| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04337/И |
| Дугаар | 191/ШШ2025/04778 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/04778
| 2025 05 27 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ********* тоот хаягт оршин байрлах С ХК /Регистрийн дугаар: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Э.Т-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Э.Т нь С ХК-тай 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ******** тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 4.980.000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүү 20 хувь байхаар зээлж авсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4.980.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.813.429 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115.143 төгрөг, нийт 6.914.958 төгрөг болж хуримтлагдсаныг гаргуулах нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл зээлдэгч Э.Т нь ******** тоот хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг огт төлөхгүй С ХК-ийг хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байгаа тул эрэн сурвалжлуулах тухай захирамж гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга, Б.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 197/Ш32025/18101 тоот шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /3-12/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С ХК нь Э.Т-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас С ХК, нөгөө талаас Э.Т нар тохиролцож 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ******** дугаартай зээлийн гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ. /хх 7-8/
3.Дээрх гэрээ болон зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхийн лавлагаанд түүний оршин суух хаягийг ********тоот гэж тэмдэглэжээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 197/Ш32025/18101 дүгээр шүүгчийн захирамжаар ******** тоот хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Т-ыг оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогт Э-ын Т /РД: ********/ эрэн сурвалжилсугай.
2.Э.Тамир /бүртгэлтэй хаяг: ******** тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч Б.Б, утас:********/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ