Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/599

 

 

 

 

 

    2024             5              22                                         2024/ДШМ/599

 

О.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Солонго,

хохирогч Г.Бгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, А.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Солонгын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч О.М-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа, хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Мд холбогдох эрүүгийн 2105 01488 0731 дүгээр хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.М 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр танил Г.Бд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 252 тоот 3 өрөө орон сууцыг 88.000.000 төгрөгөөр зарна гэж итгэл төрүүлэн хуурч, зээлийн гэрээ байгуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “ХААН” банкны салбараас шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг авч,

үргэлжилсэн үйлдлээр Г.Бд “байрны гэрчилгээ ломбардад байгаа, мөнгөө өгчихвөл тэр мөнгөөр чинь байрныхаа гэрчилгээг аваад мөнгөө дууссаны дараа нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Ц.Хашбаярын “ХААН” банкны ... дугаар дансаар шилжүүлсэн 20.000.000 төгрөг, мөн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг тус тус өөрийн “ХААН” банкны ... дугаартай дансаар авч,

мөн бэлэн мөнгө хэрэгтэй байна, байрны үлдэгдэл 24.000.000 төгрөгөөс 15.000.000 төгрөг бэлнээр авлаа гэсэн бичиг хохирогч Г.Бгийн эгч Мд хийж өгөн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 44 дүгээр байрны 44 тоотод байхдаа 15.000.000 төгрөгийг бэлнээр тус тус авч залилан нийт 79.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас О.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.М-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.М-ийг 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Мд оногдуулсан 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Мэс нийт 79.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Бд олгож, шүүгдэгч О.М энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Б давж заалдах гомдолдоо: “...О.М нь ломбардад байр тавьсан ба удахгүй гэрчилгээг нь өгнө гэж хуурч мэхлэн нийт 79 сая төгрөгийг залилан авсан. Удахгүй гэрчилгээг нь өгнө гэж хэлээд хэд хэдэн удаа намайг төөрөгдүүлж, итгүүлж байсан. Гэтэл огт гэм буруугаа хүлээхгүй, хохирлоо төлөхгүй, төлнө гэх мэтээр янз бүрийн санал тавьдаг боловч огт хэрэгжүүлдэггүй, дандаа худлаа ярьж явсаар өдийг хүрлээ. Хамгийн сүүлд шүүх хуралдаанаас ажлын 5 хоногийн завсарлага аваад талийгаач эцгийн байрыг өгнө, өв нээгдсэн байгаа тул уг байранд байгаа хадмыгаа гаргана, хадмын зүгээс зөвшөөрсөн гэх мэт ярьж байсан боловч одоо хүртэл чимээгүй л байна.

Шүүхийн шийдвэр гарч торгуулийн ял авснаас хойш нэг ч яриагүй ба бас л худал хэлсэн болох нь ойлгомжтой байна. Хохирол төлөх талаар нэг ч бодитой, үндэслэлтэй санаачилга гаргахгүй, худал хэлсээр байсан. Гэтэл шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хохирлоо төлөхгүй байгаа шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж, бүр 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие энэ хугацаанд байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон ба орон сууцтай болох гэж хуримтлуулсан мөнгөө алдсандаа үнэхээр их гомдолтой байна.

Иргэний хэргийн шүүх дээр орон сууцны жинхэнэ өмчлөгч нь байрнаас гаргуулах нэхэмжлэл шийдвэрлэх явцад шүүх хурал дээр өөрөө огт ирдэггүй байсан. Маш их хугацаа байсан боловч нэг ч төгрөг төлөөгүй. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахиж шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан.

Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруутайгаа маргаж, хохирогч Г.Бд учруулсан 79.000.000 төгрөгийн хохирлыг төлөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн ба анхан шатны шүүхээс О.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараагаар хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч энэ хугацаанд хохирол огт төлөөгүй байхад шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан баримтуудаар О.М торгуулийн ялыг төлөх санхүүгийн чадваргүй буюу орлогын тодорхой эх үүсвэр байхгүй, уг ял биелэгдэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад анхан шатны шүүхээс торгох ял оногдуулж байгаа нь дээр дурдсан хуулийн зорилт, зорилгод нийцээгүй.

Нөгөөтээгүүр, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрлүүдээс хөнгөн буюу торгох ялыг сонгон оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь ...ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байдалд хамаарч мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогч Г.Бгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирлын хэр хэмжээтэй тохироогүй гэж үзэж байна.

Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийг огт зөвшөөрөхгүйгээр маргаж оролцсон болно. Мөн шүүхээс гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлыг төлөх зорилгоор ажлын тав хоногийн завсарлага авч хойшлуулсан боловч хохирлыг нөхөн төлөөгүй болно.

Гэтэл шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд харшилсан шийдвэрийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн заалтад харшилсан ял шийтгэл оногдуулсан болно.

Хууль тогтоогчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэргийн ангиллаас хамаарч ялгамжтай тодорхойлсон. Энэхүү үзэл баримтлалд хохирлоо төлсөн, хохирлоо төлөхөө илэрхийлэх гэсэн нөхцөлүүдийг хөнгөн гэмт хэрэгт хамаатуулахаар тодорхойлсон болно. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдлыг нь харгалзан торгуулийн ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үзэл баримтлалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилгын цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх агуулгатай хууль зүйн хувьд нийцээгүй гэж үзэж байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, хор уршиг материаллаг шинж чанартай байдаг ба хохирогчид нийт 79.000.000 төгрөгийн бодит хохирол, орон сууцыг мөн ханшаар худалдаж авч чадахгүй, орон сууцнаас шүүхийн шийдвэрийн дагуу гарсан зэрэг хор уршиг учирсан нөхцөл байдалтай байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээнээс бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулж, улмаар 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой огт нийцээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.М-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.М залилах гэмт хэргийг “...үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэхдээ маргааны гол асуудал болсон Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 252 тоот 3 өрөө орон сууц ямар байдлаар Б.Т гэх хүний нэр дээр шилжих болсон үйл баримтыг залилах гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой гэж нэг талыг барьсан өрөөсгөл байдлаар хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхүйц алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, хоорондын харилцан хамаарал, талуудын мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох бөгөөд нотлох баримтуудыг цогц байдлаар бүхэлд нь авч үзээд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн талаар бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрснийг гэм буруугийн талаар эргэлзээ бий болсонд тооцох бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог.

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүх нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж, үнэлээгүй, гэм буруугийн талаар үндэслэл бүхий эргэлзээ үүссэн асуудлыг эсрэг сонирхол бүхий гурван гэрчийн мэдүүлгээр хязгаарлан дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед энэ байр Т гэдэг хүний зээлийн 50 сая төгрөгийн барьцаанд байгаа, сард 2.5 сая төгрөг төлж байна гэж Бд хэлээд үлдэгдэл мөнгөө төлөөд байраа ав, нэг бол хүүг нь төл гэж М болон нөхөр Чаар дамжуулж олон удаа хэлсэн. Харин Б нь утсаа авахгүй, 2 жил гаруй алга болсон. Би 2 жилийн хугацаанд Т гэдэг хүнд 60 сая төгрөг төлсөн байсан. Мөн хүүг нь төлж чадахгүй байдалд орсон. Би 1 жилийн дараа буюу 2018 онд Бтой уулзахад 2018 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдөр 20 сая төгрөг, 4 сая төгрөг нийт 24 сая төгрөгийг миний ... дугаартай данс руу шилжүүлж өгсөн. Тухайн мөнгийг нь би хүү нэхээд байсан Тийн данс руу шилжүүлж өгсөн. Харин Болд 2-3 жил алга болсон. Тухайн үед Т надаас дахин хүү, алданги гэж 90 сая төгрөг нэхсэн. Би Төд би наад мөнгийг чинь төлж дийлэхгүй юм байна, шүүхээрээ яваад ав гэж хэлсэн. Үүний дараа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн 3 шатны шүүх хурал болж Тийн байр гэх шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч тухайн байрыг чөлөөлж Бг байрнаас гаргаж, Төд өгсөн. Тухайн үед М нь итгэл үнэмшил төрүүлээгүй бол би орон сууцаа өөр хүнд зарсан бол ийм байдалд орохгүй, Т гэдэг хүнд 60 сая гаруй төгрөгийн өрөнд орохгүй байсан...” гэх мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогдох төдийгүй мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлсээр байтал үүнийг шалгаж тогтоогоогүй асуудлыг шүүх хянаж үзээгүй, няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн.

Хэрэгт цугларсан нотлох баримтад Б.Т нь О.Мтэй мессеж чатаар харилцсан зурвас байх бөгөөд уг зурвасын агуулга нь О.Мэс зээлийн төлбөр төлөх асуудлаар удаа дараа нэхсэн байдлаар хандсан байдаг. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “худалдах, худалдан авах гэрээ" нь зээлийн барьцаанд тавьсан байрыг зээл бүрэн төлөх хүртэл хугацаанд эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэх байдлаар хийгдсэн бөгөөд О.М нь хохирогч Г.Бд байраа зарахаар тохирохдоо зээлийн барьцаанд байгаа талаар хэлж байсан, Г.Бг байрандаа оруулсан хугацаанд ч Б.Т гэх хүнд зээл, зээлийн хүү, алданги төлөөд байсан, уг зээлийн төлбөрөө Г.Б нь байрны төлбөрийг намар гэхэд төлнө гэсэн хугацаандаа төлөөгүйгээс зээлээ төлж байраа буцаан авах боломжгүй болсон, энэхүү үйл баримттай холбоотойгоор Б.Т нь өөрийн нэр дээрх байраа /зээлээ төлж чадахгүй хүү, алданги нэмэгдсээр байсан/ авахыг шаардаж иргэний шүүхэд хандах болсон, шүүхийн шийдвэрүүд цаг хугацааны хувьд залилах гэмт хэрэг гарсан гэх хугацаанаас хойш гарсан зэрэг үйл баримтуудад шүүх дүгнэлт хийгээгүй атлаа хэрэгт хамаатан, төрөл садан хүмүүсийн хооронд урьд өмнө нь байсан зээлийн барьцаанаас үүдэлтэй өр авлагын асуудлаар маргаантай байсан хохирогч гэх Г.Б, гэрч болох түүний төрсөн ах Г.Ч болон эхнэр болох Д.М, байрыг барьцаалж зээл олгон хүү алданги асар ихээр гарч нэхэмжлэх болсон гэрч Б.Т нарын мэдүүлэг зэргээр буруутган ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байхыг ойлгохоор хуульчилсан байдаг.

Гэтэл О.М нь Г.Бд байраа зарахдаа урьдчилгаа төлбөр аваад байрандаа оруулсан ба энэ хугацаанд байраа барьцаанд тавьж авсан зээлийн эргэн төлөлтийг хийсээр байсан боловч худалдан авагч Г.Б нь үлдэгдэл төлбөрөө өгөөгүйгээс зээлийг хааж байрыг өөрийн өмчлөлдөө буцаан авч худалдан борлуулах гэсэн түүний зорилго өөрөөс нь үл шалтгаалсан байдлаар өөрчлөгдсөнөөс байраа зээлийн барьцаанд тавьсан нөхцөлөөрөө буюу худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр алдахад хүрч, энэхүү байдлаас шалтгаалан Г.Б нь залилуулсан гэж шууд дүгнэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч О.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан.” гэв.

Шүүгдэгч О.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б нь анх тухайн байрыг надаас “88.000.000 төгрөгөөр худалдаж авъя” гэж М гэх эгчээрээ дамжуулж хэлүүлсэн. Тухайн үед М “таны байр сул байгаа юм чинь...” гэж хэлэхэд нь би “байр барьцаанд байгаа, хэрвээ төлбөрөө төлчих юм бол би чөлөөлөөд өгье” гэж хэлж байсан. Гэтэл 2 жилийн хугацаанд намайг хүүгийн алдангид оруулсан. Би сар бүр Төд 2.500.000 төгрөг төлж байсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Би хохирогчийг бүхэл бүтэн 8 жил орон сууцандаа суулгасан. Г.Б өөрөө төлбөрөө төлөөгүй маш удсан атлаа өнөөдөр намайг гэмт хэрэгтэн болгож байна. Надад маш хэцүү байна. Мөн тухайн үед мөрдөгч төрсөн эцгээс минь мэдүүлэг авах бүрэн боломжтой байсан. Тухайн байрны өмнөх өмчлөгч нь М гэж нагац ахын минь эхнэр байсан. Энэ хүнээс хүртэл мэдүүлэг аваагүй. Тухайн байр хэний өмчлөлд байсан эсэхийг тодруулж холбогдох гэрчүүдээс мэдүүлэг аваагүй атлаа шууд намайг ялласанд үнэхээр гомдолтой байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос О.М-ийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр танил Г.Бд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 252 тоот 3 өрөө орон сууцыг 88.000.000 төгрөгөөр зарна гэж итгэл төрүүлэн хуурч, зээлийн гэрээ байгуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “ХААН” банкны салбараас шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг авч,

үргэлжилсэн үйлдлээр Г.Бд “байрны гэрчилгээ ломбардад байгаа, мөнгөө өгчихвөл тэр мөнгөөр чинь байрныхаа гэрчилгээг аваад мөнгөө дууссаны дараа нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Ц.Хашбаярын “ХААН” банкны ... дугаар дансаар шилжүүлсэн 20.000.000 төгрөг, мөн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг тус тус өөрийн “ХААН” банкны ... дугаартай дансаар авч,

мөн бэлэн мөнгө хэрэгтэй байна, байрны үлдэгдэл 24.000.000 төгрөгөөс 15.000.000 төгрөг бэлнээр авлаа гэсэн бичиг хохирогч Г.Бгийн эгч Мд хийж өгөн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 44 дүгээр байрны 44 тоотод байхдаа 15.000.000 төгрөгийг бэлнээр тус тус авч залилан нийт 79.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч О.М-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.М-ийг 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүйгээс гадна шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж үзэв.

Учир нь, шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж тодорхойлж, харин энэ гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилхээр хуульчилжээ.

Шүүгдэгч О.М нь хохирогч Г.Бг залилж 79.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэм буруу дээрээ маргаж оролцсон бөгөөд хохирогчид хохирлыг төлж барагдуулаагүй, төлж барагдуулахаа илэрхийлээгүй байхад анхан шатны шүүхээс “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж торгох ял оногдуулсныг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон гэж үзэх боломжгүй.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж, мөн зүйлийн 1.4-т “дүгнэлт нь …, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж тус тус заасан буюу мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох зохицуулалтад хамаарч байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Солонгын бичсэн эсэргүүцэл, хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авсугай.

2. Шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                             Т.ӨСӨХБАЯР