| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00155/И |
| Дугаар | 311/ШШ2025/00430 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 311/ШШ2025/00430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо ...... тоотод оршин суух иргэн ЖГ......ын нэхэмжлэлтэй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Р...., түүний өмгөөлөгч Б.А......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Г..... миний бие Монгол Улс зах зээлийн нийгэмтэй зэрэгцэн өмч хувьчлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нэгэн юм. Завхан аймгийн Өмч хувьчлалын комиссоос 1993 оны 06 сард Сумдын эрчим хүчний салбарыг хувьчлах чиглэлийг гаргаж эрчим хүчний салбарыг бүхэлд нь дизель станц, уурын зуухыг агаарын болон газар доорх шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хамт дуудлага худалдаанд оруулалгүйгээр мэргэжлийн хүнд үйлдвэрлэлийн чиглэлийг өөрчлөхгүй байх, чанарын түвшинг бууруулахгүй ажиллах талаар гэрээний үндсэн дээр хувьчлах гэсэн чиглэлийг сум бүрт өгсөн. Завхан аймгийн ....... сумын уурын зуухын барилга, шугам сүлжээ үл хөдлөх эд хөрөнгийг Завхан аймгийн өмч хувьчлалын комиссын .......-н хувьчлалын комиссын хамтарсан хурлаар нэр дэвшигдэн аймгийн өмч хувьчлалаар 1993 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн ..... сумын уурын зуухыг Ж.Г.... ахлагчтай хамт олон хүлээлгэн өгөхөөр шийдвэр гарч, хувьчлах асуудлыг сумын өмч хувьчлалын комиссоор дамжуулан баталгаажуулахаар тогтсон. Мөн ....... сумын өмч хувьчлалын комисс болон ....-н хувьчлалын комиссын хамтарсан 1993 оны 07 сарын 20-ны өдрийн хуралд миний бие ..... сумын уурын зуухны барилгыг хувьчилж авах зорилгоор оролцсон болно. Тухайн хурлаар миний хувьчилж авах өргөдлийг уншиж сонсгон комиссын гишүүдийн хурлаар санал хурааж миний тухайн уурын зуухны барилга болон шугам сүлжээг хувьчилж авах саналыг дэмжиж, миний бие тухайн объектыг өмч хувьчлалаар 839,0 төгрөгөөр худалдан авсан болно. ....Өмч хувьчлалын комиссын тогтоол шилжигдэн ирээгүй харин аймгийн өмч хувьчлалын комиссын хурлын протоколууд, мөн 1996 оны 10 сарын 10-ны өдрийн Завхан аймгийн бага хувьчлалд орсон аж ахуйн нэгжийн судалгаагаар ...... сумын уурын зуухны барилга, түүний шугам сүлжээ нь миний нэр дээр архивын лавлагаагаар гарсан нь хангалттай нотлох баримт гэж үзэж байна. Улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч Миний бие Улаанбаатар хотод амьдардаг тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Р......ийг томилсон болно. Иймд Завхан аймгийн Ургамал сумын уурын зуухны 196 м2 барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Р....... шүүхэд гаргасан тайлбартаа: Уурын зуухны барилгыг анх Г..... гэдэг хүн өмч хувьчлалаар авсан байсан. Түүнийг манай аав Н....... гэдэг хүн худалдаж авсан. Энэ асуудал дараа яригдах асуудал. Ж.Г..... гэдэг хүн Н....... гэдэг хүнд худалдаад явсан хойно нь уур зуухны үндсэн үйл ажиллагааг тухайн орон нутагт .... ХХК хэвийн үйл ажиллагааг хангаад ажиллуулж байгаа. Хуучин уурын зуухны гэрчилгээг ..... ХХК надаас нэхсэн. Би гаргаж өгөхөөр Ж.Г.... гэдэг хүнээс нэхэмжилсэн. Завхан аймгийн Улсын бүртгэлийн газраас гэрчилгээгээ авах гэхээр энэ хөрөнгө бүртгэлгүй байна. Гэрчилгээ гаргуулахын тулд шүүхэд ханд гэж надад санал болгосон. Шүүхэд хандахад Ж.Г...... гэдэг хүн миний нэр дээр итгэмжлэл хийж өгсөн. Шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орохыг мөн зөвшөөрсөн. Аймгийн Орон нутгийн өмчийн газраас энэ хөрөнгө хэн гэдэг хүн дээр бүртгэлтэй байна гэхээр аймгийн хэмжээнд ямар нэгэн бүртгэл байхгүй гэдэг талаар надад бичиг гаргаж өгсөн. Анхнаасаа өмч хувьчлалаар 800.000 төгрөгөөр Ж.Г......гэдэг хүн авсан гэдэг орон нутгаас тухайн хурлын тэмдэглэл, архиваас гарсан зүйлүүдийг шүүхэд гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөөд Завхан аймгийн Ургамал сумын уурын зуухны 196 метр квадрат барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг Ж.Г..... нэр дээр гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А..... шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хүний аав болох Н...... нь Ж.Г.......гэдэг хүнээс худалдаж аваад явсан байсан. Улсын бүртгэлд оруулаад гэрчилгээг нь авах гэсэн боловч заавал анх худалдаж авсан хүн дээр гаргана, бусад тохиолдолд гаргахгүй. Анх худалдаж авсан хүн нас барсан тохиолдолд хүүхдүүдээс нь өв залгамжлалын гэрчилгээ бичүүлээд хүүхэд дээр нь гаргаж өгнө. Бусад тохиолдолд гарах боломжгүй гэсэн байгаа. Шүүхээс Ж.Г..... гэдэг хүн Н.......т худалдсан нь үнэн гэж тогтоосон ч Улсын бүртгэлийн газар бүртгэж авахгүй гэсэн байгаа. Заавал анх худалдаж авсан хүн дээр гэрчилгээг гарна. Ж.Г....... гэдэг хүн Н.Р.......г чи өөрөө хөөцөлдөж ав гээд Н.Р......д итгэмжлэл олгосон байгаа. Нотлох баримтын хувьд тогтоолоос бусад нь бүгд гарсан. Ж.Г..... гэдэг хүн дээр өмч хувьчлалын хурлын тэмдэглэл, 1996 онд өмчлөл хувьчлалаар авсан бүртгэлийн судалгаа нь архиваас олдсон, мөн шүүхэд гаргаж өгсөн. Мөн гэрчүүдээс асуухад Ж.Г...... гэдэг хүн хувьчилж авсан гэдэг хүн хувьчилж авсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г..... нь өөрийгөө 1993 онд Завхан аймгийн ......сумын уурын зуухны 196 м.кв барилгын үл хөдлөх хөрөнгийг өмчилж авч байсан үйл явдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.
Учир нь ..... сумын Өмч хувьчлалын комисс, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн хувьчлалын комиссын хамтарсан хурлын протоколд Ж.Г...... эрчим хүчний салбарын хувьчилж авах эзнээр олонхын саналаар баталж аймгийн Өмч хувьчлалын комисст санал оруулахаар шийдвэрлэж байсан нь туссан, Аймгийн өмч хувьчлалын комиссын хурлын протоколд сумуудын эрчим хүчний салбарын хувьчлах асуудлыг хэлэлцэж байсан нь туссан, сумдын эрчим хүчний салбарын эд хөрөнгөд тооллого хийж шинэчилсэн үнэлгээ тогтоож, хувьчлах чиглэл боловсруулж комисс байгуулж байсан, мөн Завхан аймгийн бага хувьчлалд орсон аж ахуйн нэгжийн судалгааны 19 дугаарт Ургамлын эрчим хүч-Г..... гэж бичигдсэн, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр Ж.Г....., Ш.Н....... нарын хооронд 2011 оны 08-р сарын 03-ны өдөр уурын зуухны барилга шугам сүлжээг худалдаж худалдан авч байсан зэргээр хангалттай нотлогдож байна.
Дээрх үйл баримт нь гэрч .Н........., Л.П.......нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан Г..... овогт Ж......ын Г.......ыг 1993 онд Завхан аймгийн ..... сумын уурын зуухны 196 м.кв барилгын үл хөдлөх хөрөнгийг өмчилж авч байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ