Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ/2025/0815

 






 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К******* овогтой Ж******* /РД:*******/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Маргааны төрөл: Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, Д.Г******* /цахим/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Т.Т******* хөтлөв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:   Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523 дугаартай “К.Ж*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/528 дугаартай “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх. 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 

2.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523 дугаар тушаалаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч К.Ж*******д “улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн” зөрчилд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, 

2.2. Уг тушаалын үндэслэл хэсэгт 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/528 дугаар тушаалаар “хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр” гэсний дараа “дотоод хяналт шалгалт” гэж нэмэлт оруулсан, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулах болсон зөрчил хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр  тогтоогдсон гэсэн үндэслэлд дотоод хяналт шалгалтаар мөн тогтоогдсон гэх агуулга нэмсэн. 

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Хариуцагч 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй.

1/ Маргаан бүхий захиргааны актын үндэслэл буюу ажлаас халсан шийтгэл ногдуулсан зөрчил нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Х аймгийн улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 2491 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэж үздэг. Тус дүгнэлтэд "улсын бүртгэгч К.Ж******* нь тайлбартаа зөрчил гаргасан байна зөрчил арилгаж өгнө үү” гэж заасныг үндэслэн зөрчил гаргасан гэж дүгнэдэг. Тодруулбал, 2025 оны 4 болон 5 дугаар сард нэр бүхий 5 иргэний барьцааны гэрээ бүртгэхдээ би хуульд заасан шаардлагыг хангаагүй байсныг үл анзааран бүртгэсэн байсныг сүүлд олж мэдээд энэ тухай нэн даруй дээд шатны албан тушаалтанд мэдэгдэж зөрчлөө өөрөө арилгуулахаар тайлбар гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, би алдаа гаргаснаа сайн дураар хүлээн зөвшөөрч үүнийгээ дээд шатны байгууллагадаа залруулж бүх баримттайгаа хүлээлгэж өгөөд үүний дагуу нэр бүхий 5 иргэний барьцааны бүртгэлийг хүчингүй болгосон.

Дээрхээс үзвэл, би гэм буруугаа буюу зөрчил гаргаснаа сайн дураар хүлээн зөвшөөрч бүх баримтаа гаргаж, дээд шатандаа мэдэгдсэн. Мөн үүний дагуу алдааг залруулж бүртгэлийг хүчингүй болгосон буюу манай байгууллага болоод бусад гуравдагч этгээд огт хохирол амсаагүй, ямар нэгэн хор уршиг учраагүй юм.

Түүнчлэн, миний хүсэлтийг үндэслэж гаргасан улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2491 дүгнэлтийг надад албан ёсоор огт гардуулж өгөөгүй, энэхүү дүгнэлтээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтыг үндэслэн надад сахилгын шийтгэл ногдуулах тухай дурдсаныг надад мэдэгдээгүй, тайлбар аваагүй, энэхүү дүгнэлт гарсантай холбогду******* оролцоог хангах ажиллагаа хийгээгүй байж түүнийг үндэслэж энэхүү шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан "оролцоог хангах", "сонсох ажиллагаа"-г зөрчиж буй хэлбэр мөн.

2/ Ийм байхад шууд "ажлаас халах" шийтгэл оногдуулсан нь бодит байдлыг буруу үнэлсэн, шударга бус шийдвэр оногдуулсан гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна" гэж заасан буюу аливаа зөрчлийн шинж байдал нь сахилгын шийтгэлтэй тохирсон байх ёстой буюу ингэхдээ анх удаа эсхүл давтан үйлдсэн эсэхийг мөн харгалзах ёстой байсан. 

Гэтэл миний сайн дураар өөрөө илчилж буруугаа хүлээж дээд шатандаа мэдэгдэж, зөрчлөө арилгуулж, хохирол хор уршиггүй зөрчилд сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох төрийн албанаас халж байгаа нь зөрчлийн шинж байдалтай сахилгын шийтгэл тохироогүй, хэт чанга шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Би зөрчил гаргасантай маргаагүй, зөвшөөрч байна, гэхдээ "ажлаас халах" шийтгэл оногдуулсан нь шударга биш.

3/ Түүнчлэн, миний бие 2 сартай жирэмсэн юм. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дахь хэсэгт "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна" гэж заасан бөгөөд жирэмсэн эмэгтэйн асуудлыг тус хуулиар нарийвчлан зохицуулаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглох" зохицуулалтыг оруулж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт "аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно" гэж заасан байдаг.

Миний бие 16 жил төрийн албанд үнэнч шударгаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн ноцтой зөрчил огт гаргаж байгаагүй, иргэдэд таатай чанартай шуурхай төрийн үйлчилгээг хүргэхэд хичээж зүтгэсэн энэ хугацаанд байгууллагын шилдэг ажилтан 2 удаа, Аймгийн засаг даргын жуух бичиг 2 удаа Хууль зүйн яамны хүндэт жуух бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын жуух бичиг, Сумын төр захиргааны тэргүүний ажилтан болон бусад өргөмжлөл шагнал урамшууллаар шагнагдаж байсан Эдгээр нөхцөл байдлыг огт харгалзаж үзээгүйд харамсаж байна.

Нэгэнт маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа учраас уг акт хүчингүй болсноор би өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох учраас зөрчигдөж буй хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахаар өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв. 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч байгууллагаас нотлох баримтыг шинжлэн судалсны дараа тодруулж асуусан. Тодруулж асуухад зөрчлүүдийг нэг бүрчлэн тайлбарлаад хэлж байна. 

Эхнийх нь тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаанаа техникийн алдаа байсан гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, бид дотоод хяналт шалгалт гэдэг үгийг орхигдуулсан нь техникийн алдаа байсан гэж тайлбарласан. Гэтэл энэ нь техникийн алдаа биш юм. Яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болох бусад илэрхий алдааг засаж болохыг хэлсэн. Бусдаар захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчилж болохгүй. Анхны утга агуулга нь маргаан бүхий актаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг зөрчсөн нь 2491 дүгнэлтээр тогтоогдож байна гэсэн. Анхны агуулгаараа 2491 дүгнэлтээр тогтоогдож байгаа бүртгэлтэй холбоотой агуулгаар нэхэмжлэгчийг ажлаас халсан. Гэтэл дотоод хяналт шалгалт гэдэг үгийг оруулснаар энэ агуулга тэр чигээрээ үгүй болж байна. Өөрөөр хэлбэл, захиргааны актын утга агуулгыг тэр чигээр нь өөрчилж байна. Үүнийг илэрхий алдаа биш гэж үзэж байгаа. Тэгэхээр нэмэлт өөрчлөлт оруулах болсон үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан илэрхий алдаа биш учраас маргаан бүхий актыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. 

Хариуцагчаас нийт 3 зөрчлийг тодруулж хэллээ. Эхний зөрчлийн хувьд эвлэрсэн нь буруу, хууль зөрчсөн, хориглосон заалтыг зөрчсөн гэж байна. Үүнтэй холбоотой 2 тайлбарыг хэлье. 

Нэгдүгээрт, улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар бие даасан, хараат бусаар шийдвэр гаргадаг этгээд юм. Өөрөөр хэлбэл, тамга тэмдэгтэй, тусдаа эрхтэй этгээд юм. Өмнөх овгоо сэргээлгэхтэй холбоотой нэхэмжлэлийн хариуцагчаар К.Ж*******ыг тодорхойлсон. Ингэснээр хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар эвлэрэх болон бусад эрх олгогдож байгаа. Тэгэхээр хэн нэгнээс хараат бусаар үүнтэй холбоотой шийдвэр гаргах эрх нь улсын байцаагчид олгогдож байна гэсэн үг. Эвлэрэх эрх нь байгаа учраас хууль зөрчсөн гэж үзэхгүй. 

Хоёрдугаарт, өмнөх овгоо сэргээх нь буруу гэж үзэж байгаа. Сая Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийг тайлбарлаж байна. Энэ бол нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал юм. Бид сэргээх тухай ярьж байна. Иргэн өмнөх овгоо сэргээмээр байна гэдэг өргөдөл гаргахад нь татгалзсан. Гэтэл үүнийг өөрчлөлт оруулсан мэтээр тайлбарлаж байгаа нь буруу юм. 2 өөр харилцааны тухай яриад байна. Нэг нь сэргээх гээд байна, нөгөөх нь өөрчлөлт оруулах гээд байна. Энэ иргэн өмнөх овгоо сэргээхээр хүсэлт гаргасан байна. Түүнийг нь улсын бүртгэл хүлээж аваагүй. Дараа нь хариуцагчаар улсын бүртгэгчийг татаж магадлал гаргасан. Магадлал гарахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх гаргасан бүх хүсэлтийг аваад эвлэрэл баталдаггүй. Яагаад гэвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсгийн агуулга нь эвлэрч байгаа тохиолдолд нэгдүгээрт хуульд харшлаагүй байх ёстой, хоёрдугаарт талууд болон хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй байх ёстой гэдэг нөхцөл тогтоогдвол эвлэрлийг батална гэж заасан. Тэгэхээр нэгэнт шүүхээс хуульд харшлаагүй, иргэн өмнөх овгоо сэргээж болно гэдгийг тогтоож эвлэрлийг хүлээн авч байгаа байгаа учраас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. 

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан гэм буруутай нь шүүхээр тогтоогдох тухай үндсэн зарчим үйлчлэх буюу нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад хариуцагч байгууллага хууль зөрчиж байна гэдэг байдлаар тайлбар хэлэх нь буруу юм. Яагаад гэвэл шүүхээс хуульд харшлаагүй, өмнөх овгоо авч болно гэж тогтоочхоод байна. Хэрвээ хариуцагч байгууллага үүнийг буруу гэж үзэж байвал 2025 оны 04 дүгээр сараас хойш энэ асуудлаар шинээр илэрсэн нөхцөл байдлаар сэргээх, эсвэл шүүхэд та бүхэн энэ хуулийг анзаараагүй байна, илт зөрчиж байна гэж хандаад алдаагаа залруулах боломжууд байсан. Гэсэн хэдий ч ийм байдлаар хандаагүй, өнөөдрийг хүртэл магадлал хуулийн хүчин төгөлдөр учраас нэгэнт шүүхээс тогтоосон асуудлаар бид маргах эрхгүй. Энэ бол маш энгийн эрх зүйн онолын зарчим учраас эрх сэргээхтэй холбоотой зөрчил хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа. 

2491 дүгнэлтийн үндэслэл нь улсын бүртгэгч К.Ж*******ы өөрийнх нь өгсөн тайлбар байдаг. Үүнийг үндэслээд буруу бүртгэсэн байна гэж үзсэн. Бид энэ талаар огт маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрөөд тайлбар гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, анхнаасаа хууль зөрчсөн илэрхий алдаа гаргасан юм байна, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гээд сайн дураараа тайлбараа гаргаж өгөөд, зөрчлөө хүчингүй болгуулъя гэсэн. Нэмж энэ бүртгэлийг хийлгэхийг хүссэн байгууллагаас хохирол, хор уршиг байгаа эсэхийг тодруулж тухайн байгууллагаас өгсөн албан бичгийг гаргаж өгсөн. Энэ бүгдээс үзвэл миний үйлчлүүлэгчийн хувьд түүнийг буруутгаж байгаа бүртгэлтэй холбоотой асуудал шүүхээр нэгэнт тогтоогдсон учраас үүнийг зөрчил гэж үзэхгүй. 

Үнэлгээний хувьд тухайн хагас жилийн үнэлгээ гэж тайлбарлаж байна. Шалгалт авдаггүй гэж байна. Үнэлгээний хуудас 3 хэсгээс бүрдэж байна. 1/ хууль тогтоомжийг зөрчсөн эсэх, 2/ ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөгөө биелүүлсэн эсэх, 3/ гүйцэтгэлүүд нь хангагдсан эсэх. Тасгийн дарга үнэлгээ өгдөг. Өмнө нь буруу хөтөлсөн гэх бүртгэл байгаа учраас муу үнэлгээ авсан. Гэхдээ үүнд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсгийг зөрчсөн алдаа байгаа. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэлийг давхарду******* ногдуулахыг хориглоно. Яагаад гэвэл өмнө нь энэ асуудал яригдаад зөрчилд тооцогдсон байхад нэмж энэ 2 зөрчлийг гаргасан гэж “үнэлгээ” муу үнэлэгдсэн гэж дахин зөрчилд тооцож байгаа нь үндэслэлгүй. 

Нэгэнт түүний гаргасан зөрчлүүд нь үндэслэлгүй, мөн зөрчил биш гэж үзэж байгаа учраас зөрчил гаргасан гэж үзэхгүй. Нэмж хэлэхэд анхнаасаа маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар бодит нөхцөл байдал нь тодорхой, ойлгомжтой байх ёстой. Хамгийн анх нэхэмжлэгчийг 2491 дүгнэлтээр 5 барьцаалбарыг бүртгэсэн нь буруу гэсэн. Тэгэхээр энэ зөрчлийн хүрээнд л бид мэтгэлцэх ёстой байтал сүүлд илэрхий алдаа гэж халхавчлаад утга агуулгыг бүхлээр нь өөрчлөөд дотоод хяналт шалгалт гээд өмнө нь яригдаагүй асуудлыг гаргаж ирсэн нь буруу юм. Иймээс нэгдүгээрт нэгэнт хууль шүүхээр тогтоогдсон асуудлыг зөрчил гэж үзсэн нь, хоёрдугаарт тогтоогдсон зөрчлүүдийг нэмж үнэлээд дахин зөрчил гэж үзэж байгааг давхарду******* ногдуулахтай адил гэж үзэж байгаа, гуравдугаарт 2491 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийг бид сайн дураараа хүлээн зөвшөөрч илрүүлээд, зөрчлөө болон хохирлоо арилгасан байхад эдгээрийг харгалзаж үзэлгүйгээр ажлаас халах шийтгэлийг ногдуулсан. Анх болон давтан зөрчил үйлдсэн байдлыг харгалзаж үзээгүй. Үр дагаварт нь тохирсон зөрчил биш байсан учраас захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв. 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, А.Х******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: “К.Ж*******ы нэхэмжлэлийн үндэслэх хэсгийн 1-т "... Улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгнэлтийг албан ёсоор огт гардуулж өгөөгүй, энэ дүгнэлтээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16.3-т заасныг үндэслэн надад сахилгын шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан "оролцоог хангах", "сонсох ажиллагаа"-г зөрчиж буй хэлбэр мөн" гэсэн нь үндэслэлгүй байна.

Тэрээр өөрийн гаргасан зөрчлүүдээ бүрэн хүлээн зөвшөөрч, алдааг залру******* бүртгэлийн зөрчлийг арилгуулсан. Гэхдээ зөрчлийг арилгасан нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. К.Ж******* нь 2025 оны 04 болон 05 дугаар сард нэр бүхий 5 иргэний барьцааны гэрээ бүртгэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй, үл анзааран бүртгэсэн, энэ зөрчлөө арилгуулахаар тайлбар гаргаж, гэм буруугаа буюу зөрчил гаргаснаа сайн дураар хүлээн зөвшөөрч, бүх баримтаа гаргаж ирүүлсэн. Гаргасан алдааг нь дээд шатны байгууллага, албан тушаалтан нь шалган тогтоож, бүртгэлийг хүчингүй болгож, залру******* бүртгэсэн. Энэ нь манай байгууллага болоод гуравдагч этгээдэд огт хохирол амсаагүй, ямар нэгэн хор уршиг учраагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь бусдад гэм хор уршиг учруулаагүй нь эсрэгээрээ өөрт болон бусдад давуу байдал бий болгосон бүртгэл хийсэн нь Төрийн албаны тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн дараах холбогдох зүйл, заалтыг зөрчсөн үйлдэл болохыг хяналт шалгалтаар илрүүлэн тогтоосон байна.

Мөн К.Ж******* нь иргэн Т.М нэхэмжлэлтэй хэрэг маргааныг Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлөн оролцож, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 125/ШШ2025/0007 дугаар шийдвэр гарсан ч нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Энэ талаар дээд удирдлагадаа мэдэгдэж чиглэл, зөвшөөрөл авалгүйгээр өөрөө дур мэдэн нэхэмжлэгчтэй "Эвлэрлийн гэрээ" байгуулж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг зөвшөөрч, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчиж холбогдох шүүхийн шийдвэр албажихаас өмнө иргэний бүртгэлийн мэдээллийн цахим санд өөрчлөлтийг бүртгэсэн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл "Төрийн албаны зарчим", 36 дугаар зүйл "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг", 37 дугаар зүйл "Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг", 39 дүгээр зүйл "Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл", Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь үйл баримт, өөрийн тайлбар, тодруулгаар нотлогдсон.

Захиргааны ерөнхий хуульд заасан "оролцоог хангах", "сонсох ажиллагаа"-г зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны зүгээс 2025 оны А/149 дугаар "Дотоод хяналт, шалгалт хийсэн тухай" тушаалыг удирдамжийн хамт хүргүүлж,  хариу тайлбар авсан. Тэрээр тушаал, удирдамжийг хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн тайлбартаа барьцаалбарын алдаатай 5 бүртгэлийн зөрчлийг гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хяналт шалгалтын ажиллагаа дууссан тул үр дүнг 1/227 дугаар "Илтгэх хуудас"-аар түүнд танилцуулсан. Мөн 2025 оны 84 дүгээр "сонсох ажиллагааны мэдэгдэл"-ийг түүнд хүлээлгэн өгч, гарын үсгээр нь баталгаажуулсан. Сонсох ажиллагааг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 03 минутанд цахимаар хийхэд тэрээр тайлбар, саналаа өгч оролцсон. 

Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан "оролцоог хангах", "сонсох ажиллагаа"-г зөрчсөн гэсэн нь огт үндэслэлгүй болох нь илтгэх хуудас, түүний хариу тайлбар, сонсох ажиллагааны тэмдэглэлээр бүрэн нотлогдоно.

К.Ж******* "ажлаас халах" шийтгэл ногдуулсан нь "бодит байдлыг буруу үнэлсэн, шударга бус шийдвэр оногдуулсан гэж үзэж байна" гэсэн нь үндэслэлгүй байна. К.Ж*******ы үйлдсэн дээрх зөрчлүүд нь нэг төрлийн, дахин давтагдсан шинжтэй, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн удирдлагын шийдвэргүй байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг зөрчиж итгэмжлэлгүйгээр шүүхэд төлөөлсөн нь хяналт шалгалтаар болон түүний сайн дураар гаргаж өгсөн тайлбар, тодруулга, хөдлөшгүй үйл баримтуудаар нотлогддог. Эдгээр үйлдлүүдээ тэрээр хүлээн зөвшөөрсөн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "барьцааны бүртгэлүүдийн зөрчлөөс манай байгууллага, гуравдагч этгээд хохирол амсаагүй, ямар нэгэн хор уршиг учруулаагүй, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна, гэхдээ халах шийтгэл нь зөрчилд тохирохгүй байна" гэж дурдсан нь үндэслэлгүй байна Учир нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл /бүхэлдээ барьцаалбарын бүртгэл/-ийн зөрчил, мөн шүүхэд итгэмжлэлгүйгээр байгууллагыг төлөөлж иргэнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, сонирхлын зөрчлийг үүсгэсэн бөгөөд иргэний бүртгэлийг шүүхийн шийдвэр эсвэл хяналтын улсын байцаагч өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй байтал тус бүртгэлийг хууль тогтоомж зөрчиж ямар нэгэн шийдвэргүйгээр иргэний овог нэрийн бүртгэлд засвар өөрчлөлт оруулсан нь тус бүртээ баримтаар нотлогдсон.

К.Ж******* "миний бие 2 сартай жирэмсэн юм" гэсэн нь захиргааны акт албажих хугацаанд жирэмсэн байсан эсэх нь эргэлзээтэй байна. Захиргааны акт албажих явцад, сонсох ажиллагааг хийх явцад, эсхүл дотоод хяналт шалгалт хийгдэж байх явцад тайлбар тодруулгадаа өгөөгүй учраас бид хүний эмзэг мэдээллийг авах боломжгүй. Тиймээс энэ нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Хэрвээ өөрийнхөө хөдөлмөрлөх эрхийг хамгаалаад жирэмсэн гэх талаар эмнэлгийн хуудсаа өгсөн бол бид хууль зөрчиж шийдвэр гаргасан үндэслэлээр шалгагдаж болох байсан. Гэхдээ бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

К.Ж*******ы гаргасан зөрчил, үйл баримтууд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1., мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг тус тус зөрчиж барьцааны бүртгэл, иргэний овог нэрийн өөрчлөлтийн бүртгэлийг хийсэн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан халах шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдал, зөрчлийг дахин давтан үйлдсэн үйл баримтад үндэслэсэн үндэслэл бүхий захиргааны акт болно. Энэ шийтгэлийг сонгох болсон шалтгаан нь Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу К.Ж******* нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн байна. Мөн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилтод заасан Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг мөрдөх, эх нотлох баримтад үндэслэн бүртгэл хөтлөх, шүүх эрх бүхий байгууллага, улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний улсын бүртгэлд өөрчлөлт оруулах чиг үүргээ үл ухамсарлаж, удаа дараа алдаатай бүртгэл үйлдсэн нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл болно. 

Эдгээр зөрчлүүдээс гадна 2025 оны эхний хагас жилийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээгээр 69,5 оноогоор хангалтгүй үнэлэгдсэн байдаг.

Иймд К.Ж*******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523 дугаартай тушаал болон уг тушаалын үндэслэлд нэмэлт оруулсан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/528 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523 дугаар тушаалаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч К.Ж*******д “улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн” зөрчилд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, уг тушаалын үндэслэл хэсэгт 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/528 дугаар тушаалаар “хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр” гэсний дараа “дотоод хяналт шалгалт” гэж нэмэлт оруулсан, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулах болсон зөрчил хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр  тогтоогдсон гэсэн үндэслэлд дотоод хяналт шалгалтаар мөн тогтоогдсон гэх агуулга нэмсэн. 

2. Нэхэмжлэгч К.Ж******* нь Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа, 

2.1. Албаны чиг үүргийн хүрээнд иргэний улсын бүртгэлийн маргаанд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нийцээгүй бүртгэл хөтлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчтэй эвлэрч нэхэмжлэгчид давуу байдал олгосон зөрчил гаргасан талаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 29/723 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдээлэл ирүүлсэн байна. Маргааныг тодруулбал, 

Иргэн Т.Мешитханаас өөрийн өвөө болох М.Х овоглосон байсныг түүний хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6580 дугаартай дүгнэлтээр төрсөн эцэг Х.Т нэрээр овоглож бүртгэсэн, уг иргэн 2024 онд дахин өөрийн өвөө болох М.Х овоглуулах буюу өмнөх овгийг сэргээлгэх хүсэлт гаргаж, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 29/770 дугаар албан бичгээр, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3/481 дүгээр албан бичгээр татгалзсан,  

Уг иргэн шүүхэд хандаж, Х аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 125/ШШ2025/0007 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад улсын бүртгэгч К.Ж******* хариуцагчаар оролцохдоо 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байдлаар нэхэмжлэгчтэй эвлэрч, 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны  өдрийн 221/ШТ2025/0339 дугаартай тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлжээ. 

Түүнээс гадна дотоод хяналт шалгалтаар энэ зөрчлийн хүрээнд иргэний улсын бүртгэлийн логийн бүртгэлийн жагсаалт, улсын бүртгэгч К.Ж*******, Ч.Н нарын тайлбар, ИУБ- маягтын мэдээлэл зэрэг баримтаар иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Х.Мишетханы овог, эцэг /эх/-ийн нэр өөрчилсний бүртгэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 339 дүгээр тогтоол гарахаас өмнө 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн төлөвтэйгөөр бүртгэгдсэн, шүүхийн тогтоол тус хэлтэст ирсний дараагаар уг бүртгэлийн бүртгэсэн он, сар, өдрийг засаж бүртгэн, баталгаажуулсан нь тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч хялбаршу******* шийдвэрлүүлэхээс ч өмнө хуульд нийцээгүй улсын бүртгэл хөтөлсөн зөрчил тогтоогдсон байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д иргэний улсын бүртгэлийн төрлийг нэрлэн заасанд 6.1.7-д овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хамаарах бөгөөд, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлээр овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн төрлийг зохицуулсан, 12.3 дахь хэсэгт овог, эцэг /эх/-ийн нэрийг өөрчлөх үндэслэлийг 12.3.1 “эцэг /эх/-ийн үе уламжлагдан ирсэн овгийг буруу тогтоож иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн бол”, 12.3.2 “гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнтэй гэрлэсэн Монгол Улсын иргэн нөхөр /эхнэр/-ийн овгоор бүртгүүлэх бол”, 12.3.3 “эцгийн овог, нэрээр овоглож байсан иргэн эхийн овог, нэрээр овоглох, эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох бол”, 12.3.4 “иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр нь иргэний баримт бичиг дэх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээс зөрүүтэй” бол өөрчилж бүртгэх үндэслэлд хамаарахаар, мөн 12.5-д иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болохоор заасан байна. 

Монгол улсын иргэн овог, эцэг /эх/-ийн нэрээ өөрчлөх, түүнчлэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэрээ сэргээлгэх эрхтэй боловч овог, эцэг /эх/-ийн нэрээ өөрчлөх үндэслэл нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд байна. Тиймээс ч Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалаар баталсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын .3-т Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаас бусад үндэслэлээр иргэний овог, эцэг /эх/-ийн нэр өөрчилсний бүртгэл хөтлөхгүй хэмээн журамлажээ.

Иргэн Т.Мешитханаас Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтээ “овог, эцэг /эх/-ийн нэрээ өвөө М.Хамбарын нэрээр өөрчлөх”, “өмнөх овгийг сэргээлгэх” агуулгаар тайлбарладаг бөгөөд “...Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан овог, эцэг /эх/-ийн нэрээ өөрчлөх үндэслэлд “өвөг эцгээр овоглох” агуулга хамаарахгүй хэмээн татгалзсан хариуг үндэслэлтэй болохыг Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэн.

Захиргааны байгууллагын татгалзлыг үндэслэлтэй болохыг шүүх дүгнэж шийдвэрлэсэн байхад Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасанд хамаарахгүй үндэслэлээр овог, эцэг /эх/-ийн нэр өөрчлөн бүртгэхийг даалгах тухай иргэн Т.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн улсын бүртгэгч К.Ж*******ы үйлдэл нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дээрх заалтад нийцэхгүй, өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн хариуцагчийн зөвшөөрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д нийцээгүй байна. 

Өөрөөр хэлбэл, хуулиар зөвшөөрсөн хүрээнд хамаарахгүй үндэслэлээр эрх зүйн тодорхой үр дагавар бий болгосон бүртгэл хийхээр шүүхээр шийдвэр гаргуулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргу******* авч тогтоох”, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 19.4.10-т “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”, 19.4.11-т “өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах” гэж заасныг тус тус зөрчжээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдсан нь тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон албан хаагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй, хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцээгүй бүртгэл хийгдэх үр дагаврыг бий болгох ёсгүй.  

Нэхэмжлэгч К.Ж******* уг зөрчлийн талаар тайлбарлахдаа ийнхүү иргэний овог, эцэг /эх/-ийн нэр солих үндэслэлд өвөөгөөрөө овоглох нь хамаарна гэж, иргэний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн нь хуульд нийцсэн гэж маргаагүй, харин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хариуцагчаар тодорхойлогдсон этгээдэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлээр олгогдсон эрх мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. 

Учир нь К.Ж******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн субьектив эрхийн хүрээнд оролцоогүй, төрийн захиргааны албан хаагчийн хувьд, албан тушаалын тодорхойлолтод заасан “өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн үнэн зөвийг хариуцаж, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад улсын бүртгэлийн байгууллагыг итгэмжлэлээр төлөөлөх” чиг үүргийн хувьд оролцсон байх тул түүний албаны чиг үүргээ хэрэгжүүлэх энэ харилцаанд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан  хууль дээдлэх, үйл ажиллагаагаа хуульд бүрнээ нийцүүлэх үүрэг хамаарна.

Тиймээс энэ үйлдлийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12.3 дахь зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болгосон нь үндэслэлтэй байна.

2.2. Улсын бүртгэгч К.Ж******* 2025 оны 4, 5 дугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “иргэн хувийн өмчийн газар, эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол барьцаалбар үйлдэх, бүртгүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 5 иргэний өмчлөх эрхтэй нэгж талбар бүхий газрыг барьцаалбарт бүртгэсэн. Энэ зөрчлийн хувьд тэрээр өөрөө хүлээн зөвшөөрч, зөрчил гаргаснаа мэдээлсэн, улмаар улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2491 дүгээр дүгнэлтээр уг зөрчлийг тогтоож, Г-160009, Г-16000107, Г-160001, Г-16000050, Г-16000006 дугааруудад барьцаалбар бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгож, Төрийн албаны хуульд заасны дагуу улсын бүртгэгч К.Ж*******д сахилгын шийтгэл ногдуулах саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 29/ тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт уг зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэх санал хүргүүлсэн байдаг.

3. Улсын бүртгэгч К.Ж*******ы иргэний улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дээрх зөрчлүүд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1. “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн зорилго, зорилт, чиг үүргийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон, энэ талаар хариуцагч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа зөв дүгнэсэн байна.

4. Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс дээрх иргэний бүртгэлтэй холбоотой зөрчлийг шалгуулж шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 29/723 дугаар албан бичгээр мэдээлэл хүргүүлснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/149 дүгээр тушаалаар улсын бүртгэгч К.Ж*******ы хариуцсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилтэд дотоод хяналт шалгалт хийхээр удирдамж баталсан, удирдамжаас харахад дотоод хяналт шалгалт “захиргааны хэргийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцохдоо удирдлагад шүүх хуралдаанд оролцох болсон тухайгаа танилцуулаагүй, улсын бүртгэлийн байгууллагаас итгэмжлэлгүйгээр дур мэдэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэгчид давуу байдал олгосон” зөрчлийг шалгаж тогтооход чиглэсэн ч,  

Дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/227 дугаартай “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай” илтгэх хуудсаас үзвэл 1/ “захиргааны хэргийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцохдоо удирдлагад шүүх хуралдаанд оролцох болсон тухайгаа танилцуулаагүй, улсын бүртгэлийн байгууллагаас итгэмжлэлгүйгээр дур мэдэж, улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой асуудалд хууль бусаар эвлэрч  нэхэмжлэгчид давуу байдал олгосон” зөрчил, 2/ 2025 оны 4, 5 дугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “иргэн хувийн өмчийн газар, эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол барьцаалбар үйлдэх, бүртгүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 5 иргэний өмчлөх эрхтэй нэгж талбар бүхий газрыг барьцаалбарт бүртгэсэн улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2491 дүгээр дүгнэлттэй зөрчлийг ч мөн шалгаж тогтоож, дээрх 2 зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал эрх бүхий этгээдэд гаргажээ. Түүнчлэн бүртгэлийг зөвтгөх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулах санал оруулсан байдаг. 

Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523 дугаар тушаалаар нэхэмжлэгчид “улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн” зөрчилд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, уг тушаалын үндэслэл хэсэгт 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/528 дугаар тушаалаар хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр  тогтоогдсон гэсэн үндэслэлд дотоод хяналт шалгалтаар мөн тогтоогдсон гэх агуулга нэмсэн нь үндэслэлтэй байна.

5. Захиргааны аль ч байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд зайлшгүй тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар гаргах боломж олгож, сонсох ажиллагаа хийх шаардлага Захиргааны ерөнхий хуулиар тавигддаг, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1-д захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын буюу шийдвэрийн үндэслэлийн талаар тайлбар, санал гаргах боломж олгож, ийнхүү тайлбар, түүнд хамаарах баримтыг гаргах боломжит хугацаа тогтоож мэдэгдэл хүргүүлэхээр хуульчилсан. Уг шаардлагыг хангаж гаргасан захиргааны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно. 

2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/227 дугаартай “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай” илтгэх хуудсаар тогтоогдсон 1/ “захиргааны хэргийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцохдоо удирдлагад шүүх хуралдаанд оролцох болсон тухайгаа танилцуулаагүй, улсын бүртгэлийн байгууллагаас итгэмжлэлгүйгээр дур мэдэж, улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой асуудалд хууль бусаар эвлэрч  нэхэмжлэгчид давуу байдал олгосон”, 2/ 2025 оны 4, 5 дугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “иргэн хувийн өмчийн газар, эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол барьцаалбар үйлдэх, бүртгүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 5 иргэний өмчлөх эрхтэй нэгж талбар бүхий газрыг барьцаалбарт бүртгэсэн улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2491 дүгээр дүгнэлттэй зөрчлийг зөрчил, сахилгын шийтгэл хүлээлгэх шийдвэрийн төсөлд 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийг оролцу******* сонсох ажиллагааг хийсэн, тайлбарыг сонсож тэмдэглэлд тусгасан байх тул хариуцагч шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй байна. 

6. Түүнчлэн, захиргааны байгууллага сөрөг үйлчлэл бүхий захиргааны актыг гаргахдаа сонгох боломжоо хэрэгжүүлж сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасантай нийцсэн. 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 80.1.4, ... бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан, албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь агуулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчлөөр захиргааны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэлд хамаарах тул жирэмсэн эмэгтэйн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон зохицуулалтад хамаарахгүй байна. 

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас явуулсан дотоод хяналт шалгалт явуулах үед, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад сонсох ажиллагаа хийх үед нэхэмжлэгчээс жирэмсэн талаараа ажил олгогчид мэдэгдээгүй байх бөгөөд ажил олгогчоос нэхэмжлэгчийг жирэмсэн гэх нөхцөл байдлыг мэдэх боломжгүй байх тул шалгах үүрэг үүсэхгүй. Учир нь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтаар 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар “Жирэмсний V-IV долоон хоног 6 өдөр” оношоор байгаа болох нь жирэмсний хяналтын дэвтэр, эмчийн хяналтын үзлэгээр тогтоогдож байна.

Иймд жирэмсэн эмэгтэйн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм. 

8. Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бүртгэл хөтөлсөн, зөрчсөн бүртгэл хөтлөхөөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн” 2 зөрчилд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа уг тушаалын үндэслэл хэсэгт 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/528 дугаар тушаалаар “хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр” гэсний дараа “дотоод хяналт шалгалт” гэж өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулах болсон зөрчил хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2491 дүгээр дүгнэлтээр  тогтоогдсон гэсэн үндэслэлд дотоод хяналт шалгалтаар мөн тогтоогдсон гэх агуулга нэмсэн нь хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр гаргах эрх хэмжээний хүрээнд байна.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.” гэж зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхийн хүрээнд өөрийн гаргасан захиргааны актад өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт оруулах эрх багтана. 

Тодруулбал, дотоод хяналт шалгалтаар иргэний овгийг өөрчилсөн болон 5 иргэний газрыг барьцаалбарт бүртгэсэн зөрчлүүдийг аль алийг шалгасан нь илтгэх хуудас танилцуулгаас тогтоогдож байх тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийн хувьд шийдвэртээ нэмж тусгасан нь ийнхүү хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр гаргах эрхийн хүрээнд багтана.

Ийнхүү захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523 дугаартай “К.Ж*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/528 дугаартай “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

9. Нэгэнт маргаанд хамаарах тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3,   Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1., 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/523, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/528 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх К.Ж*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.






 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА