Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 72

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгч Н.Ганзоригийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                    

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сандр овогт Нансалмаагийн Ганзориг, Адиодоод овогт Булганхангайн Мягмарсүрэн нарт холбогдох 2017 0108 0185 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчидийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Тэрэлжийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал малладаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамтаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2б хэсэг 182 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүрэг Тэрэлжийн 6 дугаар хороо Чингисийн өвөлжөө амралтын газарт түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ВК98031218 дугаартай, Сандр овогт Нансалмаагийн Ганзориг,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Чингисийн хүрийн 1-5 тоотод мал малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамтаар Налайх дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн хүр 1 дүгээр гудамж 05 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ИЖ97110410 дугаартай, Адиодоод овогт Булганхангайн Мягмарсүрэн.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нар нь бүлэглэн “Мустанг-5 маркийн мотоцикл ашиглан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэнхэр нуга” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж тамхи, гоймон, талх, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, бусдад 1,639,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганзоригийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Ганзоригийн сэжигтнээр өгсөн: “...Буян-Налайхын уулзвар өнгөрөөд нэг дэлгүүрийн гадаа очиж зогсоод буугаад би очоод дэлгүүрийнх нь цохноор харахад эзэнгүй байсан ба хаалт төмөрийг нь татахад хөдөлж байхаар нь хүчтэй татахад сугараад унасан. ...би дотогшоо салхивчаар ороод лангуун дээр байгаа бараануудаас хайрцагтай тамхинууд, ундаа, асаагуур, бэлэн гоймон зэрэг эд зүйлс аваад гарах гэтэл камер ажиллаж байхаар нь татаж салгаад торондоо хийгээд ...гараад шууд мотоцикль дээрээ очиход Мягмарсүрэн сууж байсан ба шууд Мягмарсүрэнгийн гэр рүү очоод эд зүйлээ идэж уусан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 109 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн сэжигтнээр өгсөн: “...Ганзориг нэг дэлгүүрийн гадаа очиж зогсоод буугаад цонхоор нь харж байснаа хамгаалалт төмөрийг нь татаж салгаад цонхны салхивчийг түлхэж нээгээд дотогшоо орсон. Тэгээд би мотоциклийнхоо хажуд хүлээж байтал Ганзориг тортой юм барьчихсан гарч ирээд мотоциклоо бариад шууд манай гэрт ирээд тортой зүйлсийг үзэхэд тамхи, ундаа, печинь, камер гэх мэт зүйлс байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 120 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч С.Баярцэнгэлийн өгсөн “...Би алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд зурагны ард тавьсан байсан 57,800 төгрөг ЛЖ маркийн хар өнгөтэй, мэдрэгчтэй гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Гар утсыг оны өмнө 280,000 төгрөгөөр авч байсан тул авсан үнээр нь үнэлж байна.

...хулгай хийсэн хүүхдүүдийн эцэг, эхтэй нь уулзаж хохирлын мөнгө болох 337,800 төгрөгийг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25-28 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Энхтуяагийн өгсөн “...Би алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд лангуун доор байсан самсунг нэртэй заргийн аппарат 1 ширхэг, уг аппаратыг өнгөрсөн жил 400,000 төгрөгөөр авсан, 1 блок парламент тамхи. Тамхинууд 1 блокдоо 10 ширхэг байдаг. 1 ширхэг парламент тамхийг 3800 төгрөгөөр авч 4500 төгрөгөөр зардаг юм. 1 блок эссэ тамхи. 1 ширхэг эссэ тамхи 2900 төгрөгөөр ирдэг. 3300 төгрөгөөр зардаг. Ченж эссэ тамхи 2 блок. 1 ширхэг ченж  эссэ тамхийг 3000 төгрөгөөр авч 3500 төгрөгөөр зардаг. Улааншонхор тамхи 1 блок. Улааншонхор тамхийг 1600 төгрөгөөр авч 200 төгрөгөөр зардаг. Даблисс тамхи 1 блок. Уг тамхийг 19000 төгрөгөөр авч 2300 төгрөгөөр зардаг. Түмний кола ундаа 5 ширхэг. 2260 төгрөгөөр авч 2700 төгрөгөөр зардаг. Бидний кола ундаа 5 ширхэг 1870 төгрөгөөр авч 2200 төгрөгөөр зардаг. Том бэлэн гоймон 12 ширхэг. 1650 төгрөгөөр авч 2000 төгрөгөөр зардаг. Молко 5 ширхэг, 1750 төгрөгөөр авч 200 төгрөгөөр зардаг. Како 3 ширхэг, 2000 төгрөгөөр авч 2300 төгрөгөөр зардаг. Шоколадны крем том, жижиг тус бүр нэг, нэг ширхэг. Томыг нь 6000 төгрөгөөр авч 6500 төгрөгөөр жижгийг нь 3500 төгрөгөөр авч 4000 төгрөгөөр зардаг. Чокопей 6 ширхэг, 4000 төгрөгөөр авч 4500 төгрөгөөр зардаг. Хрустик печень 15 ширхэг. 850 төгрөгөөр авч 1000 төгрөгөөр зардаг. День печень 15 ширхэг. 1000 төгрөгөөр авч 1200 төгрөгөөр зардаг. Алибаба чихэр15 ширхэг, 600 төгрөгөөр авч 800 төгрөгөөр зардаг. Сакура будаа 3 уут. Нэг уутандаа 2 кг байдаг. 5900 төгрөгөөр авч 6500 төгрөгөөр зардаг. Кетчуп 3 ширхэг, 1550 төгрөгөөр авч 1800 төгрөгөөр зардаг. Шүдэнз 10 боодол. Нэг боодлыг нь 700 төгрөгөөр авч 1000 төгрөгөөр зардаг. Гутлын кэнгрү тос 2 ширхэг, 1500 төгрөгөөр авч 1800 төгрөгөөр зардаг. Талх 6 ширхэг, нэг ширхэг талхыг 1350 төгрөгөөр авч 1500 төгрөгөөр зардаг. Муухуур боорцог 3 уут. Нэг уутыг нь 2300 төгрөгөөр авч 2500 төгрөгөөр зардаг. Набор 1 ширхэг 8200 төгрөгөөр авч 9000 төгрөгөөр зардаг. Немка печень 5 ширхэг. Нэгийг нь 1000 төгрөгөөр авч 1200 төгрөгөөр зардаг. Асаагуур 47 ширхэг, нэг ширхэгийг нь 270 төгрөгөөр авч 500 төгрөгөөр зардаг. Нарийн хиам 5 кг, 1 кг-ийг 6500 төгрөгөөр авч 7000 төгрөгөөр зардаг. Салиам хиам 4 кг, 1 кг-ийг 9000 төгрөгөөр авч 10,000 төгрөгөөр зардаг. Нойтон сальфетка 2 ширхэг. Нэгийг 1000 төгрөгөөр авч 1200 төгрөгөөр зардаг. Варейн 2 ширхэг. 3200 төгрөгөөр авч 3500 төгрөгөөр зардаг. Вайфель печень 1 ширхэг. 1500 төгрөгөөр авч 1700 төгрөгөөр зардаг. Хуруу зай 12 ширхэг, 350 төгрөгөөр 500 төгрөгөөр зардаг. Хумсны хутга 3 ширхэг. Нэг ширхэгийг 450 төгрөгөөр авч 600 төгрөгөөр зардаг зэрэг бараанууд алдагдсан байна. би бараануудаа худалдан авдаг үнээр нь үнэлж байна. ...хулгай хийсэн хүүхдүүдийн эцэг эхтэй уулзаж хохирлын мөнгө болох 443600 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30-34 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Батхишигийн өгсөн “...Дэлгүүр дотор тавьсан байсан 3 ширхэг хяналтын камер , нэг ширхэг процессор, дэлгэц зэргийг нт сонгон авч явсан харагдсан. Дээрх тоног төхөөрөмж нь минийх бөгөөд би өөрийнхөө мөнгөөр 2 жилийн өмнө 4 ширхэг камер, төхөөрөмжийнх нь хамтаар 1,800,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо зах зээлдийн үнээр үнэлэх юм бол авсан үнээр нь үнэлж байна. Ямар нэртэй хяналтын камер байсныг нь хэлж мэдэхгүй байна. Байгаа нэг камераа 300,000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд надад 1,500,000 төгрөгийн хохирол учирсан тул энэ мөнгөө нэхэмжилж байна. ...хүүхдүүдийн эцэг эхтэй нь уулзаж хохирлын мөнгө болох 1,000,000 төгрөг авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй болно.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 36-38 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Буянжаргалын өгсөн мэдүүлэг,

/хх-ийн 39 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Л.Чимгээгийн өгсөн мэдүүлэг,

/хх-ийн 40 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 05-12 дугаар тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 607 дугаар дүгнэлт,

/хх-ийн 57-59 дүгээр тал/

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2017 оны 7 дугаарсарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

/хх-ийн 64-84, 86-92, 95-102 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №08/047 дугаар:

  1. “Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.” гэсэн дүгнэлт,

/хх-ийн 162-163 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сандр овогт Нансалмаагийн Ганзориг, Адиодоод овогт Булганхангайн Мягмарсүрэн нарт холбогдох 2017 0108 0185 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Яллагдагч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нар нь 2017 оны 5 дугаар сарын16-ны өдөр Б.Мягмарсүрэнг гэрээс нь авч  тамхи авах зорилгоор Мустанг 5 маркийн мотоциклийг ашиглаж Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэнхэр нуга” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч тамхи, гоймон, талх, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хулгайлан бусдад 1,639,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  Шүүгдэгч Н.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохоор мэдүүлэг өгөхгүй. ...Хулгай хийх санааг би гаргасан. ...Гудамжны үзүүрт мотоциклоо нуусан асуудал байхгүй. Явахдаа барьж явсан зүйлээ мотоцикл дээрээ тавиад аваад явсан” гэх,

мөн түүний мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “...Буян-Налайхын уулзвар өнгөрөөд нэг дэлгүүрийн гадаа очиж зогсоод буугаад би очоод дэлгүүрийнх нь цохноор харахад эзэнгүй байсан ба хаалт төмөрийг нь татахад хөдөлж байхаар нь хүчтэй татахад сугараад унасан. ...би дотогшоо салхивчаар ороод лангуун дээр байгаа бараануудаас хайрцагтай тамхинууд, ундаа, асаагуур, бэлэн гоймон зэрэг эд зүйлс аваад гарах гэтэл камер ажиллаж байхаар нь татаж салгаад торондоо хийгээд ...гараад шууд мотоцикль дээрээ очиход Мягмарсүрэн сууж байсан ба шууд Мягмарсүрэнгийн гэр рүү очоод эд зүйлээ идэж уусан...” гэх,

шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ганзоригтой хамт дэлгүүрт орж хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй. ...Яллагдагчаар татаад мэдүүлэг авахад би хулгай хийснийг мэдээгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Хохирол төлөхтэй холбоотойгоор хэрэг үйлдээгүй гэж хэлсэн. ... Хохирлоо тэнцүү хувааж төлсөн” гэх,

мөн түүний мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...Ганзориг нэг дэлгүүрийн гадаа очиж зогсоод буугаад цонхоор нь харж байснаа хамгаалалт төмөрийг нь татаж салгаад цонхны салхивчийг түлхэж нээгээд дотогшоо орсон. Тэгээд би мотоциклийнхоо хажуд хүлээж байтал Ганзориг тортой юм барьчихсан гарч ирээд мотоциклоо бариад шууд манай гэрт ирээд тортой зүйлсийг үзэхэд тамхи, ундаа, печинь, камер гэх мэт зүйлс байсан” гэх мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд тэдэнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн байцаалтад хохирогч С.Баярцэнгэл,  Т.Энхтуяа,  Ш.Батхишиг нарын “...Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно...” /хх-25-28, 30-34, 36-28/ гэх мэдүүлгүүдийг харгалзан шүүгдэгчидийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарыг ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-136, 139/-ыг үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 5, 6, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сандр овогт Нансалмаагийн Ганзориг, Адиодоод овогт Булганхангайн Мягмарсүрэн нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хяналтын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хураан авах тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй “Мустанг” маркийн  мотоциклийг Н.Ганзоригт буцаан олгосугай.

5. Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ