Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 137/ШШ2025/00257

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлтэй, хариуцагч Л.М холбогдох гэм хорын хохирол 8,573,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн З сумын ...-р баг, ............. тоотод оршин суух, Ш овогт Д О /РД: ........, утас: .........../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү О.Э нь 2024 оны 11 сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг орчим өргөн гудамжны шороон зам дээр 70-94 УАС улсын дугаартай тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Миний хүүгийн биед Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 64 дугаар шинжээчийн дүгнэлтээр хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хүнд зэрэг тогтоогдсон. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 01 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хэрэгсэхгүй болгосон. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 951 дугаар шинжээчийн дүгнэлтээр хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлт гарсан учир Улсын дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор 2 дугаар зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож олгохоор заасан ба миний хүүгийн биед учирсан гэмтэл, сэтгэл санааны байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,573,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн З сумын ...-р баг, ............. тоотод оршин суух, Б овогт Л М /РД: .................., утас:.........../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Э хууль ёсны төлөөлөгч Д.О сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 8,573,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Миний хүү Т 2024 оны 11 сарын 15-ны өдөр зам тээврийн осол гаргасны улмаас О.Э хүнд гэмтэл учирч хохирогч, холбогдогч нар нь насанд хүрээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг хаагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6,700,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2025 оны 05 сарын 10-ны өдрөөс 7 хоног бүр сургуульд явах таксины мөнгө 30,000 төгрөгийг өгсөн. Миний хүүгийн буруутай үйл ажиллагаанаас бусдад хохирол учирсныг эцэг хүний хувьд хүлээн зөвшөөрч, хариуцлагыг хүлээнэ. Нэхэмжлэгч талаас сэтгэцэд учирсан хохирлыг 12,99 буюу хамгийн өндрөөр 8,573,400 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр 2-р зэрэг тогтоогдсон. Тиймээс хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээг 8 дахин буюу 5,280,000 төгрөгөөр тооцон төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 06 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдрөөс 2025 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 05-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдрийн дотор 1,280,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,293,400 төгрөгийг татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.О миний бие нь хүү О.Э сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 8,573,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.М гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,293,400 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Л.М холбогдуулан гэм хорын хохиролд 8,573,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.М нь нэхэмжлэлийн шаардлага 8,573,400 төгрөгийн 5,280,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдрөөс 2025 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 05-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдрийн дотор 1,280,000 төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 3,293,400 төгрөгөөс татгалзсаныг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 386,547.3 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч Л.М нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Л.М холбогдуулан гэм хорын хохиролд 8,573,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.М нь нэхэмжлэлийн шаардлага 8,573,400 төгрөгийн 5,280,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдрөөс 2025 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 05-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 05-ны өдрийн дотор 1,280,000 төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 3,293,400 төгрөгөөс татгалзсаныг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 386,547.3 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч Л.М нь хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн 5,280,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 99,430 төгрөгийн 50 хувийг 49,715 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 49,715 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.М олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч Л.М нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б