Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/646

 

 

 

 

 

   2024           5              30                                        2024/ДШМ/646

 

 

  О.Д-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцлийг үндэслэн О.Д-д холбогдох 2108018111609 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

....... овгийн ........-гийн Д, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр ..... аймагт төрсөн, .. настай, э..эгтэй, ........ боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, /РД: .............../;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр  сарын 27-ны өдрийн 2020/ХМШЗ/31 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон;  

Шүүгдэгч О.Д нь 2021 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны орчим З.Т-ын хоолойг  цүнхнийхээ оосроор боож, 400.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 30.000 төгрөгийг хүч хэрэглэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Д-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
О.Д-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Д-гийн цагдан хоригдсон 168 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Т-ын иргэний нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хангаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан З.Т нь шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар О.Д-гээс жич нэхэмжлэх эрхтэйг зааж, шүүгдэгч О.Д-гээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, О.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Рэгзэдмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэхүү шүүхийн шийдвэр нь шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг
шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл
баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж
үзсэний эцэст хууль зүйн дүгнэлт гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт
цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох
баримтуудтай бодитой харьцуулалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй
дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Хэргийн тухайд, шүүгдэгч О.Д нь автобусанд явж байхдаа хохирогч
З.Т-аас “гар утсаар чинь ярья” гэж хэлээд гар утсыг авч, автобус зогсох үед
хохирогчийн гар утсыг эргүүлэн өгөхгүйгээр автобуснаас бууж, хохирогчоос зугтаан
зайлсхийсэн үйлдэл хийснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь шүүхийн
хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон
тогтоогддог.

Хэдийгээр шүүгдэгч О.Д-гийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан
үйлдэл нь илээр, хүч хэрэглэхгүйгээр авч байгаа мэт харагдаж байх боловч
шүүгдэгч хэргийн газраас зугтааж байгаад хохирогчид баригдсан үйл явц, мөн
шүүгдэгч нь хохирогчийн гэмт этгээдээс өөрийн эд зүйлээ авах гэсэн эсэргүүцэлтэй
тулгарсан нөхцөл байдлаас хамаарч хохирогчийн эд зүйлийг буцааж өгөхгүй гэсэн зорилгоор үргэлжлүүлэн зугтаан зайлсхийх боломжийг хайж, хохирогчид хүч хэрэглэж, хоолойг нь цүнхнийхээ оосроор боомилж, газар боож унагаасан үйлдлийг хийсний эцэст хэргийн газраас гар утсыг өгөхгүйгээр дахин зугтаасан үйл баримт нь дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж авсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Тодруулбал, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын амь
нас, эрүүл мэндэд халдаж хүч хэрэглэсэн аливаа үйлдэл нь хохирогчийн эд
зүйлсийг авахаас өмнө, эсхүл бусдын эд зүйлийг хууль бусаар авсны дараа тухайн
эд зүйлийг хохирогчид буцааж өгөхгүй, өөрсдийн эзэмшилд үлдээхийн тулд
хохирогчийн зүгээс ирэх эсэргүүцлийг дарахаар гаргаж буй хүч хэрэглэсэн үйлдлийг
хамааруулан ойлгоно.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан үйлдэл нь гэмт этгээд хохирогчийн
бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг
ойлгох бөгөөд хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирол бодитойгоор учраагүй
боловч хүч хэрэглэсэн арга нь хохирогчийн амь биед аюултай нөхцөл бий болгохоор
байсан бол энэхүү ойлголтод хамааруулж ойлгодог.

Мөн дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь бусдын эд хөрөнгийг авч
чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд
тооцогдоно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1
дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн
2024/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед би ямар нэгэн зүйл бариагүй байсан. Миний барьж явсан цүнхийг /паск/ хохирогч өөрөө авч, нээсэн. Би өөрийнхөө цүнхийг авах гэж хохирогчтой ноцолдсон. Би хохирогчид өөр байдлаар гар хүрээгүй. ...” гэв.

Шүүгдэгч О.Д-гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг авахаар хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн, довтолсон байхыг шаарддаг. Миний үйлчлүүлэгч О.Д нь хохирогчоос “гар утсаараа яриулаач” гэж хэлж авсан. Энэ үед хохирогч З.Т нь О.Д-г дагаад явж байсан. Хохирогч “гар утсаа авъя” гэхэд О.Д гар утсыг нь өгөөгүй учраас О.Д-гийн үүрч явсан цүнхийг /паск/ булаацалдаж, хоорондоо ноцолдсон. Энэ үед О.Д хохирогчоос зугтсан. Үүнээс дүгнэхэд О.Д ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийгээгүй болох нь харагдаж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас О.Д-г 2021 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны орчим З.Т-ын хоолойг цүнхнийхээ оосроор боож, 400.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 30.000 төгрөгийг хүч хэрэглэн авсан гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоолоор О.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь  шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч О.Д-гийн дээрэмдэх гэмт хэргийн “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон...” үйлдлийг “...хохирогчид хүч хэрэглэн боож унгасан үйлдэл нь утсыг өөрийн эрхшээлдээ хүч хэрэглэхгүйгээр авсны дараа үйлдэгдсэн” гэж хөнгөрүүлэн өөрчилж дүгнэхдээ Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаас өөрөөр тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглсэн алдаатай дүгнэлт хийжээ.

Хохирогч З.Т “…миний гар утсаар ярьж байсан залуу шууд автобуснаас буухаар нь араас нь дагаж буугаад зугтаахаар нь … араас нь хөөж байгаад тухайн залуугийн араас барих гээд үүрч явсан цүнхнээс нь бариад авсан чинь шууд эргэж хараад намайг цүнхнийхээ оосроор миний хоолойг ороогоод газарт унгасан. Тэгээд тухайн залуугаас гар утсаа ч авч чадалгүй намайг цүнхнийхээ оосроор боож унагасан ба тэр хооронд нь хүн ирсэн санагдаж байна. Тэгтэл тухайн залуу цүнхээ үлдээгээд шууд зугтаагаад явсан. …” гэсэн мэдүүлэг өгчээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн  судлахад, О.Д нь автобусанд явж байхдаа хохирогч З.Т-ын “гар утсаар чинь ярья” гэж хэлээд гар утсыг авч, автобус зогсох үед хохирогчийн гар утсыг эргүүлэн өгөхгүйгээр автобуснаас бууж, хохирогчоос зугтаасан, хохирогч З.Т нь өөрийн эд хөрөнгийг буцаан авах зорилгоор араас нь хөөхөд О.Д нь цүнхнийхээ оосроор хоолойг нь боож унган гар утсыг авч явсан үйлдлийг бүхэлд нь авч үзэж дүгнэлт хийх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхойлон хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч О.Д нь хохирогч З.Т-ын утсыг “утсаар чинь яръя” гэж аваад автобуснаас бууж зугтаасан бөгөөд утсаа авахаар араас нь хөөсөн хохирогчид хүч хэрэглэн боож унган улмаар эд зүйлийн авсан үйлдлийг утсыг өөрийн эрхшээлдээ хүч хэрэглэхгүйгээр авсны дараа үйлдэгдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.  

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон...” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч О.Д-г “...бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй тул дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний объектив үндсэн шинжээр нь гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, дээрэмдэх гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон...” болон “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг тайлбарлан бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заажээ.

Иймд дээрх прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт,  39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч О.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                              Г.ГАНБААТАР

 

                                 ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР