2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04781

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27

191/ШШ2025/04781

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******** тоотод байрлах, Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: М ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Д ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр М ХХК-тай барилгын материал түрээсийн DUKH-2021/018 тоот гэрээ байгуулж, барилгын туслах материал 500*1200 хэв хашмал 40m, 100*100*1200 дотор булан 60ш, Сапуд Ѵ4 240ш, Сапуд Ѵ2 120ш тус тус түрээсэлж түрээсийн төлбөрт 11.790.200 төгрөг авахаар харилцан тохиролцсон. Гэтэл Мон консалтин констракшн ХХК барилгын туслах материал пумба салудыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй гэрээний төлбөр болох 11.790.200 төгрөгөөс барьцаа төлбөр 656.580 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 31-ны өдөр, урьдчилгаа 2.407.460 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус тус төлсөнөөс хойш нэг ч төгрөг нэмж өгөлгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8.726.160 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

М ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/Ш32024/0000 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй уг хаягтаа оршин суудаггүй шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Ингээд хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө гаргуулан авах боломжгүй нөхцөл байдал үүсэж, холбогдох утсаар нь ч холбогдож чадахгүй байна. Иймд М ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 184/Ш32024/21836 тоот захирамж, Д ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25/10 тоот шүүгчийн захирамж, үйлчилгээний ажлын үнэлгээний хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, алдангийн тооцоо, Хэв хашмал, дагалдах хэрэгсэл түрээсийн гэрээний тооцоо, гэрээний үлдэгдэл төлбөр болон алданги бүртгэл, Барилгын туслах материал түрээслэх гэрээ, нэхэмжлэх, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 5/6117 тоот албан бичиг, тооцооны үлдэгдэл зэрэг баримтыг ирүүлжээ. /хх 4-22/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д ХХК нь М ХХК-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас Д ХХК, нөгөө талаас М ХХК-г төлөөлж захирал Д.Ц нар тохиролцож DUKH-2021-0/8 тоот гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

3.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/Ш32024/21836 тоот захирамжаар М ХХК нь ******** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

4.Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сан http://opendata.burtgel.gov.mn цахим сайтаас М ХХК /РД:******/-ийн албан ёсны бүртгэлтэй хаягийг тодруулахад ******** тоот хаяг буюу шүүгчийн захирамж дахь хаягтай тохирч байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М ХХК-ийн оршин байрлах газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар М ХХК /РД:******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. М ХХК /бүртгэлтэй хаяг: ******* тоот/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч Н.Ш, утас:******** талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ