Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01655

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01655

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 103/ШШ2021/00296 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, Д.Б-т холбогдох

Автомашинд учирсан гэм хорын хохирол 4 096 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд энэ Alphard машиныг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Да хүрээ захаас авсан. 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Д.Б- нь өөрийн өмчлөлийн 70-94 УНИ Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо согтуугаар 4 замын уулзвараас Наран хороолол орох замд Шунхлай шатахуун түгээх станцын дэргэдэх замаар зорчихдоо эсрэг урсгалаар зорчиж байсан Ж.Б- миний өмчлөлийн 94-20 УАМ улсын дугаартай Тоёота алфард маркийн тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгөд гэм хор учруулсан. Машиныг засуулахаар засварт өгөхөд мөнгийг нь бөөн авсан, хэзээ ч цувуулж авдаггүй. Эхлээд машинаа засварт өгөхөд их гэрлийг нь олоод ир гэж хэлсэн. Харин миний машин 2013 оны машин тул сэлбэг нь олдохгүй байсан. Д.Б- 1 300 000 төгрөгөөр их гэрэл авахаар хүнтэй тохиролцож машиндаа тавиулсан. Тэгээд гэрлээ тавиад засвараа хийх гэтэл гуперыг маань бас засч янзлах ёстой болсон. Уг нь миний машин тухайн үед ямар ч сэвгүй байсан. Би шинэ гупер аваад тавина гэж бодож байтал гуперийн 4 мэдрэгч нь ажиллахгүй болсон байсан. Би энэ машиныг 35 000 000 төгрөгөөр аваад 2 жил унаад үнээ бариулаад зарна гэсэн боловч одоо тийм үнэд хүрэхээ больсон. Би өөрөө эрүүл мэндийн компанид борлуулалтын менежер хийдэг боловч сарын эргэлтийн мөнгөө машины засвар үйлчилгээнд өгөөд, бас дээр нь гэр бүлийн хүн ойлгохгүй сэтгэл санааны хувьд маш хэцүү байсан. Миний орлого сард 3-5 сая төгрөг байдаг боловч хамгийн бага дүнгээр буюу төсвийн байгууллагын өдрийн цалингаар тооцвол 30 000 төгрөг х 36 хоног = 1 080 000 төгрөг болно. Д.Б- нь самар зараад төлбөр барагдуулна гэсэн. Мөн миний бие Сүхбаатар аймгаас Багануур дүүрэг рүү 2 удаа ирсэн бензиний зардал 30л х 2 х 1 450 төгрөг = 87 000 төгрөг, Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү 2 удаа ирсэн бензиний зардал 20л х 1 450 төгрөг = 29 000 төгрөг болсон ба буцаад явахад мөн тийм хэмжээний зардал гарна. Тиймээс энэхүү зардлыг нэмэн нэхэмжилж байна. Би машинд учирсан хохирлыг Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээ 3 900 000 төгрөгөөр тооцож байгаа бөгөөд үүнээс 1 000 000 төгрөгийг дансаар өгсөн, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бас 1 000 000 төгрөг өгсөн. Иймд Д.Б-аас машины хохирол 1 900 000 төгрөг, ирж очсон зардал болох 116 000 төгрөг, мөн ажил хийгээд олох ёстой байсан орлого 1 080 000 төгрөг, нийт 3 096 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн тээврийн хэрэгсэл өөр өмчлөгчтэй, зээлийн гэрээ хэрэгт байгааг би хараагүй. Тухайн үед осол болсон учраас энэ асуудал өнөөдөр яригдаж байна. Тийм учраас хэний ч өмчлөл байсан төлбөрийн асуудал яригдана. Осол болох үед 3 725 000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан байна. Энэ үнэлгээг хариуцагчид танилцуулахад үнэлгээ бодитой биш байна, ихэнх эд ангийг засварлах боломжтой байхад шинээр солино гэж гаргасан байна гээд дахин эд хөрөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлтээ мөрдөгчид өгсөн. Тэгээд нэгэнт засварт орсон байх тул дахин үнэлгээ гаргах боломжгүй болсон байна гэж үзээд хуучин үнэлгээгээр хэрэг шийдэгдсэн. Иймээс тухайн хохирлын үнэлгээ бодитой биш байсан тул манайх хүлээн зөвшөөрөхгүй маргаад байна. Эд ангийг солих эсхүл засварлах тохиолдолд үнийн зөрүү их гарна. Их гэрэл л гэхэд Ж.Б-ийн өгсөн утасны дугаараар нь зарна гэсэн хүнтэй ярьж үзэхэд 1 200 000 төгрөгөөр өгнө гэж байсан. Ж.Б- нь 1 500 000 төгрөг гэж хэлсэн ба үнэлгээ нь 1 300 000 төгрөгөөр гарсан байсан. Чирэгчийн таг 65 000 төгрөг хэмээн үнэлсэн байсан. Энэ нь гуперийн иж бүрдэлд хамаарах атал тусад нь үнэлсэн байдаг. Мөн Ж.Б- нь машинаа засварт оруулахын өмнө их гэрлээс бусад урд гупер зэрэг сэлбэг эд анги нь олдохгүй байгаа талаар Д.Б-тай удаа дараа утсаар ярьж байсан. Олдохгүй байсан сэлбэгийг гэнэт маш хурдан хугацаанд олоод солиулж засварлуулсан гэдэг нь үнэхээр эргэлзээтэй. Машины их гэрлээс бусдыг солиогүй, харин засварлуулсан гэж бодож байна. Ийнхүү дүгнэх болсон өөр нэг үндэслэл нь мөрдөгчид дахин үнэлгээ, шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргах үед Ж.Б- нь дахин үнэлгээ хийлгүүлэхгүй засварт оруулж байна гээд эсэргүүцээд байхаар нь Д.Б- нь тэгвэл сольсон эд ангиа авчирч өгөөд хохирлын мөнгөө аваарай гэж хэлсэн. Гэтэл одоог хүртэл энэ эд ангийг сольсон, эвдэрсэн хуучин эд анги нь энэ байна гээд авчирч өгсөн юм байхгүй. Шүүхэд хэрэг ирсэн хойно дахиад хүсэлт гаргаад дахиад үнэлгээ гаргуулахад үнэлгээ маань илт буураад 1 800 000 төгрөг гарсан. Нэхэмжлэгч 17 хоног засуулсан гэж байна. Тухайн үед бодит байдал дээр энэ асуудал 7 хоног л болсон. Энэ бол утгагүй санагдаж байна. Мөн ирж, очих зардал нэхэмжилсэн байна. Тэгсэн хэдий ч энэ нь баримтаар нотлогдоогүй байна. Хохирлын үнэлгээ 1 800 000 төгрөг гарсан бөгөөд хариуцагчаас 2 000 000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Илүү гарсан мөнгө нь зардалдаа таарч байгаа гэж бодож байна. Тухайн үед 3 725 000 төгрөгийн үнэлгээ гарсан гэж байгаа боловч яг ийм үнээр засуулсан гэсэн баримт байхгүй. Нэхэмжлэгч өөрийгөө сард 3-5 сая төгрөгийн орлого олдог хэмээн 1 080 000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ хэмжээний орлого олдог эсэх талаар татварын байгууллагаас ирүүлсэн баримтгүй. Зөрчлийг шалгаж шийдвэрлэх, үнэлгээ гаргах ажиллагаа цөөхөн хоногт л үргэлжилсэн бөгөөд олон хоногийн ажил тасалдаагүй. Иймд хариуцагч нь нийт 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд бодитоор гарсан зардлыг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний Хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар Оровгод овогт Жаргалсайханы Батцэцэгийн нэхэмжлэлтэй, Харуулчин овогт Дамбын Батбаатарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3 096 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б-аас 1 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Батцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 196 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1 900 000 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 45 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Батцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Автомашиныг засварлах үнэлгээ хэт өндөр гарсан байсан тул дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байгаа талаараа мөрдөгчид мэдэгдэхэд мөрдөгч нь нэхэмжлэгч Ж.Б-т утсаар залгаж энэ талаар хэлсэн. Ж.Б- "би машинаа засварт оруулчхаад байна, дахин үнэлгээ гаргуулж чадахгүй" гэж хэлсэн. Мөрдөгч машин засварт орсон тул дахин үнэлгээ гаргах боломжгүй гэсэн. Би үүнийг тайлбартаа хэлсэн боловч миний тайлбараас нэхэмжлэгчийн хийсэн үйлдэл, хэлсэн үгийн талаарх хэсгийг орхигдуулсан байна. Мөн "...гэвч хариуцагч талаас анхны хохирол тогтоосон үнэлгээг зөвшөөрөхгүй байсан атлаа 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгах тухай" 0394 дугаартай гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан" гэжээ. Тухайн үед хэргийг шалгаж байсан мөрдөгч "хэргийн хугацаа болохоо байлаа, хохирол төлөх талаараа бичгээр гэрээ байгуулж баталгаажуулж ирж байж хэргийг шийднэ" гээд шахаад байсан тул энэ гэрээг хийхээс өөр аргагүй болсон. Гэрээ нь үл маргах шинжтэй, шударга ёсонд нийцсэн байсан бол бид хоорондоо тохиролцоод боломж бололцоогоороо төлөх л байсан. Хохирлын үнэлгээ бодит байдлаас 2 дахин өндөр гарсан тул шударга ёсонд нийцэхгүй. Олонхи эд ангийг солих гэсэн үндэслэлээр Арвижих Эстимейт ХХК-ийн дүгнэлт гарсан. Гэтэл солих шаардлагатай гэсэн эд ангийг солилгүй засварлуулсан тухайгаа нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа /хх-ийн 39-42 / дурдсан байгаа Энэ нь тухайн эд ангиудыг заавал солих шаардлагагүй засварлах боломжтой байсныг, мөн Арвижих-Эстимейт ХХК-ийн дүгнэлт бодитой биш байсныг харуулж байна. Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээгээр 3 725 000 төгрөгийн хохирол гэж тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч нь засварын хөлсөнд энэ хэмжээний мөнгө төлсөн баримтаа шүүхэд өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн дүгнэлтээр хохирлын зах зээлийн үнэлгээг 1 800 000 төгрөг гэж тогтоосон. Гэтэл шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө гарсан Арвижих-Эстимейт ХХК-ийн гаргасан үнэлгээг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Үнэлгээгээр гарсан 1 800 000 төгрөгийн хохирлыг, Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээний ажлын хөлстэй нь нийт 2 000 000 төгрөгийг хариуцагч төлчихсөн. Эвдэрсэн автомашин нь нэхэмжлэгчийнх бус "Апекс финанс" ХХК-ийн өмчлөлийнх байдаг. "Апекс финанс" ХХК болон нэхэмжлэгч Ж.Б- нарын хооронд автомашиныг эзэмшилд шилжүүлэх тухай хийсэн гэрээ хэлцэл хэрэгт байхгүй. Автомашины өмчлөгч бус хүн нэхэмжлэл гаргаж байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа нь мөн үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй  байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.Б- хариуцагч Д.Б-т холбогдуулан өөрийн автомашинд учирсан гэм хорын хохирол 4 096 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.Б- нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо Шунхлай ШТС-ын хажуугийн асфалтан зам дээр Тоёота приус маркийн 70-94 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгч Ж.Б-ийн жолоодон явсан Тоёота алфард маркийн 94-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний автомашинд эвдрэл гэмтэл учруулсан болох нь талуудын гарын үсэг бүхий Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгах тухай эвлэрлийг нотариатаар гэрчлүүлсэн баримт бичиг, зөрчлийн хэрэг шалгах явцад холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, Арвижих-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт, Багануур дүүргийн замын цагдаагийн тасагт гаргасан Д.Б-ын өөрийнх нь тайлбар, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. / хх-ийн 6-19 /

 

Зохигчид хариуцагч Д.Б-ын гаргасан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн авомашинд гэм хор учирсан үйл баримтын талаар буюу хариуцагчийн гэм буруугийн талаар маргаагүй, харин хохирлын хэр хэмжээ, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар маргасан байна.

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Апекс финанс ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн дээрх тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байх боловч уг бүртгэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээний үндсэн дээр өмчлөгчийг нэрлэсэн, нэхэмжлэгч Ж.Б- нь уг автоамшиныг 40 хувь урьдчилгаа төлж зээлээр авсан талаар тайлбарласан, хэрэгт нэхэмжлэгчийн Апекс финанс ХХК-тай хийсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тээврийн хэрэгслийн албан татвар төлсөн баримт авагдсан байх тул нэхэмжлэгчийг өмчлөгчийн хувьд шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй болно. / хх-ийн 37, 38, 71, 72 / Иймд Апекс финанс ХХК нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан эрхийг бүрэн хэрэгжүүлэх өмчлөгч болох болно.

Иймд нэхэмжлэгч Ж.Б- хариуцагч Д.Б-ын буруутай үйлдлээс өөрт учирсан хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн олох байсан орлогод 1 080 000 төгрөг, Багануур дүүрэгт 2 удаа ирсэн замын зардал 116 000 төгрөг гаргуулах шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээгээр ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээ 3 725 000 төгрөгөөр гэж тогтоосон, мөн Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгах тухай эвлэрсэн тухай бичгийн баримтад талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд уг баримтад хариуцагч Д.Б- нь ...3 900 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлсэн, үлдэх 2 900 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болно... гэж өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн байна. /хх-ийн 6/

 

Мөн тэрээр Арвижих-Эстимейт ХХК-ийн хохирлын үнэлгээ 3 725 000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг Багануур дүүргийн замын цагдаагийн тасагт гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. /хх-ийн 17/

Талууд гэм хорын хохирлыг мөнгөөр төлөх хэмжээ, хугацааг тохиролцсон бичгийн баримт үйлдэж, гэрээний бус үүргийг гэрээний үүргээр сольж хэлцэл хийх нь хуулиар хориглоогүй хэлцэл бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүссэн гэж үзнэ.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны 7 дугаар сарын 29-нд Монгол Улсад импортлогдсон, автомашиныг 2020 оны 8 дугаар сарын 22-нд улсын дугаар авч бүртгүүлсэн зэргээс үзэхэд ослын улмаас эвдэрсэн баруун урд их гэрэл, баруун урд крыло, урд буфер зэрэг эд ангийг солих шаардлагатай гэсэн үнэлгээ хийсэн Арвижих-Эстимейт ХХК-ийн хохирлын үнэлгээг буруутгах, нэхэмжлэгчийн уг үнэлгээгээр хохирлоо тооцно гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл зам тээврийн осолд орохоос өмнө уг автомашин осолд орж засвар хийгдэж байсан, сэв будагтай байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр ослын улмаас автомашинд учирсан хохирлын зах зээлийн үнэлгээг 1 800 000 төгрөгөөр тогтоосон боловч уг үнэлгээг засвар хийсний дараах байдалд үндэслэсэн, нэхэмжлэгч нь ...мөнгөө аваад эд ангиа солиулна... гэж тайлбарлаж байх тул ...эвдэрч гэмтсэн тухайн эд ангиудыг заавал солих шаардлагагүй засварлах боломжтой байсан... гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна. Тодруулбал, уг автомашины эвдрэл гэмтлийг замск тавьж, будаг хийснээр өмнөх байдалд сэргээсэн гэж үзэх боломжгүй байгаа энэ тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүй бол учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх ёстой.

 

Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагчийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь зөрчил, аваад удаагүй эд хөрөнгө, ... нэхэмжлэлийн 3 096 000 төгрөгийг төлөх нь зөв... гэсэн дүгнэлт гаргасныг давж заалдах шатны шүүх харгалзан үзсэн болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 900 000 төгрөгийг хангаж, үлдэх 1 196 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 103/ШШ2021/00296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 486 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Н.БАТЗОРИГ