Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/647

 

 

 

 

   2024            5              30                                        2024/ДШМ/647

 

Б.И-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/407 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.И-ад холбогдох 2308031421995 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

....... овгийн ............-ийн И, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжил.., ... хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ...-ийн хамт, ... дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................./;

Шүүгдэгч Б.И нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос
хүргэн Э.П-ийн хамт тээврийн хэрэгслээр хүмүүсийг хөлсөөр тээвэрлэж
Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг “Элсэн тасархай” хүргэж өгөөд буцахдаа зам дээр
зогсож байсан үл таних хүнээс 33 шуудай 637 кг хэмжээтэй зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн
нэн ховор ургамлын жагсаалтад багтсан “Хонин арц" ургамлыг “хямдхан зарна УБ хотод
үнэтэй зарагддаг гэхээр” нь ашиг олох зорилгоор худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн
32 дугаар хорооны нутагт байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл ..-.. ... улсын
дугаартай “Приус-20” маркийн, ..-.. ... улсын дугаартай “Ниссан вингроад” маркийн
тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагг 321.366.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.И-ад хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.И нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т
зааснаар Б.И-аас 321.366.500 төгрөгийг гаргуулж Төрийн сан банкны Байгаль орчин,
уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 637 кг хонин арцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.И-ын эзэмшлийн “Рrius Alpha” маркийн
..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг тогтоол хүчин төгөлдөр
болтол хэвээр үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулахаар
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.И-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.И би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Би 5-18 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Миний хувьд өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй, орон сууцгүй, түрээсийн байранд 4 хүүхдийн хамт амьдардаг. Амьдралын баталгаат төвшингөөс доогуур амьдралтай бөгөөд үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж, жижиг  цайны газар түрээслэн олсон орлогоороо түрээсээ төлж, үлдсэнээр нь амьдралаа залгуулдаг. Гэвч энэ орлого маань манай гэр бүлд хаанаа ч хүрдэггүй, хүүхдүүд маань хэцүүхэн нөхцөлд амьдардаг. Би энэ гэмт хэргийг санаатай хийнэ гэж бодож төлөвлөөгүй. Арц хаана, ямар газар ургадаг гэдгийг ч мэдэхгүй. Тэр өдөр цэнхэр Портертой хүнээс 1 кг тутмыг 1.000 төгрөгөөр худалдаж авсан. Улаанбаатар хотод зарахад 2.500-3.000 төгрөгөөр зардаг гэхээр нь итгээд худалдан авсан. Мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа би бүх үнэнээ хэлсэн. Би тухайн арцыг байгалиас зориуд түүж бэлтгээгүй, энэ ургамлыг нэн ховор ургамал гэдгийг огт мэдээгүй. Хууль мэддэггүйгээсээ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна.

Надад оногдуулсан 5 жилийн тэнсэн харгалзах ял гэдэг маш урт хугацаа бөгөөд тэнсэнтэй хүн банкнаас зээл авч болдоггүй, бүх зүйл хаалттай байдаг гэж сонссон. Би цайны газар ажилуулахын тулд ямар нэгэн зээл авах нөхцөлгүй болж байна. Мөн байгальд учруулсан хохирол гэж 321.366.500 төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан. Шинжээчийн дүгнэлтээр 637 кг хонин арцны үнэлгээ 64.273.300 төгрөг гэж гарсан.

Миний амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 5 жилийн тэнсэн харгалзах ялыг багасгаж, байгальд урчуулсан хохирлыг 64.273.300 төгрөгөөр тогтоож анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.И-ын өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.И нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа. Түүний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болно.

Тэрээр 5-18 насны 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Жижигхэн цайны газар
түрээслэн ажиллуулж олсон орлогоосоо түрээсээ төлж, үлдсэнээр нь хүүхдүүдээ
тэжээж амьдралаа залгуулж байна. Энэ эмэгтэй амьдралын баталгаажих түвшинээс
доогуур амьдралтай. Боловсрол тааруу, хуулийн мэдлэггүй зэрэг нь нөлөөлж ашиг олох зорилгоор үл таних хүний үгэнд автаж байгалийн нэн ховор ургамал болох хонин арцыг худалдан авч тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн. Б.И хонин арц гэдэг ургамлыг хаанаас хэрхэн яаж түүдгийг мэддэггүй, тэр тусмаа хонин арц гэдгийг нь ч мэдээгүй, өөрөө санаатайгаар түүж бэлтгээгүй, зохих зөвшөөрөл авдгийг нь ч мэддэггүй байсан.

Анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1
дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Б.И-ад хорих ял оногдуулахгүйгээр 5
жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь
хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн. Түүнчлэн Байгаль орчныг
хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар Б.И-аас
321.366.500 төгрөгийг гаргуулж Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын
сангийн 100900013040 тоот дансанд олгуулахаар шийдвэрлэсэн.

Мнний үйлчлүүлэгч Б.И тэнсэнгийн хугацаа их, хохирлын төлбөр
их байна хэмээн давж заалдах гомдол гаргасан. Энэ нь амьдралын аргагүй байдлаас
болсон гэдэг нь тодорхой.

Иймд Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/407 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.И нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан нэн ховор ургамлыг буюу 637 кг хонин арцыг зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “хохирлын хэмжээг 64.273.300 төгрөгөөр тогтоож өгнө үү” гэж гомдол гаргаж байна. Гэтэл хонин арц ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 64.273.400 төгрөг юм. Байгаль орчинд ургаж байсан хонин арцыг түүж авснаар байгаль орчинд 321.366.500 төгрөгийн хохирол учирсан. Анхан шатны шүүхээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу байгальд учирсан хохирлыг 321.366.500 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.И-ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.И нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос хүргэн Э.П-ийн хамт тээврийн хэрэгслээр хүмүүсийг хөлсөөр тээвэрлэж Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг “Элсэн тасархай” хүргэж өгөөд буцахдаа зам дээр зогсож байсан үл таних хүнээс 33 шуудай 637 кг хэмжээтэй зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн нэн ховор ургамлын жагсаалтад багтсан “Хонин арц” ургамлыг “хямдхан зарна, УБ хотод үнэтэй зарагддаг гэхээр” нь ашиг олох зорилгоор худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн
32 дугаар хорооны нутагт байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл ..-.. ... улсын дугаартай “Приус-20” маркийн, ..-.. ... улсын дугаартай “Ниссан вингроад” маркийн
тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагг 321.366.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ирсэн “..-.. ..., ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр 30 шуудай хонин арц ургамал тээвэрлэж явсан” гэсэн дуудлагын лавлагааны хуудас /1 хх 3/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-7/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Экологийн шинжилгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3533 дугаар шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Cupressaceae-Агарууны /Арц/ овог, Juniperus L-Арцны төрөл, Juniperus Sabina L-Хонин арц байна. Монгол Улсын 1995 оны Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан байна. Шинжилгээнд ирүүлсэн Juniperus Sabina L-Хонин арц нь уулын хяр, заримдаг тагийн бүслүүрт асга нураг, хад чулуутай хажуу, горхийн зах хотос хотгорын сөөг хэлбэрийн ургамал юм. Ургамал газар зүйн Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Монгол-Алтай, Дундат халх, Говь-Алтай, Их нууруудын, Олон нуурын тойрогт тархан ургадаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь 41 хувийн чийгтэй байх тул нойтон байна. Шинжилгээнд ирүүлсэн  ургамлыг нунтагласан тохиолдолд MNS 1976:85 стандартын дагуу хадгалж болно. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа алдах боломжтой. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жин өөрчлөлт орох боломжтой. Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон хонин арцны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 100.900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 637 кг хонин арцны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 100.900 төгрөг х 637 кг = 64.273.300 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэсний дагуу тооцвол 64.273.333 төгрөг х 5 = 321.366.500 төгрөг байна. ...” /1 хх 101-106/ гэсэн дүгнэлт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т-ийн “...Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна. ...” /1 хх 63-65/,

гэрч Э.П-ийн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажлаасаа буугаад гэртэй харьж явахдаа эхнэрийн эгч болох Б.И-тай гар утсаар ярьсан. Тэгэхэд манай хадам эгч Б.И Өвөрхангай аймаг руу хамт явчихаад ирэх үү, хэрвээ явбал явсны хөлс гэж 200.000 төгрөг өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид 2 Улаанбаатар хотоос 6 хүнийг тус тусын машинд 3 хүн авч Өвөрхангай аймаг руу хөдөлсөн, явсаар нөгөө 6 хүнийг Элсэн тасархайн замын хажуу талд цайны газруудтай газар ирж буулгасан. Тэгээд буцаад хөдлөх гэж байтал замын эсрэг талд нэг цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл дугуйн хагарсан байдалтай байсан ба нэг үл таних эрэгтэй зам дээр гараа өргөөд зогсож байсан. Тэгээд манай хадам эгч Б.И зогсож, тухайн хүнд дугуй өргөгчөө өгч тусалсан. Тэр үед би өөрийн тээврийн хэрэгсэлд сууж байсан. Манай хадам эгч нөгөө хүнтэй ярилцаж зогсож байгаад над дээр хүрч ирээд хоёулаа хамт дэлгүүр орчихоод ирье гээд бид 2 замын эсрэг талын дэлгүүр ороод манай хадам эгч Б.И нь тухайн дэлгүүрийн хүнээс бэлэн мөнгө гаргуулан авсан, яг хэдэн төгрөг авсан гэдгийг би сайн санахгүй байна, ямар ч байсан 2-3 дэлгүүр орж дансаар нь мөнгө шилжүүлж бэлэн мөнгө гаргаж аваад нөгөө замын хажууд зогсож байсан хүнд мөнгө өгөөд цэнхэр өнгийн портер дээрээс том ногоон өнгийн шуудайд хийсэн “арц” манай хадам эгч Б.И нь худалдаж авсан. Тухайн худалдаж авсан арцнуудыг бид 2 тухайн үед орой болсон байсан
учраас тоолж аваагүй, нөгөө зарсан хүн нь бид хоёрын машинд хувааж ачаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Улаанбаатар ороход хяналтын постонд цагдаагийн алба хаагчид бид хоёрын тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Тухайн үед би тэрийг арц гэдгийг ч мэдээгүй. Хэрвээ мэдэж байсан бол би хадам эгч болох Б.И-ын худалдаж авсан арцыг тээвэрлэхгүй байсан. Би тухайн арцыг худалдаж авахад ямар нэгэн байдлаар оролцоогүй, манай хадам эгч Б.И нь худалдаж авсан байсан, надад тухайн арцнаас
ямар нэгэн ашиг олох зорилго байгаагүй, зүгээр манай хадам эгч буцаж явахдаа хоосон
яваад яах юм бэ гээд миний машинд ачсан. ...” /1 хх 70-72/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч Б.И-ыг зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.И-ын зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.И-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Б.И-ын “миний амьдралын аргагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан 5 жилийн хугацаагаар тэнссэн тэнсэнгийн хугацааг багасгаж, байгальд учруулсан хохирлыг 64.279.300 төгрөгөөр тогтоож өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоогийн “...Б.И нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэн харгалзах хугацаа болон хохирлыг хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгч Б.И-аас хураасан арц нь Juniperus Sabina L-Хонин арц болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг худалдан авсан, тээвэрлэсэн нь Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулсан, Эрүүгийн хуульд байгаль орчны эсрэг гэмт хэргийг хуульчилж, хор аюул их байдгийг харгалзан байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ гаргаж, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд энэхүү харилцааг зохицуулсан.

1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн Ургамлын сан, түүний ангилалын 2 дахь хэсгийн 1-т заасан “Нэн ховор” ургамал болох Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт “Нэн ховор ургамлын жагсаалт”-ын 8 дугаарт Хонин арц-Juniperus Sabina-г нэн ховор ургамлын жагсаалтад оруулахаар тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.И нь зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн 637 кг хонин арц нь Байгалийн ургамлын тухай хуулийн “Нэн ховор ургамлын жагсаалт”-д орсон Хонин арц-Juniperus Sabina болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Экологийн шинжилгээний газрын 3533 дугаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон ба дээрх шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилжээ.

1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн Ургамлын сан, түүний ангилалын 2 дахь хэсгийн 1-т заасан “Нэн ховор” ургамал болох Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт “Нэн ховор ургамлын жагсаалт”-ын 8 дугаарт Хонин арц-Juniperus Sabina-г нэн ховор ургамлын жагсаалтад хамруулсан бөгөөд энэхүү нэн ховор ургамлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 кг-ийг нь 100.900 төгрөгөөр тогтоож, 100.900 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг үндэслэн экологийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт гарсан байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Б.И-аас ургамлын аймагт нийт 321.366.500 төгрөгийг гаргуулан Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарын дээрх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхээр заасан.

Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь ой болон таримал ургамлаас бусад ургамал /цаашид "ургамал" гэх/-ыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж  ургамлыг хамгаалахтай холбоотой харилцааны талаар хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.И-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөцхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд байгальд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 637 кг Хонин-арцыг зохих журмын дагуу худалдан борлуулж, худалдан борлуулсан орлогийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд тушаахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарын гаргасан “оногдуулсан ялын хэмжээ болон хохирлыг хэмжээг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/407 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 637 кг Хонин-арцыг зохих журмын дагуу худалдан борлуулж, худалдан борлуулсан орлогийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд тушаахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.         

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                         Т.ӨСӨХБАЯР

                         ШҮҮГЧ                                                          Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                          Т.ШИНЭБАЯР