| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0076/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,
хохирогч Л.Булгантуяа,
шүүгдэгч Б.Төгсбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөх манхан овогт Баяраагийн Төгсбилэгт холбогдох эрүүгийн 1807000500053 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 337 дугаар ангил гал унтраах ангийн ээлжийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, эмээгийн хамтаар Налайх дүүргийн 5 дугаар хороо 75 дугаар байр 18 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн ЧБ86101730 дугаартай, Хөх манхан овогт Баяраагийн Төгсбилэг.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Төгсбилэг нь 2018 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо 75 дугаар байрны 18 тоотод согтуугаар өөрийн эхнэр Л.Булгантуяатай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Төгсбилэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Төгсбилэг нь 2018 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо 75 дугаар байрны 18 тоотод согтуугаар өөрийн эхнэр Л.Булгантуяатай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд тархи доргилт, эрүү хүзүү, баруун зүүн тохойнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Төгсбилэгийн өгсөн: “Өглөө нь эхнэртэйгээ маргалдсан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн ажиллуулдаг интернэт төвд өөрөө ажиллаж байсан. Орой 20 цагийн үед эхнэр залгахаар нь тунирхаад утсаа аваагүй. Шөнө 24 цагийн үед гэрлүүгээ орохоор явж байтал манай эхнэрийн найз Бадралчулуунтай дэлгүүрийн үүдэнд тааралдсан. Тэгтэл намайг “ганц юм аваад өгөөч” гэхэд нь би мөнгөтэй явж байсан болохоор дэлгүүрээс 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч өгсөн. Бадралчулуун гэртээ “хамт оръё” гэхээр нь хамт гэрт нь орж уусан. Гэтэл Бадрал тэр архинаас 3 хундгийг уугаад унтсан. Үлдсэнийг нь би эхнэртэй нь хамт сууж байгаад ганцаараа уусан. Эхнэр нь бие муутай болохоор архи уудаггүй. Тэгээд гэртээ “ормооргүй байна эхнэртэйгээ муудсан байгаа” гэж хэлж байсан. Түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Өглөө нь гэртээ орон дээрээ хэвтэж байтал цагдаа ирээд эрүүлжүүлэх байр луу аваад явсан. Тэнд ирээд юу болсон талаар мэдсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Булгантуягагийн өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 2 цаг өнгөрч байхад утасдахад Бадралчулууныд архи ууж байна гэсэн. Тэгэхээр нь авах гээд Бадралынд ороход “чи яах гэж ирж байгаа юм бэ, намайг тагнах гэж байгаа юм уу” гэхээр нь гараад явсан. Гэртээ ороод цонхоор хартал Бадралынхаас гараад хойшоо явж байсан. Би гарч оруулж ирэх гээд очтол согтуу цасан дээр унтаж байсан. Тэгэхээр нь интернэт төвдөө оруулаад унтуулсан. Гэтэл араас гэрт орж ирээд намайг зодсон. Жижиг өрөөнд оруулж байгаад дээр дарж, газар савсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Төмөрбаатарын өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 02 цаг 30 минутын орчим Булгантуяа эгч рүүгээ залгаж айж сандарсан шинжтэй “та нар манай гэр рүү хүрээд ирээ, Төгсөө намайг зодсон” гэхээр нь эхнэрийн хамт машинтайгаа Городокт гэрт нь очиход Төгсбилэг жижиг өрөөндөө орон дээрээ унтаж, Булгантуяа айж бие нь салгалж чичирсэн байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгч цагдаа нарыг ирэхээр нь Төгсөөг өгч явуулсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 25 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Л.Нарантуяагийн өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 02 цаг 30 минутын орчим Булгантуяа над руу залгаж айж сандарсан шинжтэй “та манай гэр рүү хүрээд ирээ, Төгсөө намайг зодсон” гэхээр нь би гэрээсээ нөхөр Төмөрбаатарыг дагуулж машинтайгаа Городокт гэр рүү нь очиход Төгсбилэг жижиг өрөөндөө орон дээрээ унтаж, Булгантуяа айж бие нь салгалж чичирсэн байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгч цагдаа нарыг ирэхээр нь Төгсөөг өгч явуулсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 26 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №08шэ/73 дугаар:
/хх-ийн 34 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 44 дүгээр тал/
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ,
/хх-ийн 45-51 дүгээр тал/
Аюулын зэргийн үнэлгээний маягт,
/хх-ийн 52 дугаар тал/
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
/хх-ийн 69 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 70 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар,
/хх-ийн 76 дугаар тал/
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Захирагч хурандаа Ч.Болдбаатарын тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Төгсбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Булгантуяад хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “Надад гомдол санал байхгүй” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Төгсбилэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Төгсбилэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Л.Булгантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Төгсбилэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөх манхан овогт Баяраагийн Төгсбилэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Төгсбилэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Төгсбилэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Төгсбилэгт мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Төгсбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Төгсбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ