Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2017/0294

 

2017 оны 04 сарын 19 өдөр                 Дугаар 221/МА2017/0294                  Улаанбаатар хот

Д.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.Т-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т-ын М К ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000, 000000, 000000, 000000, 000000, 000000 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, тойруу, хотхоны байрны зоорийн давхрын  тоот  байрны зоорийн давхрын тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Т-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолуудыг иргэн Д.Т-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц давж заалдах гомдолдоо: Иргэн Д.Т-ын нэхэмжлэлтэй, Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, нотлох баримтыг буруу үнэлсэн, мөн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч нь "М К" ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн, 000000, 000000, 000000, 000000, 000000, 000000 дугаартай гэрчилгээнүүдийг, хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, тойруу, " " хотхоны байрны зоорийн давхрын тоот,  байрны зоорийн давхрын  тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Т-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолуудыг иргэн Д.Т-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Д.Т нь "М К" ХХК-тай 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн "Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ"-гээр Хан-Уул дүүргийн хороо, хотхон, байрны ,  байрны зоорийн давхрын тоот нийт 6 авто зогсоолыг тус бүр нь 5.000 ам доллар, нийт 30.000 ам доллараар тооцож, төлбөрийг 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан ба 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн үеэс эхлэн дээрх автозогсоолуудыг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна. Өнгөрсөн хугацаанд "М К" ХХК-иас гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг удаа дараа шаардаж ирсэн ч тэдний зүгээс "санаа зовох хэрэггүй, удахгүй гэрчилгээг гаргаж өгнө" гэх мэт шалтаг тоочсоор байсан тул гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж, хууль ёсны өмчлөгч мөн болохоо тогтоолгосон. Хариуцагч болох бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/Ш2016/01701 тоот шүүгчийн захирамжийн дагуу иргэн Д.Т нь дээрх автозогсоолуудын өмчлөгчөөр тогтоогдсон тул мэдүүлэг гаргаж, өмчлөгчөөр бүртгүүлэхээр хандахад татгалзсан хариу өгсөн тул эс зөвшөөрч, түүний дээд шатны байгууллагад гомдол гаргахад мөн гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хариуцагчийн татгалзсан хариу өгсөн албан бичгээс "М К" ХХК болон "К Б" ХХК нарын хооронд "Зээлийн гэрээ", болон "Зээлийн барьцааны гэрээ", байгуулагдсан болохыг мөн шинээр баригдаж буй орон сууцны барилгын обьект тус бүрээр 55 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэл болон түүний үндсэн дээр олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байсныг олж мэдсэн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцсон "М К" ХХК болон "К Б" ХХК нарын хооронд "Зээлийн гэрээ", болон "Зээлийн барьцааны гэрээ"-нүүд байгуулагдсан болох нь тогтоогдсон байна гэж үзэж, нэхэмжлэгч Д.Т-ыг өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэж бүртгэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь хариуцагч бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэн Д.Т-ыг дээрх автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдэл мөн шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Д.Т нь "Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ"-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, барилгыг барихад өөрийн хөрөнгөө оруулан автозогсоолыг захиалан бариулсан, тухайн автозогсоолыг хүлээн авч, одоог хүртэл эзэмшин ашиглаж, амьдарч байгаа нэхэмжлэлийн шаардлага холбогдох үйл баримтыг нотлох баримтаар болон мэтгэлцээнээр үгүйсгэж чадаагүй, өөрсдийн хууль бус бүртгэл түүнийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээтэй холбоотой "Зээлийн барьцааны гэрээ"-нүүдээр барьцаалагдсан гэж шүүхэд мэтгэлцсэн нь үндэслэлгүй байхад шүүх анхаарч үзээгүй нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үед өөрийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байсан 2004 оны "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ыг дараах байдлаар зөрчиж, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг "М К" ХХК-ийн нэр дээр бүртгэсэн байдаг. Үүнд: М К" ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ анх удаа олгосны дараа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон нь тус журмын 4.10-т "Дуусаагуй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно." гэж заасныг шууд зөрчсөн байна. Хариуцагч байгууллага дээрх журам болон "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-йн 5 дугаар зүйлийн 5.3-т тус тус заасан "Улсын бүртгэл үнэн зөв байх" зарчмыг зөрчиж бүртгэл хийсэн болох нь тодорхой байхад Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс иргэн Н.Энхболдын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхээс татгалзсан нь "Улсын бүртгэлийн ер ийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан "Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах." гэж заасныг зөрчиж, анхнаасаа өмчлөгч бус этгээдийн нэр дээр буруу бүртгэсэн бүртгэлийг зөвтгөхөөс татгалзаж байгаа нь хууль бус үйлдлийг шүүх зөвтгөж байгаа нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх бүрэн үндэслэлтэй.

3. Иргэн Д.Т-ыг автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх хүчин чадалтай юм. Гэтэл хариуцагч байгууллага уг шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана, мөн хуулийн 24.8-д Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж заасныг баримтлан хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага иргэн Д.Т-ын нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгох үндэслэл хангалттай тогтоогдож байна. Эцэст нь хэлэхэд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч д.Т-д маргаан бүхий автозогсоолуудыг өмчлөх эрх үүссэний дараа М К ХХК, К Б ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн барьцааны гэрээ-г Д.Т-ын оролцоогүйгээр хийж, ашиг сонирхлыг нь авч үзэлгүй бүртгэсэн байж, уг гэрээтэй холбоотой үүсэж буй үр дагаварт нь Д.Т-ыг хамаатуулж байгаа нь буруу, мөн барьцааны гэрээнд хамааралгүй иргэний хөрөнгө оруулалтаар баригдсан автозогсоолыг М К" ХХК барьцаалж, "К Б" ХХК нь барьцаанд авч байгаа нь өөрөө хууль бус болохыг дурьдахгүй байхын аргагүй, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тохиолдолд гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн нэхэмжлэгч иргэний хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдөхөөр байгааг анхан шатны шүүх анхаар ч үзээгүйд харамсаж байна. Иймд иргэн Д.Т-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хавтаст хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/01701 дүгээр захирамжаас үзвэл иргэн Доржпаламын Т-ын М К ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, тойруу,  хотхоны байрны зоорийн давхрын тоот байрны зоорийн давхрын  тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталснаар тухайн маргаан дуусгавар болсон байна.

Улмаар нэхэмжлэгч Д.Т нь 2016 оны 03 дүгээр сарын 17-ны өдөр байрны зоорийн давхрын  тоот, байрны зоорийн давхрын тоот автозогсоолуудын өмчлөх эрх-ийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр хандахад Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс уг үл хөдлөх эд хөрөнгийг К Б ХХК барьцаалсан, зээлийн гэрээ бүртгэлтэй тул тус автозогсоолуудын өмчлөгчөөр Д.Т-ыг бүртгэх боломжгүй гэх хариуг өгч бүртгэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Анх гуравдагч этгээд болох М К ХХК нь хотхоны барилгын ажлын санхүүжилтэд зориулж өөрийн өмч болох Хан-Уул дүүргийн дүгээр хороо, сургуулийн урд байрлах, 50 хувийн гүйцэтгэлтэй 5 блок 120 айлын орон сууцны барилга, 29.000 мкв газар, дэд бүтцийн хамт, 7.000 мкв 205 автомашины гараж, иргэн Б.Батхүүгийн Хан-Уул дүүргийн дүгээр хороо,  хотхон, тоот 3 өрөө орон сууц, гаражийн хамт, М К ХХК-ийн зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон М К ХХК-ийн бараа материалын үлдэгдэл нийт 2,968,985,000.00 төгрөгний өртөг бүхий хөрөнгийг барьцаалан М К ХХК-ийн захирал Б.Б нь К Б ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 дугаар барьцааны гэрээг байгуулжээ.

Улмаар М К ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болгож барьцаанд тавьсан эд хөрөнгөө мөн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дугаартай Зээлийн барьцааны гэрээний дагуу К Б ХХК-д барьцаалсныг Улсын бүртгэлийн газар 90%-ийн гүйцэтгэлтэй байрны зоорийн давхрын тоот, байрны зоорийн давхрын тоот автозогсоолуудыг барьцаалсныг бүртгэсэн, тус барьцааны гэрээгээр барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, гудамж, хотхоны байрны зоорийн давхрын тоот, байрны зоорийн давхрын тоот автозогсоолууд зэргийг бариулах тухай 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Д овогтой Т, М К ХХК-ийн хооронд Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Т-ын маргаж буй, 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр худалдаж авсан гэх автозогсоолууд нь 2007, 2008, 2009, 2010 онуудад М К ХХК-ийн өмчлөлд 55 хувийн болон 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга гэх хэлбэрээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдэж улмаар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн К Б ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга барьцаа болон бүртгэгдсэн, тус үл хөдлөх хөрөнгүүд банкны зээлийн барьцаанд байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна, 19.1.2-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх гэж заасны дагуу иргэний шүүхийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/01701 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дээрх автозогсоолуудын өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Т-ыг тогтоосон тул М К ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн нэрийг өөрчлөн бүртгэх нь зүй ёсны асуудал юм.

Гэвч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5671 дүгээр албан бичгээр ...өргөдөлд дурдсан ... эд хөрөнгө ... К Б ХХК-ийн барьцаанд байна ... Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь таны 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй ... Иймд... К Б ХХК-ийн хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлгээ дахин гаргана уу... гэж бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу хариуцагч нь дээрх автозогсоолуудын өмчлөгчийг иргэн Д.Т-ын нэр дээр шилжүүлэхийн тулд тус автозогсоолуудыг барьцаанд авсан этгээд буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж  болох К Б ХХК-ийн зөвшөөрлийг авсан байхыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно, 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох, 18.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх гэж тус тус зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа хийхийг гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн дүгээр хороо, гудамж,  хотхоны, байрны зоорийн давхрын тоот, байрны зоорийн давхрын тоот автозогсоолууд өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан иргэн Д.Т-ын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн үйлдэл нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... үл хөдлөх эд хөрөнгийг К Б ХХК нь барьцаанд авч байгаа нь өөрөө хууль бус .... барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тохиолдолд гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн нэхэмжлэгч иргэний хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдөхөөр байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь барьцааны гэрээг бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, зээл, зээлийн барьцааны гэрээ, тус гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой асуудал нь захиргааны хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлэгдэхгүй тул энэ магадлалаар дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иймд хуульд заасан журмын дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой барьцааны бүртгэл өмнө нь хийгдсэн, хүчинтэй байгаа тохиолдолд иргэн Д.Т-ын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан мэдүүлгийн дагуу эрх нь хөндөгдөх этгээдийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч байгууллага бүртгэлд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ