Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/516

 

 

 

 

 

    2024            5              02                                       2024/ДШМ/516

 

Т.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Т.Тд холбогдох эрүүгийн 2303 00726 0576 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.Т нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаан чулуутын эцсийн буудлын зогсоолын замд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 14 минутын орчимд Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1-т “Тоормосны систем, зогсоолын тоормос доор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон, 16%-д бүрэн ачаалагдсан тээврийн хэрэгслийг 31%-д ачаагүй ачааны автомашиныг, ...” гэж, мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 14.6-д “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж бүрэн бус Хьюндай маркийн ...улсын дугаартай ачааны автомашиныг зогсоолд байрлуулсны дараа орхиж явсны улмаас тухай автомашин арагшаа өнхөрч Тоёота приус 41 маркийн ...улсын дугаартай автомашины араас мөргөж, уг автомашинаас бууж байсан зорчигч Т.Аыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Тыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 1 жилийн ялыг Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Т.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “...” ХХК-иас 79.500.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мт олгож, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд тухайн цаг хугацаанд холбогдогч Т.Тд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан тул урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргах эрх хязгаарлагдсан нөхцөл байдал үүссэн байсан боловч өмгөөлөгчийн хувьд тухайн эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлттэйгээр шүүх хуралдаанд оролцсон болно.

Гэвч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, холбогдогч Т.Тыг яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн учир эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мийн хүсэлт, холбогдогч Т.Тын хувийн байдал, гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн.

Өмгөөлөгчийн хувьд эрүүгийн 2303007260576 дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд уг хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж зүйлчилсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгт гэм буруутай байж болзошгүй этгээд буюу “...” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, тийм ажилтан үгүй бол тухайн аж ахуйн нэгжийн удирдлага эрүүгийн хариуцлагаас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж үзэж байна.

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1000021 дугаартай дүгнэлтэд “ ... Хьюндай HD170 загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ... Урд салхины шил баруун дээд буландаа хагарсан, урд нүүр дунд хэсгээрээ цуурч хагарсан, баруун болон зүүн талуудын их гэрэл дотор талдаа бохирдсон, зүүн талын холын гэрэл асдаггүй, дуут дохио байхгүй, ухрах арааны гэрэл асдаггүй, тэвш бүтэн зэвэрсэн, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд баруун, зүүн талуудын ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, хоёрдугаар тэнхлэгийн ажлын тормос болон зогсоолын тормос /гар кардан/ бүрэн зогсохгүй байна. Байгаа гэмтлүүд нь тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад засвар үйлчилгээ, зүгшрүүлэлт хийгдээгүйгээс үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. ... Тоног төхөөрөмжийг шалгахад 1-р тэнхлэгийн ажлын тоормосны ажиллагаа хэвийн, стандартын шаардлага хангаж байна. 2-р тэнхлэгийн ажлын тоормосны баруун талын дугуйн тоормос зогсох боловч зүүн талын дугуй зогсохгүй, зогсоолын тоормос /гар кардан/ ажиллагаагүй ... гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй гэх 2 үндэслэл тогтоогдсон байна. Үүнд:

2-р тэнхлэгийн ажлын тоормосны баруун талын дугуйн тоормос зогсох боловч зүүн талын дугуй зогсохгүй, зогсоолын тоормос /гар кардан/ ажиллагаагүй ... гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Мөн холбогдогч Т.Тыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 14.6-д Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. ...” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн газрын үзлэг хийсэн баримтаас үзэхэд жолооч Т.Т нь уг автомашинтайгаа автомашины зөвшөөрөгдсөн зогсоолд, зөвшөөрөгдсөн байрлалд тээврийн хэрэгслийг байрлуулсан байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд хий авхуулан зогсож байсан гэдэг.

Миний үйлчлүүлэгч Т.Тын хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх дүгнэлтэд маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Гэвч өмгөөлөгчийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримт болон Т.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд Т.Тын хувьд өөрөө жолооны ард байсан ч гэсэн тухайн осол гарах нөхцөл байдал үүссэн буюу угаас бүрэн бус тээврийн хэрэгслийн улмаас үүссэн осол гэж үзэхээр байна гэж үзэж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зам тээврийн осол нь жолооч Т.Тын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болон "...” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажилладаггүй хууль бус ажиллагаатай холбоотойгоор гарсан болох нь тодорхой байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Өргөх, зөөх тээвэрлэх механизмд тавих шаардлага”-ыг тус тус заасан байна. Үүнд:

“10.1. Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.

10.2.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна.

10.3. Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна.

10.4. Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна.” гэж тус тус заасан бөгөөд “...” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан байна.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд “...” ХХК-ийн холбогдох ажилтан, эсхүл гүйцэтгэх захирлыг Эрүүгийн хуулийн 10.6-д заасан холбогдох зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар таталгүйгээр зөвхөн жолооч Т.Тыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлцсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, 3-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэж тус тус заасныг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 498 дугаар зүйлийн 498.1-д "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.”, 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан тул эрүүгийн хэргийг гэм хорын хохиролтой хамтатган шийдвэрлэх тул миний үйлчлүүлэгч Т.Т нь гэм хорын хохирлыг ганцаараа төлж барагдуулах нь хэргийн бодит байдалд нийцэхгүй юм.

Харин “...” ХХК-ийн холбогдох ажилтан, эсхүл гүйцэтгэх захирлыг Эрүүгийн хуулийн 10.6-д заасан холбогдох зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, зохих хариуцлагыг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд гэм хорын хохирлыг хуульд заасны дагуу холбогдох этгээдүүд нь шүүхийн шийдвэрлэсэн хэмжээгээр хуваан төлөх үүрэг хариуцлага ногдох юм.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянадаг бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасныг дагуу хэргийг прокурорт буцааж, “...” ХХК-ийн холбогдох ажилтан болон гүйцэтгэх удирдлага нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон эсэхийг тогтоож, зохих этгээдийг эрүүгийн хариуцлагад татах эсэхийг шийдвэрлэх нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ гэж үзэж байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Иргэний хариуцагч “...” ХХК-ийн Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн үйлдлийн талаар.

Т.Т нь 2023 оны 4 дүгээр сараас “...” ХХК-д ачигчаар ажилд орсон бөгөөд 2023 оны 8 дугаар сараас эхлэн ачигч, жолоочийн ажлыг хавсран хийж гүйцэтгэж байсан байдаг. “...” ХХК нь Т.Ттай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх бөгөөд түүний ажлын байрны нэр Үндэсний ажил, мэргэжлийн жагсаалтад зааснаар “Өргөх, татах, төхөөрөмжийн жолооч” гэсэн мэргэжлийн индекс-8344 бөгөөд уг мэргэжлийн түлхүүр үг нь жолооч юм. Түлхүүр үгэнд шууд хамаатай эхний тодорхойлогч нь “өргөх, татах төхөөрөмж” гэсэн үг байдаг. Жолооч нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу өөр ажил үүрэг хавсран гүйцэтгэхийг хязгаарлагддаг бөгөөд шаардлагатай тохиолдолд Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу гүйцэтгэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй болно. Гэвч аливаа аж ахуй нэгж байгууллага Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж Хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд хуулийг дагаж мөрдөх тул хууль зөрчсөн үйлдэлд нь зохих хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан дараах зөрчлүүдийг үйлдсэн байгаа болно. Үүнд:

1. Иргэний хариуцагч “...” ХХК нь иргэн Т.Ттай Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 4.3-т “хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн;” гэх зөрчлийн шинжийг бүрэн хангасан.

2. Т.Тын 2023 оны 12 дугаар сар, 2024 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь тайлагнаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжийг хангасан.

3. "...” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 3-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх ашиглалтад өгөх, зуух, даралтат сав, шугам хоолой, өргөх зөөх механизмд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллаагүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зөрчлийн шинжийг агуулсан хууль бус үйл ажиллагаа явуулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн эрхийг сэргээх, зөрчил үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх үүднээс зохих байгууллагуудад гомдол гаргасан болохыг дурдъя.”  гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Т нь 18 насанд хүрсэн хүн тул хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг мэдэх ёстой байсан. Компанийн хашаанаас бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явсан нь Т.Тын хариуцлагагүй асуудал гэж бодож байна. Би анхан шатны шүүх хуралдаанд “Т.Тыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэж хэлж байсан боловч Т.Т огт гэмшихгүй, надаас уучлалт гуйгаагүй тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл Т.Т энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд техникийн бүрэн бус байдал тогтоогдсон бол компанидаа мэдэгдэж засуулахгүй бол компани аль машин, яасныг мэдэх боломжгүй. Т.Т анхан шатны шүүх хуралдаанд “би үүргээ биелүүлээгүй, бүгд миний буруу” гэж байсан хэрнээ давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, өөр зүйл ярьж байгаа нь ёс зүйгүй байна. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд “Т.Т 5 хүүхэдтэй юм байна, миний ээж босоод ирэх биш дээ, би гомдолгүй” гэж хэлж байсан. Шүүгдэгч Т.Т хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хэрнээ давж заалдах журмаар гомдол гаргасан тул миний үйлчлүүлэгч мөн гомдолтой гэдгээ хэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Т Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, 1 хүний амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Т.Т жолоочоор ажилд орсон бөгөөд тухайн машин эд ангийн эвдрэл гэмтэлтэйг мэддэг байсан төдийгүй машиныг уруу газар асаалттай байрлуулан тавьсан болох нь тогтоогдсон, энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрөө мэдүүлдэг. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ч Т.Т тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон бол замын хөдөлгөөний дүрмийг баримтлах үүрэгтэй. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Т нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаан чулуутын эцсийн буудлын зогсоолын замд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 14 минутын орчимд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1-т “Тоормосны систем, зогсоолын тоормос доор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон, 16%-д бүрэн ачаалагдсан тээврийн хэрэгслийг 31%-д ачаагүй ачааны автомашиныг” гэж, мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 14.6-д “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж бүрэн бус Хьюндай маркийн ...улсын дугаартай ачааны автомашиныг зогсоолд байрлуулсны дараа орхиж явсны улмаас тухай автомашин арагшаа өнхөрч Тоёота приус 41 маркийн ...улсын дугаартай автомашины араас мөргөж, уг автомашинаас бууж байсан зорчигч Т.Аыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

иргэний нэхэмжлэгч Д.Б “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13:00 цагийн үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр гарч 152-р сургуулийн гадна 13:20 цагийн үед хүүхдээ буулгачихаад харих гэхэд манай хүүгийн ангийн хүүхдийн ээж нь эмээ нь гээд 2 хүн машинд дайгдаад Улаан чулуутын буудлын зогсоол дээр ирж зогсоод ухарч машинаа байрлуулах гээд ухрах араандаа хийгээд камерт харахад ачааны машин тулаад ирж байгаа харагдаад машины хойноос маш хүчтэй түс хийх чимээ гарч машин эрчиндээ бага зэрэг урагшлаад зогсохоор нь сандарсандаа кардан гишгэсэн. Тэр үед миний машины арын суудалд сууж явсан эгч баруун талын хаалгыг онгойлгоод буучихсан, газар унаж байгаа нь хальт харагдсан. Мөн тэр үед машины араас дахиад хүчтэй мөргөх чимээ гараад нөгөө ачааны машин мөргөөд зогссон. ...тэр эгч зам дээр уначихсан ачааны машины урд хэвтэж байсан, би машины урд хойд дугуйны дунд унаад гишгүүрийн төмөрт куртик тээглэгдээд байж байсан, тэрүүгээр явсан хүмүүс салгаж намайг босгоод холдуулж өгсөн. ...” /хх 40/ гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мийн “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 50 минутын үед намайг Яармагийн тэнд ажилтай явж байхад манай ах над руу залгаад ээж хогны машинд мөргүүлчихсэн байна гэхээр нь хаана гэж асуухад их наранд гэсэн. Би хол зайтай байсан болохоор эгчийгээ найзтайгаа очоод үзээдэх гэж хэлчихээд өөрөө явсаар байгаад ирэхэд замын цагдаа нар үзлэг хэмжилт хийгээд байж байсан, манай гэрийнхнээс манай ах, аавын дүү болон манай найз нар ирчихсэн байсан. Тэр үед манай ээж зам дээр хэвтэж байсан ба нүүрний хэсгийг юмаар бүтээсэн, гуяны хэсгийн мах нь задарсан байдалтай байсан. ...” /хх 34/ гэсэн,

шүүгдэгч Т.Тын яллагдагчаар өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ... Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс хог ачиж, Улаан чулуутын хогийн цэг дээр буулгахаар хашааны урд талын зогсоол дээр машинаа байрлуулчихаад дэлгүүр орж идэх юм болон ундаа авч машиндаа орж идчихээд хэсэг байж байгаад машинаа асаагаад байж байхад миний машины зүүн талд манай баазын ачааны машин ирээд зогсчихоор нь машинаа асаалттай нь орхиж буугаад нөгөө машины кабинд орж суугаад юм яриад байж байхад удаагүй 3-4 минутын дараа хүн орилоод явчихаар нь эргээд харахад миний машин хойшоогоо өнхрөөд явж байхаар нь гүйгээд очиход зүүн талын урд дугуйг хүний дээгүүр гарч байгаа харагдсан. Би машины кабинд ороод тоормос гишгэж зогсоогоод гар кардан татсан эсэхээ шалгахад татаатай байсан. Тэгээд машинаа унтрааж араандаа хийчихээд буугаад түргэн цагдаа руу залгаж дуудлага өгсөн. ...” /хх 125-126/ гэсэн,

иргэний хариуцагч Н.Б-ы “...Би зам тээврийн ослын талаар сайн мэдэхгүй байна. Осолтой холбоотой оршуулгын зардалд байгууллагын зүгээс 3 сая төгрөгийг өгсөн. Байгууллагын автомашинд учирсан гэмтэл байхгүй болохоор үнэлгээ хийлгэх шаардлагагүй. ...” гэсэн /хх 52/ тус тус мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6, 8-11/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2778 дугаартай “амь хохирогч Т.А нь авто ослын улмаас үүссэн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас барсан болохыг тогтоосон” шинжээчийн дүгнэлт /хх 81-85/,

Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 1147 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 59-62/,

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн техникийн шинжээчийн 1171 дугаартай “... 6.1. Хьюндай маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын “Тоормосны систем, зогсоолын тоормос доор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон, 16%-д бүрэн ачаалагдсан тээврийн хэрэгслийг, 31%-д ачаагүй ачааны автомашиныг,” мөн дүрмийн 1.3. “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 14.6. “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт /хх 91-92/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Т.Тыг автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Т.Тын “Хьюндай маркийн ...улсын дугаартай ачааны автомашиныг зогсоолд байрлуулсны дараа орхиж явсны улмаас автомашин арагшаа өнхөрч, Тоёота приус 41 маркийн ...улсын дугаартай автомашины араас мөргөж, уг автомашинаас бууж байсан зорчигч Т.Аыг дайрч амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нар хамтран “...хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд “...” ХХК-ийн холбогдох ажилтан, эсхүл гүйцэтгэх захирлыг Эрүүгийн хуулийн 10.6-д заасан холбогдох зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар таталгүйгээр зөвхөн жолооч Т.Тыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, 3-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэж тус тус заасныг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэж байна. ... “...” ХХК-ийн холбогдох ажилтан болон гүйцэтгэх удирдлага нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон эсэхийг тогтоож, зохих этгээдийг эрүүгийн хариуцлагад татах эсэхийг шийдвэрлэх нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ гэж үзэж байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэж тодорхойлж, харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тухайн хэргийг тус зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1000021 дугаартай “...Хьюндай HD170 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ... зогсоолын тоормос /гар кардан/ ажиллагаагүй ...” дүгнэлт /хх 72-75/ байх боловч Хьюндай HD170 загварын ... улсын дугаартай ачааны автомашин Т.Аыг дайрч амь насыг нь хохироосон нь жолооч Т.Тын автомашинаа зогсоолд байрлуулсны дараа орхиж явсны улмаас тухай автомашин арагшаа өнхөрч зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд “...” ХХК-ийн холбогдох ажилтаныг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл үүсэхгүй байх бөгөөд харин тус газрыг иргэний хариуцагчаар татаж, улмаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “...” ХХК-иас 79.500.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мт олгож, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний хариуцагч “...” ХХК болон түүний холбогдох ажилтныг зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах эсэх нь нээлттэй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Тын хувийн байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР