай машин руу ороод манай нөхрийг зодож, эхэлсэн. Машин дотроос нөхрийг маань татаж гаргаж ирээд зодсон. А.Жигмэддорж нь манай нөхрийг хөөж туугаад өшиглөж цохиод байсан...” гэх /Хэргийн 11-12 дугаар хуудас/,

 

3.4.Гэрч Б.Мангалжавын “С.******* 2023 оны 6 сарын 12-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж, 14-ний өдөр хоёр шуу ясыг хадах мэс заслын эмчилгээ хийлгэсэн. С.*******ийн баруун гарын шууны яс дундуураа, гуравны нэгээр хөндлөн хугарсан байсныг металл ялтас, 4 ширхэг шургаар хадаж бэхэлсэн. Мөн зүүн гарын шуу яс нь урд 3/1-ээр хугарсан байсныг эвлүүлэн бэхэлсэн. 2023 оны 6 сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан.” гэх /Хэргийн 124-125-р хуудас/,

 

3.5. Гэрч У.Бямбаагийн “С.******* нь 2023 оны 6 сарын 12-ны өдөр хоёр гарын шуу хугаралтай, хүнд зодуулсан гэх тайлбартай манай мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. 2023 оны 6 сарын 14-ний өдөр хоёр шуу ясны хугарлыг ил аргаар эвлүүлж ялтас шургаар бэхлэх мэс засал амжилттай хийгдсэн. 2023 оны 6 сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. С.******* нь эмнэлгээс гарснаас хойш өөртөө анхаарал тавих, эргэж эмнэлгээр боолт цэвэрлэгээ муу хийлгэсэн байсан. Үүнээс үүдэж шарх үрэвсэж дахин эмчилгээ, хагалгаа хийхэд хүрсэн.” гэх /Хэргийн 128-129-р хуудас/ мэдүүлгүүд,

 

3.6. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай “С.*******ийн биед баруун шуу яс, зүүн богтос ясны далд хугарал бүхий гэмтэл учирчээ.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хэргийн 174-176-р хуудас/, 

 

3.7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаартай “Гэмт хэргийн улмаас С.*******ийн сэтгэцэд стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх шинжээчийн дүгнэлт /Хэргийн 183-184-р хуудас/,

 

3.8. Хохирогч С.*******ийн хоёр гарын рентген зураг /Хэргийн 190-192 дугаар хуудас/ зэрэг болно.

             

          4.Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хохирол төлсөн баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /Хэргийн 35-37, 40-46  дугаар хуудас/

 

5. Шүүгдэгч А.Жигмэддорж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирогч С.*******ийн гарыг өшиглөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл хийхдээ өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн, түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

6. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулжээ.

 

8. Шүүгдэгч А.Жигмэддоржийн үйлдлийн улмаас хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ч шүүгдэгч түүнд 6.500.000 төгрөгийг хохиролд нөхөн төлсөн, энэ гэмт хэрэг нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомж үйлчлэхгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буцаан хэрэглэхгүй талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогч С.*******ийн “А.Жигмэддоржоос 34 сая төгрөг нэхэмжилж, хуулийн дагуу шийтгүүлэхийг хүсэж байна” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.

 

9. “Хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн” гэх хууль зүйн ойлголтод гэмтэл учруулах үедээ хохирогчийг өвтгөн шаналгах, тарчилган зовоох, өлсгөж цангаах, осгоох, шатаах, хайрах, түлэх, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулах, ойр дотнын хүний дэргэд хүндэвтэр хохирол учруулж, тэднийг шаналгах зэрэг аргыг хамааруулж ойлгоно. Түүнээс гэмтэл учруулсны дараа олон удаа хагалгаанд орсон, эмчилгээ нь удаан хугацаагаар үргэлжилсэн нь “хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн” гэдэгт хамаарахгүй. Мөн хэрэгт авагдсан баримтаар хохирогчид “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэдэг нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар хүндрүүлэн зүйлчлүүлэхээр хэргийг буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул хүндрүүлэн зүйлчлэх ёстой” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

          Нэг. Хохирогч С.*******, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

         

          Хоёр. Шүүгдэгч А.Жигмэддоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                          О.БААТАРСҮХ

                                                                                    Д.ГАНЗОРИГ