Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/39

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж. овогт Ч.Б-д холбогдох эрүүгийн 1717000840038 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1984 оны 08 дугаар сарын 14-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Ж. овгийн Ч.Б /РД:........../

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хорихын 75 дугаар байрны 11 тоотод гэртээ хамтран амьдрагч М.М-тай маргалдан түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хорихын 75 дугаар байрны 11 тоотод гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч М.М-тай маргалдан түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би ажлаа хийж байгаад гэртээ 2017 оны 11 сарын 24-ний шөнө 00 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд амарч байхад манай эхнэр М намайг шөнө 01 цаг 40 минутын үед М намайг сэрээсэн. Тэгээд намайг анхаарал халамж тавьсангүй гээд хэрүүл хийсэн.

Тэгэхээр нь би авто гражид очиж унтлаа гэсэн чинь хэрүүл болсон. Тэгээд би М-г 2 удаа алгадсан. Хамтдаа зууралдаж байгаад М газар унасан. Тэрнээс болж манай эхнэр М-гийн биед хөнгөн гэмтэл учирсан.

Миний хувьд шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа. Харин миний биед гэмтэл учраагүй ээ.

Тэр шөнө би М-ийн барьж байсан Samsung маркын саарал өнгийн гар утсыг аваад шидсэн. Тэр утасны дэлгэц нь хагарсан, бусдаар зүгээр ажиллаж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/

1.3. Хохирогч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би нөхөр Ч.Б-тай гэр бүлийн баталгаагүй, 2011 оноос хойш нэг гэрт орж хамт амьдарч байгаа. 12 настай хүү 4 настай охины хамт амьдардаг. Нөхөр Ч.Б авто угаалгын газар авто засварчнаар ажилладаг юм. Манай нөхөр Ч.Б 2017 оны 08 дугаар сард Улаанбаатар хот явлаа гэж гараад 6 хоноод ирэхээр нь би нөхөртэйгөө хаачаад ирэв гэж маргасан. Нөхөр надтай хэрэлдээд дахиад 3 хоног ор сураггүй алга болсон. Энэ байдлуудаас болж нөхөр бид 2-н хоорондын маргаан үүссэн байсан. Тэгээд өнөө шөнө 01 цаг өнгөрч байхад би нөхөртөө “за би гарч машинаас бичиг баримтаа авлаа” гээд ширээн дээр байсан машины түлхүүр авсан чинь Б надад “би чамайг явуулахгүй би өөрөө явна” гээд хувцасаа өмсөөд машиныхаа түлхүүрийг авах гээд миний хоолойноос багалзуурдаж байгаад намайг хана руу шахаж миний үснээс гараараа зулгааж, хөлөөрөө миний хөл рүү дэгээдэж намайг шалан дээр унагаачихаад өвдгөөрөө миний хоолойн дээр шахаж сууж байснаа миний зүүн нүд хэсэг рүү гараараа 3 удаа цохиж, бас хөлөөрөө нуруу, гэдэс цээж хэсэг рүү өшиглөж зодсон. Би ширээн дээр байсан өөрийнхөө Самсунг Жи-7 маркийн утсаа аваад цагдаа дуудна гэж хэлэхэд Б миний гараас гар утас булааж аваад, хана руу шидэж дэлгэц нь хагарсан. Би уйлсан, тэгээд хажуу айлын хүн сонсоод цагдаа дуудсан байх...

...Б. намайг анх удаа зодож байна. Ер нь манай нөхөр намайг зодох, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж байгаагүй. Энэ хэргийг яаралтай шийдэж өгөөч, миний хувьд нөхөртөө ямар ч гомдол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9, 21 дүгээр хуудас/

1.4. Гэрч Н.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 02 цаг 45 минутын үед манай дээд айл буюу Хорихын 75-1-11 тоотод оршин суудаг хүмүүс хоорондоо муудаад байх шиг дуу чимээ гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Би Хорихын 75-1-11 тоотод оршин суудаг Ч.Б, М.М нарыг нээх сайн танихгүй, зүс мэднэ. Би одооны байгаа байрандаа ороод 4 жил болж байна. Намайг байрандаа ороход л тэд нар 11 тоотод байсан байхаа. Урд нь Б, М нар муудаж байгаагүй. Анх удаа муудахаар нь би цагдаад дуудлага өгсөн. Надад тэдгээр хүмүүсийн талаар өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

1.5. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 437 дугаартай дүгнэлтэнд:

- М.М-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун эгэмний дунд шугамаар 4-6-р хавирганы түвшинд, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/

1.6. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 441 дугаартай дүгнэлтэнд:

- Ч.Б-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ.

1.7. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээ тогтоох комиссын дүгнэлт. /хх-ийн 39 дүгээр хуудас/

1.8. Гар утас худалдан авсан гэрээний хуулбар. /хх-ийн 50 дугаар хуудас/

1.9. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/

1.10. Аюулгүй байдлын үнэлгээний маягт /хх-ийн 6 дугаар хуудас/

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж заасныг ойлгоно гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хорихын 75 дугаар байрны 11 тоотод гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч М.М-тай маргалдан түүнийг хана руу шахаж миний үснээс гараараа зулгааж, хөл рүү нь дэгээдэж шалан дээр унагаан, өвдгөөрөө хоолойн дээр нь шахаж суун, зүүн нүд хэсэг рүү гараараа 3 удаа цохиж, хөлөөрөө нуруу, гэдэс цээж хэсэг рүү өшиглөн зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг иш татаж заасан бөгөөд уг зүйлийн 2.8 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн талаар зохицуулж хуульчилсан байна.

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ч.Б-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ч.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Ч.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Гэрч П.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Найз нөхдийн харилцаа холбоотой байдаг. Бтбаяр 10 жил төгссөнөөсөө хойш хувиараа ажил хийсэн. Гайгүй боломжийн амьдралтай. Эхнэр М болон 2 хүүхдийн хамт хувийн орон сууцандаа амьдардаг. Одоо манай ангийн Б-тай хамт авто засвар ажиллуулж байгаа. Зан аашийн хувьд архи уудаггүй, их даруу төлөв хүн байгаа юм. Бид нар Б-ыг эхнэрээ зодож цагдаад шалгагдаж байгаа талаар мэдээд итгээгүй. Тэгэж хүн зодох хүн биш. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн. Б М нар хоорондоо их л эвтэй найртай байдаг юм. Гэр бүлийн ойр зуурын маргаан гарсаныг үгүйсгэхгүй. Харин муудаад зодолдож байна гэж сонсож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

2.2. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ч.Б бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Сүүлийн 4-5 жил автозасвар хамт ажиллуулж байгаа юм. Б эхнэр 2 хүүхдийн хамт Хорихын 75-р байранд амьдардаг. Эхнэр М нь аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт төслийн ажилтан хийдэг. Гэр бүл нь боломжийн амьдралтай. Зан байдлын хувьд даруу төлөв, мөрөөрөө юмаа хийгээд явдаг. Б түүний эхнэр М нар хоорондоо муудаад байдаггүй хүмүүс юм. Би Б-ыг эхнэрийгээ зодож байхыг хараагүй, сонсоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Ба-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж. овогт Ч.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.