Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 311/ШШ2025/00428

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 биелүүлснийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймаг дахь Х.*******ын нэрэмжит хөгжим бүжгийн коллежид холбогдох,

Завхан аймаг дахь Х.*******ын нэрэмжит хөгжим бүжгийн коллежийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/33 дугаар Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанд:  нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Завхан аймаг дахь Х.*******ын нэрэмжит хөгжим бүжгийн коллежийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/33 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар хаалттай сануулах сахилын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцсан ангийн хүүхэд болох С.Төгсбаатар нь оройн цагаар дотуур байрны багшийн хяналтад байхдаа бусадтай маргаан үүсгэж бусдыг цохисон асуудлыг анги удирдсан багшид хамаатуулж сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тухай хүүхэд оройн цагаар дотуур байрандаа байхдаа асуудал гаргасан нь дотуур байрны багшийн хариуцлагын асуудал яригдах болохоос өдрийн цагаар хичээл заадаг багшийн буруутай үйл ажиллагаанаас үүсээгүй. Энэ асуудлаар ******* сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч захирал удаа дараагийн хуралд ирээгүй учир эвлэрэх боломжгүй гэсэн шийдвэр гарч уг тэмдэглэлийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан. Иймд Завхан аймаг дахь Х.*******ын нэрэмжит хөгжим бүжгийн коллежийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь Завхан аймаг дахь Х.*******ын нэрэмжит хөгжим бүжгийн коллежийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/33 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын төлөөлөгч И.******* нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж сахилгын шийтгэл ногдуулсан 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/33 тоот тушаалаа хүчингүй болгосон байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сургуулийн математик, мэдээлэл технологийн багш*******ын өргөдлийн хүсэлтийн дагуу захирлын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар хүчингүй болгосон болно гэжээ.

Нэхэмжлэгч******* шүүхэд ирүүлэн тайлбартаа: Миний бие******* нь математик, мэдээлэл технологийн багш ажилтай. Захирлын Б/33 дугаартай хаалтын сахилгын шийтгэлийг хүчингүй болгосныг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх талуудаас ирүүлсэн тайлбаруудыг хянаж үзээд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэн байна гэж үзэв.

Ийнхүү биелүүлсэн байгаа нь бусдын болон аливаа гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Ц.*******ын нэхэмжлэлтэй *******ид холбогдох тус коллежийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/33 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1, 106-р зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОДОНЗУЛ