Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/447

 

 

 

 

 

    2024             4              18                                         2024/ДШМ/447

 

Б.И, Ч.Д, О.Э, О.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Б.Иы өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул,

шүүгдэгч Ч.Д өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгч О.Эгийн өмгөөлөгч М.Батмөнх,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Эий өмгөөлөгч М.Батмөнх, шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.И, Ч.Д, О.Э, О.О нарт холбогдох эрүүгийн 2209 00000 0608 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.И, О.О, Ч.Д, О.Э нар нь “санхүү авна” гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон хүмүүсийг залилах талаар урьдчилан үгсэн тохиролцож 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Э.Тд зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Санрайс" зочид буудалд 500.000 төгрөгийг Б.Иы эзэмшлийн "Хаан” банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авсан,

улмаар шүүгдэгч Ч.Д нь хохирогч Э.Тг мөнгөө нэхэн маргалдахад түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шуу ясны хугарал, баруун өвдөг, тойгны шөрмөсний суналт, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.И, О.О, О.Э нар нь 2022 оны 3 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн хооронд фейсбүүк цахим хэрэгсэлд “санхүү авна” гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон хүмүүсийг залилах талаар урьдчилан үгсэн тохиролцож зарын дагуу холбогдсон хохирогч Б.Нт зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 140.000 төгрөгийг Б.Иы эзэмшлийн "Хаан” банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.И, О.О, О.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

шүүгдэгч Ч.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.И, О.Э, О.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах залилах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах залилах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Эийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч О.Ог 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ид оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед ... нутаг дэвсгэрээр, шүүгдэгч О.Эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Улаанбаатар хотын Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Ч.Дд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, шүүгдэгч нарыг хязгаарлалтын бүсээс гарахыг тус тус хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д, О.Э, О.О нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Ч.Д, О.Э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч О.Од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Огаас 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух хохирогч Б.Н-т олгож, хохирогч Э.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.И, Ч.Д, О.Э, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.И, Ч.Д, О.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Эий өмгөөлөгч М.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.Э болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд О.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 10 сартай /хавтаст хэргийн 106-р хуудас/ байсан нь нас тоолсон тэмдэглэлээр нотлогддог. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөртөө дүгнэлт хийж ойлгож гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь ял хүндэдсэн гэж үзэж байна.

Мөн оршин суудаг гэр нь Баянгол дүүрэгт, сурдаг сургууль нь Сүхбаатар дүүрэгт, дадлагаа Баянзүрх дүүрэгт хийдэг зэрэг сурч боловсрох нөхцөлийг хангахгүйгээр зөвхөн хязгаарлах ялын бүсийг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон байна.

Өсвөр насандаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн зэрэг бүхий л нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.И давж заалдах гомдолдоо: “Миний бие өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Шүүхийн дуудсан цагт очиж бүртгүүлж, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагаанд тусалсан. Мөн миний бие төрөлхийн уушгины цооролтой. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, гэм буруугаа ойлгон ухаарч байгаа. Цаашид ажил төрлөө хийж, чин шударгаар амьдрах болно. Анхан шатны шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байхад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Хорих ялыг торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Иы өмгөөлөгч Б.Өлзийбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бидний үйлчлүүлэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн бөгөөд Б.Иы хувьд асуудлын талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд дуудсан цагт хүрэлцэн очиж, төвөг чирэгдэл учруулаагүй бөгөөд хохирогчоос уучлалт гуйж, учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа бүрэн төлж барагдуулсан, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, хэрэгт холбогдсон үеэсээ дүгнэлт хийж, ажил хөдөлмөр эрхэлж, аав ээж, ах, дүү нарынхаа сэтгэл санааг зовоосондоо гэмшиж шүүх, мөрдөн шалгах ажиллагаа, мөн прокурорын шатанд чин сэтгэлээсээ илэрхийлж ирсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байдаг. Гэтэл шүүхээс тус хэрэгт адилхан үйлдэл оролцоотой, адилхан зүйл ангитай /зарим нь 2 зүйл ангитай/ шүүгдэгч нарт хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан атлаа бидний үйлчлүүлэгч Б.Ид хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, Б.Ид ял шийтгэл оногдуулахдаа Үндсэн хууль болон ЭХХШТХ-д заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Б.Ид ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хорихоос өөр төрлийн ял оногдуулж болохгүй ямар ч үндэслэл байхгүй бөгөөд бусад шүүгдэгч нараас ялгавартайгаар заавал нийгмээс тусгаарлаж, хорих ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Бидний үйлчлүүлэгч Б И нь төрөлхийн уушгины цооролттой төрсөн бөгөөд байнгын эмчилгээ, үйлчилгээнд хамрагддаг ба бүгчим, тоостой, байгалийн гэрэлгүй, битүү орчинд өвчин хүндрэх эрсдэлтэй амьсгалын замын өвчтэй. /цэрэг татлагад энэхүү өвчний учир тэнцдэггүй/

Хорих ял эдлэх нь түүний хувьд эрүүл мэнд болон ирээдүйн амьдрал, амьд явах эрхэд нь асар их хохиролтой нөхцөлийг үүсгэхээс гадна тухайн гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг зэргийг харгалзан үзвэл хорих ял оногдуулах нь ялын бодлого, хүнлэг энэрэнгүй байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд Б.Ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Иы өмгөөлөгч Х.Наранзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Ид холбогдох хэсгийг эс зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч Б.И нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Тэрээр төрөлхийн уушгины цооролттой. Уг өвчнөөсөө болж цэрэг татлагад тэнцдэггүй. Одоогийн байдлаар миний үйлчлүүлэгч цагдан хорих 461 дүгээр хорих байгууллагын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн” гэж дурдсан боловч бодит байдал дээр анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт шүүгдэгч Б.Иы эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд авагдан байсан бөгөөд тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогчид учруулсан төлбөрийг сайн дураараа төлсөн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг авчирч тайлбар, мэдүүлэг өгүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын санкцтай. Б.Ид ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хорихоос өөр төрлийн ял оногдуулж болохгүй ямар ч үндэслэл байхгүй бөгөөд бусад шүүгдэгч нараас ялгавартайгаар заавал нийгмээс тусгаарлаж, хорих ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хорих ял эдлэх нь түүний хувьд эрүүл мэнд болон ирээдүйн амьдрал, амьд явах эрхэд нь асар их хохиролтой нөхцөлийг үүсгэхээс гадна тухайн гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг зэргийг харгалзан үзвэл хорих ял оногдуулах нь ялын бодлого, хүнлэг энэрэнгүй байх зарчимд нийцэхгүй байна. Мөн шүүгдэгч Б.Иы эцэг, эх “торгох ял оногдуулвал бидний зүгээс төлөхөө илэрхийлж байна. Хүүхдийн минь эрүүл мэндийн байдал муу байгаа” гэсэн тодорхойлолтыг бичиж өгсөн байгаа.” гэв.

Шүүгдэгч Ч.Д өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Иймд шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.И, О.О, Ч.Д, О.Э нар нь “санхүү авна” гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон хүмүүсийг залилах талаар урьдчилан үгсэн тохиролцож 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Э.Тд зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Санрайс" зочид буудалд 500.000 төгрөгийг Б.Иы эзэмшлийн "Хаан” банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авсан,

улмаар шүүгдэгч Ч.Д нь хохирогч Э.Тг мөнгөө нэхэн маргалдахад түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шуу ясны хугарал, баруун өвдөг, тойгны шөрмөсний суналт, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.И, О.О, О.Э нар нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд фейсбүүк цахим хэрэгсэлд “санхүү авна” гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон хүмүүсийг залилах талаар урьдчилан үгсэн тохиролцож зарын дагуу холбогдсон хохирогч Б.Нт зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 140.000 төгрөгийг Б.Иы эзэмшлийн "Хаан” банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.Тий “...Алтай хотхоны замын эсрэг талын автобусны буудал дээр зогсоод Г гар утсаараа “санхүү авна” гэсэн зараар холбогдоод чат бичиж ... дугаарыг аваад яриад дуудсан. Тэгээд хүлээгээд сууж байтал танихгүй 2 охин орж ирээд суусан. Тэгээд бид хэд хөдлөөд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо "Санрайс" гээд буудалд очоод 2 өрөө аваад орсон. Тэгтэл төлбөрөө хийчих гэсэн. Тэгээд би өөрийн Голомт банкны ... данснаас 200.000 төгрөг, мөн 300.000 төгрөг нийт 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид хэд бөөндөө нэг өрөөнд юм яриад байж байтал гаднаас гэнэт хоёр залуу орж ирээд нэг залуу нь хутга гаргаад “энэ манай найз охин” гэж хэлээд хардаад над руу хутгаараа чичээд “ална шүү” гээд хэл амаар доромжлоод байсан. ...Тэгснээ нөгөө хоёр охиныг “явъя” гэж хэлээд авч гараад автомашин руугаа суулгасан. Тэгэхээр нь би араас нь гараад нөгөө хоёр охинтой уулзаад “би мөнгөө буцаагаад авъя, тэгээд салъя” гэж хэлсэн. ...Тэгтэл хутга гаргаад байсан залуу намайг “ийшээ явъя” гээд автомашинаас холдуулаад буудлын үүд хэсэг рүү явж байснаа намайг түлхээд “автомашин руугаа яваарай” гээд гүйсэн. Тэгэхээр нь би араас нь гүйгээд жолоочийн өвөр дээр нь гараад давхарлаад суусан. Тэгээд би “мөнгөө авчихмаар байна” гэтэл намайг хэл амаар доромжлоод над руу дайраад байсан. Тэгэхээр нь би тухайн автомашины түлхүүрийг нь сугалж аваад халаасандаа хийсэн. Тэгтэл нөгөө залуу бууж ирээд намайг барьж аваад буулгаад нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд би манараад байж байтал намайг өргөөд зам дээр саваад байсан. Тэгээд би манарч байгаад босоод “чи одоо боль хоёулаа ярилцъя, чи намайг зодоод байвал шоронд оровоо” гэж хэлсэн. Тэгээд хамтдаа явж байгаад би хүнтэй яриад “мөнгийг чинь шилжүүлчихье” гэж хэлсэн. Тэгээд “шилжүүлчихлээ” гээд 500.000 төгрөг гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулсан. Тэгэхээр нь “за одоо автомашин дээр хүргээд өгчих” гэтэл “за” гээд бид хоёрыг хүргэж өгөөд яваад өгсөн. ...Тэгээд дансаа шалгаад үзэхэд ... дугаартай данснаас 1 төгрөг шилжүүлсэн байсан. ...” /1хх 19-21/ гэсэн,

хохирогч Б.Нын “...Би 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө буудалд найз нартайгаа ууж байгаад гараад ганцаараа явж байгаад санхүү авна гэх зар харсан. Тэгээд ... нэг дугаараар холбогдоод нэг охин ирээд надтай уулзаад эхлээд “мөнгөө хийчих” гэсэн. Тэгэхээр нь би дансыг нь асуугаад 140.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл тухайн охин “би хүний гар утас аваад хүрээд ирсэн байна, гараад өгчихөөд ороод ирье” гэж хэлээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирээгүй залилаад явсан байсан. Би тухайн хүний ... дугаартай И гэх хүний данс руу өөрийн ... дугаартай данснаас 140.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 147-148/ гэсэн,

шүүгдэгч О.Эий яллагдагчаар өгсөн “...Би ихэнх тохиолдолд И нартай хамт явахдаа унтаад явдаг бөгөөд ганцаараа буудал руу орж мөнгө авч байсан. Хохирогч нарын нэрийг тэр болгон мэддэггүй бөгөөд О-той утсаар ярьж хүнтэй тохирсны дараа “Отай орох уу эсвэл би ганцаараа орох уу” гэдгээ ярилцаж байгаад шийдэж буудал руу орж мөнгөө шилжүүлчихээд гарч ирдэг. Хэн нь хэдэн төгрөг авахаа ярьж тохирдоггүй. Тухайн үеийн байдлаасаа болж бүгдээрээ хэрэгтэй зүйлсээ авч идээд дуусдаг. Хоол авч идэх, нэгж авах зэрэгт зарцуулаад дуусгасан. ...” /1хх 214-215/ гэсэн,

шүүгдэгч Ч.Д яллагдагчаар өгсөн “...Иы машины урд талын суудал дээр орж ирж суугаад машиных нь түлхүүрийг хохирогч булааж авсан бөгөөд би түлхүүрийг нь авах гэтэл өгөхгүй байсан тул би хохирогчийг өргөж авч явган хүний зам руу 2 удаа шидсэн, дараа нь нүүр рүү нь нэг удаа цохисон. ...” /1хх 224/ гэсэн,

шүүгдэгч Б.Иы яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө найз О, Э нарын хамт явж байгаад О зар оруулаад утсаар яриад яваад байсан. Тэр хоёрын хэн нь хүнтэй уулзсан талаар санахгүй байна, ямар ч байсан миний данс руу 140.000 төгрөгийн гүйлгээ орж ирсэн. 140.000 төгрөгөөс хувааж хэрэглээд дуусгасан. ...” /1хх 156/ гэсэн,

шүүгдэгч О.Огийн яллагдагчаар өгсөн “...тухайн хэрэг болсноос хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн байсан учир зарим зүйлийг санахгүй андуурч байна. Төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. ...” /1хх 210/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 402 дугаартай “Э.Тий биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шуу ясны хугарал, баруун өвдөг, тойгны шөрмөсний суналт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогджээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн шуу ясны хугарал, баруун өвдөг, тойгны шөрмөсний суналт гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хоёр өвдөгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /1хх 186-188/,

хохирогч Э.Тий "Голомт” банкны ... дугаартай дансны хуулга /1хх 59/,

Б. Иы эзэмшлийн “Хаан” банкны ... дугаартай дансны хуулга /1хх 91-92/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 182-184/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.И, О.О, О.Э, Ч.Д нарыг “үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, мөн шүүгдэгч Ч.Д “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.И, О.О, О.Э нарын бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд фейсбүүк цахим хэрэгсэлд "санхүү авна” гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.Наас 140.000 төгрөгийг Б.Иы эзэмшлийн "Хаан” банкны дансаар, шүүгдэгч Б.И, О.О, Ч.Д, О.Э нарын бүлэглэн "санхүү авна" гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч Э.Тгээс 500.000 төгрөгийг Б. Иы эзэмшлийн "Хаан” банкны дансаар тус тус шилжүүлэн авч залилсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ч.Д хохирогч Э.Тг мөнгөө нэхэн маргалдахад түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.Эий өмгөөлөгч М.Батмөнх “...Өсвөр насандаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн зэрэг бүхий л нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Б.И “...миний бие төрөлхийн уушгины цооролтой. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, гэм буруугаа ойлгон ухаарч байгаа. Хорих ялыг торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Б.Иы өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нар “...шүүхээс тус хэрэгт адилхан үйлдэл оролцоотой, адилхан зүйл ангитай /зарим нь 2 зүйл ангитай/ шүүгдэгч нарт хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан атлаа бидний үйлчлүүлэгч Б.Ид хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний үйлчлүүлэгч Б И нь төрөлхийн уушгины цооролттой төрсөн бөгөөд байнгын эмчилгээ, үйлчилгээнд хамрагддаг ба бүгчим, тоостой, байгалийн гэрэлгүй, битүү орчинд өвчин хүндрэх эрсдэлтэй амьсгалын замын өвчтэй. Иймд Б.Ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч О.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь үндэслэл бүхий бөгөөд тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээг зохистой сонгож хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Эд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ид ял шийтгэл оногдуулахдаа ямар үндэслэлээр хорих ялыг сонгож хэрэглэсэн нь тодорхойгүй бөгөөд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шүүгдэгч Б.Ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, холбогдсон хэргийнх нь зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхээр байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.И нь 64 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас 64 хоногийг хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Мөн анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед өсвөр насны буюу 16 нас 10 сартай байсан шүүгдэгч О.Э, 17 нас 9 сартай байсан Ч.Д нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан өсвөр насны шүүгдэгчид хэрэглэх тусгай зохицуулалтыг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар зөвтгөж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж зааснаар шүүгдэгч О.Эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх хугацааг 2 дахин багасгаж 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Ч.Дд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх хугацааг 2 дахин багасгаж 9 сарын хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч О.Эий өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, 6 сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, 3 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 6 сарын хугацаагаар тус тус тогтоосугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Иыг 1 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэсэн хэсгийг “... шүүгдэгч Б.Иыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, ...” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 9 сарын хугацаагаар тогтоосугай гэж,

5 дахь заалтын “...шүүгдэгч Ч.Дд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, ... гэсэн хэсгийг ... шүүгдэгч Ч.Дд оногдуулсан 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Б.Ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, ...” гэж,

6 дахь заалтын “...шүүгдэгч Ч.Д, О.Э, О.О нар нь...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Б.И, Ч.Д, О.Э, О.О нар нь...” гэж,

7 дахь заалтын “Шүүгдэгч Ч.Д, О.Э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, ...” гэсэн хэсгийг “Шүүгдэгч Б.И, Ч.Д, О.Э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Эий өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсныг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 64 хоногийг хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, түүнийг нэн даруй сулласугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР