Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 137/ШШ2025/00369

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.З сумын ...-р баг, ..... тоотод оршин суух, ...... их эмч ажилтай, Г.О /РД: ...., утас: ...../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.З сумын ....-р баг, ..... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б.Б /РД: ....., утас: ...../-д холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 11,250,531 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б,  хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Тнар оролцов. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Б.Б гэм хорын хохиролд эмчилгээний зардалд 3,382,740 төгрөгийг, унаа, бензин /газ/-ны төлбөрт 723,291 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 7,144,500 төгрөг, нийт 11,250,531 төгрөгийг  нэхэмжилсэн.

Хариуцагч Б.Б нь тухайн асуудлаар 2023 оны 10 сарын 17-ны өдөр 137/ШШ2025/00284 дугаартай шүүхийн шийдвэр гарч, прокуророос мөн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байгаа. Иймд Г.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Г.О нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон: Миний хүү Л.О нь 2023 оны 05 сарын 24-ний өдөр ангийн хүүхэд болох Ш.Б-тай муудалцаж, дээрээсээ даруулаад нуруу нугасны гэмтэл авч, 2 хөлөнд нь саажилт үүсэж, Улаанбаатар хотын УГТЭ-т нурууны мэдрэл чөлөөлөх хагалгаанд орсон. Үүний дараа тус сум дундын шүүхэд хандан нэхэмжлэл гарган эмчилгээний зардал болох 5,000,000 гаргуулж авсан. Түүнээс хойш хүүхдүүдэд дахин ийм асуудал гаргахгүй байхаар тохиролцсон боловч 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дахин 2 хүүхэд муудалцаж, Б-ын нүдийг хөхөртөл цохисон гэсэн гомдол 9а ангийн багш Б.Э-аар дамжуулан утсаар хүлээн авсан. Иймд 2023 онд нэхэмжилж авсан эмчилгээний зардлаас хойших бүх зардлыг төлүүлэхийг хүсэж байна. 2023 оны 05 сарын 24-ний өдөр миний хүү Л.О нуруу дээр Ш.Б дарж гэмтээснээс хүүгийн биед бүсэлхийн 4/5-р нугалмын жийргэвчийн иврэлт, мөгөөрсөн цагиргийн урагдал, хоёр талын мэдрэлийн язгуурын дарагдал гэмтэл учирсан. Дээрх хугацаанд хүү Л.О биед нөхөн сэргээх эмчилгээ, физик эмчилгээг Улаанбаатар хот руу явж хийлгэж, эм тариа, эмчилгээний зардалд 3,382,740 төгрөгийг, унаа бензин /газ/-ны зардалд 723,291 төгрөгийг нийт 4,106,031 төгрөгийг зарцуулсан байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 1009 дугаартай дүгнэлтээр “хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна" гэж гарсан. Ш.Б-ын үйлдлээс хүү Л.О-ийн сэтгэл санаа, бие махбодид учирсан гэмтэл өнөөдрийг хүртэл арилаагүй байна. Иймд 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 7,144,500 төгрөгийг, эм тариа, эмчилгээний зардалд 3,382,740 төгрөгийг, унаа, бензин /газ/-ны төлбөрт 723,291 төгрөг, нийт 11,250,531 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Б нь өөрийн татгалзалаа дараах байдлаар гаргасан: Энэ асуудлыг шүүх болон прокурорын шатанд шийдвэрлэсэн. Прокурор дээр эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

             Шүүхээс дээрх талуудын тайлбар, Д.З сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 12 сарын 13-ны өдрийн .. дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар, хүүхдүүд хоорондоо муудаж байгаа дүрс бичлэг /3 ширхэг СД/, насанд хүрээгүй гэрч Ш.Б-ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 сарын 13-ний өдрийн 1139 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар зэрэг хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. /хх-ийн 26-27, 106-107,  113-116, 117-118 тал/

Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 12 сарын 13-ны өдрийн 130 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл тогтоогдоогүй гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан /хх-ийн 26-27/ байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Б-ийн хүү Ш.Б нь нэхэмжлэгчийн хүү болох Л.О-ийн биед гэмтэл учруулсан гэх эрүүгийн шинжтэй үйл баримт тогтоогдоогүй байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 1139 дугаартай шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн хүү Л.О-ийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон эрх зүйн акт болохоос хариуцагчийн хүүгийн гэм буруугийн үйлдлийг нотолсон баримт болж чадахгүй юм.

2024 оны 12 сарын 13-ны өдрийн 130 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд гэрч Б.Э-ын мэдүүлгээр “...би өөр ангид хичээлтэй байсан болохоор сайн мэдэхгүй байсан, тэгтэл ангийн камер шүүж харахад хоёр сурагч маань хоорондоо ноцолдож байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Сурагч нар хоорондоо маргалдах муудалцах асуудал ангид гараагүй ямар нэгэн зүйл байхгүй гэсэн үг” гэх тайлбар мэдүүлгээр Ш.Б-ын үйлдлийн улмаас Л.О-д хүндэвтэр хохирол учирсан гэж үзэж боломжгүй юм. Түүнчлэн хэрэгт авагдсан 3 ширхэг СД бичлэгт Ш.Б-ын гэм буруугийн үйлдэл тогтоогдоогүй болно.

Иймд хариуцагч Б.Б-ийн хүүхдийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.О-ын хүү болох Л.О-д гэмтэл учирсан гэх нотлох баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож чадахгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “бусдын ... эрүүл мэндэд .... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана.” гэж заасан боловч нэхэмжлэгч Г.О нь өөрийн хүүхдэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролыг хариуцагч Б.Б арилгах үүрэгтэй болохыг нотлож чадаагүй.   

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлож чадаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хувиарласан болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар нэхэмжлэгч Г.О-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-с гэм хорын хохиролд 11,250,531 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,924 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-д зааснаар Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслах М.Х-д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

           

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Э.Б