Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/448

 

 

 

 

    2024            4              18                                        2024/ДШМ/448

 

Г.Э, Г.С, Д.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Т.Даваажав,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан давж заалдах гомдлоор Г.Э, Г.С, Д.М нарт холбогдох эрүүгийн 2202 00563 0430 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхон орчим НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Сд тоглоомын ID-г 100.000 төгрөгөөр цэнэглэж өгсний хариу төлбөрт таксины жолоочоор дамжуулан өгсөн буюу хууль бусаар Г.Сд 100.000 төгрөгөөр худалдсан,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 23 цаг 20 минут орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүүхдийн паркийн хашаа дотор Сөүл рестораны баруун хойно ... улсын дугаартай Мерседес Бенз Е300 загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 5,6585 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхоны авто зогсоолд байсан эхнэр П.Нын эзэмшлийн ...улсын дугаартай Волксвоген Тигуан маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,3284 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй тарианы шилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Мд худалдаалах зорилгогүйгээр өгсөн,

шүүгдэгч Г.С нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны гадаа НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,4373 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор Г.Эөөс 100.000 төгрөгийн хариу төлбөрт авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, Их засаг цогцолбор сургуулийн хажууд явж байхдаа Г.Эөөс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр урьд оногдуулсан 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 20 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 20 хоног зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эийн цагдан хоригдсон 114 хоног, Г.Сгийн цагдан хоригдсон 5 хоногийг тус тус тэдний эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Д.М-ийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс, шүүгдэгч Г.Сг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс тус тус гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг Д.М, Г.С нарт сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Avion гэсэн бичиглэлтэй шар алаг шүдэнзний хайрцагтай тусдаа зиплок түгжээтэй гялгар уутны хамт нийт 1,3 грамм жинтэй цагаан өнгийн зүйл, цагаан өнгийн хуванцар гуурс, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон мушгирсан хэлбэртэй шил, үзүүр хэсэгтээ хөвөн бүхий чихний ухуур хоосон зиплок түгжээтэй гялгар уут 2 ширхэг, шаргал өнгийн тал эм мэт зүйл, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хөзөр мэт зүйл, №1 гэж дугаарласан зиплок түгжээтэй жижиг гялгар уутны хамт 0,6 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг зүйл, №2 гэж дугаарласан шаргал өнгийн даавуун уут, №1 гэж дугаарласан цилиндр хэлбэртэй 3 ширхэг, хүрэн өнгийн мушгиа хэлбэртэй шил, жижиг цагаан өнгийн хуванцар зүйл, тариурын зүү 2 ширхэг, соруул мэт зүйл 10 ширхэг, №2 гэж дугаарласан цахилгаан гар жин 2 ширхэг, №3 гэж дугаарласан олон тооны зиплок түгжээтэй гялгар уут, №1 гэж дугаарласан зиплок түгжээтэй гялгар ууттай амсар, ёроол хэсэгтээ нунтаг цагаан өнгийн бодистой нийт /шилтэй хамт/ 1,6 грамм жинтэй тарианы шил, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст, улаан өнгийн зиплок түгжээтэй тунгалаг өнгийн ууттай 1 гэж дугаарласан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт үлдээж, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М, Г.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Э нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол байхгүй ба бага насны 2 хүүхэд, настай ээжийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээдэг бөгөөд хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа болно.

Мөн Г.Эийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй юм. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э, Г.С, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасанд нийцсэн. Шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Г.Э гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн” гэж тайлбарлаж байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Э нь гэмт хэргийг илрүүлэхэд ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхон орчим НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Сд тоглоомын ID-г 100.000 төгрөгөөр цэнэглэж өгсний хариу төлбөрт таксины жолоочоор дамжуулан өгсөн буюу хууль бусаар Г.Сд 100.000 төгрөгөөр худалдсан,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 23 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүүхдийн паркийн хашаа дотор Сөүл рестораны баруун хойно ... улсын дугаартай Мерседес Бенз Е300 загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 5,6585 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхоны авто зогсоолд байсан эхнэр П.Нын эзэмшлийн ...улсын дугаартай Волксвоген Тигуан маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,3284 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Г.С нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны гадаа НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,4373 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор Г.Эөөс 100.000 төгрөгийн хариу төлбөрт авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, Их засаг цогцолбор сургуулийн хажууд явж байхдаа Г.Эөөс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар өгсөн “...Би Сгээс интернет тоглоомын дансаа 200,000 төгрөг цэнэглүүлэх хүсэлтэй байсан боловч интернет тоглоомын дансыг 100,000 төгрөгөөр цэнэглээд миний эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгээд би Сд 0,5 грамм жинтэй мөс гэх мансууруулах бодис ариутгасан хөвөнгийн гялгар уутанд хийж, дуслын хамт танихгүй таксинд өгөөд Сгийн гар утасны дугаарыг өгч явуулсан. ...” /2хх 167/,

“...Би Д.М гэх хүнийг зүс танина. Одоогоос 3 жилийн өмнө ажил хэргийн улмаас танилцаж байсан. ...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орой 21 цагийн үед Их засаг их сургуулийн хажууд байрлах Намар нэртэй зочид буудлын гадаа Д.Мтэй уулзсан. ... Би тухайн үед Д.Мд мансууруулах бодис худалдаагүй. Харин зүгээр буудалд нь орж мөс гэдэг хар тамхи хэрэглэсэн. Тэр мөсийг би үл таних хүнээс Төмөр замын Варьетегийн Эргэн дурсахуйн хажуугаас тамхи асууж байгаад авсан. Тэр хүн өө май гээд тамхины хайрцагтай мөс өгсөн. ... Надад нэмж хэлэх ганц хоёр зүйл байна. Би баригдахаасаа хэд хоногийн өмнө дээр хэлсэнчлэн Эргэн дурсахуйн гаднаас танихгүй хүнээс тамхины хайрцагтай тамхи авлаа гэж бодсон чинь дотор нь мөс байсан. Уг мөснөөс би Мтэй хэрэглэснээ хэлсэн. Мөн би эхнэрийн маань унадаг Волксваген Тигуан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тухайн мөсийг охиноо хүргэж өгөхдөө орхиж явснаа мартсан байснаа одоо санаж байна. Тухайн машинаас нэгжлэгээр гарсан ууттай мөс нь миний Эргэн дурсахуйн тэндээс авсан мөс мөн. Грамм жинг нь сайн мэдэхгүй байна. Би түүнчлэн баригдахдаа миний биен дотроос газар хэвтэж байсан шүдэнзний хайрцагтай мөс нь тухайн Эргэн дурсахуйн тэндээс санамсаргүй хүнээс авсан мөс байгаа юм. ...” /2хх 173-174/,

шүүгдэгч Г.Сгийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Э ах миний интернетээр мөрийтэй тоглодог 1XBet-ийн дансыг маань 100,000 төгрөгөөр цэнэглэж өгөөд би тэрийг нь 700.000 төгрөг болгож өсгөсөн. Тэгэхээр нь би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Э ахтай ... дугаарын утсаар холбогдож 100,000 төгрөгөөр өөрийнх нь тоглоомын айди-г цэнэглэж өгье гэж бодтол миний утсыг авахгүй, холбоо бариагүй. Тэгсэн Э ах 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед над руу буцааж залгаад “яасан бэ, зөндөө залгасан байна, юу болсон бэ” гэхээр нь би таны тоглоомыг цэнэглэж өгөх гэж залгалаа гээд Э ахын тоглоомынх нь айдиг 100.000 төгрөгөөр цэнэглэж өгсөн. Тэгсэн Э ах надаас ахын дүү одоо юу хүсэж байна гэхээр нь би 0,5 грамм мөс хүсч байна гэж хэлээд тоглоод инээсэн чинь Э ах “ахын дүүгийн хүсэл нь удахгүй биелэх болтугай” гээд тоглоом хийгээд утсаа тасалсан. Тэгсэн орой нь 18 цагийн үед Э ах над руу 1 удаа танихгүй дугаараас залгасан байхаар нь би буцаагаад Э ах руу залгасан чинь чам руу таксины дугаар залгасан байх, дахиад залгах байх, наад такси чинь чам дээр хүргэж өгнө, хүргэлтийнх нь мөнгө 20,000 төгрөгийг нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би таксины дугаар болох ... рүү залгаж яриад гэрийн хаягаа хэлсэн. Удалгүй манай гэрийн гадаа ирээд би гэрээсээ тэр таксинаас цагаан өнгийн гялгар ууттай зүйлээ аваад гэр лүү орох гэтэл цагдаа нарт баригдсан. Би тэр таксины ахад 20.000 төгрөгийг өгсөн. ... Би Э ахаас мансууруулах бодис худалдаж аваагүй, тэр өдөр л юу хүсэж байна гэж тоглоомоор асуухаар нь би 0,5 грамм хүсэж байна гэж хэлсэн. ... миний интернет тоглоомын Айдиг Э 100,000 төгрөгөөр цэнэглэж өгсөн, би тоглож хожоод буцаагаад Э ахын тоглоомын Айди цэнэглэж өгсөн. ...” /2хх 182-183/ гэсэн,

шүүгдэгч Д.М-ийн яллагдагчаар өгсөн “...Би мөс хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны оройн 17 цагийн үед Баянгол дүүргийн Бичил хорооллоос гараад явж байхад над руу танил маань болох Э залгасан. Тухайн үед Э намайг хаана байна гэхээр нь би түүнд хандан “Бичилээс гараад Их засаг руу ажил руугаа явж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Э надаас бензиний мөнгө асуухаар нь би бэлэн мөнгө байна, данс байхгүй гэж хэлсэн чинь надтай Их засагт уулзаж мөнгө авахаар болсон. Тэгээд би ажил дээрээ түрүүлээд очсоны дараа Э миний ажиллуулдаг Намар зочид буудлын хажууд саарал өнгийн бенз маркийн машинтай ирсэн байсан. Тэгээд би машинд нь ороод ард нь суугаад түүнд 50,000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед Э бонгод юм үлээчихсэн сууж байсан. Тэгээд Э надад чи энийг үзэх үү гээд бонготой зүйлээсээ соруулсан. Би түүнийг нь гурваас дөрвөн удаа сорсон бөгөөд дараа нь Э надаас буудалд чинь хоосон өрөө байгаа юм уу? гэхээр нь би байна гэж хэлсэн. Тэгээд Э хоосон өрөө рүү найзтайгаа уулзахаар 5 номерын өрөөнд ороод хүнтэй утсаар яриад байсан. Дараа нь би зохион байгуулагчдаа хоолыг нь авч ирж өгөх гээд гэр лүүгээ явсан. Гэртээ очоод хоолыг нь авчихаад ажил дээрээ ирсэн чинь цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. Цагдаа нар ирээд халаасанд чинь юм байна уу гэхээр нь би халаасанд байсан эд зүйлээ өөрөө гаргаж өгсөн. Тэгэхэд Эийн надад хаяарай гэж машинд байхад өгсөн хоосон тарианы шил халааснаас маань гарч ирсэн. ...” /2хх 194-196/ гэсэн,

гэрч С.Наранбаатарын “... Би 2018 оноос хойш өөрийн ... улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээр хааяа хувиараа таксинд явж, халтуур хийдэг. Өнөөдөр 18 цаг өнгөрч байхад Нарны гүүр даваад Оддын хотхоны урд талд явж байхад 30 гаран насны туранхай саравчтай малгайтай хүн гараа өргөж намайг зогсоосон. Тус хүн нь миний алганд багтахаар ууттай зүйл өгөөд “1 дүгээр хороололд өвчтэй хүн байгаа юм, энэ дуслыг аваачаад өгөх юм бол гарч ирээд авчихна, 20,000 төгрөг өгье” гэснийг зөвшөөрөөд 1 дүгээр хороололд хүргэж өгөхөөр болсон. Тус хүн надад холбогдоорой гэж ...-аар эхэлсэн дугаар өгсөн. Өгсөн дугаарыг нь устгачихсан байна. Би тус хүний ууттай зүйлийг 18 цаг 40 минутын үед ... байрны гадна 30 орчим настай эмэгтэй хүнд өгсөн. ... тус ууттай зүйлийг эмэгтэйд өгчихөөд 1 минут орчим машин доторхоо янзлаад сууж байхад цагдаа нар хүрч ирээд барьсан. ...” /1хх 210-211/ гэсэн мэдүүлгүүд,

Эд зүйлд үзлэг хийсэн “....2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г.Эийн жолоодож явсан гэх ... улсын дугаартай Мерседес Бенз Е300 загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүүхдийн паркийн хашаан дотор Сөүл рестораны ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт, баруун харсан байдалтай, ... зүүн талын урд хаалганы гадна газар цасан дээр эрэгтэй хүний хар өнгийн саравчтай малгай, бугуйн цаг, айфон загварын гар утас, avion гэсэн бичиглэлтэй шар алаг өнгийн шүдэнзний хайрцагтай зиплок түгжээтэй гялгар уутанд 2 хэсэг гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодис байхыг Г.Эийг байлцуулан гэрэл зургаар бэхжүүлэн авч цахилгаан жингээр жинлэхэд 5,6585 грамм жинтэй байх ба ...тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийхэд гадна талын их гэрэл, дохио бүрэн, урд суудлын голын хайрцагт гар цахилгаан жинг №2 гэж дугаарлан, цагаан өнгийн хуванцар соруул, үзүүр хэсэгтээ хөвөн бүхий чихний ухуур, хан өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон мушгирсан хэлбэртэй шил, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хөзөр мэт зүйлийг №3 дугаарлан Г.Эийг байлцуулан гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-23/,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оддын хотхон, 39 дүгээр байрны 5 тоот буюу Г.Эийн гэр...зочны өрөөнд нэгжлэг хийхэд баруун тийш харсан ногоон өнгийн шүүгээн дотор гар жин байсныг...үүдний гутлын тавиурын эсрэг талд байх ариун цэврийн өрөөнд ... хөх өнгийн багаж хийхэд саван дотор цилиндр хэлбэртэй шил 3, хэрэглэсэн тариурын зүү 2 ширхэг, тариурын таг 1 ширхэг, соруул мэт зүйлс 10 ширхэг байсныг, ... тус өрөөний угаалтуурын шургуулга дотор зиплок түгжээ бүхий жижиг гялгар уутнууд ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байсныг... шинжилгээнд хүргүүлэв” гэсэн нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 24-28/,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Оддын хотхоны 39 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах машины гаражны дотор зүүн тийш харсан байрлалтай сувдан цагаан өнгийн ... улсын дугаартай Волксваген Тигуан маркийн тээврийн хэрэгсэл байв. ...тээврийн хэрэгслийн голын хайрцаг дотор Giabito rossi гэх бичиглэлтэй цагаан өнгөтэй даавуун уут байсныг, уутан дотор зиплок түгжээ бүхий гялгар ууттай мөс мэт зүйлийг албаны жингээр жинлэхэд 1,3651 грамм байсныг ... хураан авав” гэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 29-32/,

шүүгдэгч Г.Эийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...МНС /марихуан/, МDМА /Эктази/, МЕТ /Метамфитамин/, АМР /Амфетамин/ илэрсэн. ...” гэсэн тэмдэглэл /1хх 49-51/

Г.Сгийн биед нэгжлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...түүний гартаа барьсан Монос нэртэй цагаан өнгийн гялгар уутан дотор дусал мэт хуванцар савтай шингэн зүйл, дуслын систем задлаагүй, тарианы хөвөн гэсэн бичигтэй цэнхэр гялгар уутыг нээхэд спирттэй хөвөн гэсэн бичиглэлтэй гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, ... жингээр жинлэхэд 0,9251 грамм байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл /1хх 52-57, 75/

Д.М-ийн биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Д.М нь биедээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа гэж хэлээд өөрийн өмсөж явсан куртикны баруун талын халааснаас доод хэсэгт нь цагаан өнгийн зүйл наалдсан, толгой хэсгийг тайрч авсан хуруу шилтэй зүйл гаргаж ирсэн тус зүйлийг мөс гэх нэршилтэй мансууруулах бодис гэж гаргаж өгөв. ... МЕТ, АМР хэсэгт 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав. ...” гэсэн тэмдэглэл /1хх 58-64/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5856 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Г.Э гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин илэрсэн. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 243-245/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5851 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Д.М гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин илэрсэн. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 248-250/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд Г.С гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин илэрсэн. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 13-15/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5795 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Г.С гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин илэрсэн. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 18-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5790 дугаартай “1 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар ууттай соруул тус бүрээс метамфетамин илэрсэн. Лидокайн гэсэн бичигтэй шингэнтэй тариа мэт зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Метамфетамин НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг. 1 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0,4373 грамм байсан. ...” гэсэн /2хх 24-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5793 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Avion гэсэн бичиглэлтэй шар алаг өнгийн шүдэнзний хайрцагтай гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл 2 ширхэг, цагаан өнгийн хуванцар соруул, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон мушгирсан хэлбэртэй шилнээс Метамфетамин илэрсэн. Шаргал өнгийн эм мэт зүйл, үзүүр хэсэгтээ хөвөн бүхий чихний ухуур, хоосон гялгар уут 2 ширхэг, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хөзөр мэт зүйл тус бүрээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Метамфетамин НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай мөс мэт зүйл цэвэр жин нь 0,4778 грамм, 04773 грам, нийт 0,9551 грамм байсан. ...” гэсэн /2хх 24-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5792 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар ууттай цилиндр хэлбэртэй шил 3 ширхэг, хүрэн өнгийн мушгиа өнгийн хэлбэртэй шил, жижиг цагаан хуванцар зүйл, тариурын зүү 2 ширхэг, соруул мэт зүйл 10 ширхэг, ... улсын дугаартай Волксваген Тигуан загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан гэх гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, №1 гэж дугаарласан шаргал өнгийн даавуун уут тус бүрээс Метамфетамин илэрсэн. Метамфетамин НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад хамаарна. 1 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0,3284 грамм байсан. ...” гэсэн /2хх 37-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5854 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “ХТТГ” гэж хаяглаж зиплок уутанд хийж ирүүлсэн толгой хэсгийн нь тайрч авсан тарианы шилнээс Метамфетамин илэрсэн. Метамфетамин НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь маш бага хэмжээтэй байсан тул бодит жинг тогтоох боломжгүй. ...” гэсэн /2хх 44-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5853 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “ХТТГ 1” гэж хаяглаж зиплок уутанд хийж ирүүлсэн ногоон өнгийн асаагуур, Монгол Улсын АМ3202179 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс Метамфетамин илэрсэн. Метамфетамин НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад хамаарна. Монгол Улсын АL2307769 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн нь дээж нь нүдэнд үл үзэгдэх хэмжээтэй байсан тул бодит жинг тогтоох боломжгүй. ..." гэсэн /2хх 49-52/ тус тус дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Эийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан, шүүгдэгч Д.М-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч Г.Сг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Эийн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.М-ийн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч Г.Сгийн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан тус тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Т.Даваажав “...Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхээс Г.Эд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүх эрх мэдлийн асуудал юм.

Шүүгдэгч Г.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Эд хорих ял, шүүгдэгч Д.М, Г.С нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Яллах дүгнэлтэд, шүүгдэгч Г.Эийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй тарианы шилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Мд худалдаалах зорилгогүйгээр өгсөн гэж үзээд түүний энэ үйлдлийг худалдах зорилгоор хадгалсан, худалдсан үйлдэлд нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... худалдаалах зорилгогүйгээр ...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт ... худалдаалах зорилгоор ...” гэж тодорхойлсон бөгөөд уг шинжээр нь ялгаатай авч үзэж, тус тусад зүйлчлэхийг цаашид анхаарвал зохино.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Эийн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй тарианы шилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Мд худалдаалах зорилгогүйгээр өгсөн үйлдлийн хувьд, тарианы шилэнд наалдсан “мөс” гэх нэршилтэй бодисын хэмжээ тодорхойгүй, тарианы шилэнд наалдсан “мөс” гэх нэршилтэй бодис нь дахин хэрэглэгдэж болох эсэх талаар нотлох баримт авагдаагүй байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин шүүгдэгч Д.М нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг шүүгдэгч Г.Эөөс олж авч хэрэглэсэн, улмаар уг бодис бүхий   тарианы шилийг хадгалж байсан тогтоогдсон байх тул түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр...” гэж залруулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиг үүргийн бус байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Эийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 92 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүгдэгч Г.Эийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй тарианы шилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Мд худалдаалах зорилгогүйгээр өгсөн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... 2 жил 6 сарын хорих ял дээр ...” гэсэн хэсгийг “... 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр ...” гэж,

10 дахь заалтын “... шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст, ...” гэсэн хэсгийг “... шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийн цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд  оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР