Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Ч.Эрдэнэбаатар

Шүүгдэгч С.М нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.М-д эрүүгийн 1821000560070 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Боржигон овогт С.М, Дорнод аймгийн Хэрлэн суманд ..... оны ...... сарын .....-ны өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ............../, дээд боловсролтой, багш-дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Чойбалсан сумын ............................ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч С.М нь 2018 оны 01 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг “Амтад” гэх газар нутаглах хохирогч Ч.Эрдэнэбаатарын нэг тооны үхэрийг хулгайлж бусдад 1700000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг үхрээ хураахаар явж байхад мухар ухаа зүсмийн үхэр буруу талын хойд хөл нь доголчихсон хэвтэж байсан. Тэгээд босож чадахгүй байхаар нь ажилласан. Хулгайн сэдлээр авна гэж бодоогүй. Миний буруу, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 сарын 09-ний өдөр манай мал усалдаг худгаас зүүн тийш хөдөө байсан мухар ухаа зүсмийн үнээг би ганцаараа очиж ажиллаад мах, арьс, шийрийг нь өөрийнхөө болокоор барьсан худаг дотор хийж орхисон. Тэгээд 4-5 хоногийн дараа гэрийнхээ гаднаас тэрэг түрж очиж худагт хийсэн үхрийн мах, арьс, толгойг ачиж гэрийнхээ гадна саравч дотор хийж юмаар хучаад орхисон. ...ухаа зүсмийн мухар үнээний баруун талын хөл доголсон явж чадахгүй манай худгийн зүүн талд 3-4 хоносон учир 2018 оны 01 сарын 09-ний өдөр би тэр үхрийг ганцаараа ажилласан...” гэжээ. /хх 34/

Хохирогч Ч.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үхрүүдээ 2018 оны 01 сарын 07-ны өдөр услаад бүртгээд гаргасан. Тэгэхэд манай үхэр бүрэн байсан. 2018 оны 01 сарын 08-ны өдөр би үхрээ хураагаагүй юм. 2018 оны 01 сарын 09-ний өглөө хураахад 7 тооны үхэр байхгүй болохоор нь М-н гэрээр очиж “манай үхэр харагдсан уу” гэж асуухад “харагдаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зүүн тийш явахад манай 6 тооны үхэр байсан. Харин 1 тооны үнээ алга болсон байсан. Миний хулгайлд алдсан үнээ ямар нэг өвчингүй, хөл нь доголон байгаагүй. Хэсгийн төлөөлөгч миний хулгайлд алдсан үхрийн мах, арьс, толгойг надад бүрэн хүлээлгэж өгсөн. Өчигдөр М-н ах хээлтэй үнээ нэмж өгч хохирлыг минь барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Гэрч Ч.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 сарын 10-ны өдөр 14 цагийн орчим манай ах Эрдэнэбаатар хөдөөнөөс өөрийн утаснаас “Долоон тооны үхэр алга байна, цагдаад бүртгүүлээд өгөөч” гэсэн. Тэгээд удалгүй “долоон үхрийн зургааг нь олсон, нэг үхэр олдохгүй байна” гэхээр нь цагдаад нэг үхэр алга болсон талаар бүртгүүлсэн...Манай ахын ойролцоо Пүрэв-Эрдэнэ, М гэх айлууд байдаг. Өөр ямар нэгэн айл байдаггүй...” гэжээ. /хх 24-25/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх болон хохирогч Ч.Эрдэнэбаатар /хх 26-27/, шүүгдэгч С.М /хх 22-23/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд  гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх 10/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 15/, Эд зүйлийн үнэлгээ /хх 35/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 48/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч С.М нь 2018 оны 01 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг “Амтад” гэх газар нутаглах хохирогч Ч.Эрдэнэбаатарын нэг үхрийг хулгайлж 1700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М-н гэм буруугаа хүлээн мэдүүлсэн /хх 22-23, 34/ мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой зааж, удаа дараа тогтвортой мэдүүлсэн хохирогч Ч.Эрдэнэбаатарын “...Би үхрүүдээ 2018 оны 01 сарын 07-ны өдөр услаад бүртгээд гаргасан. Тэгэхэд манай үхэр бүрэн байсан. 2018 оны 01 сарын 08-ны өдөр би үхрээ хураагаагүй юм. 2018 оны 01 сарын 09-ний өглөө хураахад 7 тооны үхэр байхгүй болохоор нь М-г гэрээр очиж “манай үхэр харагдсан уу” гэж асуухад “харагдаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зүүн тийш явахад манай 6 тооны үхэр байсан. Харин 1 тооны үнээ алга болсон байсан. Миний хулгайд алдсан үнээ ямар нэг өвчингүй, хөл нь доголоогүй байсан. ...хэсгийн төлөөлөгч миний хулгайлд алдсан үхрийн мах, арьс, толгойг надад бүрэн хүлээлгэж өгсөн...”  /хх 18-21, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,

Мөн хохирогч малаа алдсан талаар цагдаагийн газарт дүүгээрээ дамжуулж бүртгүүлсэн талаар гэрч Ч.Эрдэнэбаярын мэдүүлсэн “...2018 оны 01 сарын 10-ны өдөр 14 цагийн орчим манай ах Эрдэнэбаатар хөдөөнөөс өөрийн утаснаас “долоон тооны үхэр алга байна цагдаад бүртгүүлээд өгөөч” гэсэн. Тэгээд удалгүй долоо үхрийн “зургааг нь олсон, нэг үхэр олдохгүй байна” гэхээр нь цагдаад нэг үхэр алга болсон талаар бүртгүүлсэн...” /хх 24-25/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

Мөн алдагдсан малын бэлчээрт байсан байршилын талаар шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүгүй байдал, хэрэг учрал болсон гэх газар буюу худгийн орчимд малын сэвс, цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон, шүүгдэгч үхрийг хэрхэн ажиллаж, хадгалсан талаарх мэдүүлгийг давхар нотолсон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8/, шүүгдэгч С.М-с хулгайлагдсан үхрийн толгой, арьс, махыг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тогтоол /хх 10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14/, Эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 15/, Эд зүйлийн үнэлгээ /хх 35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.М-н үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч С.М нь бусдын малыг нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.М-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч гэм буруутай үйлдлээрээ хохирогч Ч.Эрдэнэбаатарт 1700000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх 35/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр, харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн болох нь хохирогч Ч.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “үхрийнхээ оронд хээлтэй үнээ авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч бусдын малыг хулгайлах болсон шалтгааныг тайлбарлахдаа “...уг үнээ нь хөл муутай, доголон босож чадахгүй байсан учраас махалсан...” гэх мэтээр хохирогчийн мэдүүлгээс эрс зөрүүтэй мэдүүлж байгааг гэм буруугаа ойлгон гэмшиж байна гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

Мөн шүүгдэгч нь энэ хэрэгт шалгагдаж байх хугацаандаа шүүхийн дуудсан цагт ирэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулж байсан зэргийг түүний хувийн байдалд хамааруулан харгалзан үзвэл зохино.

Энэ хэрэгт шүүгдэгч нь 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч С.М-н ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт С.М-г бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-н цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн 1821000560070 дугаартай хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ