Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/517

 

 

 

 

 

    2024            5              02                                       2024/ДШМ/517

 

Д.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогч С.У, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа,

цагаатгагдсан этгээд Д.А, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/314 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн эсэргүүцэл, хохирогч С.У, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ад холбогдох эрүүгийн 2303 00433 0363 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.А нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Оношилгооны төвийн зүүн уулзварт 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 10 минутын орчимд “Тоуоtа Aqua” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж, мөн дүрмийн 10.3 дахь хэсэгт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Мини кросс коёо” маркийн мотоциклтой мөргөлдөж, жолооч С.Уын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Аийг цагаатгаж, Д.Ад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Уын хохирол, хор уршиг, нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт хавсаргасан ... дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Ад буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шийдвэртээ “...тухайн осол шүүгдэгч Д.Аийн үйлдлээс шалтгаалж гарсан болохыг хангалттай нотолж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэсний дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг .... шүүгдэгч, ...-д ашигтайгаар шийдвэрлэнэ." гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Аийн гэм буруутай үйлдлээс шалтгаалж зам тээврийн осол гарсан эсэх нь хангалттай нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.

Энэхүү шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Тухайн осол нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Оношилгооны төвийн зүүн талын замд болсон бөгөөд яллагдагч Д.А нь “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа төв замаар чигээрээ яваа тээврийн хэрэгсэл буюу “Мини кросс коёо” маркийн мотоциклд зам тавьж өгөөгүйн улмаас гарсан.

Анхан шатны шүүх хуралдаанд мөрдөгчийн магадлагаа гаргасан Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч Г.Баярааг оролцуулан уулзвар биш гарц болохыг тодруулсан бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр уулзвар гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байсан талаараа мэдүүлдэг. Мөн хохирогч С.Уын мэдүүлэг болон осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд дээрээс гарц гэдэг нь тодорхой харагддаг.

Тухайн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч Г.Баяраагийн бичсэн магадлагааг эргэлзээтэй гэж үзээд шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулж, шүүхийн шатанд техникийн шинжээч томилсон.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын техникийн шинжээч С.Мөнхдалай нь мөрдөгчийн магадалгааны 2 дахь заалтыг үгүйсгэсэн тодорхой хариулт өгөөгүй, шүүхээс тавьсан асуултад огт хариулаагүй, шинжээч С.Мөнхдалай нь "миний эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд зөвхөн авто тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлийг тодорхойлох боломжтой" гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэдий ч тэрээр өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах асуудал болох хохирогч, шүүгдэгч нарын жолоодож явсан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл хаана хаана үүссэн болох, ямар эд ангид гэмтсэн, мөргөлтийн хүчний үйлчлэл хаанаас эхлэлтэй болохыг тодорхойлж дүгнээгүй байдаг.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 19.1.7-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол, мөн 19.1.8-т шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах эрхтэй байх ба Шүүхийн шинжилгээний хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Шинжилгээний байгууллагын шинжээч энэ хуулийн 19.1.6, 19.1.7, 19.1.8, 19.1.9-д заасан үндэслэл байвал үндэслэлээ тодорхой зааж шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж, шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтанд даруй мэдэгдэнэ”, 19.4-т “шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд энэ хуулийн 19.1-д заасан үндэслэл байвал үндэслэлээ тодорхой зааж шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд даруй мэдэгдэнэ” гэж заасан.

Дээрх зохицуулалтаас харвал, шинжээч С.Мөнхдалай нь дүгнэлт гаргах боломжгүй тохиолдолд тэрээр татгалзах эрхтэй байсаар атал татгалзаагүй.

Мөн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын 2 дахь хэсгийн 2.1-т “Техник, аюулгүй ажиллагааны дүрмүүд нь эрх зүйн хэм хэмжээг агуулдаггүйн зэрэгцээ тусгай мэдлэгийн хүрээнд боловсруулагдсан байдаг тул ... замын хөдөлгөөний дүрэм зэрэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, чанарын стандартын шаардлагууд зөрчигдсөн эсэх талаар шинжилгээ хийлгэнэ. Эдгээр асуудалд шинжилгээ хийх эрх бүхий этгээд хууль хэрэглэх асуудал гэж үзэж шинжилгээ хийхээс татгалзах эрхгүй...” гэж заасан байхад “хариулах боломжгүй, тусгай мэдлэгт хамаарахгүй" гэсэн агуулга бүхий шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх уг дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч, ...-д ашигтайгаар шийдвэрлэнэ." гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Аийн гэм буруутай үйлдлээс шалтгаалж зам тээврийн осол гарсан эсэх нь хангалттай нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ төрвөл хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай боловч ач холбогдол бүхий нотлох баримтууд буюу Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 785 дугаартай магадлагаа, техникийн шинжээчийн дүгнэлт нь харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн бодитой, хангалттай шалгаж тодруулаагүй нөхцөлд үүссэн аливаа тодорхойгүй байдлыг үндэслэл бүхий эргэлзээнд тооцож, нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдээгүй байхад эргэлзээ гарсан гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Учир нь, тухай хэрэг гарсан зам нь уулзвар, гарцын аль болох нь тодорхойгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шатанд туршилт хийж дээрх эргэлзээ бүхий байдлыг арилгаж шийдвэрлэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэм буруугүйд тооцох зарчмыг зөв тайлбарлаагүй Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/314 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Хохирогч С.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2023 оны 6 дугаар сарын 21-ний өглөө ажилдаа явж байгаад зам тээврийн осолд орж тархиндаа хүнд гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон болно.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 12-ны өдрийн 2024/шцт/314 тоот цагаатгах тогтоолыг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр биечлэн гардан авч гэмт хэрэг үйлдсэн Д.Аийн буруу тогтоогдоогүй цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Д.А нь туслах замаас орж ирж гол замаар явсан миний тээврийн хөдөлгөөнийг мэдэж харсаар байж гэнэт орж зам тээврийн ослыг гаргасан буруутан юм. Энэ ослын улмаас миний бие болоод манай гэр бүлд сэтгэл санаа болон эд хөрөнгийн маш их хор хохирол учирч байна. Учир нь, эхнэр ажил хийх боломжгүй бага насны 4 хүүхдээ харж асрамжилдаг, дээр нь нөхөр миний бие гэмтэж асаргаанд орсон ба цалин орлогогүй, өр зээл өссөн, цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй, маш хүнд нийгмийн эмзэг давхаргын хүн болж сэтгэл санааны гүн хямралд орсоор байна.

Д.А хүнд гай болж нэг гэр бүлийн амьдралыг сүйрүүлээд өнөөдөр цагаатгах тогтоол аваад инээгээд явж байгаад туйлаас гомдолтой байна.

Миний хувьд сарын орлого хөдөлмөрийн гэрээгээр авдаг цалин 3.500.000 төгрөг, халтуур гадуур 2.000.000 төгрөгийн ажлыг гэмтээгүй байхдаа олж гэр бүлээ тэжээдэг байсан. Миний бие осол болсон цагаас л үнэн зөвийг мэдүүлсэн байдаг мөрдөгч, прокурор, шүүгчийг ажлаа шударга үнэн зөвөөр хийж байгаа гэж ойлгож дуудсан цагт шаардсанаар бэлэн байж хүндэтгэлтэй хандсаар ирсэн.

Гэтэл өөрийн биеэр хүнд өвчинтэйгөө тэмцэж байгаа миний нүдэн дээр Д.Аийн цагаатгах тогтоолыг уншихад маш их харамсаж шаналсан юм. Ар гэрийнхэн ч гэсэн сэтгэлзүйн хүнд нөхцөл байдалд орсон, тухайн үед би өөрөө сайн ойлгоогүй. Ямар ч байсан амьд байна өөрийн биеэр гэрчилж мэдүүлж байгаа үгээр минь буруутанд ял оноож хариуцлага хүлээлгэнэ гэсэн итгэл найдвараар гомдол гаргаж байна.

Д.Аээс нэг ч төгрөг аваагүй, гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод гараад ирсний дараахан 800.000 төгрөгийг О эмчид Д.А өгсөн юм. Д.А нь ослын дараа хэд хэдэн удаа тохиролцъё гэж манай гэрт хүртэл ирж уучлал гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэсэн. Тэр бүү хэл би ял авах гээд байна ял авахгүйгээр шийдмээр байна гэж маш их над руу хандсан. Би ч бас адилхан эр хүн гээд ял өгүүлэх бодолгүй байсан. Д.А нь өмнө нь ял эдэлж дахин ял авахаас айж байгаа нь илт харагдаж байна. Одоогийн нийгэмд үнэн гэж алга. Миний бие тээврийн цагдаагийн алба хаагчийн дуудсан цагт, шаардсан материалыг өвчтэй би гаргаж өгч байсан.

Иймд миний гомдлыг хүлээн авч Д.А-ийн цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, дахин эхнээс нь бүрэлдэхүүнтэй мэргэшсэн чадвартай шинжээчийн дүгнэлт гарсны дараа хэргийг эцэслэн шийдүүлж эрүүгийн хариуцлагыг оногдуулж, хохирлын төлбөрийг маань барагдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч С.Уын өмгөөлөгч Д.Буянзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан хангалттай нотлох баримтаар тогтоогдсон байхыг анхан шатны шүүх үнэлж, дүгнээгүй тухайд:

Хохирогч С.Уын биед хүнд гэмтэл учирч тархиндаа хүнд хагалгаанд орсон асаргаа эмчилгээтэй байгаа. Гэтэл тухайн хүнд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлаас үүдэлтэйгээр гэмтэл учирсан байгааг мэдсээр байж хангалттай нотлох баримт бүрдээгүй гэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...” гэсэн зорилтыг хангаж шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл/Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн обьект нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, бусдын өмчлөх эрх байна гэж авч үздэг. Тодруулбал, С.Уын гэмтлийн хүнд зэрэг, жижиг оврын мопед хэлбэрийн мотоцикл өмч хөрөнгө буюу их хэмжээний эвдрэл гэмтэл учирснаар тодорхой байна. Обьектив талын үндсэн шинжийг Д.А нь бүрэн хангаж байгааг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогчийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байгаа нь бүрэн нотлогдоно.

Субьектив талын үндсэн шинж нь гэм буруугийн холимог хэлбэрээр илэрч байгаа энэ ослын үйлдлээс болж С.Уын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд Д.А нь санаатайгаар саад хийсэн бөгөөд эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хандсан байна.

Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг Д.А зөрчсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож, мөрдөгчийн магадалгаа болон мөрдөгч Г.Баяраагийн мэдүүлэг, хохирогч С.Уын мэдүүлэг, шүүгдэгч Д.Аийн мэдүүлгээр тус тус тогтоогддог. Шүүх хуралдааны явцад талуудын мэдүүлгээр тодорхой авагдсан байгаа.

Тодруулбал: Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.7 “Гарц” гэж замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих замтай нийлсэн бэлчир, 1.2.8 “Гол зам” гэж уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 “гол зам”, 3.3.а-3.3.в “туслах зам нийлнэ”, ... зам гэж тодорхойлсон хэсгийг 1 дүгээр хавтас хэргийн 8 дугаар хуудасны А, Б цэгийн тэмдэглэгээний улаан өнгийн Приус орж байгаа зургийг харахад гарцаас гол замруу нийлж байгаа хэсэг шороон зам байгаа нь маш тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хэрэгт гол зам, туслах зам гэж маргахгүйгээр маш тодорхой гэрэл зургийн үзүүлэлтээр авагдсан бөгөөд мөрдөгч шинжээчийн мэдүүлгээр эргэлзээгүй нотолсон байна. Мөн гол зам эсрэг урсгалтайгаа нийлээд 4 эгнээ зам байх гэрэл зургийн үзүүлэлтээр тодорхой харагдаж байна.

Тэгэхээр Д.А уг дүрмийн 15.9 гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас хохирогч С.Уын биед хүнд гэмтэл учруулсан. Ийм тодорхой асуудлууд байсаар байхад Д.Аийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгах үндэслэл болохгүй юм.

Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ”;

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүргийг зөрчиж замаас хөдөлж С.Уын хамгаалалтын каск малгайг шидэгдэж унасан байсныг аваагүй санаатайгаар ослын явцыг буруу мэдүүлж тайлбарласан байхыг үгүйсгэхгүй. Учир нь, С.У маш хүнд гэмтэж ухаан алдалтын байдалтай байсан байх бөгөөд тухайн осол гаргасан машинд ухаан орж гарсан байх үед өөрийн эхнэрээ дуудаж гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсон байдаг. Хамгаалалтын каск малгайг өмсөж гарсан болохыг тухайн өдрийн үйл явдлыг харсан хүмүүс гэрчилдэг бөгөөд тухайлбал түүний эхнэр, С.У ч өөрийн биеэр гэрчилдэг. Харин үүнийг шүүх хуралдаан дээр буруугаар тайлбарлаж шүүгдэгчийн тал мэтгэлцдэг.

в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх гэх үүргийг Д.А нь зөрчиж өөрийн бодлоор хүний биед хүнд гэмтэл учирсан байхад хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулахгүйгээр дур мэдэн замын тэмдэглэгээг зурж, зааж, хөдөлгөсний дараа зураг авсан байгаагаас үзэхэд л Д.Аийн буруутай үйлдлүүд гарцаагүй тогтоогдоно.

Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээж байгаа, тохиролцох гэж байгаа үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан талаар хохирогч С.У нь мэдүүлдэг. Тодруулбал, Д.Аийн 1 дүгээр хавтас хэргийн 30 дугаар хуудасны гэрчийн мэдүүлэг “...цагаан өнгийн Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Интер тээвэр зууч гэх нэртэй газраас буюу Сонсголонгийн зам дагуу байдаг газар Алтай барагшуны туслах замаас зүүн гар тийш эргэн ажил руугаа явах гэж байхдаа төв замаар явж шулуун...”, "Би тухайн мотоциклийн жолоочийг хагалгаанд ороход нь 800.000 төгрөгийг аавд нь өгсөн байгаа. Эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очсон байна...” гэх мэдүүлгүүдээр С.Уын мотоциклийг ирж байгааг харсаар байж зам тавьж өгөхгүйгээр туслах замын уулзвараас нэвтэрсэн байгаа нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 785 тоот мөрдөгчийн магадалгаа 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудаст авагдсан.

Мөрдөгчийн магадалгааг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэсэн заалтыг үндэслэж магадлагаа гаргасан байна.

Магадалгааны хэсгээс “... 1. Д.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.3. “Жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. ...” Өөрийн туршлага дээр үндэслэж тогтоосон байх бөгөөд мөрдөгчийн магадалгаа, санал, прокурорын яллах дүгнэлт ч уг үндэслэлийг барьсан бөгөөд уг саналтай өмгөөлөгчийн байр суурь санал нэг байсан бөгөөд харин мопед гэсэн заалттай эсрэг саналтай байгаагаа мэтгэлцэж хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудын хүрээнд мотоцикл гэдэг нь баримтаар тогтоогддог. Талуудын байр суурь, мэдүүлэг дээр анхнаасаа мотоцикл гэж мэдүүлдэг, энэ асуудал нь гэмт хэрэг үйлдсэн Д.Аийг цагаатгах үндэслэл болохгүй юм. Ингэж үгийн зөрүү алдаанаас шалтгаалж С.У хохирч үлдэх ёсгүй юм.

Шүүгдэгч Д.Аийн тал нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, үгийн утгын зөрүү, мөрдөгчийн магадалгаа, талуудын байр суурийг буруугаар тайлбарлаж, хэрэгт ач холбогдолгүй байдлаар мэдүүлж ярьдаг.

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/ тоот Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “...Иймээс тухайн осол гарсан газар нь уулзвар, эсхүл гарц байсан эсэх, тухайн замаар явах дараалал, шүүгдэгч Д.А, хохирогч С.У нарын хэнийх нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох ямар заалтыг зөрчсөн үйлдлээс шалтгаалж осол гарах болсон зорилгоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь үндэслэлтэй байна гэж үзлээ...” гэсэн үндэслэлийн биелэлт хангагдаагүй учир нь шинжээч бүрэлдэхүүнтэй томилогдоогүй, зөвхөн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор томилсон байна.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Мөнхдалай нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 383 тоот шинжээчийн дүгнэлтээр дараах хариултыг өгсөн байдаг.

Жолооч С.Уын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүрийн багтаамжаараа мотоциклийн ангилалд хамаарна гэх хариултаас өөрөөр шүүгчийн болон мөрдөгч, талуудын асуултад бүх хариулт тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй гэж дүгнэлт гаргаж асуултад хариулахаас татгалзсан юм. Энэхүү дүгнэлттэй холбоотойгоор шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор биечлэн оролцуулахад шүүх хуралдаан дээр шинжээч С.Мөнхдалай “...шүүх шинжилгээний байгууллагад 9 дэх жилдээ мэргэшсэн шинжээчээр ажиллаж байна, авто инженер мэргэжлээр төгссөн. Өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй байсан тул хариулах боломжгүй гэсэн байгаа. Би бол зөвхөн авто инженер мэргэжилтэй хүн. Механик инженерийн сургууль гэж байдаг. Энэ сургуультай хамтарсан байдлаар бид авто инженер талаасаа тэр газраас замын хөдөлгөөний дүрэм талаасаа тогтоож, нийлээд хамтарсан бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргаж байя гэж тохиролцоонд хүрсэн...” гэх энэ дүгнэлтээр шүүгдэгч Д.Аийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь хэрэг шийдвэрлэлтэд шүүгчийн хууль хэрэглээ болон Замын хөдөлгөөний дүрэм, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан зам тээврийн ослын улмаас хүний биед хүнд гэмтэл учирсныг мэдсээр байж цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь хууль, журамд нийцээгүй байна.

Мөн шүүхийн практикт уг шүүх хуралдааны явцад шүүгчийн өөрийнх нь захирамжид заасан асуудлыг тусгай мэдлэгийн хүрээний асуулт биш гэж татгалздаг шинжээчтэй тааралдаж байсангүй. Аливаа хэлбэрээр шинжээчээр томилогдсон бол зайлшгүй осолтой холбоотойгоор шинжээч дүгнэлтээ гаргах бөгөөд татгалзах эрхгүй юм. Учир нь, хүний эрүүл мэнд буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэж цус урсаж байхад цусаар бичигдсэн дүрмийг хэрэглэж чадахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлах нь үндэслэлгүй, харин хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг чанд сахин биелүүлэх үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх үндэслэл бүхий гомдлоос улбаалан өмгөөлөгчийн зүгээс тоймловол, шүүгдэгчийн өмгөөлөгч Даваахүү, Бат-Эрдэнэ нарын аман тайлбар, дүрэм журмыг өөрөөр тайлбарласан үгэнд үндэслэж цагаатгах тогтоолыг гаргасан байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан дээр Д.А үг болон асуултад ч хариулаагүй бөгөөд 2 өмгөөлөгчийн гарцаас төв замтай нийлсэн уулзварыг адил замын уулзвар гэх, мотоцикл улсын дугааргүй гэх хэрэгт ач холбогдолгүй тайлбарыг үндэслэж шүүх хуралдаанд С.Мөнхдалай шинжээчийн биечлэн оролцож асуултад хариулж байгаа байдлаас илэрхий байхаас хэт нэг талын байр суурийг барьсан шийдвэрийг гаргаж хохирогчийн эрх ашгийг зөрчсөн юм. Энэ асуудал нь яллагдагч шүүгдэгчид ашигтай байдал гэж үзэхгүй. Тодруулбал, мөрдөгч шинжээч Г.Баяраа нь өмнөх шүүх хуралдаан дээр биечлэн оролцож Д.Аийн буруутай үйлдэл болон тухайн үед хэргийн газрын үзлэг хийх явцад Д.А нь осол гаргасан хэргийн газрыг хөдөлгөсөн, гол зам хөдөлгөөн ихтэй байсан ул мөр баларсан гэдгийг маш тодорхой үйл явдлыг тогтоож хариулж шинжээчийн үүргийг биелүүлсэн гэж үзэхээр юм. Хэргийн газрын үзлэгээр гарцаас нийлсэн гэсэн уулзвар гэх үгийг мушгин гуйвуулж байна гэдгийг тодорхой гэрчилсэн. Мопед гэдгийг нотлох баримт сүүлд ирсэн тул мотоцикл гэдгийг мэдсэн бөгөөд мотоциклийн жолооч С.Уын буруутай үйлдэл тогтоогдоогүй гэдгийг нотолж хэргийн газрын үзлэгийн зураг, фото баримтуудад тайлбар, мэдүүлэг өгсөөр байхад шүүх хуралдаан хойшлуулж шийдсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гарсан гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/314 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хавтас хэрэгт авагдсан С.Уын гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, талуудын гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зураг, фото зургуудын үзүүлэлт, туслах замаас гол зам давуу эрхтэй хөдөлгөөнд оролцох, шүүх хуралдаанд мэдүүлсэн мөрдөгч Г.Баяраагийн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтэд үндэслэж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах эсхүл хэргийг бүхэлд нь хянаж үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Д.Аийг гэм буруутайд тооцож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.А “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Аийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд зам орчмын байдлыг асфальтан, шулуун, тэгш, хуурай, уулзвар, зохицуулдаггүй, үзэгдэх орчин чөлөөтэй гэж тодорхойлсон. Тухайн замыг уулзвар гэж тодорхойлсон бөгөөд энэ нь техникийн шинжтэй алдаа биш юм. С.У анхан шатны шүүх хуралдаанд “үзлэг, оношилгоонд ордог талаар мэдэхгүй” гэж тайлбар өгсөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтаар зохицуулагддаг. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в-д зааснаар зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Шинжээч анхан шатны шүүх хуралдаанд асуусан асуултад “С.Уын унаж явсан тээврийн хэрэгсэл нь суурин газрын замын хөдөлгөөнд оролцох боломжгүй тээврийн хэрэгсэл бөгөөд тусгай зориулалтын буюу уралдааны замд зориулагдсан тээврийн хэрэгсэл” гэж хариулсан. Уг тээврийн хэрэгсэлд хурд хэмжигч, гэрэл, дохио байхгүй. Осол болсон замд тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй талаар талууд маргаагүй. Уулзвар, эсвэл гарц эсэх дээр талууд мэтгэлцэж оролцсон. Тухайн замыг уулзвар, гарцын аль нь болохыг тодорхойлуулахаар Тээврийн цагдаагийн газарт хандсан боловч “тодорхойлох боломжгүй” гэсэн хариу өгсөн тул Нийслэлийн Замын хөгжлийн газарт хандсан. Анх зам хийсэн газраас тухайн замыг уулзвар гэдгийг тодорхойлсон албан ёсны хариу өгснийг хавтаст хэрэгт хавсаргасан. Хэргийн газрын үзлэгээр мөрдөгч болон техникийн мэргэжилтэн уулзвар гэж тодорхойлсон тул тухайн зам нь адил замын уулзвар болох бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-д заасны дагуу жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй. Ослын улмаас хүн гэмтсэн тул Д.А хүн чанар гаргаж, тодорхой хэмжээнд эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан. Би болон миний үйлчлүүлэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаж оролцсон. Хүн гэмтсэн нь Замын хөдөлгөөний дүрмээр Д.Аийг буруутгах үндэслэл болохгүй. Замын хөдөлгөөнд оролцогчид Замын хөдөлгөөний дүрмийг хэрхэн биелүүлсэнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Д.Аийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Оношилгооны төвийн зүүн уулзварт 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 10 минутын орчимд “Тоуоtа Aqua” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж, мөн дүрмийн 10.3 дахь хэсэгт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Мини кросс коёо” маркийн мотоциклтой мөргөлдөж, жолооч С.Уын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд /1хх 5-6/ осол болсон газрыг “уулзвар” гэж тэмдэглэсэн боловч мөрдөгчийн магадлагаанд /1хх 53-54/ жолооч гарцаар гарахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, мөн хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгслийг мопед гэж дурдсан, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 383 дугаар шинжээчийн дүгнэлтэд /2хх 47-49/ “осол болсон газар уулзвар болон гарц байсан эсэхийг тодорхойлох нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй, осол гарах шалтгаан нөхцөлийг аль тээврийн хэрэгслийн жолооч бүрдүүлснийг тогтооход Замын хөдөлгөөний дүрмийн заалтаар тайлбарлагдах тул хариулах боломжгүй, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй, жолооч С.Уын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүрийн багтаамжаараа мотоциклын ангилалд хамаарна” гэсэн нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Тухайн хэрэг учрал болсон гэх газар адил замын уулзвар, эсхүл гарц байсан эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаар төрийн эрх бүхий байгууллагаас лавлагаа авч хэрэгт хавсаргах;

Адил замын уулзвар, эсхүл гарц эсэхийг тодорхой болгож, аль аль тохиолдолд Д.А, С.У нар нь ямар үүрэгтэйгээр замын хөдөлгөөнд оролцох, тухайн тохиолдолд хэн нь үүргээ биелүүлээгүй болох;

С.Уын жолоодож явсан мотоцикль техникийн бүрэн байдал хангаж байсан эсэх, тухайн тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан эсэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж, 1.3 дахь заалтад “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” гэж тус тус заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Прокурорын эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсныг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/314 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, хохирогч С.У, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР