| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0077/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Г.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Энхтуяад холбогдох эрүүгийн 1807002210058 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Налайх дүүргийн Цэцэрлэгжүүлэлт ОНААТӨҮГазарт үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 21б дүгээр гудамж 08 тоотод оршин суух, регистрийн УД81091961 дугаартай, Боржигон овогт Ганболдын Энхтуяа.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Г.Энхтуяа нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 20 дугаар гудамж 04 тоотод Т.Хосбаярыг өөрийн нөхөр Д.Гүррагчаатай хамт архи ууж, гэртээ байлгасан гэх шалтгаанаар түүний толгой тус газарт аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Энхтуяад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Энхтуяа нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 20 дугаар гудамж 04 тоотод Т.Хосбаярыг өөрийн нөхөр Д.Гүррагчаатай хамт архи ууж, гэртээ байлгасан гэх шалтгаанаар түүний толгой тус газарт аягаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, баруун хацарт шарх, зүүн хацар, нуруу, бүсэлхий, баруун бугалганд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Энхтуяагийн өгсөн: “Би мөрдөн байцаалтын шатанд хохирогчийг цохьсон гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Хосбаярын өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 13ны өдөр манай найз Гүррагчаа манайд архи уусан юм. 21 цагийн үед ор засаад өгчих гэхээр нь манай эхнэр Оюунтунгалаг том өрөөнд буйдан дээр ор, дэр хийж унтуулсан. Дараахан нь манай гэрт Гүррагчаагийн эхнэр орж ирээд нөхрөө загнаж хашигчаад нөхрөө татаж сэрээх гээд нөгөөх нь сэрэхгүй байсан. Тэгтэл гэрийн үүдний тавиур дээр байсан аягыг авч намайг толгойн орой руу цохичихоод гарч явсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 08 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Л.Оюунтунгалагийн өгсөн: “...Гаднаас Гүрээгийн авгай Туяа орж ирэхээр нь “сайн байна уу” гэсэн чинь дугарахгүй нөхрийнхөө гутлаар нөхрийгөө цохиод байсан. Тэгээд буцаад үүд рүү ирээд гутал хийдэг шүүгээн дээр байсан цайны аягыг аваад шууд манай нөхрийн толгой руу цохисон...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар тал/
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас,
/хх-ийн 18-19 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №08шэ/217 дугаар:
/хх-ийн 20 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 24 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар,
/хх-ийн 29 дүгээр тал/
Налайх дүүрэг цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ-ийн тодорхойлолт,
/хх-ийн 32 дугаар тал/
Хохирлын баримт /хх-ийн 39-45 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж аяганы 6 ширхэг хагархайг устгаж, хохирогч Т.Хосбаяр нь өөрийн эрүүл мэндэд учирсан бодит хохиролд 424,136 төгрөгийг нэхэмжлэсэн нь хохирлын баримтаар /хх-39-45/ нотлогдон тогтоогдож байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Энхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Г.Энхтуяа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Энхтуяаг Т.Хосбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ганболдын Энхтуяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Энхтуяаг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Энхтуяад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 50,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Энхтуяад мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Энхтуяагаас 424,136 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Хосбаярт олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан аяганы 6 ширхэг хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, Г.Энхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Энхтуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ