Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/09

 

2024     05        21                                             2024/ДШМ/09                  

                                                                                                                        

 

 

Б.Бархаст холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр, “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жамъяндорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, 

                      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Б.Жамъяндоржийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бархаст холбогдох эрүүгийн 2330002550295 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ. 

 

1.Монгол Улсын иргэн, 1988 онд Баруун-Урт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баруун-Урт сумын 3 дугаар баг “*******”-ын ******* тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Тэмээчин овогт Бадамын Бархас (РД:*******),

 

2.Шүүгдэгч Б.Бархас нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “*******” гэх газар хохирогч Р.Очирбатын 2 хурга, 19 хонь, хохирогч Т.*******ын 2 хонь, нийт 23 хонийг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулж, 2.592.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “бусдын олон тооны мал хулгайлсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бархасыг бусдын олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б.Бархасыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

 

5.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн нийт нутгаар шуурсан цасан шуурганаар ижил сүргээсээ тасарч, өөрийн сүрэгт ирж нийлсэн байсан хохирогч Р.Очирбатын 2 хурга 19 хонь, хохирогч Т.*******ын 2 хонь буюу нийт 23 тооны хонины имийг шүүгдэгч Б.Бархас нь өөрчилж, зоо нурууг нь будгаар будаж харагдах байдлыг нь санаатайгаар өөрчилж, өөрийн өмчлөл, эзэмшилд авсан үйл баримт тогтоогдсон. Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан хуулийн заалтыг хэргийн нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл болон 17.12 дугаар зүйлийг тайлбарлахад эргэлзээ гарсан мэт утга агуулга бүхий байдлаар дурдаж, дүгнэсэн. Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг зөрчигдөхөд хүргэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 зүйлд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хууль хэрэглээний практик тогтоосон шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрт дурдахдаа “Ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг малын талаар шүүгдэгч нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно. Иргэний хуульд ийнхүү заасан үүргээ биелүүлсний дараа шүүгдэгч нь өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн малыг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй юм. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэхүү гэмт хэрэг бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм” гэж зааж хууль хэрэглээний практик тогтоосон. Шүүгдэгч Б.Бархасын хувьд өөрийнх нь сүрэгт шуурганаар ирж нийлсэн хохирогч нарын малыг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байж имийг өөрчлөх, нуруу зоог нь будах зэргээр нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр мал хулгайлах гэмт хэрэг төгссөн байтал анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгч Б.Бархасыг бусдын малыг хулгайлсан гэм буруутайд тооцож давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Монгол улс даяар өнгөрсөн жил цас зудтай, олон тооны мал үхэж, үрэгдсэн жил байсан. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Манай үйлчлүүлэгч тухайн үед Сүхбаатар аймгийн төвийн баруун талд 10 км зайтай өвөлжсөн. Хавар тийш нүүхээсээ өмнө саахалт айл болох Т.******* гэх айлд “манай сүрэгт нийлсэн мал байвал нүүхээс өмнө аваарай” гэсэн ч малаа аваагүй. Шинэ нутагт очоод ойр орчмын мал бүхий айлуудаас Б.Бархас өөр им тамгатай мал худалдаж авсан. Мөн хүний мал алга болгохоос сэргийлэн өөрийн имтэй адил им хийсэн талаар шүүгдэгч өөрөө мэдүүлдэг бөгөөд Б.Бархаст санаатайгаар мал хулгайлах санаа байгаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

3. Прокуророос шүүгдэгч Б.Бархасын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, ирүүлснийг анхан шатны шүүх хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн байна.

 

          4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч С.Ууганбаяр, Р.Оюунсүх нарын мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн эсэх, үнэлж шалгасан эсэх нь тодорхой бус, шийтгэх тогтоолдоо дурдалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх, шалгах журамд нийцэхгүй юм. /Хэргийн 9-18,  55-63 дугаар хуудас./ Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл буюу нотлох баримтад прокурорын яллах дүгнэлт хамаарахгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нотлох баримтаар үнэлж болохгүйг анхааруулъя. /Хэргийн 214 дүгээр хуудас/

 

5. Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан “Шүүгдэгч Б.Бархасыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баруун-Урт сумын “*******” гэх газар Р.Очирбатын 2 хурга, 19 хонь, Т.*******ын 2 хонь, нийт 23 хонийг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулж, 2.592.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Үүнд:

          5.1. Шүүгдэгч Б.Бархасын “Би  Р.Очирбатын эзэмшлийн 21 тооны хонийг мөн адил зүүн, баруун чихийг нь тайрч им хийж имнэсэн.” гэх / Хэргийн 61-63, 113-115, 165 дугаар хуудас/,

5.2. Хохирогч Р.Очирбатын “2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болсон шуурганаар Халзан сумын нутаг “Эрдэнэ ус” гэх газраас хургатай хонио алдсан. Мөн тэнд нутаглах Бархас гэдэг айлаас 2023 оны 6 сарын 06-ны өдөр 19 хонь, 2 хурга авсан. Бархас манай 19 хонины баруун болон зүүн чихийг үзүүрээс тайрч, өөрөө имнэж, зоо нуруун дээр нь улаан болон ногоон будаг түрхсэнээ хүлээн зөвшөөрсөн.” гэх /Хэргийн 22-30 дугаар хуудас/,

5.3.Хохирогч Т.*******ын “Бархасынх манай саахалт айл. 2023 оны 06 дугаар сарын эхээр Бархасын хониноос 2 хонь, 1 ямаагаа авахад манай 2 хонины зүүн чихийг үзүүрээс нь тайрсан байсан.” гэх  /Хэргийн 34-35, 45-54 дугаар хуудас/,

5.4.Гэрч Т.*******ын: “Очирбат нь Бархас гэх залуугаас 20 гаруй тооны хонио авсан. Бархас 20 гаруй хонийг бүгдийнх нь имийг мухарлаж, им хийсэн байсан” гэж ярьж байсан.” /Хэргийн 45-47 дугаар хуудас/,

5.5. Эд зүйлд үзлэг хийсэн “Хохирогч Т.*******ын Бархасын гэрээс очиж авсан гэх 2 хонь, 1 ямааг заалгаж үзлэг хийхэд 2 хонины баруун чих цуулга, зүүн чих араасаа догол имтэй байх боловч чихний үзүүр хэсгийн хайчилсан. Мөн 1 ширхэг ямаа нь ямар нэг будаг, имгүй байсан.” гэх тэмдэглэл / Хэргийн 9-11 дүгээр хуудас/,

5.6. Эд зүйлд үзлэг хийсэн “Хохирогч Р.Очирбатын 21 тооны хонийг заалгаж үзлэг хийхэд баруун, зүүн 2 чихийг тайрч имнэсэн, 21 тооны хонь нуруун дээрээ улаан, ногоон өнгийн будагтай байсан.” гэх тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Бархас нь өөрийн хонин сүрэгт нийлсэн хохирогч Р.Очирбат, Т.******* нарын 23 хонийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэлгүйгээр, зүүн, баруун чихний үзүүрийг тайрч, хуучин имийг өөрчилж, нуруун хэсэгт улаан, ногоон будаг түрхсэн нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.  /Хэргийн 12-18 дугаар хуудас/

 

          6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтын талаар шийтгэх тогтоолдоо дурдаж бичсэн боловч энэ зүйл, хэсгийг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй, хэрэглэсэн эсэх нь тодорхой бус байна. /Хэргийн 214 дүгээр хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ...” гэдэгт гэмт хэргийн шинж, гэм буруу ба хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий эргэлзээ үүсэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, энэ нь хуульд үүссэн эргэлзээ бус харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг хэлнэ.  Иймд “энэ хэргийг хянан шийдвэрлэхэд энэ зүйл, хэсгийг хэрэглэхгүй, шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна” гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          7.Прокуророос “Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүгдэгч ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй малын талаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн малыг орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дараа хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завшсан” гэмт хэрэгт тооцно. Гэтэл шүүгдэгч хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй малыг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан тул анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шийдвэрлэснийг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй байна.

 

          8.Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

          Нэг. Хяналтын прокурор Б.Жамъяндоржийн эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

          Хоёр. Шүүгдэгч Б.Бархаст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                               ШҮҮГЧИД                         О.БААТАРСҮХ

                                                                           Д.ГАНЗОРИГ