Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 731

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Н.Г*******, Х.О*******, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.С******* нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасган тогтоолгох” гэжээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас хүргүүлсэн хүсэлтийн дагуу Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Н.Г*******, Х.О*******, Х.С******* нар манай компанийн 2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн. 

Шалгалтаар 178.991,627.50 төгрөгийн зөрчил илрүүлж 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар 16,397,480.10 төгрөгийн нөхөн татвар, 5,572,862.20 төгрөгийн торгууль, 2,190,638.20 төгрөгийн алданги, 9,804.30 төгрөгийн хүү, нийт 24,170,785.40 төгрөгийн төлбөр тогтоосон.

Улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцээд актыг үндэслэлтэй гэж үзэн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4.3 дахь заалтыг үндэслэн 24,170,785.40 төгрөгийн төлбөрөөс торгууль, алданги, хүү, болох 7,773,305.30 төлбөрийг хасч, үлдэх 16,397,480.10 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр өөрчлөн баталж, 96 тоот тогтоол гарган шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа учир Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар татвар төлөгч гомдлоо шүүхэд гаргах эрхийн дагуу нэхэмжлэл гаргалаа. Учир нь:

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар /хуучин нэрээр/-ын мөрдөн байцаагчийн 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчдийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 052 тоот шинжээчийн дүгнэлтээр улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актыг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байгааг дүгнээд нийт 178,991,627.50 төгрөгийн зөрчлөөс 44,633,454 төгрөгийн зөрчлийг тогтоож, нөхөн татварт 4,463,345, торгуульд 1,339,004, алдангид 700,727, хүүд 1,260, нийт 6,504,336 төгрөгийн төлбөр тогтоосон байна. Татвар төлөгчийн хувьд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа юм.

Учир нь улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийхдээ компани дээр хадгалагдаж байгаа санхүүгийн тайлан, анхан шатны баримтад тулгуурлан явуулаагүй, тус компанид ямар ч хамааралгүй этгээд болох С.Ш*******аас хүлээн авсан гэх баримтад үндэслэн явуулсанд гомдолтой. Түүнчлэн иргэнд урамшуулал шилжүүлсэн гэх баримтгүй байсаар байтал татвар суутган тооцоогүй, борлуулалтын орлогыг тайландаа бүртгэсэн байтал татвар ногдох орлогыг нуусан зэргээр буруутгасныг зөвшөөрөхгүй. Иймд гаргасан зөрчлийн хэмжээг бодитоор тогтоолгож татвар төлөх, түүнчлэн захиргааны хариуцлагаас өршөөх тухай хуулийн зохицуулалтад хамрагдах явдал нь татвар төлөгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэх тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 

Иймд Татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасган тогтоож өгнө үү” гэжээ.

Тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадын агуулга:  “Татварын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар тогтоогдсон төлбөрийн хэмжээг багасган, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчдийн тогтоосноор 6,504,336 төгрөг болгож тогтоолгох” гэжээ. 

Тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас хүргүүлсэн хүсэлтийн дагуу Гааль, татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Н.Г*******, Х.О*******, Х.С******* нар манай компанийн 2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн.

Шалгалтаар 178,991,627.50 төгрөгийн зөрчил илрүүлж 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар 16,397,480.10 төгрөгийн нөхөн татвар, 5,572,862.20 төгрөгийн торгууль, 2,190,638.20 төгрөгийн алданги, 9,804.30 төгрөгийн хүү, нийт 24,10,785.40 төгрөгийн төлбөр тогтоосон.

Улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцээд актыг үндэслэлтэй гэж үзэн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4.3 дахь заалтыг үндэслэн 24,170,785.40 төгрөгийн төлбөрөөс торгууль, алданги, хүү болох 7,773,305.30 төлбөрийг хасаж үлдэх 16,397,480.10 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр өөрчлөн баталж, 96 тоот тогтоол гарган шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа учир Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар татвар төлөгч гомдлоо шүүхэд гаргах эрхийн дагуу нэхэмжлэл гаргалаа. Учир нь:

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар /хуучин нэрээр/-ын мөрдөн байцаагчийн 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчдийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 052 тоот шинжээчийн дүгнэлтээр улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 09-ий өдрийн 360004019 тоот актыг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байгааг дүгнээд нийт 178,991,627.50 төгрөгийн зөрчлөөс 44,633,454 төгрөгийн зөрчлийг тогтоож, нөхөн татварт 4,463,345, торгуульд 1,339,004, алдангид 700,727, хүүд 1,260, нийт 6,504,336 төгрөгийн төлбөр тогтоосон байна.

Татвар төлөгчийн хувьд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа юм.

Учир нь улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийхдээ компани дээр хадгалагдаж байгаа санхүүгийн тайлан, анхан шатны баримтад тулгуурлан явуулаагүй, тус компанид ямар ч хамааралгүй этгээд болох С.Ш******* хүлээн авсан гэх баримтад үндэслэн явуулсан нь уг татварын акт нь үндэслэлгүй, бидний эрх ашгийг хохироосон болохыг илтгэнэ. Борлуулалтын орлогыг тайландаа бүртгэсэн байтал татвар ногдох орлогыг нуусан зэргээр буруутгасныг зөвшөөрөхгүй. Иймд гаргасан зөрчлийн хэмжээг бодитоор тогтоолгож татвар төлөх, түүнчлэн захиргааны хариуцлагаас өршөөх тухай хуулийн зохицуулалтад хамрагдах явдал нь татвар төлөгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэх тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд Татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар тогтоогдсон төлбөрийн хэмжээг багасган, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчдийн тогтоосноор 6,504,336 төгрөг болгож тогтоож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газрын гаргасан дүгнэлт, “Б*******” ХХК-ийн гаргасан дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчдийн гаргасан дүгнэлт хоорондоо зөрүүтэй байдаг. Тиймээс бид шүүх шинжээчдийн дүгнэлтээр манай компанид нийт 6,504,336.00 төгрөгийн төлбөр тогтоосныг үндэслэлтэй гэж үзэн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай компанийг анх Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгасан. Цагдаагийн байгууллага татварын хэлтсийн шалгалтыг оруулсны дараагаар шүүх шинжээчийн шалгалтыг заавал оруулдаг журамтай учраас манай байгууллагад Налайх дүүргийн татварын хэлтсийн шалгалт, шүүх шинжээчийн шалгалтыг оруулсан. Түүнээс биш хувийн сонирхлоор шүүх шинжээчийн шалгалт хийлгээгүй.

Түүнчлэн Налайх дүүргээс Ула*******ын цагдаагийн ерөнхий газар хэрэг шилжиж ирэхэд мөн адил Гааль, татварын ерөнхий газарт комисстой шалгалт оруулж, үүний дараа шүүх шинжээчийн комисстой шалгалт оруулсан. 

Хариуцагчийн хийсэн тайлбартай холбогдуулж хэлэхэд “Д*******” ХХК-ийн орлогын хувьд оны өмнө мөнгө нь шилжиж орж ирээд оны дараа НӨАТ-аа төлсөн. Тэгтэл оны өмнөх орлого хэмээн акт тавигдсан. Үүнийг би сайн санаж байна. 

Харин “Д*******” ХХК-ийн хувьд “Ш” ХХК-д орох орлого нь “М*******” дээр акт тавигдсан. Урамшуулал мөн адилхан “Ш” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн орлого хэрнээ “М*******” ХХК дээр акт тавигдсан. Хэрвээ тавигдвал “Ш” ХХК-д тавигдах ёстой байсан. Шүүх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх гэдэг үүднээс бид шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.

2.Хариуцагчийн хариу тайлбарт

Хариуцагч Гааль, татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Х.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт: “Налайх дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, Монгол Улсын иргэн Базар овогтой Э*******ын 100.0 хувийн хөрөнгө оруулалтаар гадаад худалдаа, худалдааны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулсан, 1.0 сая төгрөгийн дүрмийн сантай, 5672414 регистр бүхий улсын бүртгэлийн 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 901 тоот гэрчилгээтэй, “ХААН банк” ХХК-д төгрөгийн 50, ам.долларын 5749 тоот данстай “М*******” ХХК-ийн 2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газрын даргаас олгосон 9 дүгээр сарын 18-ны өдрийн 36140900121 тоот томилолтын дагуу санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл, гэрээ хэлцэл, татвар төлөгчтэй хийсэн ярилцлага зэрэг баримт материалд үндэслэн Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газрын татварын улсын байцаагч Н.Г*******, Х.О*******, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.С******* нар хяналт шалгалт хийв.

Тус ХХК-ийн 2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд “Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Ш*******аас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан “М*******” ХХК-тай холбоотой цэнхэр өнгийн хавтастай 2013 оны санхүүгийн баримтууд, татварын тайлан, бусад 240 хуудас баримт, “М*******” ХХК-тай холбоотой ногоон өнгийн хавтастай “Б*******” ХХК-ийн дүгнэлт, 2013 оны бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээний тайлан, бусад 560 хуудас баримт, мөн зургийн файлууд, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч. Цагдаагийн ахмад М.Баас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан “М*******” ХХК-ийн 2013 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан болон бусад 519 хуудас баримт, мөн компьютерт байсан санхүүгийн холбогдолтой файлууд, Улсын мөрдөн байцаах газрын хошууч Х.Бат-Очироос 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан “М*******” ХХК-ийн санхүүгийн баримт 413 хуудас баримтуудыг ашигласан болно.

Татварын хяналт шалгалтаар 2013 онд 178,991,627.5 мянган төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч...үүрэг хүлээнэ: 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх...18.1.3. анхан шатны...нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам...нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах...18.1.14.хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн нь тогтоогдож хяналт шалгатын акт бичигдсэн болно. Үүнд:

          1. 2013 онд аж ахуйн нэгж, иргэдэд 32,680,901.27 төгрөгийн полимер хоолой худалдан борлуулсан орлогыг аж ахуйн нэгжийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусган, татвар ногдуулж төлөөгүй нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно”, 8 дугаар зүйлийн 8.1 “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:.. 8.1.1. үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, 16 дугаар зүйл “16.1.Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна” гэж заасныг;

          2. 2013 онд 32,680,901.27 төгрөгийн полимер хоолой худалдан борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил илэрсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурьдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна; 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” гэж заасныг;

          3. 2013 онд 4,969,660.00 төгрөгийн үйл ажиллагааны бус зардал, 7,129,140.00  төгрөгийн түлш, бараа материалын, баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл. Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт 15.1 “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй:...15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал...” гэж заасныг;

          4. 2013 онд ажиллагсдад 5,223,025.00 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс олгохдоо татвар ногдуулан төсөвт төлөөгүй зөрчил нь Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйл. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал. урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого 11.1 “Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараахь орлого хамаарна: 11.1.1 ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого...”, мөн хуулийн 26 дугаар зүйл. Албан татвар ногдуулах, төсөвт төлөх 26.1 “Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална: 26.1.1.энэ хуулийн 11 дүгээр зүйл-д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1 -д заасан хувиар,...тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх...” гэж заасныг;

          5. 2013 онд 13,308,000.00 төгрөгийг нэр бүхий 11 хувь хүнд ажил, үүрэг гүйцэтгэсний дагуу хөдөлмөрийн хөлс олгосноос хуулийн дагуу татвар ногдуулан суутгаж төсөвт төлөөгүй зөрчил нь Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд 18.1.6 “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх”, Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1,4 ”суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараахь орлого хамаарна:...11.1.6 “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого” , мөн хуулийн 26 дугаар зүйл “Албан татвар ногдуулах, төсөвт төлөх 26.1 “Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална: 26.1.1 “энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар...тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх... гэж заасныг;

          6. 2013 онд иргэн Д.Мт 83,000,000.00 төгрөгийн борлуулалтын урамшууллын орлогыг шилжүүлэхдээ татвар ногдуулан суутгаж төсөвт төлөөгүй зөрчил нь Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д ”суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, мөн хуулийн 12 дугаар зүйлд “Үйл ажиллагааны орлого...12.2 Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна” мөн хуулийн 26 дугаар зүйл. Татвар ногдуулах, төсөвт төлөх 26.1 “Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална: 26.1.1 “энэ хуулийн 11 дүгээр зүйл, 12.2, 13.1.4, 15.1-д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар...тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх...гэж заасныг үндэслэл болгон Татварын улсын байцаагчийн 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар 178,991,627.54 мянган төгрөгийн зөрчилд 16,397,480.13 мянган төгрөгийн нөхөн татвар, 5,572,862.07 мянган төгрөгийн торгууль, 2,190,638.72 мянган төгрөгийн алданги, 9,804.27 мянган төгрөгийн хүү, нийт 29216.8 мянган төгрөгийн төлбөрийг тогтоосон болно. 

          2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “М*******” ХХК-ийн касс “Д*******” ХХК-аас хоолойны үнэ гэж 17,652,0000.0 төгрөгийн орлого орж ирсэнийг борлуулалтын орлогод тусгаагүй байдаг. Энэ орлогыг “Ш” ХХК руу бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлсэн баримт байхгүй. Авлага өглөгийн тооцоо нийлсэн акт байхгүй учраас “М*******” ХХК-ийн орлого гэж үзсэн. 

          2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “М*******” ХХК-ийн харилцах дансанд “Д*******” ХХК-аас хоолойны үнэ гэж 2,893,0000.0 төгрөгийн орлого орж ирсэнээр 14072254 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын ярилцлага хийхэд иргэн Д.Мт “Одкон” ХХК-ийн борлуулалтын урамшууллын орлогыг шилжүүлсэн гэдэг боловч татвар ногдуулан суутгаж төсөвт төлөөгүй байдаг. 

          2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “М*******” ХХК-ийн кассаас бэлнээр “Одкон” ХХК-ийн борлуулалтын урамшуулалд 83,000,000.00 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байдаг. Энэ зарлагын гүйлгээг “М*******” ХХК-ийн нягтлан бодогч Пүрэвдорж овогтой Ононбаяраас тодруулж ярилцлага хийхэд иргэн Д.Мт “Одкон” ХХК-ийн борлуулалтын урамшууллын орлогыг шилжүүлсэн гэдэг боловч татвар ногдуулан суутгаж төсөвт төлөөгүй байдаг” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “”М*******” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 06/05 дугаарын албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай тайлбарт дараах хариу тайлбар өгч байна. Үүнд:

          1. Тус компани нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбар, нэмэлт тооцоолол, нотлох баримт ирүүлээгүй өмнөх нэхэмжлэлд дурдсан зүйлээ давтсан байна. 

          2. Компанийн гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн гаргасан бөгөөд татварын улсын байцаагчдыг баримт үзээгүй шалгасан гэж гүтгэсэн хууль зүйн үндэслэлтэй тайлбаргүй байна. 

          3. Татварын улсын байцаагч С******* шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон Татварын маргаан таслах зөвлөлийн хуралд өгсөн тайлбар, хяналт шалгалт хийсэн талаарх тус компанийн өөрсдийн гарган өгсөн болон Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн санхүүгийн баримт, “Б*******” ХХК-ийн гаргасан дүгнэлт болон холбогдох мэргэжлийн аудитор, нягтлан бодогч нарыг байлцуулан хийсэн шалгалт болно. 

          4. Татварын улсын байцаагчийн актыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаараа авч хэлэлцээд шийдвэр гаргасныг бид зөвшөөрч байна. 

          5. Татварын улсын байцаагчийн акт бол захиргааны акт. Уг актыг татвар төлөгч зөвшөөрсөн байгаа. Хэрвээ уг актыг зөвшөөрөхгүй бол Татварын маргаан таслах зөвлөл, Захиргааны хэргийн шүүх л хянан шийдвэрлэх эрхтэй байгааг Татварын ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд зохицуулсан байгаа. 

          6. Зөвшөөрсөн татварын улсын байцаагчийн актыг цагдаагийн байгууллага шинжээч томилж (актад өөрчлөлт оруулах талаар санал гаргадаг шийдвэр гаргадаг) ажиллах хуулийн зохицуулалт өнөөдөр байхгүй. Иймд шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлт, шинжээч томилсон мөрдөн байцаагчийн тогтоолыг Захиргааны хэргийн шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаанд үндэс болгох үндэслэлгүй гэж үзэж байна. 

          7. Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсныг Татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 382 дугаарын албан бичгээр компанид хүргүүлсэн байна. 

          8. Татвар төлөгч өөрөө зөвшөөрсөн (нягтлан бодогч, гүйцэтгэх захирал нь өөрөө байлцаж байгаад зөрчлийг мэдсэн) актыг шүүхийн шинжилгээний хүрээлэн шинжилгээг хийлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байхыг үндэс болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү. (шалгалтанд хамрагдсан нотлох баримтыг Тагнуулын ерөнхий газраас танайд албан бичгээр ирүүлсэн байгаа тул энд дурдах шаардлагагүй байсан болно)” гэжээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М******* ХХК-ийн 2013 оны албан татвар ноогдуулах төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газрын даргаас олгосон 09 дүгээр сарын 18-ны өдрийн 36140900121 тоот томилтын дагуу хяналт шалгалт хийсэн. “М*******” ХХК-г урд нь Налайх дүүргийн Татварын хэлтэс шалгасан бөгөөд шалгасан хэсэг дээр нь нягтлах шалгалт хийж гүйцэтгэсэн. 

Манайх хяналтын шалгалтыг хийхдээ нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад тулгуурлан шалгалтыг хийсэн. Шалгалтыг хийх явцад “М*******” ХХК-ийн касс 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Д*******” ХХК-с хоолооны мөнгө гэж 17.656.000,00 төгрөгийн орлого орсон байдаг боловч борлуулалтын тайландаа тусгаагүй. Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр Тухайн орлогыг “М*******” ХХК-ийн захирал Б.Э******* Ш ХХК-ийн борлуулалтын орлого гэж тайлбарладаг боловч Шинэ Ёндоо ХХК-ийн дансанд бэлнээр юм уу бэлэн бусаар кассаар юм уу харилцахаар харьцсан ямар нэгэн анхан шатны баримт байхгүй учраас “М*******” ХХК-ийн орлого гэж үзсэн. 

2013 оны 12 дугаар сарын 04-ны өдөр “М*******” ХХК-ийн харилцах дансанд бэлэн бусаар “Д*******” ХХК-с хоолооны мөнгө гэж 2.893.000.00 төгрөгийн орлого орж ирсэн. Тухайн орлого орж ирсэнээр 14072254 гэсэн тоот нэмэгдсэн өртөгийн албан татварын борлуулалтын падан бичиж өгсөн боловч борлуулалтын тайландаа мөн адил тусгаагүй учир тус компани орлого гэж үзээгүй иймд Татварын ерөнхий хуулийн дагуу уг нэхэмжлэгч компанид акт тавьсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Татварын ерөнхий газрын улсын байцаагч Н.Г*******, Х.О*******, Чингэлтэй дүүргийн улсын байцаагч Х.С******* нарын гаргасан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасган, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчдийн тогтоосноор 6,504,336 төгрөгөөр тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэл /хх 1-2, 70-71/-ийг гаргажээ. 

Татварын хяналт шалгалт хийх томилолт /хх 34/, Татварын хяналт шалгалт хийх удирдамж /хх 57/, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Татварын ерөнхий газарт явуулсан албан бичиг /хх 55/-ийн дагуу нэхэмжлэгч компанийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж маргаан бүхий акт /хх 7, 35-39/-ыг гаргажээ.

Маргаан бүхий акт /цаашид акт/-аар Татварын ерөнхий хуулийн 18 дугаар 18.1.1, 18.1.14-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх татвар төлөгчийн үүрэг болон хууль тогтоомжид заасан татвар төлөгчийн бусад үүргийг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-д заасныг үндэслэн 16,397,480.10 төгрөгийн нөхөн татвар, 5,572,862.20 төгрөгийн торгууль, 2,190,638.20 төгрөгийн алданги, 9,804.30 төгрөгийн хүү, нийт 24,170,785.40 төгрөгийн төлбөр тогтоожээ. 

Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоол /хх 9-10/-оор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3-д заасныг үндэслэн актаар тогтоосон 24,170,785.40 төгрөгийн төлбөрөөс 5,572,862,20 төгрөгийн торгууль, 2,190,638.20 төгрөгийн алданги, 9,804.30 төгрөгийн хүү, нийт 7,773,305.30 хасч, 16,397,480.10 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр актад дурдсан төлбөрийг өөрчлөн баталжээ. 

Нэхэмжлэгчээс “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 052 дүгнэлт үндэслэлтэй тул улсын байцаагчийн актад дурдсан төлбөрийг хасч тооцох, татварын хяналт шалгалтыг компани дээр хадгалагдаж байгаа санхүүгийн тайлан, анхан шатны баримтад тулгуурлан явуулаагүй, тус компанид хамааралгүй баримтад үндэслэсэн, борлуулалтын орлогыг тайландаа бүртгэсэн байтал татвар ногдох орлогыг нуусан гэж буруутгасан нь үндэслэлгүй” гэж маргажээ. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 052 дүгнэлт /хх 99-116/ нь эрүүгийн хэргийн санхүүгийн баримтанд шинжилгээ хийж, “Монгол ёндоо” ХХК, “Ш” ХХК, “М*******” ХХК ны санхүүгийн баримтыг судлан үзэж, хуулийн байгууллагаас тавьсан асуултад хариулж, эрх зүйн дүгнэлт гаргах зорилготой байжээ. Шинжээчийн энэхүү дүгнэлтийн хоёр дахь хэсэг болох “М*******” ХХК-ний талаар дурдсан хэсэг /хх 102-109/-т маргаан бүхий захиргааны акт болох улсын байцаагчдын 2015 оны 360004019 акт үндэслэлтэй эсэх талаар заалт бүрээр дүгнэлт өгчээ. 

Уг дүгнэлт /хх 102-103/-ээр актын тогтоох хэсгийн 1.6-д “...иргэн Д.Мт 83,000,000 сая төгрөгийн урамшуулал олгосон гэх баримт байхгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна ...” гэж, актын тогтоох хэсгийн 1.1-д “...“Д*******” ХХК-наас бэлнээр орж ирсэн 17,652,000 төгрөг нь “Ш” ХХК-ны орлого тул авлага бууруулж бүртгэсэн байгаа тул хасч тооцов. “Д” суваг ХХК-наас 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орж ирсэн 2,893,000 төгрөгийн орлогыг УОО дансанд бүртгэсэн бөгөөд 2014 оны 03 сард тайландаа тусгасан байна. Иймд зөрчлийн дүнгээс 18,677,273 төгрөгийг хасч тооцов...”  гэж  тус тус үзэж нөхөн татварт 4,463,345 төгрөг, торгуульд 1,339,004 төгрөг, алдангид 700,727 төгрөг, хүүд 1,260 төгрөг бүгд 6,504,336 төгрөгийн татвар төлөхөөр байна гэж дүгнэжээ. 

1.Нэхэмжлэгчийн маргаж байгаа иргэн Д.Мт 83,000,000.00 төгрөгийн борлуулалтын урамшуулалын орлогыг татвар ногдуулан, суутгаж төсөвт төлөөгүй зөрчилд татвар ногдуулсан талаар:  

Актын тогтоох хэсгийн 1.6-д “Одкон” ХХК-ийн борлуулалтын урамшуулалд 83,000,000.00  төгрөгийн зарлагын гүйлгээ гарч, иргэн Д.Мт шилжүүлэхдээ бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж суутган авч төсөвт төлөөгүй гэж үзэн нэхэмжлэгч компанид татвар ногдуулжээ. 

Хариуцагч талаас “...2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “М*******” ХХК-ийн кассаас бэлнээр “Одкон” ХХК-ийн борлуулалтын урамшуулалд 83,000,000.00  төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байдаг. Энэ 83,000,000.00 төгрөгийн зарлагын гүйлгээг өөрийн анхан шатны баримт дээр өөр компанид нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж өгсөн борлуулалтын орлого гэдэг. Гэвч цагдаагийн газраас хурааж авсан компютерийн баримтаас харахад “Одкон” ХХК-ийн борлуулалтын урамшуулал гэж тэмдэглэгдсэн байдаг юм.  Бид энэ тухай “М*******” ХХК-ийн нягтлан бодогч Л.Ононбаяраас тодруулж ярилцлага хийхэд “Одкон” ХХК-д их хэмжээний боруулалт хийх болсон учир борлуулалтын урамшуулал болгож 83,000,000.00 төгрөгийг “Ш” ХХК-ийн менежер Д.Мт олгосон” гэж тайлбарлажээ. 

Нэхэмжлэгч талаас энэхүү хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, нэхэмжлэгчийн үндэслэлтэй гэж маргаж байгаа шүүхийн шинжилгээний дүгнэлтээр хариуцагчийн энэхүү тайлбар болон актын тогтоох хэсгийн 1.6 дахь хэсгийг үндэслэлгүй гэж үзсэн аливаа няцаалтыг гаргаагүй харин мөрдөн байцаалтаар цаашид шалгах шаардлагатай гэж дүгнэжээ. Мөн хариуцагч талын дээрх тайлбар нь ярилцлагын тэмдэглэл /хх 52/, нэхэмжлэгч компанийн 2013 оны 09 дүгээр сарын бэлэн мөнгөний тайлан /хх 80/ зэргээр батлагдаж байна. 

Энэ байдлаас үзэхэд  Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх татвар төлөгчийн үүргийг нэхэмжлэгч компани биелүүлээгүй зөрчил гаргасан байх тул татвар ногдуулан, суутгаж төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.6 дахь хэсэг нь үндэслэлтэй байна. 

2..Нэхэмжлэгчийн маргаж байгаа “Д” суваг ХХК-наас 2013.12.04-нд орж ирсэн 2,893,000 төгрөгийн орлогыг тайлан, борлуулалтын орлогод тусгаагүй зөрчилд татвар ногдуулсан талаар:

Актын тогтоох хэсгийн 1.1 дэх хэсгээр “Д” суваг ХХК-нд 2013 оны 12 дугаар сарын 04-нд хоолой борлуулсан 2,893,000 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил  гаргасан гэж үзэж татвар ногдуулжээ. 

Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар “Д” суваг ХХК-нд хоолой борлуулсан орлогыг 2014 оны 03 дугаар сарын тайландаа тусгасан тул хасч тооцно гэж маргажээ. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д бараа борлуулсан бол тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахаар заажээ. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-д бараа борлуулсан, тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг борлуулагч падаан үйлдсэн өдрөөр тогтоохоор заажээ. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д албан татвар төлөгч нь бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн сард борлуулсан бараанд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушааж төсөвт төлөхөөр заажээ. 

Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ны албан татвар, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн бөгөөд энэ хугацаанд хамаарах санхүүгийн баримтыг хянан шалгаж зөрчлийг тогтоосон байна. 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компани “Д” суваг ХХК-нд 2013 оны 12 дугаар сарын 04-нд хоолой борлуулж, падаан /хх 198/ үйлдсэн байх тул энэ нь 2013 онд борлуулсан орлогод тооцогдон уг оны санхүүгийн тайланд тусгагдаж, нэхэмжлэгч компани дараа сарын 10-ны дотор төсөвт төлөх үүргийг дээр дурдсан хуулиар хүлээжээ. 

Иймд дараа оны буюу 2014 оны 03 дугаар сарын тайланд тусгасан гэсэн үндэслэлээр хариуцагчийн татвар ногдуулсан актыг үндэслэлгүй гэж үзэхээргүй байх бөгөөд 2013 оны жилийн эцсийн тайланг хянан шалгаж Д” суваг ХХК-наас 2013.12.04-нд орж ирсэн 2,893,000 төгрөгийн орлогыг тайланд тусгаагүй зөрчил гаргасан гэж үзсэн актын холбогдох заалт үндэслэлтэй байна. 

3.Нэхэмжлэгчийн маргаж байгаа “Д*******” ХХК-наас бэлнээр орж ирсэн 17,652,000.00 төгрөгийг борлуулалтын орлогод тусгаагүй зөрчилд татвар ногдуулсан талаар:

Актын тогтоох хэсгийн 1.1-д нэхэмжлэгч компанийг “Д*******” ХХК-наас орж ирсэн хоолой борлуулсны орлого 17,652,000.00 төгрөгийг борлуулалтын орлогод тусгаагүй  гэж үзэн татвар ногдуулжээ. 

Хариуцагч талаас “...борлуулалтын орлогод тусгаагүй, “М*******” ХХК-иас “Ш” ХХК-ийн орлого гэж тайлбарладаг боловч касснаас бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлсэн эсэх нотлох баримт байдаггүй. Нягтлан бодох бүртгэлийн бичилт хийгдээгүй төдийгүй өглөг авлагын тооцоо нийлсэн акт байхгүй. Тиймээс бид “М*******” ХХК-ийн касст орлогоор орж ирсэн орлогыг тайланд тусгаагүй гэж үзэж акт тогтоосон...” гэж тайлбарлажээ. 

Харин нэхэмжлэгч талаас “...шинжээчийн дүгнэлтэд “Д*******” ХХК-иас орж ирсэн 17,652,000.00 төгрөгийг “Ш” ХХК-ийн борлуулалтын орлого гэж үзсэн нь үндэслэлтэй, энэ орлого манай орлого биш “Ш” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн орлого...” гэж тайлбарлажээ. 

Нэхэмжлэгч компанийн 2013 оны 11 дүгээр сарын мөнгөн гүйлгээний тайлан /хх-82/-д “Д*******” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17,652,000.00 төгрөгийн орлого орж ирсэн байна. Гэсэн хэдий ч “Д*******” ХХК-тай “Ш” полимер ХХК нарын хооронд “Өндөр даралтын цэвэр усны полимер хоолой нийлүүлэх гэрээ” 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдаж төлбөрийг 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлэхээр талууд харилцан тохиролцжээ /хх 195/. Мөн “Б*******” ХХК-ийн аудитийн дүгнэлтэд “...“М*******” ХХК нь полимер хоолойн үйлдвэрлэл явуулах ямарч чадамжгүй компани гэж дүгнэж байна... “М*******” ХХК нь 2013 оны 2 дугаар сарын 5-нд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байтал 2013 оны 2-р сарын 8-наас эхлэн борлуулалтын орлого болон 150,000,000.00 төгрөгийг хүлээн авч эхэлсэн ба нийт 1,740,688,364.05 төгрөгийн борлуулалт хийж 853,725,198.05 төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ нь “М*******” ХХК нь “Ш” ХХК-ийн борлуулалтын орлогыг хүлээн авч байсныг харуулж байна.” /хх 94, 95/ гэж дүгнэжээ. Түүнчлэн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр “... “Д*******” ХХК орж ирсэн 17,652,000.00 төгрөг нь “Ш” ХХК-ны орлого...” гэж дүгнэжээ. 

Эдгээр нотлох баримтаас дүгнэхэд энэхүү “Д*******” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орж ирсэн 17,652,000.00 төгрөгийн орлого нь нэхэмжлэгч компанийн орлого гэж үзэж байгаа хариуцагч талын тайлбар үгүйсгэгдэж байна. 

Иймээс нэхэмжлэгч компани нь “Д*******” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17,652,000.00 төгрөгийн орлогыг олоогүй учир актын холбогдох заалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогод албан татвар ногдох заалттай нийцэхгүй байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар төлөгчийн үүргийг нэхэмжлэгч компанийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. 

Үүний учир нэхэмжлэгчийн “татварын улсын байцаагч нарын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар тогтоосон “Д*******” ХХК-наас бэлнээр орж ирсэн 17,652,000.00 төгрөгийг борлуулалтын орлогод тусгаагүй зөрчилд татвар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасган тогтоож өгнө үү” гэсэн шаардлагыг хангаж, харин бусад шаардлага болох “татварын улсын байцаагч нарын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар тогтоосон иргэн Д.Мт 83,000,000.00 төгрөгийн борлуулалтын урамшуулалын орлогыг татвар ногдуулан, суутгаж төсөвт төлөөгүй зөрчилд татвар ногдуулсан төлбөрийн хэмжээ, “Д” суваг ХХК-наас 2013.12.04-нд орж ирсэн 2,893,000 төгрөгийн орлогыг тайлан, борлуулалтын орлогод тусгаагүй зөрчилд татвар ногдуулсан төлбөрийн хэмжээг тус тус багасган тогтоож өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоол /хх 9-10/-оор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3-д заасныг үндэслэн актаар тогтоосон 24,170,785.40 төгрөгийн төлбөрөөс 5,572,862,20 төгрөгийн торгууль, 2,190,638.20 төгрөгийн алданги, 9,804.30 төгрөгийн хүү, нийт 7,773,305.30 хасч, 16,397,480.10 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр актад дурдсан төлбөрийг өөрчлөн баталжээ. Иймд Д*******” ХХК-наас бэлнээр орж ирсэн 17,652,000.00 төгрөгийг борлуулалтын орлогод тусгаагүй зөрчилд татвар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасган тогтоохдоо актаар тогтоосон торгууль, алданги, хүүг багасгахаар дээр дурдсан маргаан таслах зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэсэн учир шүүхийн шийдвэрээр зөвхөн нөхөн татварыг багасган тогтоох нь үндэслэлтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.2.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн “татварын улсын байцаагч нарын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар тогтоосон иргэн Д.Мт 83,000,000.00 төгрөгийн борлуулалтын урамшуулалын орлогыг татвар ногдуулан, суутгаж төсөвт төлөөгүй зөрчилд татвар ногдуулсан төлбөрийн хэмжээ, “Д” суваг ХХК-наас 2013.12.04-нд орж ирсэн 2,893,000 төгрөгийн орлогыг тайлан, борлуулалтын орлогод тусгаагүй зөрчилд татвар ногдуулсан төлбөрийн хэмжээг шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу багасган тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн “татварын улсын байцаагч нарын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актаар тогтоосон “Д*******” ХХК-наас бэлнээр орж ирсэн 17,652,000.00 төгрөгийг борлуулалтын орлогод тусгаагүй зөрчилд татвар ногдуулсан төлбөрийн хэмжээг шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу багасган тогтоож өгнө үү” гэсэн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын улсын байцаагч Н.Г*******, Х.О*******, Чингэлтэй дүүргийн улсын байцаагч Х.С******* нарын гаргасан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 360004019 тоот актын Тогтоох хэсгийн 1.1 дэх хэсгийн “Д*******” ХХК-наас бэлнээр орж ирсэн 17,652,000.00 төгрөгийг борлуулалтын орлогод тусгаагүй зөрчилд татвар ногдуулсан нөхөн татварын хэмжээг багасгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.САРАНГЭРЭЛ