| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00308/И |
| Дугаар | 137/ШШ2025/00252 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 137/ШШ2025/00252
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.О, М.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 31,222,242.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ............................ байр, 20А, 72 тоотод оршин суух, Х банк ХК /ХХД:.............., РД:2578697, утас:............./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.О, М.Б нар нь 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Х Банктай 1390088965 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Өрхийн зориулалтаар 35,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр авсан ба банк нь зээлдэгч Г.О Хас Банк дахь 5002411778 дугаартай дансанд 2024 оны 07 сарын 24-ний өдөр 35,000,000 шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Гэвч зээлийн гэрээний гол нөхцөлөөр зээлдэгч нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй ба 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 106 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс Г.О, М.Б нарыг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн.
Зээлдэгч Г.О зээлийн үлдэгдэл 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 29,655,895.40 төгрөг, хүү 1,546,120.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,226.01 төгрөг, нийт 31,222,242.23 төгрөг болоод байна.
1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390088965 дугаартай Зээлийн гэрээг тус тус үндэслэж, төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 29,655,895.40 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 106 хоногийн хүү болох 1,546,120.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,226.01 төгрөг, нийт 31,222,242.23 төгрөгийг хариуцагч Г.О, М.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын ....-р баг, ......... тоотод оршин суух, К овогт Г О /РД: ............, утас:............/, Д аймгийн З сумын ...-р баг, ..... тоотод оршин суух, Б овогт М Б /РД: .........., утас:............./ нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид Х банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 31,222,242.23 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.О, М.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 31,222,242.23 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.О, М.Б нар нь зээлийн гэрээний үүрэгт 31,222,242.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.О, М.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 31,222,242.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.О, М.Б нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,061 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 157,030.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 157,030.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Г.О, М.Б нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б