Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0749    

 







 

    2025        10           28                                    128/ШШ2025/0749    

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хараат хайрхан овогт Вандандоржийн Сэрээтэр /РД:ФД90060811/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, 

Гуравдагч этгээд: Салдан овогт Дагвын Чулуун /РД:НА62102460/,

Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч: Авгачууд овогт Энхээгийн Эрдэнэбат /РД:УС84061411/,

Маргааны төрөл: улсын бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэнгэл, А.Хулан, Б.Алтанцэцэг нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Б.Баатарзориг хөтлөв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  улсын бүртгэгч Б.Төвшинтөрийн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн газар өмчлөх эрхийг шилжүүлсэн улсын бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгож, захиргааны байгууллагын хууль бус бүртгэлийн улмаас иргэн В.Сэрээтэрт учирсан хохирол болох 69,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.

Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

2.1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч В.Сэрээтэр нь 2023 оны 05 дугаар сард Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, сургуулийн гудамж 1213Б тоотод байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн 000759022 дугаартай газрыг 69,000,000 төгрөгөөр иргэн Д.Чулуунаас “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах” 1497 дугаартай гэрээний дагуу худалдан авч 2023 оны 06 дугаар сарын 04-ний өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлсэн.

Гэтэл хяналтын улсын байцаагч Н.Анхбаяр нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61/31 дугаартай дүгнэлтээр “уг газартай холбогдох хэсгийг Улсын дээд шүүхийн 2014 оны 216 тогтоолоор хүчингүй болгосон тул Эрхэмбаяр гэх хүнд газрыг эзэмшүүлэх нь зүйтэй” гэж үзэж бүртгэлийг хүчингүй болгосон.

Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хуульд заасан журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн шүүхээр хянуулахад тус дүгнэлт үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг 2 шатны шүүхээр хэрэгсэхгүй болгож шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Харин энгийн иргэний хувьд эд хөрөнгийг шударгаар олж авахаар төлбөрийг нь төлж худалдаж авсан газрыг улсын бүртгэлийн байгууллага асуудалгүй гэж бүртгэсэн улсын бүртгэгч Б.Төвшинтөрийн хайхрамжгүй, алдаатай буруу бүртгэлээс болсон гэж үзэх үндэслэл бүрдсэн бөгөөд худалдсан Д.Чулуун гэх хүнтэй холбогдох гэсэн боловч тэрээр нас барсан байна.

Ийнхүү миний өмчилж авсан газрын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимд үндэслэж бүртгэсэн гэж ойлгосон боловч хяналтын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болсон тул анхны бүртгэгчийг хууль бус бүртгэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тус газрыг өмнө шүүхийн маргаантай гэдгийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй юм.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т "Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулж, цахимаар мэдүүлэх ба мэдүүлгийн үнэн зөвийг хариуцна", 28.2-т "Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн сан дахь энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийг нягтлан шалгаж, газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ" гэж заасныг зөрчиж тухайн газрыг өмнө шүүхийн шийдвэртэй маргаантай гэдгийг хяналгүйгээр бүртгэснээр иргэн намайг хохироосон тул хохирлыг барагдуулж өгөхийг хүсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус гомдлын хариуг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/4141 тоот бичгээр хохирол барагдуулахаас үндэслэлгүйгээр Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримталж татгалзсан байна.

Тус бичгээр өмнөх өмчлөгч иргэн Д.Чулууныг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэгдсэн гэдгийг тодотгоод 2023 оны 06 дугаар сард хууль ёсны өмчлөгч биш болж В.Сэрээтэр миний биед тус газар шилжсэн байхад өвийн журмаар өв залгамжлагчаас шаард гэж ямар ч үндэслэлгүй хариу өгч байгаа бөгөөд би Д.Чулуун гэх хүний үр хүүхдийг мэдэхгүй, тухайн хүнтэй л гэрээ байгуулж хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхийг олж авч улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад хяналтын байцаагчийн дүгнэлтээр миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдчихаад ийм утгагүй хариу өгч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хяналтын байцаагчийн дүгнэлттэй маргасан боловч шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн тул улсын бүртгэгч хуульд заасан журмаар бүртгээгүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд Захиргааны албан хаагчийн хариуцлагагүй үйлдлийг тухайн байгууллага нь хариуцах учиртай.

Ийнхүү Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд хохирол барагдуулах этгээдийг тодорхойлж өгсөн бөгөөд тус зүйлийн 101.1-т “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-т "Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна" гэж заасны дагуу нэхэмжлэгч миний бие Захиргааны байгууллагаас шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагыг тус зүйлийн 498.5-т "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж тус тус зохицуулсан болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.7-д заасны дагуу улсын бүртгэгч Б.Төвшинтөрийн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгож, захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас иргэн В.Сэрээтэрт учирсан хохирол болох 69,000,000 төгрөгийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.

Хохирлыг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үнэд төлсөн 69,000,000 төгрөгөөр тооцсон болно. 

Иргэн Н.Эрхэмбаяраас “улсын бүртгэлийн байгууллагад хандаж Улсын дээд шүүхийн 2014 оны 216 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч маргаан бүхий газрын өмчлөгчөөр В.Сэрээтэр бүртгэлтэй байгаа тул хуулийн байгууллагаар шалгуулна” гэх агуулга бүхий гомдлыг гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн Г-2204005441 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт бүртгэл, хяналт шалгалтыг хийж 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6831 дугаар дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгосон.   

Улсын бүртгэлийн байгууллагын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6831 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтэд “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд газрын өмчлөх эрх К.Энхжаргалын газар өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 9/1874 дугаартай албан бичгээр ирүүлснийг хувийн хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр оруулж бүртгэсэн байна”. Нөгөө талаар өмчлөх эрх Ц.Энхжаргалын газрын өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын шийдвэр болон 2016 оны 03 дугаар сарын 28-ны 9/1874 дугаартай албан бичиг ирүүлснийг анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэр, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 305 дугаартай магадлал хувийн хэрэгт авагдсан бичиг ирүүлсэн. Мөн шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн бичиг ирүүлсэн байхад улсын бүртгэгч, бүртгэгчийн шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимаар эцэслэн шийдвэрлэсэн эсэхийг тодруулахгүйгээр “өмчлөх эрхийг шилжүүлсэн байна” гэсэн үндэслэлийг тодорхойлсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодит байдал биелүүлэх шинжтэй байх” зарчимд үндэслэж бүртгэгдсэн гэж ойлгосон боловч хяналтын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болсон тул бүртгэгч Б.Төвшинтөрийн хууль бус үйлдэл болох нь тогтоогдож байна гэж үзсэн.  

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны шийдвэр, Захиргааны давж заалдах шатны шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн магадлалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчаас “... дугаар...” газрын үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт бүртгэлд хувийн хэргийн бүртгэлд шалгалт хийж 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6831 дугаартай бүртгэл хүчингүй болгох шийдвэр нь хуульд нийцсэн бөгөөд хүчин төгөлдөр байна гэж үзсэн. 

Шаардаж буй 69,000,000 төгрөгийн дансны хуулгаар баталгаажуулсан. Хамгийн сүүлийн улсын бүртгэгч Б.Төвшинтөр нь өөрийн үйл ажиллагаандаа хайнга хандаж, алдаа гаргасан гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа. Учир нь хувийн хэрэг болон бусад баримтуудад авагдсан шүүхийн шийдвэр болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас ирүүлсэн баримтуудыг харахгүйгээр тухайн газрын өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байна. Улсын бүртгэлийн байгууллага үнэн зөв мэдүүлэг өгч бүртгэлийн үйл ажиллагаа явуулах учиртай. Гэтэл манайх улсын бүртгэлийн байгууллагад итгэн гэрээ байгуулж газар худалдаж авсан. Тухайн шилжүүлсэн үйлдэл нь хууль бус байна гэж нэхэмжлэгчээс маргаж байгаа. 

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.7-д заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас В.Сэрээтэрт учирсан хохиролд 69,000,000 төгрөгийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.” гэв. 

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн К.Энхжаргал, Д.Отгончулуун, Э.Номин, Э.Түвшинсанаа нарын 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн гаргасан мэдүүлэг, үйлчилгээний хураамж, газар өмчлүүлэх шийдвэр, газрын кадастр, газрын хянан баталгааны дүгнэлт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар гэх мэт нотлох баримтыг үндэслэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, сургуулийн гудамж 12136 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай 18652310747664 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаартай 000007146 тоот гэрчилгээ олгон бүртгэсэн байна.

2007 оны 08 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах авах гэрээгээр иргэн Х.Нарантуяагийн өмчлөлд, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 72 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.Пүрэвжавын өмчлөлд, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 370 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн 3.Мөнхбатын өмчлөлд, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Д.Чулууны өмчлөлд, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 171 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр иргэн В.Сэрээтэрийн өмчлөлд шилжүүлэн бүртгэн 000759022 дугаартай гэрчилгээ олгосон байна. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 6131 тоот улсын байцаагчийн дүгнэлт бүртгэлтэй байна. 

2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2024/0635 тоот шийдвэр, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2024/0665 тоот магадлал бүртгэлтэй байна.

Дээрх баримтуудаас харахад мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэг хүлээн авч бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй болно. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.7 мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг хариуцна гэж заасан байдаг.

 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай нотариатчийн гэрчилсэн гэрээгээр иргэн Д.Чулууны өмчлөлд шилжүүлсэн. Мэдээллийн санд тусгай тэмдэглэл бүртгэгдээгүй байсан учраас худалдах худалдан авах гэрээг 06 дугаар сарын 04-ний өдөр 759022 гэсэн дугаартай гэрчилгээ олгож бүртгэсэн. Манайд мэдүүлэг өгснөөрөө татгалзах үндэслэл байхгүй байсан учраас В.Сэрээтэрийн нэр дээр гэрчилгээг гаргасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7-д мэдүүлэг гаргасан мэдүүлэг гаргагч нь түүнд хавсаргах, баримт бичгийн үнэн зөвийг хариуцна гэж заасан  учраас хохирлыг хариуцна, мөн мэдүүлэг гаргагчаас үүссэн хохирлыг өөрөө хариуцна гэж заасан байдаг. Манайх бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй тул В.Сэрээтэрийн өмчлөлд бүртгэж гэрчилгээ гаргасан. Тиймээс хууль зүйн үндэслэлтэй бүртгэл болсон гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэмж тайлбарлахдаа: “2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 200572 дугаартай прокурорын тогтоол гарсан ба тогтоолтой танилцсан. Энэ тогтоолын агуулгаар улсын бүртгэгч Б.Түвшинтөрийн бүртгэл нь хууль зүйн үндэслэлтэй, ямар нэгэн хахууль аваагүй, өөрийн ашиг сонирхлын төлөө бүртгэл  үйлдээгүй гэдгийг нотолсон байгаа. Мөн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 419 дугаартай прокурорын тогтоолоор тухайн тогтоолыг хэрэгсэхгүй болгоод улсын бүртгэгчийн бүртгэсэн бүртгэлийг хууль зүйн үндэслэлтэй хүчин төгөлдөр гэж нотолсон байна. Мөн нэмж хэлэхэд 572 дугаартай прокурорын тогтоол дээр хяналтын улсын байцаагч Н.Анхбаярын өөрийнх нь мэдүүлэг байна. Мэдүүлгээс дурдвал иргэн Ц.Пүрэвжав нь хувийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлалаар шийдсэн хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан бөгөөд өөрийн өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосныг мэдсээр байж улсын бүртгэлд газрыг шилжүүлж энэ өмчлөх эрх шилжсэн бүртгэлүүд хийгдсэн талаар мэдүүлэг өгсөн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр нотлох баримтыг бүрэн үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг биелүүлээгүйн улмаас бусдад учирсан хохирлыг хариуцна гэсэн заалт байгаа. Тиймээс манай улсын бүртгэгчийн хийсэн бүртгэл хууль зүйн үндэслэлтэй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар холбогдох баримтыг бүрдүүлж бүртгэл үйлдсэн байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “...хууль хяналтын байгууллага улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гаргасан шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар нэгжид ажлын 3 хоногийн дотор ирүүлнэ...” гэж заасан. Одоо мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.2-т “Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаад иргэн, харьяалалгүй иргэн мөн хуулийн этгээд энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг. 

Өнөөдрийн маргааны агуулгын хувьд Улсын бүртгэлийн байгууллага, Газрын алба хоорондын мэдээлэл солилцох үйл ажиллагааны хүрээнд орхигдсон зүйлүүд байхыг үгүйсгэхгүй. Газар өмчлүүлэх тухай шийдвэрийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу эрх бүхий Засаг дарга холбогдох өргөдөл, нотлох баримтыг үндэслээд захирамж гаргасны дагуу улсын бүртгэлийн байгууллага уг шийдвэрийг бүртгэх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу бүртгэх чиг үүрэгтэй байгууллага.” гэв.

2.7. Гуравдагч этгээд Д.Чулууны эрх залгамжлагч Э.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний ээж Дагва овогтой Чулуун нь 2003 онд анх Төв аймгийн Алтанбулаг сумаас нүүн орж ирэн 2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн тухайн үеийн 10 дугаар хороонд Улиастайд энэхүү газрыг худалдаж авсан. Үүнээс хойш Баянзүрх дүүргийн Газрын алба өмчлөх гэрчилгээ гаргаж өгөлгүй маш олон жил болсон. Ээж минь амьд байхдаа хороо дүүргээр маш их явдаг байсан. Анх 10 дугаар хороо, Улиастайн задгай гэсэн тодорхой хаяггүй байсан санагдаж байна. Одоо бол Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3-р хэсэг, сургуулийн 1213б тоот гэсэн хаягтай болсон байсан. Ээж минь хориод жил энэ хаяг дээр ганцаараа амьдарч байгаад 2023 оны 11 дүгээр сард өвчний улмаас нас барсан” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Сэрээтэр Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, сургуулийн гудамж 1213б тоот хаягт байрлах, нэгж талбарын 18652310747664 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаартай, 700 м.кв газар өмчлөх эрхийг В.Сэрээтэрийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, захиргааны байгууллагын хууль бус бүртгэлийн улмаас иргэн В.Сэрээтэрт учирсан хохирол болох 69,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан.

Маргаанд хамаарах бүртгэл улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэгэнт эрх зүйн үр дагаваргүй болсон ч уг бүртгэлийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах эрх, ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа энэ тохиолдолд нэхэмжлэлийн  шаардлагаа ийнхүү тодорхойлсноор хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2 дахь шаардлагад нийцнэ гэж үзсэн. 

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбараас тогтоогдож буй үйл баримтуудад дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллагын илт хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг захиргааны байгууллагад хариуцуулж шийдвэрлэв.  

1. Хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар иргэн гэр бүлийн хэрэгцээндээ зориулж 1 удаа үнэ төлбөргүй газар өмчлөх эрхтэй бөгөөд, иргэн тухайн газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлага, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байх нь газар өмчлөх хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх хуулиар тогтоосон нөхцөл шаардлагын нэг байна. Иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга гаргах бөгөөд газар өмчлүүлсэн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд газар өмчлөх эрхийг бүртгүүлснээр газар өмчлөх эрх баталгаажна. Улсын бүртгэлийн байгууллага иргэнд газар өмчлүүлсэн Засаг даргын шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх чиг үүрэгтэй бөгөөд, тухайн газрын өмчлөх эрхийн хувьд мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд буюу өмчлөх эрхийг иргэний эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдийн өмчлөлд шилжүүлэн бүртгэл хөтөлнө. Хэрэв тухайн өмчлөх эрхтэй холбоотой шүүх, арбитрын шийдвэр гарсан тохиолдолд ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож хаана. 

2. Маргаанд хамаарах Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, сургуулийн гудамж 1213б тоот хаягт байрлах, нэгж талбарын 18652310747664 дугаартай,  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв газрын өмчлөх эрх үүссэн, дуусгавар болсон шийдвэр, бүртгэлийн тухайд, 

2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжаар К.Энхжаргалд эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар К.Энхжаргал, түүний гэр бүлийн гишүүд Д.Отгончулуун, Э.Номин, Э.Түвшинсанаа нарт өмчлүүлж, 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тэдгээрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаарт бүртгэсэн байдаг.

2.2. К.Энхжаргал тус газрын өмчлөх эрхийг 2007 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Х.Нарантуяад худалдах, худалдан авах гэрээгээр, Х.Нарантуяа 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Пүрэвжавт худалдах, худалдан авах гэрээгээр, Ц.Пүрэвжав 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр З.Мөнхбатад бэлэглэлийн гэрээгээр, З.Мөнхбат 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Д.Чулуунд бэлэглэлийн гэрээгээр, Д.Чулуун 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч В.Сэрээтэрт тус тус шилжүүлснээр эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаарт өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн.

2.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6131 дүгээр дүгнэлтээр “газар өмчлүүлсэн шийдвэр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болсон” үндэслэлээр энэ газар өмчлөх эрхийн  улсын бүртгэлийн Г-2204005441 дугаартай бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэснээр нэхэмжлэгч В.Сэрээтэрийн өмчлөх эрх түүнээс үл хамаарах шалтгаанаар дуусгавар болсон байдаг.

Тэрээр улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан хэдий ч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 635 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 665 дугаар магадлалаар нэхэмжлэл хангагдаагүй буюу газар өмчлөх эрх нь сэргээгүй байна.

3. Ийнхүү нэхэмжлэгч В.Сэрээтэрт шилжсэн газрын өмчлөх эрх дуусгавар болсон буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгосон үндэслэл нь уг маргаанд хамаарах газарт эзэмших, өмчлөх эрхийг анх үүсгэсэн шийдвэртэй  холбоотой иргэд хоорондын маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үр дагавар байна, тодруулбал,

маргаанд хамаарах  1213б тоот хаягт байрлах 700 м.кв газарт анх эзэмших, өмчлөх эрх үүсгэсэн шийдвэртэй иргэн Н.Эрхэмбаяр маргаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 94А дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 305 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай захирамжийн К.Энхжаргалд 1213б тоот хаягт байрлах 700 м.кв газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.  

3. Шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэр бүхий хэргийн оролцогчийн гомдлоор улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын нэгжийн хяналтын улсын байцаагч эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт шалгалт хийж, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6131 дүгээр дүгнэлтээр газар өмчлөх эрхийн  улсын бүртгэлийн Г-2204005441 дугаартай бүртгэлийг хүчингүй болгохдоо “бүртгэлийн дээрх нотлох баримтуудыг хянаж үзэхэд 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр газрын өмчлөгч болсон Ц.Пүрэвжав нь газрын өмчлөлтэй холбоотой маргаан Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байхад өмчлөх эрхээ З.Мөнхбат руу шилжүүлэхээр бэлэглэлийн гэрээ хийж 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн байна. Нөгөө талаар өмчлөх эрх Ц.Пүрэвжавын өмчлөлд бүртгэлтэй байхад газрын анхны өмчлөгч К.Энхжаргал (МТ71020411)-ын газар өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон талаар Өмчийн харилцааны газраас 2016 оны 03 дугаар сарын 28-ны 9/1874 дугаартай албан бичиг ирүүлсэн, мөн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 94А дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 305 дугаар магадлал хувийн хэрэгт авагдсан байхад улсын бүртгэгч нь тус шийдвэрүүдийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн эсэхийг тодруулахгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд К.Энхжаргалын газар өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 9/1874 дугаартай албан бичгээр ирүүлснийг хувийн хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр оруулж бүртгэсэн байна” хэмээн дүгнэсэн байдаг.  

Өөрөөр хэлбэл тухайн 1213Б тоот хаягтай хашааны газрыг анх К.Энхжаргалд эзэмшүүлсэн, улмаар өмчлүүлсэн шийдвэрт холбогдуулан иргэн Н.Эрхэмбаяр маргаж, уг маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдсэн болох нь, шүүхийн шийдвэрээр К.Энхжаргалд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон талаар өмчлөх эрх анх улсын бүртгэлд бүртгэгдэх үндэслэл болсон шийдвэрийг гаргасан Засаг даргын газрын асуудал хариуцсан харьяа нэгж Өмчийн харилцааны газраас 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 9/1874 тоот албан бичгээр ирүүлснийг ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаар 3 дугаар сарын 30-нд бүртгэж, “хэрхэн шийдвэрлэснийг эргэж мэдээлэх” хэмээх цохолт, тухайн газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын “Г-5441” хэмээх тэмдэглэгээ хийгдэж, улсын бүртгэлийн хувийн хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр оруулж бүртгэсэн, уг мэдээлэлд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж К.Энхжаргалд 2007 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 3 дугаар захирамжаар олгосон 1213Б тоот хаягтай 700 м.кв газрыг өмчлөх эрхийг хүчингүй болгосныг тодорхой тусгасан, уг мэдээлэл бүртгэлийн хувийн хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн байхад улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “шүүх, арбитрын шийдвэр гарсан”, 14.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон” бол бүртгэлийг хаах заалтыг биелүүлээгүй, шүүхийн шийдвэр, эрх олгосон этгээдийн шийдвэрээр хүчингүй болсон, дуусгавар болсон газар өмчлөх эрхийг хүчинтэй мэтээр эрхийн улсын бүртгэлийг үргэлжлүүлэн хөтөлж, улмаар тухайн шүүхийн маргаанд хэргийн оролцогчоор /гуравдагч этгээдийн эрх залгамжлагчаар/ оролцож шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэнийг мэдэж байсан Ц.Пүрэвжав газар өмчлөх эрхийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр З.Мөнхбатад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг бүртгэж, цаашлаад З.Мөнхбатаас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Д.Чулуунд бэлэглэлийн гэрээгээр, Д.Чулуунаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч В.Сэрээтэрт шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ илт хууль бус болжээ.

4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” бол захиргааны акт илт хууль бус болох бөгөөд нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, эрх олгосон этгээдийн шийдвэрээр аль хэдийн хүчингүй болсон, дуусгавар болсон эрхийг улсын бүртгэлд хүчинтэй хэвээр хөтлөх, бүртгэх, өмчлөх эрхийг бусдад үүсгэх хууль зүйн боломж, үндэслэл огтоос байхгүй, бодит нөхцөл байдалд ч ийнхүү бүртгэл хөтлөх, үүгээр эрх үүсгэх боломжгүй, ийм үр дагавар үүсгэхгүй юм.

5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх улсын бүртгэл “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.7 дахь “хуульд зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлийн талаарх мэдээлэл ил тод, нээлттэй, нийтэд хүртээмжтэй байх”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна.” зарчим нь эрхийн улсын бүртгэлд орсон мэдээлэл бүрэн, нотлох баримтад үндэслэсэн, алдаа мадаггүй, хууль ёсны үндэслэлтэй, хүчин төгөлдөр болохыг тодорхойлох бөгөөд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан этгээдийн хувьд, тухайлбал нэхэмжлэгч В.Сэрээтэрийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөвд итгэх хууль зүйн баталгаа юм. 

6. Ийнхүү газрын анхны өмчлөгч К.Энхжаргалын газар өмчлөх эрх шүүхийн шийдвэр, эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэрээр хүчингүй болсныг эрх олгосон захиргааны байгууллага Өмчийн харилцааны газраас 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 9/1874 дугаартай албан бичгээр ирүүлснийг хувийн хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр оруулж бүртгэсэн атал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4-т зааснаар бүртгэлийг хаагаагүй нь эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх, бодитой байх, заавал биелэгдэх шинжтэй байх, мэдээлэл ил тод нээлттэй байх зарчмыг зөрчсөнөөс нэхэмжлэгч иргэн улсын бүртгэлийн үнэн зөвд итгэж худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах нөхцөлийг хуурамчаар бүрдүүлжээ.  

7. Эрхийн улсын бүртгэл нь зөвхөн мэдээллийг цуглуулдаг сан биш, бүртгэлд нэр нь байгаа этгээд болон бусад этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөвд итгэж эдийн засаг, нийгмийн харилцаанд орох хууль зүйн баталгаа юм. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хүчингүй болгосон эрх олгосон байгууллагын шийдвэрийг эх нотлох баримтын хувийн хэрэгт зөвхөн хавсаргасан, түүнд тусгагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хувийн хэрэгт шаардаж аваагүй буюу бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтыг дутуу хөтөлсөн, улмаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4-т зааснаар бүртгэлийг хаах шийдвэрийг гаргаагүй буруутай байна.

8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4 дэх заалтыг зөвхөн өмчлөгчийн бүртгэлээ хаалгах хүсэлт гаргаснаар хэрэглэдэг гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг яагаад ч зөвтгөх боломжгүй, учир нь энэ заалт өмчлөгчийн хүсэл зоригоос хамаарахгүйгээр хэрэгжих эрхийн улсын бүртгэлийг хаах шууд үндэслэл байна.

9. Улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөх эрх 2014 онд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон талаар тухайн шүүхийн маргаанд хэргийн оролцогчоор оролцож мэдэж байсан өмчлөгч Ц.Пүрэвжав ийнхүү хүчингүй болсон эрхийг З.Мөнхбатад 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 94А дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 305 дугаар магадлалаар маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тул тусгай тэмдэглэлийг хүчингүй болгож өгнө үү” хэмээн хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн мэдээллийг нууж, бодит байдлыг гуйвуулан, хүчингүй болсон эрхийг хүчинтэй мэтээр захиран зарцуулах эрхийг бусдад шилжүүлэх мэдүүлэг гаргасан байхад улсын бүртгэлийн байгууллага маргаан шүүхээр хэрхэн эцэслэн шийдвэрлэгдсэн болохыг, хувийн хэрэгт авагдсан давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон эсэхийг, тухайн шилжүүлэхийг хүссэн эрх хүчин төгөлдөр эсэхийг нягтлахгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэсэн нь дээрх үндэслэлээр илт хууль бус болжээ.

10. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй, тиймээс ч К.Энхжаргалд 1213б тоот хаягт байрлах 700 м.кв газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай захирамжийн түүнд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Нийслэлийн Засаг дарга 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжаар К.Энхжаргалын 1213Б тоот хаягтай 700 м.кв газрыг өмчлөх эрхийг хүчингүй болгож, уг шийдвэрээ улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн нь эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт тухайн үед нь авагдсан байна. 

11. Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 16 дугаар зүйлээр улсын бүртгэлийн байгууллагаас төрийн байгууллагатай харилцах харилцааг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 16.3-т “Хууль хяналтын байгууллага улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гаргасан шийдвэрээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгжид ажлын 3 өдрийн дотор ирүүлнэ” гэж заасан байна.

Хэдий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 216 дугаар тогтоолыг улсын бүртгэлд ирүүлж, мэдэгдэх үүргийг газар өмчлөх эрхтэй этгээд болон төрийн байгууллага хэрэгжүүлээгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Улсын бүртгэлийн байгууллага болон газрын алба нь хоорондоо мэдээлэл солилцож, газар өмчлөх шийдвэрийг гаргаж, бүртгэх чиг үүрэгтэй байгууллагууд байх тул газар өмчлөх эрх анх олгосон захиргааны байгууллагаас уг эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ хүргүүлсээр атал уг мэдээллээр хуулиар тогтоосон бүртгэлийг хаах шийдвэрийг гаргалгүй, зөвхөн мэдээллийг хүлээн авч хавсаргах байдлаар асуудалд хандсанаар шүүхээр маргаан хэрхэн эцэслэн шийдвэрлэгдсэн мэдээллийг цуглуулаагүй, үнэн зөв бүртгэл хийх үүргээ биелүүлээгүй хариуцагчийг зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй.

12. Ийнхүү хүчингүй, дуусгавар болсон эрхийг Ц.Пүрэвжаваас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр З.Мөнхбатад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг бүртгэсэн, цаашлаад З.Мөнхбатаас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Д.Чулуунд бэлэглэлийн гэрээгээр, Д.Чулуунаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч В.Сэрээтэрт шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ илт хууль бус байх тул Д.Чулуунаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч В.Сэрээтэрт шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүй.

13. Нэхэмжлэгч В.Сэрээтэр Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар улсын бүртгэлийн байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн илт хууль бус бүртгэлээс өөрт учирсан бодит хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

14. Газар өмчлөгчөөр бүртгэлтэй иргэн Д.Чулуунтай нэхэмжлэгч В.Сэрээтэрийн байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн газар өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, сургуулийн гудамж 1213б тоот хаягт байрлах, нэгж талбарын 18652310747664 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаартай, 700 м.кв газар өмчлөх эрхийг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тусгасан ч бодит байдалд Дагвын Чулууны төрсөн дүү Дагвын Отгончулууны Голомт банк дахь дансанд 69,000,000 төгрөг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр В.Сэрээтэр өөрийн хувь эзэмшдэг Даян алдар ХХК-иас шилжүүлсэн нь банкны цахим гүйлгээний баримт, Даян алдар ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа дахь хувьцаа эзэмшигчээр В.Сэрээтэр бүртгэлтэй мэдээлэл, гэрч Дагвын Отгончулууны мэдүүлэг зэргээр хөтөлбөргүй тогтоогдсон.

15. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж зааснаар илт хууль бус бүртгэлийн үйл ажиллагаанаас учирсан хохиролд 69,000,000 төгрөгийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч В.Сэрээтэрт олгож шийдвэрлэлээ. 

16. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй. 

Үүнд нэмж тодруулахад, В.Сэрээтэрт газар өмчлөх эрхийг худалдсан Дагвын Чулууныг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татсан бөгөөд түүний төрсөн дүү Дагвын Отгончулуун газрын төлбөр 69,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан төдийгүй анх уг газрыг хамтран өмчилсөн анхны өмчлөгч бөгөөд 2014 оны шийдвэр, магадлал, тогтоолтой шүүхийн маргаанд гуравдагч этгээдээр оролцож өмчлөх эрх нь хүчингүй болсон  Колягийн Энхжаргалын эхнэр болох нь тэдгээрийн төрөл садны болон гэр бүлийн лавлагаа, газар өмчлөлийн хувийн хэрэг, гэрч Дагвын Отгончулууны мэдүүлгээр тогтоогдож буй үйл баримт хэрэгт авагдсаныг, мөн дээр дүгнэсэнчлэн өмчлөх эрх 2014 онд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон талаар тухайн шүүхийн маргаанд хэргийн оролцогчоор оролцож мэдэж байсан өмчлөгч Ц.Пүрэвжав ийнхүү хүчингүй болсон эрхийг З.Мөнхбатад 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “магадлалаар маргааныг эцэслэн шийдвэрлэсэн” хэмээн хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн мэдээллийг нууж, бодит байдлыг гуйвуулан, тусгай тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар, хүчингүй болсон эрхийг хүчинтэй мэтээр захиран зарцуулах эрхийг бусдад шилжүүлсэн үйл баримт энэ хэрэгт тогтоогдсоныг тус тус дурьдах нь зүйтэй.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.7, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.7, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, сургуулийн гудамж 1213б тоот хаягт байрлах, нэгж талбарын 18652310747664 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаартай, 700 м.кв газар өмчлөх эрхийг В.Сэрээтэрийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгч В.Сэрээтэрт учирсан хохирол 69,000,000 төгрөгийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч В.Сэрээтэрт олгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.






 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА