Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/114

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б. Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б  холбогдох эрүүгийн 1838001540107 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б. Б нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн   Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутагт иргэн В.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б. Б нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутагт иргэн В.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Д А ахын гэрийн хажууд хонины хашаанаас морио уяад морины хөл рүү нь 2 настай хүүхэд орох гээд тэр морь хүүхдийг оноогүй хий тангарсан. Би айж сандарсандаа гэрт ороод бэлэн морины уяа байхад гэрийн үүдэнд морио уялаа гээд уурийн мунхагаар Д-г нэг удаа баруун талын нь хөмсөг рүү гараараа цохисон. Тэр үед Д-гийн баруун хөмсөг нь тасарч цус гарч байсан. Мөн баруун гар луу нь өшиглөсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч В.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бгаднаас орж ирээд морио хол уяач пиздаа минь гэхээр нь морио холдуулах санаатай босох гэхэд Бгартаа барьж явсан модоороо 4-5 удаа цохисон. Дараа нь намайг босгоод дээлний захаар заамдаж боогоод мөргөхөөр нь миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайд Д хониндоо явж байна гэж ирсэн. Тэр үед гаднаас Бморио хол уяхгүй яасан юм. Морины уяа байгаа биз дээ морь чинь хүүхэд өшиглөж аллаа гэж хэлсэн. Тэгээд Д, Бхоёр маргалдахаар нь би айгаад гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэртээ байж байхад гадаа хүмүүс маргалдах чимээнээр явж очиход Болдбаатар, Д хоёр заамдалцаж барилцсан байсан. Би та хоёр боль гээд салгахад Мөнхцэцэг эгч Дг салгаад гэрээсээ аваад гарсан. Б.Дгийн морь нь 2 настай хүүхдийг өшиглөх шахсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-25 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 115 тоот

1. В.Дбиед тохойн зөөлөн эдийн гэмтэл болон тухайн үед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ.

3. В.Дбиед учирсан гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 13 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838001540107 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б. Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 36 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б. Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч В.Д нь 1.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч Б. Б нь 150.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байна. Үлдэгдэл 850.000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838001540107 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б. Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838001540107 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч В.Д нь 850.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Б-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР