Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Хохирогч: П.Шинэчимэг,

Шүүгдэгч: М.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Баяуд овогт Мягмарын Мд холбогдох 1708025800060 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч М.М нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт өөрийн хамтран амьдрагч П.Шинэчимэгтэй мөнгөний асуудлаас болж маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгойн тус газарт гараараа цохиж, тамхины ишээр гарын бугалганы хэсгийг түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М: Би Цагаанхадан дээр найзтайгаа хамт архи уусан. Эхнэр кабиндаа хоол хийж байсан. Тэгээд би орж ирээд мөнгөний асуудлаас болж маргалдаад хүзүү хэсэг рүү нь 3 удаа цохьсон, хойд орон дээр хэвтэж байсан болохоор тамхиа хаях гээд цонх руу шидэхэд эхнэрийн гаран дээр оносон. Үүнээс болоод эхнэр жижиг машинтайгаа Улаанбаатар хотруу гэрлүүгээ явсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Шинэчимэг: “Бид 2 Цагаанхадан дээр байрлаж байхад М найзтайгаа хамт архи уучихаад ирсэн. Би хоол хийж байхад орж ирээд найз нь хажуунаас сонин юм яриад байсан. Би банкны мөнгөө хийсэн байсан. Надаас мөнгө байна уу? гэхээр нь байхгүй би 2 банкныхаа мөнгийг хийчихсэн гэсэн чинь чи хэлэхгүй мөнгө хийлээ гээд уурлахаар нь би ааштай болохоор өөдөөс нь аашилсан. Дахин гарч архи уух гэж байсан байх, хоол хийгээд халуун байсан учир майктай байсан. Ард ороод хэвтчих гэсэн чинь ороод хэвтсэн. Найз нь буугаад явахад хоолоо идчихээд хэвтэх гэж байхад нөгөө найз нь эргэж ирээд ганц юм ууя гээд байхаар нь би түүнийг хөөгөөд яах гээд байгаа юм, хоёрын хооронд юман дээр дандаа ир гэж байдаг юм, гээд загинасан. Тэгээд нөгөө найз нь хаалга хаагаад явсан. Түүнээс болж маргалдаад би машинаасаа буугаад Улаанбаатар хот руу яваад өгсөн. Би хотод очоод хүнд хэлээд цагдаагаас асуусан чинь өргөдөл бичээд өгчих гэсэн. Тухайн үед сайн мэдэхгүй өргөдөл бичиж өгсөн. Толгой өвдөөд байхаар нь эмчид үзүүлсэн чинь доргилттой байна гэж хэлсэн. Эргэж ирээд хэсэг хугацаанд байж байгаад Цагаан сарын үед буцаад явсан. 3 дугаар сар өнгөрөөгөөд Цагаан хадан дээр ирж ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Одоо надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Прокурорын сонсгосон торгох ялыг багасгаж өгнө үү. Бид хоёр 2 банкинд зээл төлдөг учир өндөр тогууль төлөхөд хүндрэлтэй байна.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Шинэчимэгийн өгсөн: “...2015 онд хамтран амьдарснаас хойш гэр бүлийн маргаан үүсгээд намайг цохиж зоддог болсон. Хамгийн сүүлийн жишээгээ ярихад 2017 оны 11 сарын 18-нд муудалцахад нөхөр намайг элдвээр хэлж, доромжилж байснаа гараараа толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Дараа нь гараас татаж тамхины ишээрээ булчин хэсэгт түлсэн. М нь намайг хамт амьдарснаасаа хойш 5-6 удаа цохиж зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Шинэчимэгийн өгсөн: “...М.М нь 2017 оны 11 сарын 18-ны өдөр нөхөр бид 2 гэртээ байсан. М ганцаараа 0,5 литрийн Ерөөл архи ганцаараа уусан, согтсон хойноо намайг хэл амаар доромжлоод миний гар хэсэгт гараараа 2 удаа цохиод орлуу түлхэж унагасан. надад хандаж чамайг би ална, алсан байхад хэн чамайг нэхэж ирэх гэж хэлсэн. Намайг болон манай хүүхдүүдийг элдвээр доромжилж байсан. М нь архи уусан дараагаа намайг зодож дарамталдаг. ...2016 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө М эрүүл байхдаа намайг хөл рүү өшиглөөд баруун шилбийг хугалсан ба хөлөө хугалсны дараа гэртээ эмчилгээ хийлгэсэн. ...Өмнөговь аймагт байхдаа намайг үсдээд газар мөргүүлсэн, дараа нь миний дух хавдсан байсан. М намайг зодсоныхоо дараа уучлал гуйгаад дахиж зодохгүй гэдэг байсан болохоор би цагдаад мэдэгдэж байгаагүй. Одоо манай нөхөр бэлэг эрхтэндээ вазелин хийлгэчихээд надтай хүчээр бэлгийн харилцаанд ороод байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн №14616 дугаартай шинжээчийн:

  1. П.Шинэчимэгийн биед тархи доргилт, баруун, зүүн бугалганы өнгөц шарх тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь өндөр температурын болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/

      -  “Натур эмнэлэг” компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 38-р хуудас/,

- Шүүгдэгч М.Мгийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 48, 60-р хуудас/

- Шүүгдэгч М.Мгийнял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/,

-Шүүгдэгч М.Мгийн Захиргааны зөрчилд холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-77-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, түүнд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянаад дараах дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт өөрийн хамтран амьдрагч П.Шинэчимэгтэй мөнгөний асуудлаас болж маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгойн тус газарт гараараа цохиж, тамхины ишээр гарын бугалганы хэсгийг түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Шинэчимэгийн өгсөн: “...2015 онд хамтран амьдарснаас хойш гэр бүлийн маргаан үүсгээд намайг цохиж зоддог болсон. Хамгийн сүүлийн жишээгээ ярихад 2017 оны 11 сарын 18-нд муудалцахад нөхөр намайг элдвээр хэлж, доромжилж байснаа гараараа толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Дараа нь гараас татаж тамхины ишээрээ булчин хэсэгт түлсэн. М нь намайг хамт амьдарснаасаа хойш 5-6 удаа цохиж зодсон” гэх мэдүүлэг

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн №14616 дугаартай шинжээчийн: “П.Шинэчимэгийн биед тархи доргилт, баруун, зүүн бугалганы өнгөц шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр температурын болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч П.Шинэчимэг  нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч М.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч М.Мгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд улсын яллагчаас санал болгосон 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялын хэмжээг багасган хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна гэж дүгнэлээ.

  Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Шинэчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баяуд овогт Мягмарын Мг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 800 /найман зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 800 /найман зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА