Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 137/ШШ2025/00367

 

                                  

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                            хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                    хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч  М.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,023,510.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... байранд байрлах Х.б ХК /ХХД:......, РД:....., утас: ......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.б нь 2024 оны 11 сарын 06-ны өдөр М.Н-тай 1020095266 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 21,700,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний 1.7-д “... зээл эргэн төлөх эх үүсвэр нь Зээлдэгчийн цалин /өрхийн орлого/ аж ахуйн үйл ажиллагааны болон адилтгах бусад орлого болно.” гэж заасан бөгөөд зээлдэгч тухайн орлогоор зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргүүлэн төлөх чадвартай болохыг түүний өр, орлогын  Хас банкны харьцааг тооцож, шалгадаг. Мөн тус гэрээний 4.1-т "Энэхүү Гэрээ нь харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэгт тооцогдох бөгөөд энэхүү гэрээгээр тухайлан тохиролцоогүй асуудлаар Хас Банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх Мастер гэрээний нөхцөлийг баримтална." гэж, Хас Банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээний 9.2 дахь заалтад “Дараах нөхцөлд Зээлдэгч Гэрээнээс татгалзах эрхээ алдан, Банк санаачлан хугацаанаас өмнө зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана:", 9.2.8 дахь хэсэгт "Зээлийн гэрээний харилцааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон, Банк шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд" гэж тус тус заасан. Хас Банкнаас зээлийг олгохдоо өр, орлогын харьцаа 60 хувь байх шаардлагыг зээлдэгчид тавьдаг бөгөөд зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувь байсан. Гэтэл зээлийг олгосноос хойш тухайн хувь 231.5% болж өөрчлөгдсөнөөр зээлдэгч нь 2025 оны 05 дугаар сарын 03- ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 76 хоногт хугацаа хэтрүүлж байна. Хас Банкны зүгээс Зээлдэгчийн өр, орлогын харьцаа ийнхүү өөрчлөгдсөнөөр Зээлийн гэрээний харилцааг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсонд тооцон, гэрээнээс татгалзан зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардаж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 10089448 дугаартай Хас Банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээ болон 1020095266 дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн Үндсэн зээлийн төлбөр 17,360,000.0 төгрөг, Зээлийн хүү 655,101.17 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 8,408.90 төгрөг, нийт 18,023,510.09 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар үйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.З сумын ...-р баг, ...... тоотод оршин суух,  М.Н /РД: ..., утас: ....../ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.Н миний бие  Х.б ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Х.б-аас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжлэлийн шаардлага зээлийн үлдэгдэл 18,023,510.09 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.б ХК нь хариуцагч М.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,023,510.09 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь зээлийн гэрээний үүрэгт 18,023,510.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,023,510.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,068 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 124,034 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 124,034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч М.Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА