Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/512

 

 

 

 

 

    2024             5              01                                         2024/ДШМ/512

 

Л.Гид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтөр,

хохирогч Б.З, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,

иргэний нэхэмжлэгч “...” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.А,

шүүгдэгч Л.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Гид холбогдох эрүүгийн 2305 00041 0910 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Л.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Зг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байхад нь түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн ... хаягт байрлах 700 м.кв газар, 501 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, улмаар 50, 50 хувиар хувааж авна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн 879.819.809 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...инд 150.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хохирогч Б.Зд 150.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Гийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Гид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Баянзүрх дүүргийн ... улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв газар ... дугаартай 501 м.кв хувийн орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын шийдвэрийг хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусмагц хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гоос гэмт хэргийн бодит хохиролд 150.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Зд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 6.000.000 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцож, энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялын төрөл хэмжээг хуульчлан заажээ.

Энэ гэмт хэргийн заавал байх үндсэн шинж нь обьектив талын дээрх үйлдлийг хийж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэнд хохирол учруулснаар төгсдөг материаллаг бодит бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Анхан шатны шүүхээс миний үйлчүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг хэрэглэж хэргийг зүйлчилсэнтэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргахгүй байна.

Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заажээ. Миний үйлчлүүлэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчлан заажээ.

Мөн хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд оногдуулах ялыг сонгох 1 санкцтайгаар хуульчлан тогтоожээ.

Дүгнэлт: Миний үйлчлүүлэгч Л.Гид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэл бүхий гэж өмгөөлөгчөөс дүгнэж байна.

Нотлох баримт: Дээрх дүгнэлт, хууль зүйн үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал, гэм буруугийн талаар маргахгүй хийсэн хэрэгтээ гэмшиж өөртөө дүгнэлт өгч байгаа хувийн байдал болон хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж төлөгдөх боломжтойг тогтоож буй нотлох баримтууд болон анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Санал: Миний үйлчлүүлэгч нь анхан шатны шүүхээс хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөрөөс 42.802.570 төгрөгийг төлсөн. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр гарган хоригдож буй ангийн тэмдгээр баталгаажуулж шүүхэд ирүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гол нөхцөл нь учруулсан хохирлоо төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал юм. Хэдийгээр шүүхээс тогтоосон хохирлын хэмжээг бүрэн төлөөгүй ч тодорхой хэмжээгээр төлж, цаашид бүрэн төлөхөө илэрхийлж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэж харж байна. Түүний шийтгүүлсэн гэмт хэрэг нь сонгох санкцитай гэмт хэрэг бөгөөд хохирлоо хэсэгчлэн төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал, бусад нөхцөлүүдийг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.Згийн өмгөөлөгч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гомдлын үндэслэл нь “...хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн гомдлыг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

Дээрх зүйл, заалтаас үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн ойлголт байхгүй бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэж хохирлыг урьдчилан төлсөн байхыг хуулийн шаардлага болгон хууль тогтоогч оруулж өгсөн байна.

Одоогийн байдлаар шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, мөн анхан шатны шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй маргаж, мэтгэлцэн оролцож, өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг биш гэж үзэж байсан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна.

Шүүхийн шийдвэрийн талаар: Анхан шатны шүүхээс хохирогч Б.Згийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “...”-наас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлээгүй нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Б.Згийн үл хөдлөх хөрөнгө Монгол Улсын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ... нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. /1хх-н 143-р тал/ Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Нийслэлийн Баянзүрх дүүргийн ..., хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. /1хх-н 144-р тал/ Нийт хоёр тэрбумын үнэлгээтэй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 879.819.809 төгрөгөөр үнэлэгдсэн болно. /хх-н 184-205 дугаар хуудас/

Б.Згийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь “...”-ны барьцаанд байгаа тул уг эд хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад учран миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсаар байна.

Шүүгдэгчээс 150.000.000 төгрөгийг гаргуулан Б.Зд олгуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн ба одоогоор зээлийн хүү нь бодогдон банкинд төлөх төлбөр 200.000.000 төгрөгт хүрээд байгаа бөгөөд Б.Згаас шүүгдэгчээс 150.000.000 төгрөг гаргуулан авсан ч “...”-ны барьцаанаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулан авах боломжгүй болгосон байна.

Б.Згаар барьцааны гэрээ, итгэмжлэл дээр гарын үсэг зуруулахдаа хууран мэхэлж, гарын үсэг зуруулсан нь болох нь шүүхийн шатанд хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар “Хуурч мэхэлж хийсэн хэлцэл” болохыг анхан шатны шүүхээс тогтоож, Л.Гийг гэм буруутайд тооцсон болно.

Б.Зг хуурч мэхлэн барьцааны гэрээ болон итгэмжлэл дээр гарын үсэг зуруулсан тул дээрх итгэмжлэл барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6 дахь хэсэгт зааснаар Б.Згийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “Хаан” банкнаас гаргуулан хохирогч Б.Зд олгуулан, “Хаан” банк нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд гэрчилгээгээ бүрэн чөлөөлүүлж авах хүсэлтэй байгаа. Шүүхийн шийдвэрээр 150.000.000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн боловч банкны хүүтэй нийлээд одоогийн байдлаар 200.000.000 гаруй төгрөг болсон байна. Гэрчилгээгээ авахын тулд надад 204.000.000 төгрөг хэрэгтэй. Би Л.Гоос 150.000.000 төгрөгөө авсан ч гэсэн үлдэгдэл 50.000.000 гаруй төгрөгийг өөрөө төлөхөд маш хүндрэлтэй байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч “...” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийгээгүй, мөн давж заалдах журмаар гаргасан гомдлоос барьцаалуулагч буюу банкны хувьд эсрэг байр суурьтай байгаа учраас дараах тайлбарыг гаргая. Тодруулбал, банкны 150.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж буйг хохирогч, шүүгдэгчийн хэн аль нь мэдэж байсан үйл баримт тогтоогддог бөгөөд энэ талаараа шүүхэд мэдүүлсэн байдаг. 150.000.000 төгрөгийн зээл авч, 75.000.000 төгрөгийг хохирогчид өгнө гэж тохиролцсон байдлаас үзэхэд шүүгдэгч, хохирогч нарын байр суурь, санаа зорилго харагдаж байна. Ийм илэрхий хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн хэлцэлтэй холбоотой асуудлыг залилах гэмт хэрэг гэж үзвэл зээл болгон дээр хүмүүс цагдаагийн байгууллагад хандана. “Надад зээлээсээ өгнө гэж хэлээд барьцаанд тавиулсан” гэж ярина. Улмаар банкны систем гажуудаж, дампуурах нөхцөл байдал үүснэ. Магадгүй хохирогч нь эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг аваад иргэний хэргийн шүүхэд барьцааны асуудлаар гомдол гаргах үр дагавартай. Тиймээс энэхүү асуудлыг гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь төөрөгдөлд оруулах байдаг бол энэ хэрэгт тийм шинж байхгүй. 150.000.000 төгрөгийн зээлийн барьцааг хэн аль нь мэдэж байсан. Мөн залилах гэмт хэргийн объект нь өмчлөх эрх болон түүнийг шилжүүлэн авсан үйлдэл хамаарна. Гэтэл хөрөнгийн өмчлөх эрх Б.Згийн нэр дээр хэвээрээ байгаа тул түүнд хохирол учраагүй, гэмт хэргийн шинжгүй.” гэв.

Прокурор Н.Энхтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Г нь  2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Зг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байхад нь түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз 24 гудамжны 614 тоот хаягт байрлах 700 м.кв газар, 501 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, улмаар 50, 50 хувиар хувааж авна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн 879.819.809 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...инд 150.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хохирогч Б.Зд 150.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын тухайд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай холбон хохирогчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж банкнаас авсан мөнгийг хохирогчид өгөхгүйгээр мөрийтэй тоглох гэсэн, мөн уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг үүсэхийг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан, хор уршгийг хүсэж учруулсан шүүгдэгчийн гэмт санааг хохирогчийн зээл судлуулах гэсэн ойлголтоор үйлдсэн итгэмжлэл, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан зэргээр үгүйсгэж талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй. Тодруулбал, шүүгдэгч нь шунахайн сэдлээр зээл гаргуулбал хувааж авна гэж хохирогчийг хуурч зохиомол байдлыг бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 150.000.000 төгрөгийн зээлийг ...наас авч, мөн өдрөө мөрийтэй тоглож хохирогчид хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн субъектив болон объектив шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Зг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байхад нь түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... талбайтай хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, улмаар 50, 50 хувиар хувааж авна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн 879.819.809 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...инд 150.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, хохирогч Б.Зд 150.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Згийн “... 2022 оны 3 дугаар сард манай ажил дээр тэр хоёр ирээд танай үл хөдлөх хөрөнгийг чинь банкинд тавиад мөнгийг нь тэнцүү хуваая, чи хэрэгтэй мөнгөө ав гэхээр нь би бодож үзээд боломжийн санагдаад зөвшөөрсөн. Яагаад гэвэл нөхөр нийгмийн даатгал төлдөггүй, би зээлийн эргэн төлөлт хийх, орлого нотолж чадахгүй, жирэмсэн амралттай байсан. Тэр орой Г нь банкинд санаа зоволтгүй манай эгч банкинд ажилладаг байсан болохоор танил тал ихтэй гэж хэлсэн. Үл хөдлөх гэрчилгээгээ гаргачих юм бол банкны асуудалд санаа зоволтгүй гэсэн яриа болоод дууссан. Удалгүй би өөрөө гэрчилгээгээ хууль журмын дагуу гаргуулж авсан. 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр намайг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр эмчлүүлж байхад оройн 21 цагийн үед эмнэлгийн эргэлтийн цонхон дээр Г нотариат гэх хүнтэй ирсэн. Тэгээд энэ бичиг баримт дээр гарын үсгээ зураад өгчих, би банкинд өгч зээл судлуулах гэсэн юм, хариу нь ирэх долоо хоногт гарах байх гэж хэлээд зуруулаад явсан. Тэрнээс хойш Г холбоо тасарсан. Тэргэл нь хааяа ярьж холбогдоод бид хоёр салсан. Гийг хаана байгааг мэдэхгүй байна гэх болсон. 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр буюу эмнэлэг дээр ирж гарын үсэг зуруулж авсан оройноос Г холбогдохгүй болсон. Тэгэхээр нь би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өөрөө Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ...ны жаргалант салбарт очиж гэрчилгээгээ авах гэж очоод зээл гараад Г авсан талаар мэдсэн. Надад 150.000.000 төгрөгийн хохирол учраад байна, яагаад гэвэл Г миний нэрийн өмнөөс зээл авч миний эд хөрөнгийг барьцаалсан. Анх ярихдаа авсан зээлээ хувааж авна гэж ярьж байсан боловч надад нэг ч төгрөг өгөөгүй. Мөн банкнаас зээл авсан талаар надад мэдэгдээгүй, Тэргэлтэй зээл авсан мөнгөөрөө бизнес хийгээгүй өөрөө тоглоод үрсэн байсан. Энэ хоёр анхнаасаа намайг хуурч төөрөгдөлд оруулсан. ...” гэсэн /1хх 37-38/,

гэрч Т.Т-ийн “...Миний нөхөр Г бид хоёр З-тай гэр бүлийн найзууд бөгөөд хороондоо мөнгө төгрөг зээлж өгч аваад явдаг байсан. 2022 оны 02 дугаар сарын эхээр Г анх санаачлаад танай найз Зд мөнгө хэрэгтэй байгаа юм байна, бид хоёрт бас мөнгө хэрэгтэй тийм болохоор З болон нөхөртэй нь хамт очиж ярилцъя гэж хэлээд Згийн ажил дээр очиж уулзсан. З нь тухайн үед Баянзүрх дүүргийн ... тэнд байрлах ... цагаан өнгийн барилга бариулаад дууссан байсан. Ажил дээр нь уулзаад ярилцахад З яаж мөнгө олох уу, зээл яаж авах боломж байгаа талаар асууж ярилцсан, манай нөхөр Г бид хоёр урд хэд хэдэн удаа зээл авч байсан болохоор банкны зээлийн талаарх мэдээлэл илүү байсан. ... Би Гоос нөгөө зээл нь юу болж байгаа вэ?, З зээлээ бас чамайг асуугаад байна гэхээр би өөрөө холбогдоод ярина, одоо удахгүй байх гэдэг байсан. З 2022 оны 04 дүгээр сүүлээр өөрөө банкинд дээр очиж зээл гарсан талаар мэдээд над руу залгаж хэлсэн. Зээл гарсан байна, юу болоод байгаа юм бэ? гэж асуухаар нь Г руу залгаж ярихад утсаа авахгүй байж байснаа ажлын чинь гадаа байна гараад ир гэсэн. Уулзаад намайг юу болоод байгаа талаар асуухад Г дуугарахгүй хэсэг байж байгаад би үнэнээ хэлье, 150.000.000 төгрөгийн зээлийг авсан, харин би бэт гэдэг гар утсаараа спортын тоглолтууд дээр бооцоо тавиад алдчихлаа, гэхдээ би зохицуулна гэж хэлсэн. ...” гэсэн /1хх 46-47/,

гэрч Н.Г-ийн “...Манай ажил дээр Г гэх залуу ирж уулзаад би ...наас зээл авах барьцааны гэрээ хийсэн, гэрээнд гарын үсэг зурах хүн нь эмнэлэгт хэвтэж байгаа, таныг боломжтой гэвэл орой ирж авч яваад эмнэлэг орж гарын үсэг зуруулах гэсэн юм гэж хэлж байсан. Би ЭХЭМҮТ-дээр ажлын цаг тарснаас хойш 19 цагийн орчим очиж гарын үсэг зуруулах гэж өөрийн бүртгэлийн дэвтрийг авч эмнэлэг дээр очиход хоёр эрэгтэй, нэг эмэгтэй байсан. Би эргэлтийн цонхон дээр гарч ирсэн эмэгтэйгээс иргэний үнэмлэхийг нь авч үзэн регистр болон овог нэрийг нь өөрөөр нь хэлүүлэн тулгаж, нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулсан. ...” гэсэн /1хх 59-60/,

шүүгдэгч Л.Гийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед хамтран амьдардаг байсан Т-ийн найз З болон түний нөхөр бүтэн нэрийг нь мэдэхгүй Аараа нартай уулзаад үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьчих тэгээд хамтран 150.000.000 төгрөгийн зээл аваад тэнцүү хувааж аваад хувь хувийн бизнест зарцуулъя гэж тохирсон. Тэгээд Зг ЭХЭМҮТ-д эмчлүүлж байхад нь нотариат Г-тай хамт очиж зээлийн гэрээ болон барьцаанд бүртгэх гэрээг танилцуулан гарын үзэг зуруулсан. Гарын үсэг зурахдаа З нөхрийн хамтаар уншиж танилцаад гарын үсэг зурсан. Тэгээд би Хан-Уул дүүрэгт байдаг ...ны Жаргалант тооцооны төв дээр очиж 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 150.000.000 төгрөгийн зээлийг авч, Зд өгөлгүй зээл авсан оройдоо гэртээ очоод нийт 148.000.000 төгрөгийг 1хbet бооцоо тавьдаг тоглоом утсаараа тоглож алдсан. ..." гэсэн /1хх 89-90/ тус тус мэдүүлгүүд,

 

Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 8-9/, Л.Гийн ...ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 8-14/,

... нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай газрын эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ /1хх 143/,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл /Нийслэлийн Баянзүрх дүүргийн ... талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/-ийн ... дугаартай гэрчилгээ /1хх 144/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 184-205/,

...ны ... дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлт, хүү алдангийн талаарх мэдээлэл /2хх 28-31/,

Итгэмжлэл /2хх 57/, Барьцааны гэрээ /2хх 58-60/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Л.Гийг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Л.Гийн хохирогч Б.Згийн ... байрлах 700 м.кв газар, 501 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж, авсан зээлээ 50, 50 хувиар хувааж авна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний өмчлөлийн 879.819.809 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...инд 150.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, хохирогч Б.Зд 150.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Л.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал, гэм буруугийн талаар маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж өөртөө дүгнэлт өгч байгаа хувийн байдал болон хэргийн улмаас учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж төлөгдөх боломжтойг тогтоож буй нотлох баримтууд болон анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Л.Г нь хохирогч Б.Зд 42.802.570 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд үлдэгдэл хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Л.Гид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Гид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Л.Г нь хохирогч Б.Зд 42.802.570 төгрөг төлснийг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР