Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/648

 

           

 

 

  2024             5             30                                         2024/ДШМ/648          

 

 Б.А-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

хохирогч С.Ч,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Батаа, Р.Пүрэвлхам, Б.Ууганбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар, Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.А-т холбогдох эрүүгийн 2006008683668 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ы А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .... мэргэжилтэй, “........” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дугаар хороо, .... нийтийн байрны .. тоотод түр оршин суух, /РД: ............/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн
667 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр
зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын
хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “........” ХХК-тай ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, уг түрээсийн талбайг давхар түрээслэх зорилгоор иргэн Б.М-тэй холбогдож, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 лангуу түрээслүүлэхээр 1.000.000 төгрөг, нэг сарын барьцаа 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар Хаан банкны өөрийн
............... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

улмаар хохирогч Б.М-ийг өөрийн эрхлэн явуулдаг Монголын үйлдвэржилт
инновацын төвөөр дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард улс руу аялалд хамруулж, 2019
оны 11 дүгээр сарын 17-ны өдөр жуулчдыг Бээжин хотод байх үед аяллыг хариуцан явсан
өөрийн ажилтан Д.Н-ээр дамжуулан 6.000 юань зээлээч, өглөө банк онгойхоор
өгье хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 6.000 юань буюу
2.312.580 төгрөгийг бэлнээр авч залилсан,

“Ехро tour” гэх нэртэй фэйсбүүк хаягт “Турк улсад тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд
явуулж өгнө” хэмээн зар байршуулж, зарын дагуу холбогдсон С.Ч-тай Сүхбаатар
дүүргийн 10 дугаар хороо, “Рrо оnе” оффисын 6 дугаар давхарын 608 тоотод үйл ажиллагаа явуулдаг “................” ХХК-ийн байранд уулзаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Аялал жуулчлалын гэрээ” байгуулан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч С.Ч-аас “................” ХХК- ийн Голомт банкны ............. дугаарын дансаар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 9.180.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 9.180.000 төгрөгийг, нийт 18.360.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Рrо оnе” төвд үйл ажиллагаа
явуулж байсан “................” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа цахим
хэрэгсэл буюу фэйсбүүкт “Европын орноор аялуулна” гэж зар байршуулан зарын дагуу
очсон хохирогч Х.А, Ч.О нарыг “Europe Cruise” аялалд хамруулан Европын 3
орноор аялуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, гэрээ байгуулан 2022 оны 5 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд 33.674.400 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Рго оnе” оффисын 6 дугаар давхарын 603 тоотод байхдаа Итали, Испани, Франц улсуудын 7 хотоор 7 шөнө, 8 өдрийн аялал хийх ба нэг хүний 10.233.600 төгрөг болно, урьдчилгаа 50 хувийг хийх юм бол гэрээ баталгаажиж визний ярилцлагад орно гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, хуурч, баримт бичиг ашиглаж, аяллын гэрээгээр халхавчлан хохирогч П.Б-аас Голомт банкны ............. дугаартай “................” ХХК-ийн дансаар 2 хүний урьдчилгаа төлбөр болох 10.233.600 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкт “Турк улсад 7 төрлийн Экспо нэг дор үзэх бизнес аялалд явуулна” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг бий болгон, зарын дагуу холбогдсон З.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бизнес аялалд явуулна гэж итгүүлэн аяллын гэрээ байгуулж, 18.360.000 төгрөгийг Голомт банкны
............. дугаарын данс руу шилжүүлэн авч бусдыг залилж, бусдаас бэлнээр болон
дансаар нийт 84.940.580 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-ийг  үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 16.837.200 төгрөгийг гаргуулж хохирогч Х.А-д, 16.837.200 төгрөгийг гаргуулж хохирогч Х.О-т тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Ууганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.А нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулалгүй болсон үйл явдлыг нэг бүрчлэн мэдүүлсэн. Мөн өмгөөлөгч би Б.А-ийн гэм буруутай эсэх талаар огт маргахгүй байх ба зөвхөн шүүхээс оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэн өөрчлүүлэх зорилгоор энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/196
дугаар шийтгэх тогтоолын тодорхой хэсэгт шүүгдэгч Б.А-гийн эрүүгийн хариуцлагыг
хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн хэрнээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн эрүүгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэхээр байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол,
хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн
хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой
байтал шүүгдэгч Б.А-ийн зайлшгүй харгалзан үзэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан
үзээгүй гэж дүгнэхээр байна. Эрүүгийн хуулийн зорилгод Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тухайн гэмт хэрэг хийсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршидог. Миний үйлчлүүлэгч Б.А-ийн хувийн байдал нь маш хүнд өвчтэй эмчийн хяналтанд байдаг, аавыгаа асрахын хажуугаар бага насны охиноо /2 настай/ асран халамжилдаг. Энэ байдлыг нь оршин суух харьяаны засаг захиргааны байгууллагууд нь бүгд мэддэг. Өөрөө мөн адил эмчийн хяналтанд хүнд хэлбэрийн астамтай, сахартай, удаа дараа сүрьеэ өвчин туссан хяналтанд байдаг түүхтэй. Ингээлээ гээд тэрээр зүгээр суугаагүй бусдын аз жаргалын төлөө олон ажил хийж зохион байгуулсан. Дээрх хөдөлмөр гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлэн “Алтан гадас” одонгоор хүртэл шагнаж урамшуулсан байдаг нь энэ хүнийг ямар хүн бэ гэдгийг элтгэн харуулж байгаа юм. Тэр дундаа Аялал зуучлалын салбарт нийт 5 жилийн хугацаанд Турк, Хятад , Ветнам, Малайз, Сингапур зэрэг улс руу олон улсын экспо үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын иргэдээ зуучлан, авч явж 6.000 гаран хүний ирээдүйд ямар ажил үйлчилгээ хийж амьдрах тэр суурийн тавьж бусдад үр дүнтэй аялал зохион байгуулсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалт, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалт, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох бөгөөд түүний үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгасан байх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл үүссэн байгаа байдал юм.

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин
сэтгэлээсээ гэмшиж, ойлгон ухамсарласан. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ гэдэг нь маш
чухал, энэ талаараа одоо ч, өмнө нь анхан шатны шүүх дээрээ ч илэрхийлдэг. Шүүгдэгч
өөрөө ч гэсэн энэ талаараа хэлж ар гэрээ ийм байдлаар зовоосондоо, цаашид зовоохгүй
гэдгээ хэлж ярьж гэмшиж байгаа болно. Мөн өөрийн төрсөн 2 настай охиноо харж хандах
хүнгүй, өвчтэй эцэгтэй харуулчихаад өөрөө хоригдсон зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан
үзнэ үү. Хоригдож байх хугацаанд нийгэмд учруулсан хор уршигаа бүрэн төлж
барагдуулсан болно.

Иймд Сүхбаатар дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолоор Б.А-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасны дагуу ганц бие эцэг тул хорих ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 болон 1.2 дахь хэсгийг үндэслэн ялыг биечлүүлэн эдлүүлэхгүй хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорихоос өөр төрлийн ялын санкцын доод хэмжээ болох 10.000 нэгжээр торгох ялаар сольж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

“К” ХХК-тай гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрөө шилжүүлэн,
дээрх компани үйлчилгээ явуулах боломжийг хангах ёстой байсан хэдий ч улсын
комисст өгөөгүйн улмаас үйл ажиллагаа явуулах боломж хаагдсан. Гэтэл шийтгэх
тогтоолд .... давхар түрээслэх зорилгоор .... хуурч бодит байдлыг нуух замаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл, аялалд явсан хүмүүсийн нэгдсэн байдлаар нэг төвтэй болох гэсэн санаа санаачлага байсныг, мөн цаг хугацаандаа дээрх компани үйл ажиллагаа явуулах боломжийг гаргасан бол гэх зэрэг нөхцөл байдлыг тогтоолгүйгээр ямар бодит байдлыг нуусан гэж үзэж дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй.

Мөн БНХАУ-д хүмүүсийн аялалын явцад гарсан хүндрэлтэй байдлыг даван
туулахад хэрэглэх зорилгоор зээлж авсан мөнгийг мөн л бодит байдлыг нуух
замаар төөрөгдөлд оруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд тухайн үйл
явдалд дээрх мөнгийг хэрэглэсэн байтал анхан шатны шүүх “өглөө өгнө” гэж
хуурсан гэх дүгнэлтийг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн миний
үйлчлүүлэгч Мөнхцэцэгээс зээлж авсан гэх мөнгөний зарим хэсгийг эрүүгийн хэрэг
үүсэхээс өмнө буюу яллагдагчаар татагдахаас өмнө төлсөн төлбөрийг ч хасаж
тооцолгүй зөвхөн яллах талыг барьсан прокурорын яллах дүгнэлтээр шийдвэрлэсэн
нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Хохирогч гэх С.Ч-ыг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан, зохиомол
байдлыг бий болгон залилсан гэх дүгнэлтийг юунд тулгуурлан, ямар үйл
баримтаар яаж төөрөгдүүлсэн болон хуурсан, ямар зохиомол байдлыг бий
болгосон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. С.Ч гэх хүний аялахаар байгуулсан гэрээний дагуу онгоцны билет захиалагдсан, зочид буудал захиалагдсан байсан ч бүх зохион байгуулалт хийгдсэний дараа ар гэрийн гачигдлын улмаас аялалаа цуцалсан байтал залилахын тулд хуурч улмаар зохиомол байдал бий болгон төөрөгдүүлсэн гэх шүүхийн дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй таамгаар буруутгасан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүх нь шалтгаан, нөхцөлийг “агаараас” дүгнэх биш харин
хуралдааны явцад нотлох ёстой биш үү. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй байна.

Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн. Учир нь, дээрх М, Ч нарын үйлдэл нь гэмт хэргийг шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа байсан бөгөөд харин О,
А, Б нарыг “Europe Cruise” гэх аялалын тухайд визний цаг нь
боломжит хугацаагаар байсан бол хэрэгт авагдсан орчуулгын үйл ажиллагаа
эрхэлж байсан этгээдүүдийн бодит боломж гэж хэлсэнийг биелэгдэх боломжтой
гэж үзэж захиалга авч гэрээ байгуулсан хэдий ч визний цаг байхгүй удах шинжтэй
гэх үйл баримтаас шалтгаалан маш олон хүнээс авч болох байсан захиалгыг шууд
таслан зогсоож дээрх хүмүүстэй гэрээгээ цуцлан төлбөрийг буцаан олгохоор
тохиролцсон байсан. Тодруулбал, өөрийн байнгын үйлдэж байсан, одоо ч хийгдэж
байгаа БНХАУ болон Турк улс руу хийж байсан бизнес аялалаас арай өөр хэдий ч
боломжтой гэж тооцоолж гэрээ хийсэн байдаг. Тиймээс анхнаасаа залилах гэсэн
сэдэл, санаа зорилгогүй байсан хэдий ч “ВИЗ” гэх нөхцөл байдлаас хамааран
визний цаг олдохгүй, хойшлох байсан гэсэн шалтгаанаар гэрээгээ зогсоосон
үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх үндэслэлээр хэргийг
хэрэгсэхгүй болгох гэсэн санааг агуулсан болно.

2.  Шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үүсэх эргэлзээ нь гэм бурууг тогтоож
байгаа нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу
үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхээр тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч
Б.А-ийн гэм буруутай эсэхийг нотлон тогтооход дараах эргэлзээ үүсэж
байна.

Шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад
үндэслэх бөгөөд нотлох баримт нь ямар нэгэн эргэлзээгүй байх ёстой. Анхан
шатны шүүх Б.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, түүнийг эргэлзээгүйгээр тогтоох зарчим буюу нотолгооны стандартыг баримтлаагүй. Давж заалдах шатны шүүхэд нотлох баримтыг шинжлэн судлуулах хүсэлтийг гаргаж байгаа бөгөөд нотолгооны зарчим алдагдсан үйл баримтыг баримтын хүрээнд нотлох нь зүйтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл бологохгүй ... гэж илт тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, шинжлэн судлах
баримтад гэм буруутайд тооцоход эргэлзээтэй баримтууд байсан бөгөөд давж
заалдах шатны шүүхэд нотлох баримтыг шинжлэн судлуулах замаар нотлох хүсэлтээ гаргаж байна. Жишээ нь:

1. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа төдийгүй яг байрандаа
ажлын байр нь байсаар байгаа,

2. Нийт 88 удаагийн бизнес аялал зохион байгуулж, 180-аад жижиг дунд
үйлдвэр, худалдаачин шинээр төрсөн бөгөөд давхардсан тоогоор 8.000 гаран хүн аялуулсан, өнөөдрийн байдлаар уг аялалын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

3. Маш олон хүнийг бизнестэй болгосон бөгөөд энэхүү үйл ажиллагааг
нь үйлдвэрийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж төрөөс үнэлж төрийн шагнал олгосон.

4. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүрэн зогссоны улмаас
үйл ажиллагаанд нь доголдол үүссэн байдаг.

Аливаа үйлдэл гэмт хэрэг мөн эсэхийг үнэлэх хуульчийн дотоод итгэл
үнэмшил нь хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтын хүрээг
зөв тодорхойлж тогтоосон, тэдгээр нь хөдөлбөргүй нотлогдсон талаар хуульчийн
мэргэжлийн ур чадварт тулгуурлах учиртай. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх
зарчим нь түүний үндэслэл болсон үйл баримтад хийсэн дүгнэлт, харьцуулалт,
шийдвэр бүхэлдээ эргэлзээгүй, ойлгомжтой тодорхой байх шинжүүдээр илэрнэ.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх Б.А-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж
түүнд ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрийн бодитой, итгэл
үнэмшил төрүүлэхүйц чанар буюу аливаа үйл баримтын мөн чанар, тухайн үйл баримтад холбогдогч, оролцогч, хамааралтай хүмүүсийн эсрэг тэсрэг сонирхолын агуулга, сэдэлт, зорилгыг зөв зүйтэй тодруулах, үйл баримтыг бий болгосон шалтгаан, нөхцөл болон шууд ба шууд бус нөлөөлөл, хүчин зүйл, гэм буруутайд тооцогдсон хүн нөгөө талд хохирогч эсхүл хохирогчийн зүй бус харьцаа, үйлдлээс шалтгаалсан нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзэн дүгнэлт гаргах эрх зүйн шаардлагад нийцээгүй гэж дүгнэх боломжтой байсан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Миний үйлчлүүлэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.А-т оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний удирдаж буй бизнес аялалын “...............” компани нь дээрх иргэдээс тухайн аялалын төлбөр зардлыг зохиомол байдал үүсгэж санаатайгаар залилан авах бодол байгаагүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдал тулгарч, үйл ажиллагааны доголдол үүсч, санхүүгийн хүндрэл, Covid-19 өвчний дараах байдал ОХУ-ын дайн дажин, удирдлага чиглүүлэлтийн алдааны улмаас энэхүү байдал үүссэн болно.

Манай байгууллага болон миний бие нь сүүлийн 5 жилийн хугацаанд Тайвань, Турк, БНХАУ, ОХУ, Тайланд Хонг-Конг зэрэг улсуудад 88 удаагийн бизнес аялалыг амжилттай зохион байгуулсан. Үүний үр дүнд 160 гаран ЖДҮҮ эрхлэгчийг бөөний болон захиалгын худалдаачдыг төрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, 8.000 гаруй иргэдийг олон улсын томоохон үзэсгэлэн яармаг, шинэ технологи, шинэ инновацын чуулган, хурал зөвлөгөөнд амжилттай оролцуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Энэ үйлсийг маань төр засгаас өндөрөөр үнэлж төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнан урамшуулсан /хх 5/. Мөн миний удирдаж буй “Монголын үйлдвэржилт инновацын төв” ТББ-ын үйл ажиллагааг үнэлж “ТОП502018”, ТОП1002019” “Grand awards 2021” зэрэг хүндэт цолоор шагнаж урамшуулж байсан.

Гэхдээ энэхүү утгатай зүйлсийг дурдахаас өмнө гол нь өөрийн хийсэн алдаа дутагдал, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэдгээ хэлэх нь чухал болно.

Тухайн үед гадаад улс орнуудын хурцадмал байдал дайн дажин,  covid-19 өвчний хямрал, барууны буюу шениний орнуудын хоорондын зорчих хөдөлгөөн, визний асуудал зэргийг нарийн бодож тооцоолж төлөвлөөгүй, хамтран ажиллах байгууллагаа зөв сонгоогүй зэрэг маш том алдаа гаргаж бусдад хохирол, хүндрэл учруулсандаа дахин дахин харамсаж байгаагаа илэрхийлээд зогсохгүй, цаашид өөрийн ойр дотны хүмүүс, хамтран ажилладаг хүмүүс, зөвөлгөө консалтинг өгдөг залуу захирал дүү нартаа, удирдах албаны найз нөхөддөө хуулиа сайтар судалж, суралцаж, дээдэлж, хуулийн мэдлэгээ сайжруулж, хуулийн дагуу ажиллаж, шүүх байгууллагаа хүндэлж бусдад гэм хор, уршиг учруулахгүй явж байх талаар байнга захиж зөвлөж явах нь зүйтэй гэдгийг сайтар ойлгож байна.

Мөн өөрийн үр хүүхэд, дотны хүмүүсийнхээ сэтгэл санаа, аж байдлыг дордуулж, төрийн өндөр шагнал урамшуулалыг ийм байдалтай хадгалж яваадаа үнэхээр их харамсаж байна. Миний энэ алдаа ийм байдалд хүргэн чинээ үнэхээр санасангүй. Ажил амьдрал, хувийн байдал, ар гэрийн хувьд гэвэл эхнэр Бүрэнжаргал дулааны улиралд ухаан балартдаг, бага насны буюу 2 настай охинтой /Эхнэр бүтэн өнчин/. Өөрийн төрсөн эцэг болох Н.Б нь ходоодны хүнд хагалгаанд орж бүтнээр нь авахуулсан ба одоог хүртэл эмчийн хяналтад байдаг. Би өөрөө чихрийн шижин өвчтэй /хурц хэлбэрт орсон/, эцэг, эхээс ганцаараа үлдсэн /ээж, дүү хоёр маань бурхан болсон/. Төрсөн аав болон эхнэр, охин хоёрынхоо асран хамгаалагч, 5 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа бөгөөд маш их эрсдэлд орно гэдгээс айж байна.

Дээрх байдлыг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү. Миний удирдаж буй байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул торгуулийн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд төлөх чадвартай, төлөх болно гэдгээ илэрхийлж байна. ...” гэв.

Хохирогч С.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С.Ч нь Б.А-аас 12.300.000 төгрөгийг нэхэмжилж байсан. Анх энэ асуудлаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байсан боловч цагдаагийн байгууллагад өргөдөл хүмүүс гаргасан байсан. Би тухайн үед шүүгдэгч Б.А-тай уулзаж, ярилцсан. Үүний дараа би 3 хүний хамт аялалдаа явсан. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Б.А-ийг хоригдоно гэж үнэхээр бодоогүй. Иймд шүүгдэгч Б.А-т хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцэж үндэслэл бүхий хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатарын гомдолд Б.А-ийг ганц бие эцэг гэж дурдаж байна. Гэтэл шүүгдэгч Б.А нь эхнэр, хүүхэдтэй. Мөн түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой ямар нэгэн эмнэлгийн баримт хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Б.А-ийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарын хооронд үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр энэхүү гэмт хэргийг үйлдсэн. Мөн тэрээр урьд нь шүүхээс ял шийтгүүлж байсан. Иймд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч Б.А нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд оргон зайлсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн АСАП санд түүнийг эрэн сурвалжилж,  олж цагдан хорьсон. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчдод нийт 84.940.580 төгрөгийг учруулсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч хохирогч Х.А, Х.О нарын хохирлыг төлөөгүй, шүүх хуралдаанд орж ирж байсан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчээс өөр байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.А-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдаас бэлнээр болон дансаар нийт 84.940.580 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “365 Експо” бөөний худалдааны төвийн
талбайн түрээсийн гэрээ /2 хх 233-234/,

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “...............” ХХК, Б.А нарын байгуулсан түрээсийн гэрээ, /1 хх 237-240/,

хохирогч Б.М-ийн “...би 2019 оны 10 сард зурагт болон фэйсбүүкээс Монголын үйлдвэржилт инновацын төв нь 365 Экспо нэртэй Гуонжу, Ийвугээс бараа захиалан бөөний үнээр зарах бөөний төв байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 01-нд үйл ажиллагаа эхлэх гэж байгааг мэдээд уг төвийн захирал А-тай холбогдож лангуу түрээслэх талаар ярилцсан. 2019 оны 10 дугаар сарын 25-нд Бөхийн өргөөний тэнд явж байхдаа лангууны түрээс 500.000 төгрөг, барьцаа 500.000 төгрөг гээд 2 лангуу, барьцааны мөнгөнд 2.000.000 төгрөгийг А-ийн данс руу Хаан банкны мобайлаар шилжүүлж, уг өдрөө 365 Экспогийн байранд ирж гэрээ байгуулсан. Монголын үйлдвэржилт инновацын төв нь Ийву-Занжиажэ руу аялал зохион байгуулдаг гэсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 26-ны өдрийн аялалд хамрагдаж эгч, 3 хүүхдийн хамт лангууны барааг авах зорилгоор Улаанбаатар хотын банкнаас нөхөр Д-гийн нэр дээр 18.000.000 төгрөгийн цалингийн зээл авч явсан. 2019 оны 11 дүгээр сарын 17-нд Бээжинд очсоны өглөө бид нарыг зохион байгуулж явсан Монголын үйлдвэржилт инновацын төвийн ажилтан Н “А ах таныг 6.000 юань зээлээч, өглөө банк онгойхоор өгье” гээд авсан. Тэгээд зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй. ...би 2019 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод ирээд А-тай фэйсбүүкээр холбогдож “зээлдүүлсэн мөнгө авъя, гэрээгээ цуцалж, лангууны түрээс 2.000.000 төгрөгөө авъя” гэтэл удаа дараа 3 хоногийн зайтай өгнө, шинэ жилийн дараа өгнө, лангуу түрээслэх гэрээ хийсний дараа мөнгөтэй болохоороо өгнө гэсээр өдийг хүрсэн. …” /1 хх 69-70/,

гэрч Д.Н-ийн “...тэгээд тухайн үед Б.А захирал Б.М-тэй ви чатаар холбогдож 6.000 юань зээлэхээр болж, би тухайн мөнгийг нь аваад цаанаа аялалд зарцуулсан. ...би Б.А захирал Б.М гэгчийн мөнгийг буцааж өгсөн талаар мэдэхгүй. …” /2 хх  84-85/,

гэрч Р.Н-гийн “...Б.А нь 2019 оны 10 сард манай ажил дээр ирж уулзан түрээслэхээр түрээсийн мөнгөө ярилцаж, тохиролцоод гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 13.000.000 төгрөг төлөх ёстой байснаас мөнгө олдохгүй үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэж байгаад 2019 оны 11 дүгээр сард гэрээ цуцлъя гэхэд гэрээгээ цуцалмааргүй байна гээд 6.000.000 төгрөг өгөөд үлдэгдлийг 12 дугаар сард өгнө гэж хэлсэн. Тэгээд үйл ажиллагаа явуулаагүй. ...тэгээд Б.А нь уулзахгүй алга болоод 2020 оны 01 дүгээр сард самбар нь хийсэж унах гээд холбогдож чадахгүй, мессеж бичихэд өөрсдөө ирж самбараа буулгаад дээвэр дээр тавьсан юм шиг байсан. …Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортлогчдын холбоо гэх газар нь манай талбайг түрээслэх гэрээ хийснээсээ хойш тус газар нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, барилгын дээр 365 ехро гэх хаяг л гаднаас нь харахад өлгөсөн байсан. Түүнээс хойш А гэгч нь манай компанитай хийсэн түрээсийн гэрээний үүргээ зөрчиж, ямар нэгэн түрээсийн төлбөр төлөлгүй 2019 оны 12 дугаар сар гартал байсаар байгаад гэнэт алга болчихсон. Ямар нэгэн байдлаар манай компанид тухайн объектыг албан ёсоор буцаан хүлээлгэж өгөлгүй, алга болсон. ...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хийсэн түрээсийн гэрээний түрээслэгчийн эрх, үүрэг гэх хэсгийн 5.5 дахь хэсэгт зааснаар бол түрээслэгч нь түрээсийн байрыг түрээслүүлэгчээс урьдчилан бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан түрээслэхгүй байх үүрэгтэй гэж заасан байгаа.  …манай компанийн зүгээс Б.А гэгчид ямар нэгэн байдлаар түүний түрээсэлж байсан объектыг өөр хэн нэгэнд давхар түрээслэх, түрээсийн гэрээг зөвшөөрсөн зүйл байхгүй. …” /1 хх 94-95, 2 хх 78/,

хохирогч С.Ч-ын “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Гандийн
нэрэмжит сургуулийн чанх ар талд байх бугын зурагтай саарал барилгын 6 дугаар давхарт
608 тоотод байрлах “Mic ехро tour” гэсэн хаягтай аялалын агентлагт очиж захирал гэх
............. дугаарын утастай эрэгтэй болон менежер гэх 89998123 дугаарын утастай
эмэгтэйтэй уулзаж Турк улс руу 7 хоногийн аялалд 4 хүн явахаар захиалга өгсөн. ...улмаар тухайн захиалгын дагуу “................” ХХК-ийн Голомт банкны ............. дугаарын данс руу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 9.180.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 23-ны өдөр “Пластик центр” ХХК-ийн Худалдаа хөпжлийн банкны 421011038 тоот данснаас 9.180.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд явахаар бэлтгэж байтал 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай аав С өөд болсон бөгөөд бидний зүгээс аялалын компани руу утсаар холбогдон аялалаа хойшлуулсан. Улмаар дараагийн аялалаар буюу тухайн оныхоо 12 дугаар сарын дундуур явахаар болсон. Ингээд 2021 оны 12 дугаар сарын дундуур явах гэж байтал “Mic ехро tour” ХХК-ийн зүгээс манай аялал цуцлагдсан 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Вьетнам улс руу аялалаар явах боломжтой байна гэсэн. Улмаар бид тухайн аялалд явахаар болж ээж болон нэг дүүгийнхээ бичиг баримтыг бэлтгэж өгчихөөд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр очиж уулзсан. Тэгтэл Вьетнам явах нь цуцлагдсан, хүн дутуу болохоор зочид буудал нь болохгүй байна гэсэн. Ингээд тухайн захирал залуу нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Турк улс руу аялал байгаа, та хэд явах уу гэж хэлсэн. Ингээд ар гэрийнхэнтэйгээ уулзаж, энэ талаар хэлэхэд манай ар гэрийнхний зүгээс аялалаа цуцалж мөнгөө буцааж авах санал гаргасан. ...ингээд 7 хоногийн дараагаар бидний мөнгийг 100 хувь буцааж олгоно гэсэн. “...1 сар гаран болоод 6.000.000 төгрөгийг Ц-ын ............. дугаартай данс руу хийсэн. Тэрнээс хойш утсаа ч авахгүй, дахин ямар нэг мөнгө өгөөгүй байна. Миний зүгээс үлдэгдэл 12.000.000 төгрөгөө авах хүсэлтэй байна. ...” /2 хх 114-115/ гэсэн мэдүүлгүүд,

Монголын аялал жуулчлалын холбооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 98/22 дугаар албан бичиг /2 хх 134/,

гэрч Х.О-ын “…“...2022 оны 05 дугаар сарын дундуур манай эгч А над руу холбогдож Европын орнуудаар аялах ийм компани байна, сонирхоод үзэх үү гэж хэлсэн. Би очиж уулзахаар болж “Рrо оnе” оффист очиж уулзсан. Захирал А, менежер М бас нэг ажилтантай хамт гурвуулаа оффистоо байсан. Уулзаж аялалын маршруттай танилцаж, А анхны Европын аялал, би өөрөө дагуулж явна, жүжигчин Д хамт явна гэж хэлж байсан. Тухайн үед надад маш үнэмшилтэй, найдвартай санагдсан. Маргааш нь буюу 5 дугаар сарын 21-ний өдөр 14 цагаас өмнө аялалын урьдчилгаа мөнгөө шилжүүлчих юм бол 30 хувийн хямдралд хамрагдах болно гэж хэлж байсан. Гэр бүлийнхэнтэйгээ ярьж тохиролцоод 30 хувийн хямдралд багтахаар болж урьдчилгаа мөнгө нэг хүний 1.200 ам.долларыг монгол мөнгөөр бодож шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөө Атай уулзаж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад аялалд явах хүмүүсийн гадаад паспортын хуулбаруудыг авч үлдсэн. 5 дугаар сарын 24-ний өдөр үлдсэн мөнгөө шилжүүлэх байсан. Энэ хугацаанд аяллын компанийн ажилчид гэх хүмүүс залгаж их найрсаг хандаж байсан. 5 дугаар сарын 24-нд үлдсэн 6.000 ам.долларыг шилжүүлэн явуулсан. Мөнгө явуулсны дараа буюу маргааш нь манай дүү өвчний шалтгааны улмаас явахаа больж нэг хүний мөнгө буцааж өгөхийг шаардсан ч буцааж өгөөгүй. Мөнгө өгнө гэж хэлдэг ч өгдөггүй. Аялалд 7 дугаар сарын 05-ны өдөр явах байсан ч яваагүй. Аяллын өмнө аялал цуцлагдлаа, хүмүүсийн мөнгийг 100 хувь өгнө гэж хэлж байсан ч одоог хүртэл өгөхгүй байгаа. А гэх хүний гар утас нь холбогдохоо байсан. ...би өөрийн Хаан банкны ......... дугаарын данснаас “................” ХХК-ийн Голомт банкны ............. дугаарын дансанд явуулсан. ...аяллын төлбөр 33.678.400 төгрөгийг шилжүүлсэн. ...гар утсаа авахгүй байхаар нь оффис дээр нь очиж уулзах гэж оролдсон ч оффис дээрээ ирдэггүй байсан. …” /1 хх 191-192/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Х.Оч-рын Хаан банкны 5030329589 дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 202-203/,

хохирогч Х.О, “................” ХХК-тай хийсэн “EUROPE CRUISE” аяллын аялагчтай хийх гэрээ /2 хх 209-210/,

хохирогч З.Б-гийн “…Зарын дагуу .......... гэх дугаараар тус “................” ХХК-ийн менежер М гэх хүнтэй холбоо барьсан. Манай “Д д” ХХК-ийн импортын менежер Н нь Улаанбаатар хотод тус компанийн оффис дээр очиж уулзахаар болсон, Н нь надтай буцаж холбогдоод оффис дээр нь очиж уулзлаа, боломжийн газар байна, оффис дээр нь олон хүн бүртгүүлж, мэдээлэл авч байна гэж хэлсэн. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 4 хүн аяллаар явуулахаар шийдвэр гаргаж “................” ХХК-ийн Голомт банкны ............. дугаарын дансанд урьдчилгаа 11.600.000 төгрөгийг шилжүүлж, аялалд явахаа баталгаажуулсан. Аялалд явахаас 14 хоногийн өмнө тус үлдэгдэл 6.760.000 төгрөгийг шилжүүлэх ёстой байтал “................” ХХК-ийн захирал А 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр над руу утсаар ярьж Турк Улсад зочид буудал олдохгүй байна, дайнтай холбоотойгоор дүрвэгсэд их байна, ханш бас өндөр байна, зочид буудлаа баталгаажуулах хэрэгтэй гэсэн шалтгаанаар үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж хэлсний дагуу 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Голомт банкны данс руу 6.760.000 төгрөг нийт 18.360.000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Энэ өдрөөс хойш бид нар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өглөө Улаанбаатар хотоос ниснэ гэж бодоод 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан аймгаас Улаанбаатар руу явах билет аваад байж байхад “................” ХХК-ийн захирал А над руу залгаж Турк Улсад болох экспо худалдааны дүүргэлт 30 хувьтай байгаагаас болоод зохион байгуулагдах экспо нь хойшлогдсон учраас аялал цуцлагдахаар болсон, та нараас шалтгаалах зүйл байхгүй, бидний зүгээс ямар нэгэн шимтгэлгүй та нарын мөнгийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны дотор буцаан 100 хувь төлнө гэж хэлсэн.  ...Аийн хэлсэн мөнгө өгөх хугацаа болоход мөнгөө шилжүүлээгүй 5 дугаар сарын 26-ны өдрөөс утас руу нь маш их залгаж, шаардлага тавьснаар 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Д д” ХХК-ийн ............... дугаарын дансанд 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 8.360.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй шалтаг хэлээд байгаа юм. ...” /2 хх 240/ гэсэн мэдүүлэг,

“................” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3207
дугаар албан бичиг /2 хх 244/,

2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Аялагчтай хийх гэрээ /2 хх 245/,

хохирогч З.Баясгалан Б.А-ийн фэйсбүүкийн A M хаягаар харилцсан
зурвас /3 хх 1-З/,

хохирогч П.Б-ы “... 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рrо оnе” оффисын 6 дугаар давхарт 608 тоотод очиж “................” ХХК-ийн менежер гэх эмэгтэй хүнтэй уулзсан. ...тус гэрээнд Итали, Испани, Франц улсуудын 7 хотоор 7 шөнө, 8 өдрийн аялал хийх ба нэг хүний 10.233.600 төгрөг болно, урьдчилгаа 50 хувийг хийх юм бол гэрээ баталгаажиж визний ярилцлагад орно гэж хэлсэн. …өөрийн Хаан банкны .............. тоот данснаас тухайн байгууллагын урьдчилгаа төлбөрөө хий гэсэн Голомт банкны ............. тоот “................” ХХК-ийн данс руу 2 хүний урьдчилгаа төлбөр болох 10.233.600 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр холбогдоход визний цаг олдохгүй байна гэж хэлээд алга болсон ба 7 дугаар сараас эхлэн бүх утаснууд нь холбогдох боломжгүй болсон. А гэдэг захиралтай нь фэйсбүүкийн A M хаягаар болон утсаар холбогдож зөндөө тавьж байсан, тэгэх болгонд буцааж өгнө гэж хэлээд алга болдог байсан. …” /3 хх 121-122/,

хохирогч П.Б-ы өмгөөлөгч Б.Тунгалагтуяа нь Б.А-ийн
фэйсбүүкийн A M хаягаар харилцсан зурвас /3 хх 134-137/,

“................” ХХК-ийн Голомт банкны ............. дансны хуулга /3 хх 139-141/,

хохирогч Х.А-ын “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт оффис нь байрладаг “................” ХХК нь 1 дүгээр ээлж нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 10 хоног, 2 дугаар ээлж нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10 хоног усан онгоцоор Европын холбооны улс болох Франц, Итали, Испанийн 7 хотоор аялуулах “EUROPE CRUISE” аялалдаа аялагч бүртгэж байна, аяллын нийт зардал нэг хүний 2.700 ам.долларын үнэтэй гэх зарыг хараад миний үеэл дүү Х.О А гэх хүнтэй уулзаж ...одоо захиалга авч байгаа 2 дугаар ээлжийн аялагчдыг миний бие өөрөө авч явах учраас ямар нэгэн зүйлд санаа зовох зүйлгүй сайхан аялаад ирэх болно гэж хэлсэн байсан. ...тэгээд үеэл дүү Х.О бид хоёр ярилцаад ...10 хоногийн аялалд бүртгүүлэхээр шийдвэрлээд 4 хүний нийт зардал болох 10.800 ам.доллар буюу монгол мөнгөөр 33.678.400 төгрөгийг О бид хоёр тэнцүү хувааж гаргахаар тохиролцсон. Эхний ээлжид буюу 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр миний үеэл дүү болох Х.О өөрийн гаргах ёстой нийт 16.837.200 төгрөгөөсөө 14.966.400 төгрөгийг “................” ХХК-ийн Голомт банкны ............. тоот данс руу өөрийнхөө Хаан банкны ........... дугаартай данснаас интернэт банкаар шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 18.708.000 төгрөгөөс би өөрийн өгөх ёстой 16.837.200 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, English Garden хотхоны 17 дугаар байрны 1 тоот гэрээсээ үеэл дүү Х.О-ын Хаан банкны ........... дугаарын данс руу шилжүүлэн өгч, харин үеэл дүү Х.О миний өгсөн 16.837.200 төгрөг болон өөрийнхөө өгөх ёстой байсан зардлын үлдэгдэл 1.871.000 төгрөгийг нэмээд нийт 18.708.000 төгрөгийг шилжүүлсэн. ...тэгээд гэрээ хийсэн өдрийн маргааш нь миний охин А эрүүл мэндийн шалтгаанаар тус аялалд явж чадахааргүй болоод би А гэх хүний утас руу залгаад миний охин тус аялалд явж чадахааргүй боллоо, нэг хүнийхээ зардлыг буцааж аваад 3 хүн нь аялалдаа явъя гэж хэлтэл А нь надад за ойлголоо, компьютерт буцаалт хийгээд 7 хоногийн дараа мөнгийг данс руу чинь шилжүүлье гэж хэлээд түүнээс хойш дахин утсаа авахаа больж, сүүлдээ утас нь холбогдох боломжгүй, ...мөн оффис гэх газраа байхгүй, хаалгаа цоожлоод алга болсон. ...бид нарын хэнээс нь ч гадаад паспорт болон бусад холбогдох бичиг баримтыг гаргуулан аваагүй, мөн визэнд ороогүй, онгоцны тийз захиалсан зүйл байхгүй. Шууд л аяллын зардлын мөнгийг 100 хувь авчихаад л утсаа салгаад оффис дээрээ ч ирэхгүй, хаалгаа цоожлоод сураггүй алга болсон. ...” /3 хх 201-204/,

гэрч Л.Э-ын “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нислэгээр “................” ХХК-ийн онгоцны тийз захиалсан 10 хүнээс 6 хүн нь төрөл садны хүн нь нас барсан гэх шалтгаанаар Истанбул руу зорчих боломжгүй боллоо, онгоцны тийзийг буцаая гэсэн хүсэлтийг манай “................” ХХК-д гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 26-нд манай компанийн зүгээс нислэгийн тийз захиалга С.Ч, С.Ч, С.Ц, Б.О, Г.Н, С.С гэх 6 хүний нислэгийн тийзийн үнийг буцаан олгосон. Нэг хүний тийз захиалгын үнэ болох 2137400 төгрөгөөс манай компанийн зүгээс суутгал, шимтгэл, торгууль гэж нэг ч төгрөгийг аваагүй, тийзний үнийг 100 хувь “................” ХХК-ийн Голомт банкны ............. данс руу 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд буцаан шилжүүлсэн. 2022 оны 3 дугаар сарын 22-нд 16 хүний Турк, Улаанбаатар, Улаанбаатар, Турк чиглэлд онгоцны тийз захиалж, тухайн тийзний буцаалт хийгдээгүй, өөрөөр манай “Туркиш эйрлайнс” ХХК-д ямар нэгэн тийз захиалаагүй байна. Мөн Туркээс өөр Европын холбооны улсууд болон бусад улс оронд зорчих онгоцны тийзний захиалга хийгдээгүй байна. ...” /3 хх 234-236/,

гэрч Х.Б-гийн “...манай “Мистер проперти менежмент” ХХК-ийн “Рrо оnе” төвийн 6 давхрын 608 тоот оффис өрөөг 2021 оноос эхлүүлэн Б.А гэх захиралтай “................” ХХК манай байгууллагатай оффисын гэрээ байгуулж аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаад 2021 оны сүүл үеэс тухайн оффистоо үйл ажиллагаагаа явуулахгүй хаалга нь байнга цоожтой, өөрсдөө ирдэггүй байж байгаад саяханаас түрээсэлж байгаа оффис дээрээ ирэн очин явж байгаа харагдсан. “................” ХХК-д аялалаар явна гэж бүртгүүлээд зардал мөнгөө өгөөд явж чадахгүй залилуулчихлаа гээд тухайн компани болон захирал А гэх хүнийг нь асууж сураад байдаг. ...” /3 хх 240-241/,

гэрч Х.М-ын “...би тус компанид Монголын хүний нөөцийн удирдлага, шинжлэлийн академиар дамжуулан зуучлуулан 2021 оны 10 дугаар сарын 24-нд бүртгэлийн ажилтнаар ажилд ороод 2022 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байгаад тус компанийн захирал А нь гэмт хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагууд дээр шалгагдаад А захирал өөрөө цагдаагийн байгууллагаас зугтаагаад, ажил дээрээ ч ирэхгүй, надтай ч холбогдохгүй таг алга болж, өнөөх цагдаагийн байгууллагын хүмүүс нь надаас А захирлыг байнга асууж, сураглаад миний хувьд сэтгэл зүйн хүнд дарамттай болсноор өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. ...2021 оны 12 дугаар сарын 09-нд 16 аялагч нэг хүний тус бүр 4.590.000 төгрөгөөр аялалд явахаар бүртгүүлэн нийт зардлынхаа мөнгийг “................” ХХК-ийн данс руу хийсэн боловч тус аялалд явах ёстой байсан С.Ч, С.Ч, С.Ц, Б.О, Г.Н, С.С нарт ажил явдал, гачигдал гарсан гээд тус аялалд яваагүй. Тэгсэн А захирал тэдгээр хүмүүсийн зардал мөнгийг нь буцаан өгсөн гэж надад тухайн үедээ хэлж байсан. Түүнээс хойш 2022 оны 5 дугаар сарын орчим дахин Турк руу барилгын үзэсгэлэн яармагт аялагч аялуулахаар А захирал өөрийн компанийн “Экспо тур” гэх фэйсбүүк хаягаар зар оруулсан. ... тус аялалд одоо миний санаж байгаагаар “Д д” ХХК-ийн захирал Б гэх эмэгтэй өөрөөсөө гадна 3 хүний хамт явна гэж бүртгүүлээд нийт зардлынхаа 50 хувийг компанийн данс руу шилжүүлсэн. Тэгсэн А захирал өнөөх Баясгалан гэх эмэггэй рүү өөрөө утсаар яриад үлдэгдэл 50 хувийг нь компанийнхаа дансаар авсан байсан. ...тэгсэн тэр аялал хийгдэхгүй цуцлагдахаар болсон тухай А захирал надад хэлээд өнөөх аялалд бүртгүүлсэн “Д д” ХХК-ийн захирал Б-гийн 4 хүний аяллын зардлыг буцаан шилжүүлж өгсөн гэж надад хэлсэн. Туркийн аялалд явах гэж бүртгүүлсэн хүмүүс нь миний барьж байсан байгууллагын дугаар болох ........... дугаарын утас руу залгаад  мөнгөө авъя гэж надаас нэхээд А захирлыг надаас асуух болсон. …мөн өөрийг нь тэдгээр  мөнгө нэхэж байгаа хүмүүс асуувал захирал яаман дээр хуралтай явж байгаа, гадуур ажилтай байгаа, хөдөөгүүр дотоод аялал зохион байгуулахаар хөдөөгүүр судалгааны ажилтай байгаа, орон нутгаар явж байгаа гээд хэлчихээрэй гэдэг байсан. ...мөн манай захирал Европын холбооны улсын аялалдаа аялагчид аваад явчихсан, удахгүй ирнэ гэж хэлээрэй гэсний дагуу А захирлын хэл гэсний дагуу хүмүүст мэдээллийг хүргэдэг байсан. ...Миний мэдэхээр “................” ХХК нь ямар нэгэн гадаадын болон Европын компанитай хамтран ажилладаг, тэдгээрийн данс руу аялагчдын аяллын зардлыг байршуулан шилжүүлж, баталгаажуулсан зүйл байхгүй, би А захирлын зааж, хэлж ярьснаар л ажлыг нь хийж, хүмүүст хэл гэсэн үг, мэдээллийг нь дамжуулдаг байсан. ...” /3 хх 247-250/,

гэрч М.Б-ийн “...2022 оны 6 дугаар сарын орчим санагдаж байна. А гэх хүн над руу залгаад манай компани 2022 оны 7 дугаар сард Европын холбооны улсуудад усан онгоцоор далайн аяллыг зохион байгуулах гэж байгаа юм. Танай компани аялалд явуулах хүмүүсийн визний материалын баталгаат орчуулга хийж, визэнд орох цаг авч өгч болох уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. ...гэхдээ А гэх хүнд 7 сард аялал зохион байгуулах гэж байна гэж хэлэх үед цаг хугацааны хувьд их давчуу байна, 7 сард явах аялалын материал, визний материалыг 6 сард бүртгүүлээд амжихгүй дээ, визний цаг олдохгүй болох вий гэж хэлж байсан ...тэгээд би онлайнаар Итали, Герман, Чехийн элчингийн визэнд цаг байгаа эсэхийг харахад 6, 7, 8 сард огт цаг байхгүй, визний ярилцлагын цагууд нь бүгд дүүрчихсэн байхаар нь “................” ХХК-ийн захирал Ат болон тэдний компанид ажилладаг Мөнхсувд гэх эмэгтэй нарт Европын холбооны улсуудад визний ярилцлагад орох цаг байхгүй дүүрчихсэн байна шүү, ийм болохоор манай орчуулгын төвийн зүгээс аялалд явах гэж байгаа хүмүүсийн чинь бичиг баримтыг орчуулаагүй, тэдгээр хүмүүсээс төлбөр, мөнгө ч аваагүй шүү гэж нэн даруй утсаар залгаж, хэлж мэдэгдсэн. ...мөн А гэх хүн одоогоос 2-3 сарын өмнө над руу утсаар залгаад та надад ярилцлагын цаг олдохгүй болчихсон учраас хүмүүс аялалд явах боломжгүй болсон гэх утгатай бичгийг Туркийн компанийн нэр дээр Англи хэл дээр хийгээд өгөөч гэж надад хэлэхээр нь би А-т манайх тийм бичиг цаас хийхгүй, манайх зөвхөн баталгаат орчуулга хийдэг гэж хэлээд утсаа тасалсан. ...мөн бас 3 билүү 4 сарын өмнө А миний утас руу залгаснаа би А байна, танаас ямар нэгэн хүн, хэн нэгэн хүн асуувал Атай хамтарч ажилладаг гээд хэлээд өгөөч, тэгэх үү гээд гуйхаар нь би Ат юу яриад байгаа юм бэ, манай зүгээс танайхтай хамтарч ажилладаг зүйл байхгүй, ...би тэгж хэлж чадахгүй гэж хэлээд утсаа тасалсан. ...миний зүгээс А-аас нэг ч төгрөг аваагүй. ...” /4 хх 52-55/ гэсэн мэдүүлгүүд,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дансны хуулганд үзлэг хийсэн тухай
тэмдэглэл /4 хх 69-72/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.А-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, нэр бүхий 6 хохирогчид их хэмжээний хохирол буюу 84.940.580 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн  дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Б.А-ийн зургаан удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.М-тэй ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, уг түрээсийн талбайг давхар түрээслэн 2.000.000 төгрөгийг, мөн хохирогч Б.М-ээс өөрийн ажилтан Д.Н-ээр дамжуулан 6.000 юань зээлээч, өглөө банк онгойхоор өгье хэмээн хуурч 2.312.580 төгрөгийг, хохирогч С.Ч-тай “Аялал жуулчлалын гэрээ” байгуулан хуурч 18.360.000 төгрөгийг, хохирогч Х.А, Ч.О нарыг “Europe Cruise” аялалд хамруулан Европын 3 орноор аялуулна гэж хуурч 33.674.400 төгрөгийг, хохирогч  П.Б-ыг Итали, Испани, Франц улсуудын 7 хотоор 7 шөнө, 8 өдрийн аялалд явуулна гэж хуурч 10.233.600 төгрөгийг, хохирогч З.Б-г Турк улсад 7 төрлийн Экспо нэг дор үзэх бизнес аялалд явуулна гэж хуурч 18.360.000 төгрөгийг, нийт 84.940.580 төгрөгийг бусдаас бэлнээр болон дансаар авсан нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлын талаар  үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Л.Батаа нарын хамтран гаргасан “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.А-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалздаг.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан 33.674.400 төгрөгийн хохирлоос хохирогч Х.А-д 16.837.200 төгрөг, хохирогч Х.О-т 16.837.200 төгрөгийг тус тус төлсөн талаарх баримтыг ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх хэм хэмжээний агуулгад нийцүүлэн шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарын “...хорих ялыг торгуулийн ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулахаар заасан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн нэр бүхий хохирогч нар гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг торгох ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэж, ялын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.А-т анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А-ийн эрхэлж буй ажил, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 124 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.860.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцох нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.А-ийг нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-т мэдэгдсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.А-ийн цагдан хоригдсон 124 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.860.000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний эдлэх торгох ялын хэмжээг 13.140.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.   

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Л.Батаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Б.А нь хохирогч Х.А-д 16.837.200 төгрөг, хохирогч Х.О-т 16.837.200 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

                     ШҮҮГЧ                                            Г.ГАНБААТАР

                                ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР